• 2023-09-07 05:53:02

АГААРЫН БОХИРДЛЫН ТАЛААРХ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

АГААРЫН БОХИРДЛЫН ТАЛААРХ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нь манай улсад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Хүн амын эрүүл мэндэд хувь хүний амьдралын дадал, хоол, хүнс, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд түүний нэг нь агаарын бохирдол болох нь олон судалгаагаар нотлогдсон билээ. Дэлхий нийтэд агаарын бохирдлын улмаас зүрхний өвчин, тархины харвалт, уушгины архаг бөглөрөлт, хавдар, хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр жил бүр 4.3 сая хүн нас барж байгаа гэсэн тооцоолол байдаг. Тухайлбал, уушгины хорт хавдраар нас барсан хүн амын 29%, амьсгалын цочмог халдварт өвчнөөр нас барсан тохиолдлын 17%, цус харвалтын 24%, зүрх судасны өвчний шалтгаант эндэгдлийн 25%, уушгины архаг бөглөрөлтөт өвчний шалтгаант нас баралтын 43.0% нь агаарын бохирдолтой холбоотой байна. Нийслэлийн хүн амын 60% гаруй нь гэр хороололд амьдарч, өвлийн улиралд гэр сууцаа халаах, хоол, унд бэлтгэх зориулалтаар түүхий нүүрс, модыг галлагаанд хэрэглэж байгаа нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байна. Улаанбаатар хотын агаар дахь РМ 2.5 тоосонцрын 2019 оны 2 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19%-аар бага боловч агаарын чанарын стандартын хүлцэх агууламжаас 2.4 дахин их байна. Амьсгалын замын халдварт өвчин 2017 онд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35.7%-ийг эзэлж байна. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд, ялангуяа жирэмсэн эхчүүд, урагт эхийн хэвлийд байх үеэс нь эхлэн ноцтой хор хохирол учруулдаг. Улмаар хүний бие махбодь болон сэтгэл санаанд эрүүл мэнд болон эдийн засгийн дарамт болдог. Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд агаарын бохирдлоос хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаар иргэдэд зөвлөгөө өгөх мэдлэг, хандлага, дадалтай байх нь агаарын бохирдлоос шалтгаалах эрүүл мэндийн эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн бүх төрлийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд үзүүлдэг. 2017 онд Монгол улсын хэмжээнд нийт 40.5 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273, өрхийн эрүүл мэндийн төв 218, хувийн ортой эмнэлэг 240, үүдэн эмнэлэг 1226 ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2018 онд ДЭМБ-аас гаргасан “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” тайланд ЭМБ-ын мэргэжилтнүүдийг агаарын бохирдлын талаар мэдээлэлтэй байх, тухайн чиглэлээр судалгаа хийх, мэдлэгээ түгээх, гэр бүл хамт олныг сургах, тэднээс суралцах, шийдэл гаргах, бусад салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт зориулсан шийдлийг олох үүрэгтэй гэж зөвлөмж болгосон байдаг. Иймд агаарын бохирдлын урт хугацааны нөлөөлөл нь хүн амын сэтгэл зүй, зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлын түвшинд үнэлгээ өгөх зорилгоор судалгааг гүйцэтгэлээ. 

Зорилго: Агаарын бохирдлын талаарх эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх зөвлөмж гаргах, төслийн суурь үзүүлэлт бий болгох

Зорилт:

• Агаарын бохирдлын талаарх эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг тодорхойлох

• Агаарын бохирдлын өртөлтийн талаарх эмч, мэргэжилтнүүдийн эх, хүүхдийн эрүүл мэндэд мэдлэг, хандлагыг тогтоох;

 • Эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх талаарх эмч, мэргэжилтнүүдийн х хандлагыг судлах;

• ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил /дадал/- ыг судлах;

• Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл, сурталчилгаа, түүний хэрэгцээг тогтоох; • Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний суурь үзүүлэлтийг тодорхойлох

