• 2023-11-23 07:22:46

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын iv судалгааны үр дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын iv судалгааны үр дүн

Үндэслэл
Халдварт бус өвчин (ХБӨ)-ий тархалт хурдацтай нэмэгдэж, хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааныг тэргүүлж, дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа сүүлийн 20 жилд дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд өөрчлөлт орж, хүн амын зан үйл, дадалтай хамаарал бүхий цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн өвчлөл, нас баралт давамгайлах болсон1. ХБӨ-ий өвчлөл нь хүний амьдралын буруу хэв маяг, зан үйлээс үүдэлтэй бөгөөд сэргийлэх боломжтой эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой болохыг судлан тогтоосон тул ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийг танин мэдэж, сэргийлж чадвал зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалтыг 80%, хавдрыг 40%, чихрийн шижин (ЧШ) хэв шинж 2-оос бүрэн сэргийлэх боломжтойг эрдэмтэд нотолжээ2,3. ДЭМБ-ын мэдээлснээр “ХБӨ, ЗСӨ, ЧШ, хавдар нь дэлхийн хүн амын өвчлөлийн 43%, нас баралтын шалтгааны 60% эзэлж, улмаар 2020 он гэхэд өвчлөлийн 60%, нас баралтын 73%-д хүрэх магадлалтай. Ирэх 10 жилд 106 сая хүн ХБӨ-ий улмаас нас барах магадлалтай байгаа нь одоогийн түвшингээс 20% нэмэгдэх төлөвтэй” гэжээ4. Дэлхий нийтээр жил бүр 1.24 сая хүн зам тээврийн осол (ЗТО)-ын улмаас нас барсан буюу ЗТО-ын нас баралт 100.000 хүн амд 18 ноогдож байна. Гэхдээ энэ үзүүлэлт өндөр орлоготой улс орнуудад бага (100.000 хүн амд 8.7) байгаа бол дундаж орлоготой улсад өндөр (100.000 хүн амд 20.1) байна. Харин ЗТО-ын шалтгаант нас баралт бага орлоготой улсын 100.000 хүн амд 18.3 байгаа нь өндөр орлоготой улсаас даруй хоёр дахин өндөр байна. Дундаж орлоготой улс орнуудад дэлхийн хүн амын 72% амьдардаг бол бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн дөнгөж 52% ноогдож, ЗТО-ын шалтгаант нас баралтын 80% эзэлж байна. ЗТО-оор нас барагсдын 23% мотоцикл унагч, 23% явган зорчигч, 31% автомашины зорчигч тус тус эзэлж байна5.
Цаашид Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд ХБӨ-ийг бууруулах зорилтыг хянах, “ХБӨ-тэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг ХБӨ-ий бүртгэл, мэдээлэл, тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилтыг хангах, ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын өнөөгийн түвшинг үндэсний хэмжээнд тогтоохын тулд энэхүү судалгааг гүйцэтгэв. 

Зорилго
ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин, өнөөгийн байдал, чиг хандлагыг Монгол улсын бүс нутгаар харьцуулан тогтоож, ХБӨ, осол гэмтлээс сэргийлэх нотолгоог бүрдүүлэх. 

Материал аргазүй 
Судалгаанд манай улсын 21 аймгийн 144 сумын 216 баг, УБ хотын 8 дүүргийн 127 хорооны 161 хэсгийг хамруулан нийгэм, эдийн засгийн 4 бүс дээр УБ хотыг бие даасан 1 бүсээр тооцон бүсчилж, нийт 5 бүлэг болгон нэгэн агшингийн судалгааг гүйцэтгэлээ. Судалгааг ДЭМБ-ын 2017 оны “ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тандалтын шаталсан судалгааны арга, аргачлал”-ыг ашиглан асуулга, бие махбодын хэмжилт, биохимийн шинжилгээний гэсэн “шаталсан” аргаар гүйцэтгэсэн. 
Монгол улсын 15-69 насны 2.108.627 хүн амыг төлөөлж судалгааны 1 ба 2 дугаар шатанд 6654, 3 шатанд 6497 тус тус хүн хамрагдлаа (Зураг 1, хүснэгт 1). 


