• 2025-04-25 05:10:32

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН ХООЛНЫ ЧАНАР, ИЛЧЛЭГ, ШИМТ ЧАНАРЫГ СУДАЛСАН ДҮН

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН ХООЛНЫ ЧАНАР, ИЛЧЛЭГ, ШИМТ ЧАНАРЫГ СУДАЛСАН ДҮН

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь суралцагч, өсвөр үеийнхэнд ч хамаатай асуудал болоод байна. Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь энэ насанд тавигддагийг судлаачид тогтоожээ1.

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар 6-11 насны нийт хүүхдийн 7.3 % нь өсөлт хоцролттой, 2.8 % нь туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй байсан байна2. Хүүхдэд уураг дутахад өсөлт, жин нэмэгдэлт нь удааширч, яс бүрэлдэлт, сэтгэхүйн хөгжил хоцорч, уураг илчлэг дутал, рахит, цус багадалтад өртөнө. Өвчилбөл ужиг явцтай болох, хүндрэх нь их болдог. Тос дутахад хүүхдийн өсөлт хөгжил хоцорч, биеийн эсэргүүцэл суларснаас янз бүрийн өвчинд, ялангуяа арьс салстын өвчинд өртдөг. Нүүрс ус дутахад хүүхдийн хоол боловсруулалт муудаж бусад бодис биед шингэх үйл ажиллагаа алдагдана. Хэрэв хүүхдийн хоолонд нүүрс ус удаан хугацаагаар дутвал дутсан илчлэгийг нөөц тос, цаашид нийт тос, эдийн уургаар нөхсөнөөс хүүхэд тос, уургаар дутан биеийн жингээ алдан тураалд ордог3.

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний I-V судалгаанд тав хүртэлх нас, 6-11 насны  хүүхдүүдийн хооллолтын байдлыг судалсан байдаг. Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн зан үйл” судалгаагаар сургуулийн хүүхдийн хүнс, хоолны хэрэглээг судалсан байна. Харин зохион байгуулалттайгаар хооллодог сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол хүнсний илчлэг, тэжээллэг чанар, аюулгүй байдалд судалгаа хараахан хийгдээгүй юм. Иймээс сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоолны илчлэг, шим тэжээллэг чанарт судалгаа хийх шаардлагатай байна.

Зорилго

Сургуулийн дотуур байрны суралцагчдын хоол, хүнсний илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлон, тогтоосон норм хэмжээг хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт өгөх

Материал, арга зүй

Судалгаанд ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын 2023 оны төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдахаар зарлагдсан нийслэлийн 7, хөдөө орон нутгийн 289 нийт 296 сургуулийн дотуур байрыг хамруулсан.

Сургуулийн дотуур байрны хоолонд ашиглаж буй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг тогтоохдоо хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1 хоногийн зарцуулалтын тайланг үндэслэн нэг өдөрт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний дундаж хэмжээг гаргав.

Хоолны  илчлэг, шимт бодисын хэмжээг хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагын эмхэтгэл4-9 ашиглан тооцоолов.

Хоолонд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ болон илчлэг, үндсэн шимт бодисуудын хэмжээг Microsoft Excel 2010, SPSS 25 программуудыг ашиглан статистик боловсруулалт хийн илчлэг, шимт бодисын хэмжээг БШУС, ЭМС, Сангийн сайдын хамтарсан 2020 оны А/166, А/559, 222-р тушаалд батлагдсан зөвлөмж хэмжээтэй10, амин дэм, эрдэс бодисын хэмжээг ЭМСайдын 2017 оны А 74-р тушаалаар батлагдсан зөвлөмж хэмжээ11- тэй тус тус харьцуулж, үнэлгээ, дүгнэлт хийв.

Үр дүн

Сургуулийн дотуур байрны суралцагчдын  хүнсний хэрэглээ:  

Сургуулийн дотуур байрны суралцагчдын махны дундаж хэрэглээ 180.6 г байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 30% их, 11-14 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 8.8% их байсан бол, 15-18 насны хүүхдийн махны зөвлөмж хэмжээнээс 11.5% бага байна (Зураг 1).

Дотуур байрны суралцагчдын сүүний хэрэглээ дунджаар 76.4 г байгаа нь 7-10 настай хүүхдүүдийн сүүний зөвлөмж хэмжээнээс 50.9%, 11-14 болон 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 38.2% бага байсан бол цагаан идээний хэрэглээ дунджаар 74.4 г байгаа нь 7-10 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 46.5%, 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 41.3%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 37.2% тус тус бага байна (Зураг 2).