ҮР ДҮН

Судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн шинж байдал. Нийт 532 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд 92.3% нь Улаанбаатар хотоос, 7.7% нь Баянхонгор аймгаас оролцсон. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудыг байршлаар авч үзвэл 53.2% (283) нь гэр хороололд байршдаг байв. Эмч, мэргэжилтнүүдийн 87.9% нь өрхийн эрүүл мэндийн төвөөс, 12.1% нь эрүүл мэндийн төвийн эх, хүүхдийн үзлэг хийдэг амбулаториос хамрагдсан. Оролцогчдын 49.1% их эмч, 4.9% бага эмч, 41.5% сувилагч, 3.9% НЭМХ мэргэжилтэн байв. Судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарт дунджаар 11 жил, одоогийн албан тушаалд 7.6 жил ажилласан туршлагатай байна. ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 47.9% нь 0-5 жил ажилласан залуучууд байв. Судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүд өдөрт дунджаар 42.9 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Харин Баянхонгор аймгийн хувьд өдөрт үйлчлүүлэх дундаж хүний тоогоор Улаанбаатар хотын 2 дүүргээс 9.1-9.4 хүнээр бага байлаа. Эмч, мэргэжилтнүүдийн 79.7% зөвлөгөө өгөх, 63.5% гэрээр эргэлт хийх, 50.9% нь ерөнхий үзлэгийг өдөр тутамдаа хийдэг байна. Харин 25.6-45.1% нь тариа хийх, эмчилгээ бичих, лабораторийн шинжилгээ хийдэг гэжээ.

Агаар бохирдуулагч эх үүсвэр. Агаар бохирдуулагч 12 эх үүсвэрийг бүгдийг нь сонгосон хариулагчийг зөв хариулсанд тооцсон. Нийт оролцогчдын 24.8% нь агаарын бохирдлын эх үүсвэр болох 12 үзүүлэлтийг бүгдийг нь сонгосон бөгөөд зөв мэдлэгтэй байлаа. Энэ үзүүлэлтийг эмнэлгийн шатлалаар авч үзвэл эрүүл мэндийн төвд 31.3%, ӨЭМТ-ийн эмч, ажиллагчдын 23.9% нь агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар зөв мэдлэгтэй байна. Агаарын бохирдлын 7 буюу 60%-аас дээш эх үүсвэрийг судалгаанд оролцогчдын 75.0% нь мэддэг байна. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын дийлэнх (90%-аас дээш) нь гэр хорооллын зууханд шатаасан нүүрс (98.3%), авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа (98.1%), авто тээврийн хэрэгслээс шалтгаалан үүсэх замын тоос (89.3%) нь агаарын бохирдлын эх үүсвэр гэдэгтэй бүрэн санал нийлсэн. Оролцогчдын 64.2% нь элс, хайрганы орд газрууд, 61.6% нь мод бусад хатуу түлш, 44.8% нь биомассын шаталт (аргал, хөрзөн бусад зүйл)-ыг агаарын бохирдлын эх үүсвэр хэмээн хариулсан байна. 

Агаар бохирдуулагч бодисууд. Оролцогчдын агаар бохирдуулагчдын мэдлэгийг тогтоохын тулд үндсэн 9 бохирдуулагчийг мэдэж байгаа эсэхийг судалсан. Судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн 28.4% нь агаар бохирдуулагч бүх бодисыг мэддэг, 56.8% нь 5 түүнээс дээш бохирдуулагчийн талаар өндөр мэдлэгтэй байна.

Эмч, мэргэжилтнүүдийн дийлэнх нь агаарын бохирдуулагч болох хүнд металлууд, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу ислийг нэрлэсэн байв. Харин озон, нүүрсустөрөгчид, органик дэгдэмхий нэгдлийн талаар талаас илүү хувь нь мэддэг байна. Агаарын үндсэн бохирдуулагч болох нарийн ширхэглэгт тоосонцор, том ширхэглэгт тоосонцор, азотын давхар ислийн талаар нийт оролцогчдын 70% гаруй нь мэддэг байлаа

Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын мэдлэг Баянзүрх дүүргийн эмч, мэргэжилтнүүдэд судалгаанд хамрагдсан СХД, Баянхонгор аймгийн оролцогчдоос илүү байна. Тухайлбал, нарийн ширхэглэгт тоосонцор (PM 2.5) нь агаарын бохирдуулагч гэж БЗД-ийн эмч, мэргэжилтнүүдийн 82.1% нь хариулсан байхад энэ үзүүлэлт СХД-т 67.9%, Баянхонгор аймагт 63.3% байна.