 
  
Судалгааны 1, 2 дугаар шатлал буюу асуулга, антропометрийн хэмжилт, 3 дугаар шатлал буюу лабораторийн шинжилгээний мэдээллийн баазыг ДЭМБын зөвлөхүүдийн техник арга зүйн дэмжлэгээр өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж, ДЭМБ-ын “eSTEPS” программ ашиглан гүйцэтгэв.

 

 

 

 

 

 

Сонгогдсон түүврийн нэгж, шатлал бүрт 15-69 насны эрэгтэй, эмэгтэйг хүйсээр нь жинлэн тооцов.   
 
Судалгааны үр дүн, дүгнэлт 
Судалгаанд доорхи 5 зорилтыг дэвшүүлэн үр дүнг гаргалаа. Үүнд:  
1.    ХБӨ-ний анхдагч ба завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох, бүс нутгаар харьцуулан үнэлэх  
2.    ЗСӨ, ЧШ-ийн эрсдэл, бодисын солилцооны өөрчлөлтийн тархалтыг тогтоох, бүс нутгаар харьцуулан үнэлэх  
3.    ЗТО гэмтэл, хүчирхийллийн тархалтыг тогтоох, бүс нутгаар харьцуулан үнэлэх  
4.    Амны хөндийн эрүүл мэндийн байдлыг бүс нутгаар харьцуулан үнэлэх  
5.    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдлыг үнэлэх  
 
Судалгаагаар 15-69 насны хүн амын 24.2%, үүнээс эрэгтэйчүүдийн 43.7%, эмэгтэйчүүдийн 5.0% тамхи татдаг. Тамхи хэрэглэгчдийн 96.8% тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 нь (22.6%) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байв. Тамхи хэрэглэгчдийн өдөрт татдаг янжуурын тоо 2013 оны судалгааны дүнгээс төдийлэн өөрчлөгдөөгүй, өдөрт дунджаар 10 ширхэг байгаа нь тамхинаас үүдэлтэй ХБӨ-ний эрсдэл буурахгүй байгааг илтгэж байна.  
Судалгааны хүн амын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ өмнөх судалгааны үзүүлэлтээс статистик ач холбогдол бүхий буурсан байв. Хүн амын 34.8% буюу 10 хүн тутмын 3 нь сүүлийн 1 сард архи согтууруулах ундааг хэрэглэсэн, архи, согтууруулах ундаа хэрэглэгчид байв. Эрэгтэйчүүдийн (44.9%) архи, согтууруулах ундааны хэрэглээ эмэгтэйчүүдээс (24.8%) 1.8 дахин илүү байна. Сүүлийн 1 сард архи, согтууруулах ундаа хэрэглэгчид нэг удаад дунджаар 4.8 стандарт уулт, үүнээс эрэгтэйчүүд 5.7, эмэгтэйчүүд 3.3 стандарт уулт тус тус хэрэглэж байв. Нийт хүн амын 19.8%, эрэгтэйчүүдийн 28.2%, эмэгтэйчүүдийн 11.5% нь сүүлийн 1 сард архи, согтууруулах ундааг нэг удаад 6 ба түүнээс олон стандарт уултаар хэрэглэдэг буюу хэтрүүлэн хэрэглэх эрсдэлт зан үйлтэй байгаа нь анхаарал татаж байна. Монгол улсын 15-69 насны хүн амын жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ 3.2 нэгж, үүнээс жимс 0.9 нэгж, хүнсний ногоо 2.3 нэгж хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс доогуур хэвээр байна. Хүн амын дийлэнх хэсэг (83.4%) нь ДЭМБ-ын зөвлөмж болох “хоногт 5 нэгж”-ээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж, 
 
