-
2025-04-25 09:22:54
“ТҮМЭН” ДАСГАЛЫН БИЕ МАХБОДИД ҮЗҮҮЛЭХ АЧААЛЛЫГ ТОДОРХОЙЛОХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН
“ТҮМЭН” ДАСГАЛЫН БИЕ МАХБОДИД ҮЗҮҮЛЭХ АЧААЛЛЫГ ТОДОРХОЙЛОХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Үндэслэл
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод халдварт бус өвчин (ХБӨ)-өөс сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-аар бууруулах зорилт дэвшүүлсэн[1]. Зүрхний шигдээсний 30%, чихрийн шижингийн 27%, хөх, бүдүүн гэдэсний хавдрын өвчлөлийн 21-25% нь хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй байна[2]. Идэвхтэй хөдөлгөөн нь ХБӨ-өөр өвдөх эрсдэлийг бууруулах гол арга зам болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зөвлөсөн төдийгүй Монгол Улс нийтийн биеийн тамирыг ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний бодлогын нэг хэсэг болгож бодлогын олон зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ[3]. Манай улсад 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна[4].
Хүн амын 52.9% нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй, 26.3% хэрхэн хичээллэх талаар мэдэхгүй, 11.1% нь спорт, фитнесс клубийн үнэ өндөр, 5.3% идэвхтэй хөдөлгөөн хийх дургүй байдаг байна[5]. Монголчуудын өв соёл, язгуур урлаг, зан заншил, өвөрмөц уламжлалыг шингээсэн тогтмол хийвэл үр дүнтэй, үндэсний язгуур урлаг монгол бүжгийн хөдөлгөөнд тулгуурласан, мэдлэг ур ухаан шингэсэн, энгийн амар хялбар, нийтээрээ хийх боломжтой бүх насныханд зориулсан ТҮМЭН дасгалыг боловсруулж, хүний бие махбодид үзүүлэх ачааллыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэл бий болгох зорилгоор энэхүү үнэлгээг гүйцэтгэв.
Зорилго
Идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийн ТҮМЭН дасгалын хүний бие махбодод үзүүлэх ачааллыг тодорхойлж үнэлэх
Материал, арга зүй
Үнэлгээг аналитик зорилтот бүлэгт суурилсан агшингийн загвараар гүйцэтгэж, тоон мэдээллийг туршилтын аргаар цуглуулав. Үнэлгээний хамрах хүрээг боловсруулахдаа ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан залуучууд, төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, ахмад настан зэрэг зорилтот бүлэг (6-11, 12-17, 18-24, 25-34, 35-44, 45-54, 55-64 нас гэсэн 7 насны бүлэг)-ийн 560 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч хамруулав.
Түүврийн дизайныг боловсруулахдаа зорилтот бүлгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц нарийвчлалтай байхаар тооцоолол хийж, тохирох бүлэглэсэн түүврийн аргыг ашиглав. Нийт эх олонлогоос түүвэрлэн авсан хэсгээр төлөөлүүлэн дасгалын ачааллыг 1 минутад цохилох зүрхний цохилтын (пульс оксиметр) хэмжигдэхүүнээр тодорхойлов. Оролцогчдын мэдээллийг Microsoft Excel программд шивж мэдээллийн бааз үүсгэсэн. Үнэлгээний мэдээлэл цуглуулалтын дараа тоон мэдээлэл, өгөгдлийг нийцтэй байдал, логик алдааг шалгав. Мэдээллийн баазыг түшиглэн шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын дагуу статистик боловсруулалт, дүн шинжилгээг SPSS 25 программ хангамж ашиглан дундаж утга, давтамжийн үзүүлэлтээр тооцон үр дүнг (стандарт алдаа, итгэх интервал), бүлгүүдийн (хүйс) ялгааг тодорхойлоход 95 хувийн итгэх хязгаар (95% ИХ)-ын утгуудыг ашиглан гүйцэтгэв.
Үр дүн
Үнэлгээнд 6-64 насны 560 хүн хамрагдаж, тэдгээрийн 47.9% (95%ИХ 43.6-52.1) нь эрэгтэйчүүд, 52.1% (95% ИХ 47.9-56.4) эмэгтэйчүүд байв. ТҮМЭН дасгалыг хийхээс өмнөх тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээ 89.5 удаа/мин (95%ИХ 88.3-90.7), дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ 105.6 удаа/мин (95%ИХ 104.0-107.1) болж тайван байх үеийнхээс 16.1%-аар нэмэгдүүлж байв.
Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээ 90.3 удаа/мин (95%ИХ 88.3-92.1), дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ 103.9 удаа/мин (95%ИХ 101.7-106.1) болж тайван байх үеийнхээс 15.0%-аар нэмэгдэж, харин эмэгтэйчүүдийн тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээ 88.7 удаа/мин (95% ИХ 87.2-90.5), дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ 107.2 удаа/мин (95% ИХ 104.8-109.6) болж тайван байх үеийнхээс 20.7%-аар нэмэгдэж байв. Хүйсээр харьцуулан дүгнэж үзвэл дасгалыг хийж гүйцэтгэсний дараа бие махбодод үзүүлж буй ачааллын хэмжээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 5.7%-аар илүү нөлөөлж байгаа нь статистикийн хувьд ач холбогдолгүй байна (Зураг 1).
ТҮМЭН дасгалыг хийхээс өмнөх тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээ 89.5 удаа/мин (95%ИХ 88.3-90.7), дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ 105.6 удаа/мин (95%ИХ 104.0-107.1) болж тайван байх үеийнхээс 16.1%-аар нэмэгдүүлж байв. Насны бүлгээр авч үзвэл 25-34 насанд тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээ 84.1 удаа/мин (95%ИХ 81.7-86.5), дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ 108.4 удаа/мин (95%ИХ 103.8-113.0) болж тайван байх үеийнхээс 28.8%-аар нэмэгдэж байсан нь хамгийн өндөр, харин 12-17 насанд тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээ 90.0 удаа/мин (95%ИХ 87.0-93.2), дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ 101.0 удаа/мин (95%ИХ 97.4-104.6) болж тайван байх үеийнхээс 12.2%-аар нэмэгдэж байсан нь хамгийн бага үзүүлэлттэй байв (Хүснэгт 1).
Дүгнэлт
1. ТҮМЭН дасгалыг 3 минутын турш хийж гүйцэтгэхэд хүний биеийн тайван байх үеийн зүрхний цохилтын тоон хэмжээг 16.1%-аар нэмэгдүүлсэн ачааллыг бие махбодод үзүүлж байв. Хүйсээр харьцуулбал эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 5.7%-аар илүү нөлөөлж байгааг тогтоов.
2. Дасгалыг хийж гүйцэтгэсний дараа зүрхний цохилтын тоон хэмжээ тайван байх үеийнхээс 25-34 насанд хамгийн өндөр 28.8%-аар нэмэгдэж, харин 12-17 насанд 12.2%-аар нэмэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (P<0.05).
Ном зүй
1. World Health Organization. World Health Organization Global Action Plan on Physical Activity 2018–2030: More Active People for a Healthier World. World Health Organization: Geneva, Switzerland. 2018.
2. Global action plan on physical activity 2018–2030: More active people for a healthier world
3. WHO guidelines on physical activity and sedentary behavior, 2020
4. ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он
5. Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он
Талархал
Энэхүү үнэлгээг гүйцэтгэхэд техникийн дэмжлэг үзүүлсэн ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар болон судалгааны мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Баянзүрх, Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Говь-Сүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын дарга, захирал удирдлагууд, эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид та бүхэнд үнэлгээний багийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.