Монгол улсын стандартад заасан хэмжээ. Монгол улсын стандартад заасан агаар дахь тоосонцрын хэмжээг нийт эмч, мэргэжилтнүүдийн 99.5% мэдэхгүй байлаа. Агаарын чанарын индекс. Нийт оролцогчдын 0.8% нь сайн мэднэ, 26.1% нь бага зэрэг мэднэ, 73.1% нь агаарын чанарын индексийн талаар мэдэхгүй гэжээ.

 Агаарын чанарын индексийн мэдлэггүй оролцогчдын хувь СХД-ийн эмч, мэргэжилтнүүдэд илүү байна

Агаарын чанарын индексийн талаар “мэдэхгүй” байдал сувилагч, бага эмч нарт бусад мэргэжилтнээс илүү байсан. Энэ үзүүлэлтийн хувьд эмч, мэргэжилтнүүдийн нас, ажилласан жил, байгууллагын төрлөөс хамааралгүй байв. Монгол улсын агаарын чанарын индекс ямар хэмжээнд хүрэхэд хүний эрүүл мэндэд эрсдэл үзүүлж болох талаар оролцогчдын 8.2% нь л зөв нэрлэсэн. 

Дотоод орчны агаарын чанар. ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх мэдлэгийг судаллаа. Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн 60%-аас дээш зөв нэрлэж байвал мэдлэгтэй хэмээн тооцсон. Тэдний 65.4% нь мэдлэгтэй, үүнээс ЭМТ-ийн 67.2%, ӨЭМТ-ийн 65.2% байна. Мөн оролцогчдын 25.2% нь бүгдийг зөв хариулсан ба үүнээс ЭМТ 37.5%, ӨЭМТ 23.5% байлаа. Давхардсан тоогоор оролцогчдын ихэнх буюу 95.9% зуухны нүүрсний хэрэглээ, үнс, 93.0% нь тамхи татах дотоод орчны агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж хариулсан. Гал түлдэг айлуудын гэрийн доторх агаарын бохирдлыг нийт оролцогчдын 50.8% нь их бохирдолтой байдаг гэж үзсэн. 

Агаарын чанар. Судалгаанд оролцогчдоос агаарын чанарыг улирлаар тодруулж асуухад намар, өвлийн улиралд “Их бохирдолтой” байсан гэж хариулсан. 

Байршлаар авч үзвэл өнгөрсөн намрын агаарын бохирдлыг Баянзүрх дүүргийн ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 48.0%, Сонгинохайрхан дүүргийн 53.6%, Баянхонгор аймгийн 41.5% нь “Их бохиролттой” байсан гэжээ. Агаарын чанарыг 5 жилийн өмнөх үетэй харьцуулахад өөрчлөлт гарч байгааг тодруулахад нийт оролцогчдын 45.3%, гэр хорооллын 44.2%, холимог хорооллын 55.0% нь “агаарын бохирдол нэмэгдсэн” гэжээ. Харин Баянхонгор аймгийн ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 61.0% нь агаарын чанарыг “маш их муудсан” гэжээ. Оролцогчдоос тухайн дүүрэг/аймгийн төвийн агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар мэдлэгийг тогтоохоор үндсэн 7 бохирдуулагчийг мэдэж байгаа эсэхийг тодруулахад 86.7% нь агаар бохирдлын эх үүсвэрийн талаар мэддэг, 85% нь 5 түүнээс дээш бохирдуулагчийн талаар өндөр мэдлэгтэй байна. ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 80.3% нь ажлын байртайгаа хамгийн ойр байрлах агаарын чанарыг хянах харуулын цэгийн байрлалыг мэддэггүй байна. Харин НЭМХ хоёр мэргэжилтэн тутмын нэг нь мэдэж байвz