Сургуулийн дотуур байрны  суралцагчдын гурилын хэрэглээ дунджаар 139 г байгаа нь 7-10 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 98.5%, 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 46.3%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 39% тус тус их байна. Гурилан бүтээгдэхүүний хувьд дундаж хэрэглээ нь 134.8 г байгаа нь 7-10 насны хүүхдүүдийн зөвлөмжийг хангасан боловч, 11-18 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 32.6% бага байна.

Дотуур байрны суралцагчдын төрөл бүрийн будааны хэрэглээ 80.5г байгаа нь 7-10 настай хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 15% их байсан бол 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 19.5%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 26.2% тус тус бага байна. Судалгаанд хамрагдсан дотуур байрны суралцагчдын төмсний хэрэглээ 95.9 г байсан нь 7-10 насны хүүхдийн зөвлөмжөөс 27.8%, 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 19.8%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 6.5% тус тус их байсан бол хүнсний ногооны дундаж хэрэглээ 142.8 г байгаа нь 7-10 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 32%, 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 42.9%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 47.2% тус тус бага байна (Зураг 3). Дотуур байрны суралцагчдын жимс, жимсгэний хэрэглээ 53.5 г байсан нь 7-10 настай хүүхдүүдийн жимсний зөвлөмж хэмжээнээс 73.3%, 11-14 насны хүүхдийн зөвлөмжөөс 78.6%, 15-18 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 80.2% тус тус бага байна (Зураг 4). Сургуулийн дотуур байрны суралцагчдын ургамлын тосны хэрэглээ 20 г, сахарын хэрэглээ 30.3 г байсан нь бүх насны бүлгийн хүүхдүүдийн ургамлын тос, сахарын хэрэглээний зөвлөмжийг хангаж байна.

 

Сургуулийн дотуур байрны суралцагчдын илчлэг, шимт бодисын хэрэглээ:

Сургуулийн дотуур байрны суралцагчид өдөрт дунджаар 1728.7 ккал илчлэгтэй, 61.3 г уураг, 46.9  г өөх тос, 245.5 г нүүрс ус, 732.5 мкг А амин дэм, 0.8 мг В2 амин дэм, 55.9 мг С амин дэм, 260.5мг кальци, 175.1 мг магни, 13.6 мг төмөр, 13.9 мг цайр бүхий хоол хэрэглэж байна (Хүснэгт 1). Суралцагчдын хоолны илчлэгийн дундаж хэрэглээ 1728.7 ккал байгаа нь 7-10 настай хүүхдүүдийн зөвлөмжийг хангаж байгаа боловч 11-14 насны хүүхдийн зөвлөмжөөс 26%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 30.6% тус тус бага байна (Зураг 5).

Судалгаанд хамрагдсан сургуулийн дотуур байрнуудын 35.8% нь 7-10 насны хүүхдүүдийн илчлэгийн зөвлөмж хэмжээг, 12.5% нь 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээг, 9.1% нь 15-18 насны хүүхдүүдийн илчлэгийн зөвлөмж хэмжээг тус тус хангаж байна. Хяналт шинжилгээнд хамрагдсан сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолны уургийн дундаж хэрэглээ 61.3 г байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмжөөс 9.9%, 11-14 насны хүүхдийн зөвлөмжөөс 30.4%, 15-18 насны хүүхдийн зөвлөмжөөс 37.5% тус тус бага байна. Суралцагчдын өөх тосны хэрэглээ 46.9 г байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмжийг хангаж байгаа боловч 11-14 насны хүүхдийн зөвлөмжөөс 24.4%, 15-18 насны хүүхдийн зөвлөмжөөс 27.9% тус тус бага байна. Сургуулийн дотуур байрны суралцагчдын нүүрс усны хэрэглээ 245.5 г байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмжөөс 10.8%, 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 31.1%, 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмжөөс 34.9% тус тус бага байна (Зураг 6). Сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолны А амин дэмийн дундаж хэмжээ 732.5 мкг байгаа нь бүх насны хүүхдийн А аминдэмийн зөвлөмжийг хангасан байна. С аминдэмийн дундаж хэрэглээ 55.9 мг байгаа нь мөн бүх насны хүүхдийн зөвлөмж хэмжээг хангасан байна. Дотуур байрны суралцагчдын хоолны В2 аминдэмийн хэмжээ дунджаар 0.8 мг байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмж хэмжээтэй ойролцоо боловч 11-18 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 38.1% бага байна (Зураг 7). Нийт сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолны кальцийн хэмжээ дунджаар 260.5 мг байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 62.8%, 11-18 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 80% тус тус бага байна (Зураг 8). Сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолны магнийн дундаж хэрэглээ 175.1 мг байгаа нь 7-10 насны хүүхдийн зөвлөмж хэмжээнээс 75.1% их байсан бол 11-18 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 23.9%-иар бага байна (Зураг 9). Сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолны төмрийн дундаж хэрэглээ 13.6 мг байгаа нь 7-10 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 83.7% их, 11-14 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 11.4 их байсан бол 15-18 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 13.4% бага байна. Дотуур байрны суралцагчдын цайрын дундаж хэрэглээ 13.9 мг байгаа нь 7-10 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 148%-иар их, 11-18 насны хүүхдүүдийн зөвлөмж хэмжээнээс 61.6%-иар их байна. Зөвлөмж хэмжээнээс 23.9% бага байна.

