-
2025-08-11 08:52:30
Монгол орны нутаг дэвсгэр дэх селен микроэлементийн тархалт
Монгол орны нутаг дэвсгэр дэх селен микроэлементийн тархалт
Түлхүүр үг: Селен, Монгол, үхрийн сүүл, селен дутагдалтай бүс
Үндэслэл
Дэлхийн янз бүрийн бүс нутгийн селений төлөв байдлыг үнэлэх нь уг бичил элементийн ач холбогдол, зүрх судасны болон хэд хэдэн хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж олгох тул судлаачдын анхаарлыг байнга татаж байдаг[15,27]. Селений зохистой хэрэглээ нь дархлааг дэмжиж, вирусийн өвчнөөс хамгаалах, нөхөн үржихүй, тархины үйл ажиллагааг сайжруулах, хүнд металлын хордлогоос хамгаалах, нөхцөлийг бүрдүүлдэг[2].
Хүн амын бичил тэжээлийн хэрэглээний түвшин нь дундаж наслалттай шууд холбоотой байдаг[1]. Селений дутал нь малд булчин цайх өвчин үүсгэж, үүний улмаас тэдгээрийн үржил шим буурч, малын хорогдлыг нэмэгдүүлдэг байна[25].
Хүний хувьд селений гол эх үүсвэр нь үр тариа ба малын мах юм. Махны хэрэглээ өндөртэй дэлхийн зарим бүс нутагт малын маханд агуулагдах селен нь хүний биеийн бичил элементийн агууламжийг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Европын орнуудын хувьд малын мах нь микроэлементийн хэрэглээний 37-аас 82%-ийг хангадаг[28,29].
Судлаачдын тогтоосноор, нэг монгол хүн хоногт 232.6 гр мах, жилдээ ≈ 90 кг (Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа - Үндэсний судалгааны тайлан 2016) мах хэрэглэж байгаа нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад өндөр хэрэглээтэйд тооцогдож байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрсэн бөгөөд үхэр сүргийн тоо 4 сая 753.2 мянга болж өмнөх оныхоос 6.2 хувиар өсжээ. (Монгол улсын үндэсний статистикийн хороо- 2019).
Монгол Улс нь селен дуталтай орон гэж тооцогддог боловч нутаг дэвсгэрийн селений байдлын талаарх мэдээлэл маш дутмаг байдаг. Улсын баруун хойд хэсэгт үхэрт селений дутагдал илэрсэн[7], Улаанбаатар хотын хүүхдийн цусны сийвэн дэх селений түвшин бага[23], Монгол орны зарим бүс нутгийн гүний ус дахь селений агууламжийг[17] тодорхойлсон гэх мэт цөөхөн хэдэн судалгаа байдаг.
Үхрийн булчингийн эд эсийн селений хуримтлалын түвшинг улсын 8 аймагт[16, 14] тогтоосон байдаг.
Хойд талаараа Монгол Улс ОХУ-ын селен дутагдалтай газар нутгуудтай хиллэдэг: Чита муж, Буриад, Тува бүгд найрамдах улс, Алтайн нутаг[5,3,10,4].Өмнө зүгт Хятадын хүрээлэн буй орчин дахь селений ноцтой дуталтай бүсүүд Монголд ойрхон байдаг[24]. Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт, нүүдэлчдийн өвөрмөц арга ажиллагаа, махны хэрэглээ өндөр байх нөхцөлд үхрийн үсэнд микроэлементыг илрүүлэх замаар селений төлөв байдлыг үнэлэх инвазив бус аргыг ашиглах нь үр дүнтэй байж болох туйлын сонирхолтой арга юм.