Байршлаар авч үзвэл өнгөрсөн намрын агаарын бохирдлыг Баянзүрх дүүргийн ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 48.0%, Сонгинохайрхан дүүргийн 53.6%, Баянхонгор аймгийн 41.5% нь “Их бохиролттой” байсан гэжээ. Агаарын чанарыг 5 жилийн өмнөх үетэй харьцуулахад өөрчлөлт гарч байгааг тодруулахад нийт оролцогчдын 45.3%, гэр хорооллын 44.2%, холимог хорооллын 55.0% нь “агаарын бохирдол нэмэгдсэн” гэжээ. Харин Баянхонгор аймгийн ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 61.0% нь агаарын чанарыг “маш их муудсан” гэжээ. Оролцогчдоос тухайн дүүрэг/аймгийн төвийн агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар мэдлэгийг тогтоохоор үндсэн 7 бохирдуулагчийг мэдэж байгаа эсэхийг тодруулахад 86.7% нь агаар бохирдлын эх үүсвэрийн талаар мэддэг, 85% нь 5 түүнээс дээш бохирдуулагчийн талаар өндөр мэдлэгтэй байна. ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдийн 80.3% нь ажлын байртайгаа хамгийн ойр байрлах агаарын чанарыг хянах харуулын цэгийн байрлалыг мэддэггүй байна. Харин НЭМХ хоёр мэргэжилтэн тутмын нэг нь мэдэж байв

Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын өртөлтийн талаарх мэдлэг, хандлага. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй нийт оролцогчдын 97.4% нь санал нийлж байв. Хүний бие организмд 89.0% (461) үрэвсэл үүсгэх, 78.0% (404) нь чөлөөт радикал ихсэх (oxidative stress) байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг гэжээ. Судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн 69.9% нь PM тоосонцрын хэмжээ жижиг байх нь эрүүл мэндэд хортой хэмээн зөв хариулжээ. Нийт оролцогчдын 90-ээс дээш хувь нь насанд хүрсэн хүн, жирэмсэн эмэгтэй, нярай, хүүхэд, өндөр настнууд, архаг өвчтэй хүмүүс агаарын бохирдолд илүү өртдөг гэсэн хандлагатай байлаа. Ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан эмч, эмнэлгийн ажиллагсад агаарын бохирдолтод 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөж байгаа талаар ярьсан. 

Улаанбаатар хотын эмч, эмнэлгийн ажиллагсдын хувьд дийлэнх нь агаарын бохирдолтод бүх хүн өртөж байгаа гэсэн хандлагатай байлаа. Агаарын бохирдол өндөртэй нийслэлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд агаарын бохирдлын улмаас бүх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсч байгааг ажлаа хийж байх явцдаа ажигласан нь тэдэнтэй хийсэн ярилцлагаас харагдсан. 

Баянхонгор аймгийн хувьд агаарын бохирдол нь жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эмнэлэгт хандалт их байж болохыг харуулсан. Тоон судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн 84.8% (451) нь агаарын бохирдлын улмаас ургийн гажиг үүсэх, 83.6% (445) нь өсөлтгүй жирэмслэлт болох зэргээр эх, урагт нөлөөлдөг хэмээн үзсэн байна. 