үүнээс хөдөө, орон нутгийн хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ хот, суурин газрын хүн амаас 1.53.2 дахин бага байв.
Хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байна. Монголчуудын давсны хэрэглээг 2013 онтой харьцуулахад 0.6 г, мөн  баруун бүсэд 5.1 г, УБ 1.2 г тус тус буурсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их хэвээр байна.  Хүн амын давсны хэрэглээ хангайн бүсэд 1.1 г, төвийн бүсэд 0.7 г, зүүн бүсэд 2.9 г болж тус тус нэмэгдсэн, давсны хэрэглээний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал, түүнчлэн өөрийн давсны хэрэглээг бууруулах, хянах байдал төвийн бүс, зүүн бүсэд хангалтгүй байгаа нь цаашид эдгээр бүс руу чиглэсэн арга хэмжээ шаардлагатайг харуулж байна.  
Нийт хүн амын 61% нь биеийн хүч их шаардсан өндөр эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй ажээ. Судалгаанп хамрагдсан хүн амын 21.9% хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт хамрагддаг бөгөөд хот, суурин газарт амьдардаг 4 хүн тутмын 1 нь уг эрсдэлд өртсөн байна. Түүнчлэн хүн амын хоногт идэвхтэй хөдөлгөөн хийхэд зарцуулдаг голч хугацаа 120 минут байгаа нь олон нийтэд суурилсан идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг дэмжих, идэвхжүүлэх шаардлагатайг харуулж байна.  
Нийт хүн амын өөх тос, давс, чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулах, жимс ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, биеийн жингээ бууруулах, тамхинаас гарах эсвэл хэрэглэхгүй байх талаар зөвөлгөөг эмч, эмнэлгийн ажилтнаас авсан байдал өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 1.2-1.4 дахин буурсан байна. Хүн амын биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж хэмжээ 25.5 кг/м2, хүйс хамааралгүй 25 ба түүнээс дээш насны хүн амын БЖИ-ийн дундаж үзүүлэлт ДЭМБ-аас зөвлөсөн хэвийн хязгаараас хэтэрсэн байна. Судалгаагаар 15-69 насны хүн амын 49.4% илүүдэл жин ба таргалалттай, 18.5% таргалалттай байгааг тогтоолоо. Илүүдэл жин, таргалалтын тархалт хүн амын насны бүлэг ахих тутам нэмэгдэх хандлагатай байна. Илүүдэл жин, таргалалттай эмэгтэйчүүдийн эзлэх хувь ижил насны эрэгтэйчүүдээс их байв. Бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдэд 87.3 см, эмэгтэйчүүдэд 85.7 см байна. Бүсэлхийн тойргийн эрсдэлийн үнэлгээгээр нийт хүн амын 53%, эрэгтэйчүүдийн 41.9%, эмэгтэйчүүдийн 64.2% нь төвийн таргалалттай байгааг тогтоолоо. Хот суурин газрын хүн амын төвийн таргалалт хөдөө орон нутгийнхаас их байна. Ялангуяа УБ хотод илүү их тархалттай байна. Нийт хүн амын 25.9% нь биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ маш ихтэй байна. 
Хүн амын 3 хүн тутмын нэг нь артерийн даралт (АД)-аа урьд өмнө огт хэмжүүлж байгаагүй, АД хэмжүүлж хянах тал дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ бага анхаарал хандуулж байна. АД огт хэмжүүлдэггүй байдал хот, суурин газарт адил тархалттай байна. Зүүн бүсээс бусад бүс нутагт АД-ыг хэзээ ч хэмжүүлж байгаагүй хүн амын тоо их, ялангуяа баруун ба төвийн бүсийн хүн амын дунд өндөр байв. Судалгаагаар АД бууруулах эм уудаггүй хүн амын тоо цөөрсөн сайн талтай байв. Хянагддаг АГ-ийн тархалт 2013 оны түвшингээс нэмэгдсэн. Монгол улсын 1569 насны хүн амын САД-ын дундаж хэмжээ 120.5 мм МУБ, ДАД 77.3 мм МУБ болж өмнөх судалгаатай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Судалгааны хүрээний хүн амын САД≥140 мм МУБ ба/эсвэл ДАД≥90 мм МУБ бүхий АГ-ийн тархалт 22.6% байгаа нь өмнөх 2013 онтой харьцуулахад тархалт буурсан дүн харагдлаа. Харин САД≥130 мм МУБ ба ДАД≥80 мм МУБ-ээс дээш АГ-ийн тархалт 44% байж, ялангуяа эрэгтэйчүүдийн дунд харьцангуй их тархалттай, хянагддаггүй АГ-ийн тохиолдол элбэг байна. Судалгааны явцад 15-44 насны залуу эрэгтэйчүүдэд, хөдөө орон нутагт эмэгтэйчүүдэд АГ шинээр оношилогдох нь их байна.  
Судалгаанд хамрагдсан хүн амын зүрхний цохилтын дундаж тоо 1 минутанд 78.2 удаа байлаа. Тосгуурын жирвэгнээний тархалт 5.4% буюу харьцангуй цөөн байна. УБ хоттой харьцуулахад хангай болон төвийн  
 