Хэлцэмж

Энэхүү судалгаагаар сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолонд хэрэглэж буй бүтээгдэхүүнд мах, гурил, будаа, төмс, ургамлын тос, сахарын хэрэглээ аль ч насны бүлгийн хүүхдүүдийн зөвлөмж хэмжээг хангаж байгаа бол сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэглээ мөн бүх насны бүлгийн хүүхдийн зөвлөмж хэмжээг хангахгүй байгааг тодорхойлж гаргав.Дотуур байрны суралцагчдын хоолны дундаж илчлэг 1728.7 ккал байгаа нь 7-10 насны хүүхдийн илчлэгийн зөвлөмж хэмжээтэй ойролцоо боловч 11-14, 15-18 насны хүүхдийн илчлэгийн зөвлөмж хэмжээг хангахгүй байна. Макро шимт бодисууд болох уураг, өөх тос, нүүрс усны хувьд аль ч насны бүлгийн хүүхдүүдийн өдөрт хоол хүнсээр авах ёстой шимт бодисын зөвлөмж хэмжээг хангахгүй байна. Хоол хүнсээр авч буй микро шимт бодисуудын хувьд хоол хүнсээр авч буй В2 аминдэм, кальци, магнийн хэмжээ зөвлөмж хэмжээг хангахгүй байна. Энэ нь хүүхдүүдэд ясны сийрэгжилт үүсгэх эрсдэл үүсгэж байна. Сургуулийн дотуур байрны суралцагчдын хүнсний хэрэглээг “Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал” судалгаан12  дахь хүүхдүүдийн хүнсний хэрэглээний үр дүнтэй харьцуулахад  (суралцагчдын 16.3% жимс, 59.5% хүнсний ногоо, 36.1% сүү, сүүн бүтээгдэхүүнийг зохистой хооллолтын зөвлөмжийн дагуу өдөр бүр хэрэглэсэн) ойролцоо байна.

 Дүгнэлт

1.   Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны суралцагчдын хоолны илчлэг, шимт бодисуудын хэмжээ нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны А/166, А/559, 222 дугаар хамтарсан тушаалаар баталсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг хангахгүй байна.

2.   Сургуулийн дотуур байрны хоол, хүнсэнд батлагдсан төсөвт тохируулан ихэвчлэн гурил, будаа, төмс, мах, ургамлын тос, сахар хэрэглэж, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны хэрэглээ бага байгаа тул цаашид одоогийн мөрдөж буй төсөв, зардалд дүн шинжилгээ хийн, нэмэгдүүлж, жишиг хэмжээг баримталж ажиллах санхүүгийн боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Ном зүй

1.     Монгол улсад хүүхдийн хөгжил, сургалт, хүмүүжил, мэдээллийн таатай орчинг төлөвшүүлэх асуудалд, 2004, х.3, х.10

2.     Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал, үндэсний V судалгааны тайлан, 2017, х.189

3.     М. Оюунбилэг  2-10 насны хүүхдийн хооллолт, 2014, х.19-20

4.     НЭМҮТ, Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлага, 2019, х.1-8

5.     http://pbprog.ru/databases/foodmeals/

6.     http://poedimka.com/ximicheskij-sostav-produktov-pitaniya tablica/

7.     http://www.comodity.ru/foodcommodity/general/2.html

8.     http://www.bodyflex-nsk.ru/chemical.htm  

9.     http://www.intelmeal.ru/nutrition/foodinfo-babyfood-cereal-high-protein-with-apple-and-orange-dry.php

10.  Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны А/166, А/559, 222 дугаар хамтарсан тушаал

11.  Эрүүл мэндийн сайдын 2017 оны А 74-р тушаал

12.  Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал, 2021, х.27

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№6, 2024 № 1(6).pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

3

2025-04-25

он