Түүнчлэн эмч, мэргэжилтнүүдийн 87% (463) нь агаарын бохирдол хүүхдийн хатгалгаа өвчинд, 84.2% (448) нь уушгины амьдралын багтаамж (УАБ) буурах, 78.2% (416) нь дархлаа сулрах зэргээр нөлөөлдөг гэсэн хандлагатай байлаа. Судалгаанд эмч, мэргэжилтнүүдийн 50%-аас доош нь хүүхдэд аутизмын хүрээний эмгэгүүд үүсэх (47.2%, 251), цусны цагаан эсийн хавдар (45.7%, 243), таргалалтад (36.5%, 194) нөлөөлдөг гэдэгтэй санал нийлсэн байна. Судалгаанд оролцогчдын 34.4% нь агаарын бохирдлын хортой үр нөлөөг хоол хүнсээр дамжуулан бууруулж болно гэж үзсэн. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын улмаас хүний бие махбодод исэлдэлтийн стрессээр үүсгэгдэж байгаа өвчин эмгэг ихээр нэмэгдэж байгаа. Тиймээс агаарын бохирдлын хортой нөлөөг хоол хүнсээр дамжуулан бууруулж болно хэмээн хариулсан оролцогчдоос ямар хүнсний бүтээгдэхүүн байж болохыг тодруулсан. Судалгаанд оролцогчдын 24.4% нь антиоксидант бүтээгдэхүүн, 22.6% нь илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэвэл зохистой гэжээ. Ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нарын дийлэнх нь агаарын бохирдлын үед жирэмсэн эх, нярай, ахмад настны хоолны талаарх тодорхой зөвлөгөө шаардлагатай байгааг дурьдсан. Жирэмсэн эмэгтэйчүүд гадуур худалдаалагдаж байгаа хүчилтөрөгчийн коктейль сайн эсэх, антиоксидант бүтээгдэхүүнд юу юу багтах хэмээн асуудаг ч эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг тийм ч сайн байдаггүй талаараа ярьцгаасан. Мөн агаарын бохирдлын улмаас эх, хүүхдийн өвчлөл нэмэгдэж улмаар ЭМБ-д ачаалал дагаж нэмэгддэг гэж оролцогчдын 85.5% хариулжээ

Эмч, мэргэжилтнүүдийн эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх талаарх хандлага. Агаарын бохирдлоос хамгаалахын тулд хамгийн үр дүнтэй аргад 70.7% нь мод тарих, 68.4% нь гэртээ тамхи татахгүй байх, PM2.5 тоосонцрыг шүүж чадах маск ашиглахыг дурьджээ. Судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн агаарын бохирдлоос хамгаалах маш үр дүнтэй гэж хариулсан аргуудыг Зураг 3-аар үзүүлэв. 

Эмч, мэргэжилтнүүдийн 86.8% нь агаарын бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан ёсны ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй байна. Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн дийлэнх нь Баянхонгор аймгийн, ӨЭМТ-д ажилладаг, бусад мэргэжлийн, 31-40 насны, 6-10 жил ажилласан байлаа. Эмч, мэргэжилтнүүдийн сургалтанд хамрагдсан оныг тодруулахад 70.0% нь 2018-2019 онд хамрагдсан гэжээ. Эмч, мэргэжилтнүүдийн агаарын бохирдлын эх үүсвэр, агаар бохирдуулагч бодисын дундаж мэдлэгийн оноо нь тэдний 62.2-76.6% нь зөв мэдлэгтэй байгааг харуулж байна.

Эмч, мэргэжилтнүүдийн эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил /дадал/

Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах. Эрүүл мэндийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх талаар заасан байдаг. Иймээс судалгаанд хамрагдсан анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон амбулаторит агаарын бохирдлын үед ямар арга хэмжээ авдаг болохыг тодруулсан. Удирдах ажилтнуудтай хийсэн ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан өрхийн эмнэлгийн ахлагч нарын дийлэнх нь өвлийн улиралд эрүүл мэндийн байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр дорвитой үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй хэмээн ярьцгаасан. 

Тэдний дийлэнх нь ажилчдыг бус үйлчлүүлэгчдийг бодсон арга хэмжээ авдаг болох нь ярилцлагаас ажиглагдлаа. Эмч, мэргэжилтнүүдийн өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг өрөөнд ЭМТ-ийн 82.8%, ӨЭМТ-ийн 81.8%-д нь агаар шүүгч/цэвэршүүлэгчгүй байв. Өрөөндөө агаар шүүгч/цэвэршүүлэгчтэй ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн 79.7% (51), ӨЭМТ-ийн 70.7% (331) нь огт хэрэглэдэггүй байна. Мөн ХЕПА шүүлтүүрийг зөв сонгох, хэрэглэх, байрлуулах талаар нийт оролцогчдын 51.7% нь огт мэдэхгүй гэжээ. ХЕПА шүүлтүүрийн талаарх мэдлэг нь ажилласан жилтэй хамааралтай байна. Тухайлбал, 31-ээс дээш жил ажилласан эмч, мэргэжилтнүүд шүүлтүүрийн талаар бага зэргийн мэдлэгтэй, харин ажилласан жил нь бага байх тусмаа огт мэдлэггүй байлаа (р<0.05). 