 бүсэд тосгуурын жирвэгнээ илүү тархалттай байна. Цусны холестерины хэмжээ ихэссэн байдал хот суурин газарт, ялангуяа хотод өндөр байна. Цусны триглицеридийн дундаж хэмжээ 1.5 ммоль/л байна. Гипертриглицеридемийн тархалт (31.1%) 2009 оны (22.4%) үзүүлэлтээс өссөн ба эрэгтэйчүүдийн дунд (32.9%) эмэгтэйчүүдээс (29.4%) илүү байв. Нийт хүн амын өлөн үеийн цусны бага нягтралтай липопротеин (БНЛП) дунджаар 2.4 ммоль/л, их нягтралтай липопротейн (ИНЛП) 1.4 ммоль/л тус тус байв. БНЛП-ны хэмжээ ихэссэн тохиолдол УБ хотод (25.3%) хөдөө орон нутагтай (20.0%) харьцуулахад их байна. ИНЛП-ны хэмжээ нь эрсдэлтэй түвшинд хүртэл буурсан (эмэгтэйчүүд 30.5%, эрэгтэйчүүд 22.1%) байгаа нь анхаарал татаж байна.  
Хүн амын өлөн үеийн цусны глюкозын дундаж хэмжээ 5.8 ммоль/л байна. Хүн амын 17.4% нь өлөн үеийн цусны глюкозын өөрчлөлттэй, 8.3% нь чихрийн шижинтэй байгаагаас эрэгтэйчүүдийн 7.9% нь шинээр оношлогджээ. Чихрийн шижинтэй  хүмүүсийн 28.3% эмэн, 17.9% инсулин, 12.6% уламжлалт эмчилгээг хийлгэж байна. 
Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийн тархалт 28.6% ба эмэгтэйчүүд болон ахимаг насны хүмүүст харьцангуй өндөр байна. Хот, суурин газрын хүн амын дунд БСХШ-ийн тархалт их байгаа нь зохистой хоололт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэх амьдралын эрүүл хэв маягт олон нийтийг сургах шаардлагатай байгааг харуулж байна.  
Нийт 15-69 насны эмэгтэйчүүдийн 46.5%, үүнээс зорилтот судалгааны 30-49 насны насны эмэгтэйчүүдийн 64.2% умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан нь 2013 оноос буурсан үзүүлэлттэй байна. Судалгаанд оролцсон 2 эмэгтэй тутмын нэг нь эмчид үзүүлэх цаггүй, 3 эмэгтэйн нэг нь хаана эмчлүүлэхээ мэдэхгүй тул шинжилгээ хийлгэж байгаагүй хэмээн хариулжээ. Умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээнд хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд өрх, сумын эмнэлэгт хамрагддаг бол хот суурин газарт хувийн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт  хандах нь их байна. Умайн хүзүүний хавдрын шалтгаан болох хүний хөхөнцөр вирүсийн талаар 15-69 нийт хүн амын 15.4% мэдээлэлтэй байв. Харин хүний хөхөнцөр вирүсийн талаар зохих ойлголттой хүмүүсийн 83% нь умайн хүзүүний хавдар, шодойн хавдар үүсгэдэг талаар сонсож байжээ. Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцины талаар судалгааны хүн ам насны бүлэг, газар зүйн байршил хамаарахгүйгээр 97.1% нь хэрэгтэй гэж хариулсан, эерэг үр дүнтэй байв. 
Хүн амын осолд өртөх хэлбэрийг бүсээр авч үзвэл бүх бүс нутагт унаж, бэртэх, мохоо зүйлд өртөх нь илүү их, харин төвийн бүсэд хордох болон амьтанд хазуулах тохиолдол их, хангайн болон зүүн бүсэд түлэгдэл илүү тохиолдож байна. Судалгааны хүн амын 3.7% нь сүүлийн 12 сарын хугацаанд ЗТО-д орсноос эрэгтэйчүүд илүү өртсөн байна. ЗТО-д өртсөн хүн амын 5.1% нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь хувь хүний эрсдэлт зан үйлтэй холбоотойбайгааг харуулж байна. Тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч байдлаар замын хөдөлгөөнд оролцсон 2 хүн тутмын нэг нь (42%) хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэдэггүй эсвэл огт бүсэлдэггүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт (63.2%) УБ хоттой харьцуулахад 2.1 дахин бага суудлын даруулга хэрэглэдэг байна. Мотоцикл, дугуйгаар зорчихдоо хамгаалалтын малгайг 81.8% тогтмол өмсдөггүй байна. Нийт хүн амын 10 хүн тутмын 4 нь осолд өртсөний дараа эмнэлгийн тусламж авсан байв. 
Нийт хүн амын 5.1%, үүнээс эрэгтэйчүүдийн 5.7%, эмэгтэйчүүдийн 4.5% нь сүүлийн 12 сард хүчирхийлэлд өртсөний улмаас эмнэлгийн тусламж авчээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд ноцтой хүчирхийлэлд өртөж байсан хүн амын 19.9% нь хүйтэн зэвсэгт өртөж, 80.1% нь алгадах, түлхэх, өшиглөх, цохих, хазуулах байдлаар зэвсэггүйгээр гэмтэл авсан байв. Хүн амын 37.2% хүүхэд насандаа бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байв.
Баруун бүсийн хүн амын 44.8% нь хүүхэд насандаа биемахбодийн хүчирхийлэлд  
 