Амны хаалтны хэрэглээ. ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүд өөрсдөө агаарын бохирдол/утаанаас хамгаалах амны хаалтыг хэрэглэдэг эсэхийг тодруулахад нийт оролцогчдын 20.9% нь тогтмол хэрэглэдэг, 66.7% нь хааяа хэрэглэдэг байв. Насны бүлгээр авч үзвэл 30-40 хүртэлх насны эмч, мэргэжилтнүүдийн 20.0-25.9% нь тогтмол хэрэглэдэг. Амны хаалтыг хэрэглэх талаар нийт эмч, мэргэжилтнүүдийн 36.8% нь маш сайн мэднэ, 55.1% нь бага зэргийн мэдлэгтэй гэсэн бол 8.1% нь огт мэдлэггүй байна. Эмч, мэргэжилтнүүдийн амны хаалтыг хэрэглэх талаарх мэдлэгийн байдлыг байршлаар гарган харуулав. Амны хаалт хэрэглэх талаарх мэдлэг ажилласан жилээс хамаарч мэдлэгийн түвшин нэмэгдсэн байлаа.

Зөвлөгөө өгөх. Эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 82.1% нь өгдөг, үүнээс ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд 68.8%, ӨЭМТ-ийн 84.0% нь өөрийн үйлчлүүлэгчдэд өгдөг ба ӨЭМТ нь ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс 15.2%-аар илүү зөвлөгөөг өгдөг байна. Зөвлөгөө өгч байгаа байдал нь насны бүлэг болон ажилласан жилтэй статистикийн хувьд ялгаатай болох нь батлагдсан ба 21-ээс дээш жил ажилласан, 51-ээс дээш насны эмч, мэргэжилтнүүд нь зөвлөгөөг илүүтэй өгдөг байна (p<0.05). Ганцаарчилсан ярилцлагаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүн амыг агаарын бохирдлын өртөлтөөс хамгаалах зөвлөгөөг ухуулан таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж чадна. Гэтэл ярилцлагад хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчид бүгдээрээ агаарын бохирдлын талаарх нэгдсэн ойлголтгүй, энэ талаарх мэдээлэлгүй, сургалтад хамрагдаагүй байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өөрийн үйлчлүүлэгч болох хүүхэд, жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртдөгийг мэдэж байгаа ч тэдэнд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох талаарх шинэлэг нотолгоо бүхий мэдээллийг өнөөг хүртэл хүргээгүй байна. Харин эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгдөггүй шалтгааныг тодруулахад оролцогчдын 29.2% нь цаг хүрэлцдэггүй, 22.9% нь мэдлэг, мэдээлэл хомс байдаг талаар дурьджээ

Ярилцлагаар агаарын бохирдолтод өртөж эрүүл мэндийн байгууллагад хандаж буй хүн амд эмч, эмнэлгийн ажиллагсад урьдчилан сэргийлэх болон өртөлтөөс хэрхэн өөрийгөө хамгаалах зөвлөгөөг өгч чаддаггүй гэжээ. Тэд маск зүүх, агаар цэвэршүүлэгч хэрэглэх, гэртээ тамхи татахгүй байх зэрэг зөвлөгөөг өгдөг ч амьдралын түвшин тааруу хүмүүст үнэхээр итгэлтэйгээр зөвлөж чаддаггүй хэмээн ярьцгаасан

Үзлэг хийх явцдаа зөвлөгөө өгдөг. Маск зүүх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, боломжтой бол цахилгаан халуугуур хэрэглэх, хоол ундаа тохируулж хэрэглэх, дулаан хувцаслах гээд л айлын боломжид тааруулан зөвлөгөөг өгдөг. Эмч, эмнэлгийн ажилчдын үйлчлүүлэгчдэд өгч байгаа зөвлөмжөөс харахад агаарын бохирдлоос сэргийлэх талаарх нэгдсэн ойлголтгүй байгаа нь ажиглагдлаа. Ярилцлагад хамрагдсан эмч нарын дийлэнх нь ид ачааллын үедээ бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн үзлэг, дархлаажуулалт, хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж авахаар ирсэн үйлчлүүлэгч ихтэй байдаг тул агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөгөө өгөх зав байдаггүй хэмээн ярьцгаасан. Зарим ӨЭМТ-д олон улсын байгууллага, ТББ, иргэдийн зүгээс ирж шүүлтүүртэй маскийг иргэдэд тараах үйл ажиллагаа явагддаг байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент. Орон нутгийн эмнэлгийн ажилчдын хувьд ОНТХӨЦМ-ийн талаарх ойлголт хангалтгүй байна. Тэд ХӨЦМ-ийг ашиглахад нэг хүүхдэд 30 минут зарцуулдаг тул хүүхэд бүр дээр ашигладаггүй, эмийн сонголтууд нь цөөн тул орон нутагт олдоцгүй, эцэг эхэд аюултай шинжийг зааж өгдөг ч амьсгал тоологч зэрэг нь хангалтгүй байдаг зэргээр өвчтэй хүүхдэд суурилсан өвчний талаар ярьсан. ОНТХӨЦМ-ийн сургалтад хамрагдсан хэрэгжүүлсэн БЗД-ийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн 11% нь ОНТХӨЦМ-ийг шинэчилж анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас заавал санал авч, хэлэлцүүлж байх шаардлагатай хэмээсэн. Агаарын бохирдлын үед эрүүл болон өвчтэй бага насны хүүхдэд хоол тэжээлийн талаар өгдөг тусгайлсан зөвлөгөө өгөх талаар сургалтад заадаг ч ОНТХӨЦМ-д заасан зөвлөгөөний талаар орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүд мэддэггүй байлаа. Олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ-ийн аргачлалыг ашиглан агаарын бохирдлын зөвлөгөөг 41.5% нь байнга өгдөг гэжээ. ӨЭМТ–ийн 45.4%, ЭМТийн 28.1% нь зөвлөгөө өгдөггүй байна. Зөвлөгөө өгдөг гэсэн сувилагч нараас давхардсан тоогоор 87.6% шим тэжээлтэй хоол, 85.3% нь витаминжуулах, 84% нь асаргаа сувилгаатай холбоотой зөвлөгөөг ихэвчлэн өгдөг байна. ОНТХӨЦМ-ийг сайжруулах шаардлагатай гэж хариулсан судалгаанд оролцогчид нь эмчилгээг шинэчлэх, эмийн нэр төрлийг олшруулах, зөвлөгөөг сайжруулах, олон нийт эцэг эхчүүдэд сургалт явуулах, мэдээллийг түгээх, эмч сувилагч нарт сургалтыг тогтмол хийх, чадавхижуулах, олон нийтийн дундаас үе тэнгийн сурагч багш бэлтгэх зэрэг саналуудыг өгчээ. 

Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийн хэрэгцээ. Агаар дахь PM2.5 тоосонцрын талаар мэдээллийг нийт эмч, мэргэжилтнүүдийн 52.1% (277) нь авч чаддаггүй байна