 
өртөж байсан нь улсын дундаж үзүүлэлтээс 7.6%-иар илүү байна. Эрэгтэйчүүд ижил хүйсийн хүний үйлдсэн хүчирхийлэлд илүү өртдөг нь үзэл бодлын зөрүүг өөр хоорондоо хүч хэрэглэх аргаар шийдвэрлэдэгтэй холбон тайлбарлаж болох юм. Харин хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 16.4% гэр бүл, дотно хүн, 29.5% танил найз, нөхдийн хүчирхийлэлд илүүтэй өртжээ. Судалгаанд хамрагдсан хүн амын 37.2% нь хүүхэд насандаа бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан нь өмнөх судалгааны дүнгээс буурсан байв. 
Судалгааны насны хүн амын 78.6% нь 20 ба түүнээс олон шүдтэй, 1.7% нь огт шүдгүй байна. Нас ахих тусам шүдний тоо цөөрч, шүдгүйдлийн хувь нэмэгдэж байна. Сүүлийн 12 сарын хугацаанд хүн амын 35.6% шүдний эмчилгээ, давтан эмчилгээ  хийлгэх, шүдний өвдөлт, зовиурын улмаас шүдний эмчид хандсан. Нийт хүн амын 92.7% шүдээ угаадаг, 57% өдөрт 2 ба түүнээс олон удаа шүдээ угаадаг хэдий ч нас ахих тутам энэ дадал буурч байна. 
ДЭМБ-аас зөвлөсөн аргачлалын дагуу ХБӨ-ний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсээс өдөр бүр тогтмол тамхи татах, хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдолтой, илүүдэл жин ба таргалалтай, АДИ зэрэг нийтлэг тохиолдох 5 эрсдэлт хүчин зүйлс хавсран илрэх тохиолдлыг судалж, ХБӨ-өөр өвчлөх эрсдэлийн зэргийг тодорхойлж үнэлгээг өгөхөд аль нэг нь илрээгүй буюу ХБӨ-өөр өвчлөх эрсдэлгүй хүн ам дөнгөж 3.9% байна. Харин 3 ба түүнээс олон эрсдэлт хүчин зүйлс хавсран илэрсэн буюу ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй хүн амын үзүүлэлт 22.7% байв. Манай улсын 45-69 насны хүн амын талаас илүү буюу 51.2% нь ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй байгаа нь анхаарал татаж байна. ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй буюу нийтлэг тохиолдох 5 эрсдэлт хүчин зүйлсээс 3-5 эрсдэл хавсран илэрсэн аль ч насны эрэгтэйчүүдийн (37.2%) эзлэх хувь ижил насны эмэгтэйчүүдийн үзүүлэлтээс статистик ач холбогдол бүхий өндөр байгаа нь монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт болон тэдний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг илтгэх тоон үзүүлэлт юм. 
ХБӨ-өөр өвчилсөн хүн амын 24.6% сүүлийн 30 хоногт ХБӨ-ний улмаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад тусламж авахаар хандсан байв. Сүүлийн нэг сард ХБӨ-ний улмаас эрүүл мэндийн тусламж авахаар хандсан дундаж тоог тооцоход өрх, сумын эрүүл мэндийн төвд нэг удаа ханджээ. Хүн амын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд зарцуулсан дундаж зардал 131.837 төгрөг байв. ХБӨ-ний улмаас сүүлийн нэг жилд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ иргэн дунджаар 149.247.5 төгрөг төлжээ. Сүүлийн нэг сард ХБӨ-ний улмаас өвчилсөн хүн амын 14.1%, үүнээс эрэгтэйчүүдийн 15.2%, эмэгтэйчүүдийн 13.1% нь тус тус ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй байна. ХБӨ-ний улмаас дунджаар 11.6 өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй байна.  
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал 2013 онд 92.1% байсан бол 2019 онд 78.6% болж 13.5%-иар буурсан байна. Бүсээр авч үзэхэд зүүн бүсэд (87.0%) хамгийн өндөр, төвийн бүсэд (70.6%) хамгийн бага хамрагдалтай байна. Монгол Улс эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах зохицуулалттай улс орон бөгөөд эрүүл мэндийн даатгалд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, их дээд сургууль коллежийн оюутнууд, ажилгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнийн нэг хувь буюу сард 3.200 төгрөг, жилд 38.400 төгрөг төлдөг. Иймд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын хувь буурсан нь шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчдын хамрагдалтын хувь бага байгаагаар тайлбарлагдана. Тухайлбал, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч байж болох насны бүлгийн хүн амын хамрагдалт 67.6%, хөдөөд 75.3% байгаа нь малчид ихээр даатгалд хамрагдсантай холбоотой байж болох юм.  