Байгууллагаар гаргаж үзвэл Баянхонгор аймгийн 68.3% (243) хамгийн өндөр буюу мэдээллийг авдаггүй байна. Нийт оролцогчдын 84.0% нь (215) телевизээс, 12.1% (31) интернет/вебсайт, 2.3% нь (6) олон нийтийн сүлжээ (FB, Twitter гм)-нээс мэдээллийг авдаг байна. Харин PM 2.5 тоосонцрын талаар мэдээлэл авч чаддаггүй шалтгааныг тодруулж байршлаар гаргаж үзэхэд ихэвчлэн Баянзүрх (27.5%), Сонгинохайрхан дүүрэг (37.6%) нь үзүүлэлтийн талаар ойлголтгүй, Баянхонгор аймгаас оролцогчдын 48.3% нь цаг байхгүй, хүрэлцдэггүй гэсэн шалтгааныг дурьдсан байлаа. Байгууллагаар гаргаж үзвэл ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн 36.1% (14) цаг байхгүй, 27.8% мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй гэж хариулсан бол ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд 31.2% (77) үзүүлэлтийн талаар ойлгодоггүй, 26.0% (63) мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй байна. Мөн эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг нийт оролцогчдын 26.7% тогтмол, 60.7% хааяа, 21.6% нь мэдээллийг авдаггүй байна. Дээрх мэдээллийг авдаг гол 3 эх сурвалжийг тодруулж үзвэл нийт ажилтнууд ихэнхдээ 86.4% нь телевизээс, 67% нь интернет/вебсайтаас, 47% нь олон нийтийн сүлжээ (фейсбүүк, твиттер г.м)- нээс мэдээллийг авдаг байна. Эдгээр эх сурвалжаас авсан мэдээллүүдийг ихэнх оролцогчдын 16.5% нь иргэдэд зөвлөгөө өгөхөд хангалттай, 69.7% нь бага зэрэг, 13.7% нь огт хангалтгүй мэдээлэл байдаг гэж үнэлсэн. Хангалтгүй байдлыг тодруулахад нийт оролцогчдын 38.5% хэрэглэх мэдээлэл хомс, 22.6% нь судалгаа нотолгоонд суурилаагүй, 19% нь хэтэрхий техникийн хэллэгтэй учир ойлгомжгүй байдаг гэжээ. Агаарын бохирдлоос хамгаалах өвчлөлийн талаар зөвлөгөө өгөх албан ёсны удирдамж хэрэгтэй гэж эмч, мэргэжилтнүүдийн 48.1% үзсэн. Ялангуяа ӨЭМТийн эмч, мэргэжилтнүүд шаардлагатай гэжээ. Хэдийгээр өвлийн ид үед үйлчлүүлэгчдийн 60-аас дээш хувь нь амьсгал, зүрх судасны өвчний улмаас ханддаг ч үйлчилгээ үзүүлэгчдэд агаарын бохирдлын үед өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх зэрэг удирдамж огт байдаггүй байна. Тэдний дийлэнх нь томуу, томуу төст өвчний тархалтын үед баримтлах оношилгоо эмчилгээний заавар зөвлөмжийг барьж ажилладаг гэжээ. Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааны ажил, эрдмийн өгүүлэл сүүлийн 1 жилд 27.4% нь уншсан байна. Мэдээлэл авч байх эх үүсвэрийн талаарх саналыг давхардсан тоогоор гаргавал нийт оролцогчдын 66.4% нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл/телевиз, радио/, 64.5% нь ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага, 64.7% нь сургалт, семинараар мэдээллийг өгвөл илүү үр дүнтэй гэж үзэж байна. 

ДҮГНЭЛТ

  1. Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн байршил, сургалтад хамрагдсан байдал, эмнэлгийн шатлалаас хамаарахгүй агаарын бохирдлын эх үүсвэр, бохирдуулагч бодисын талаар тэдний мэдлэг хангалтгүй байна.
  2. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын өртөлтийн талаар хангалттай мэдлэгтэй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй 97.4% нь санал нийлж байлаа.
  3. Эрүүл мэндийн байгууллагад ажиллагчдын 69.0% нь агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах боломжтой гэсэн хандлагатай байна. 
  4. Эмч, мэргэжилтнүүдийн талаас илүү хувь нь мод тарих, гэртээ тамхи татахгүй байх, PM2.5 шүүгчтэй маск хэрэглэх, дархлаагаа сайжруулах замаар урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзсэн.
  5. Тоон судалгаанд оролцогчдын дийлэнх нь агаарын бохирдолтод өртөж эрүүл мэндийн байгууллагад хандаж буй хүн амд урьдчилан сэргийлэх болон өртөлтөөс хэрхэн өөрийгөө хамгаалах зөвлөгөөг өгдөг гэж байгаа ч чанарын судалгаагаар зөвлөгөө өгч чаддаггүй болохыг тогтоосон. 
Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

zarag1.jpg

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

297

2023-09-07

2019 он

НҮБ-ийн Хүүхдийн Сан