Ном зүй 
1.    НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багийн ХБӨ-ий НЭЗ-ийн нөлөөллийн үнэлгээ, 2016 он 
2.    Li M, Fan Y, Zhang X, Hou W, Tang Z. Fruit and vegetable intakeand risk of type 2 diabetes mellitus: meta-analysis of prospective cohortstudies. BMJ Open 2014.4:e005497. 
3.    Wang X, Ouyang Y, Liu J, Zhu M, Zhao G, Bao W, Hu FB. Fruit andvegetable consumption and mortality from all causes, cardiovasculardisease, and cancer: systematic review and doseresponse meta-analysisof prospective cohort studies. BMJ 2014. 349:g4490. 
4.    WHO. Globalization, diet and noncommunicable diseases, World Health Organization, Geneva, 2002.   
5.    FAO and WHO. Sustainable healthy diets – Guiding principles. Rome, 2019. 
6.    Эрүүл мэндийн үзүүлэлт 2016 он, хуудас 84, 85 ЭМХТ, 2016 он 
7.    Үндэсний статистикийн хороо, Статистик мэдээллийн нэгдсэн сан, Монгол Улсын хүн амын тоо, насны бүлэг, хүйсээр, 2017 он, www.1212.m 
 

Cудалгааны ажлыг нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн зөвлөх, анагаах ухааны доктор И.Болормаа

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№1, 2021.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

1015

2023-11-23

он