Энэхүү судалгааны аргыг хэд хэдэн оронд хэрэгжүүлсэн[18,11,19] бөгөөд үхрийн сүүлний үсний селений түвшин 0.06-аас 0.23 мкг/кг-ийн хэмжээтэй байх нь малын булчин цайх өвчлөлтэй дүйж байгааг тогтоосон бөгөөд малын булчин цайх өвчний хүндрэлийн үед тугалаас эхлээд нас гүйцсэн үхрийн сүүлэнд агуулагдах селений агууламж нь 250 мкг/кг-аас их хэмжээтэй ажиглагдаагүй байна.
Бүгээн болон бараан зүсмийн малын үсэнд селений хуримтлал ялгаатай байсан бөгөөд тэдгээрийн цусан дахь селений агууламжтай, харьцангуй өндөр хамааралтай нь тогтоогдож байв[11].
Нөгөө талаас[12] бусад микро ба макро элементүүдийн хэрэглээний түвшин, амьтны хүйс, дааврын байдал, дээж авах хугацаа зэргээс шалтгаалан үхрийн үсний ширхэгт селений агууламж мэдэгдэхүйц өөрчлөгдөх боломжтойг тэмдэглэжээ.
Ерөнхийдөө металл нь янз бүрийн аргаар үсэнд шингэж болно. Цусанд агуулагдах металлууд нь үс ургаж үүсэх явцад хөлсний булчирхайгаар дамжин ялгарах мөн бохирдсон агаар, хөрс, тоос шороогоор дамжин гаднаас нэвтэрч болно.
Үсний үндсэн найрлага болох кератин нь ойролцоогоор 14%-ийн цистин агуулдаг тул үсний металууд цистинд агуулагддаг хүхрийн атомуудтай ба бусад аминхүчлүүдийн сульфгидрилийн бүлгийн (__SH) хүхрийн атомуудтай холбогдож меркаптидууд эсвэл металлопротеинууд үүсгэдэг гэж үздэг[20].
Зорилго
Монголын бэлчээрийн үхрийн сүүлний үсэнд селений агууламжийг тодорхойлж, түүний тархалтыг бүс нутгаар тогтооход оршино.
Материал арга зүй
Монгол үүлдрийн үхрийн сүүлний үсний 30 дээжийг 2023 оны хавар 18 аймаг, Улаанбаатар хотоос цуглуулсан. Бүс тус бүрээс авсан дээжийг Усенко нар, 2007; Замана, 2009 нарын аргачлалын дагуу угааж, 70°С-т тогтмол жинд хатааж, нэгэн төрлийн болгосон. Дээж цуглуулсан байршлыг Хүснэгт 1-д үзүүлэв.
Оросын Москва хотын “Микронутриенты” лабораторид нийт 30 дээжид селений агууламжийг фторометрийн аргаар тодорхойлсон[9].
Үсний дээжээс 0.10-0.15 г-ийг авч 1.5 мл азотын хүчил болон давсны хүчил (10:7) харьцаатай уусмалаар зайлан, тасалгааны температурт 24 цагийн турш байлгасан. Дээжийг шаталтын хэсэгт байрлуулж, нойтон шатаалтыг 1 цагийн турш 120оС-ийн температурт, 150оС-ийн температурт 1 цаг, 18оС-ийн горимд 1 цаг байлгасан. Азотын хүчлийн ул мөрийг арилгахын тулд дээжийг 150°С хүртэл хөргөж, 30% устөрөгчийн хэт ислээс 1 дуслыг нэмж 10 минутын турш энэ температурт байлгаж дараа нь дээжийг авч шаталтын хэсэгт 120°C хүртэл хөргөнө. Дээжид 1 мл шингэрүүлсэн давсны хүчил (1:1) нэмж, Se+ 6-аас Se+ 4-ийг сэргээхийн тулд дээжийг энэ температурт 10 минут байлгасан. Дээж авч түүн дээр 1 мл нэрмэл ус нэмнэ.
Селений агууламжийг тодорхойлохын тулд дээжид 0.5 мл ЭДТА уусмал (100 мл нэрмэл усанд 1.25 г) нэмж, уусмалын рН-ийг аммиакийн уусмал (1:1) ашиглан уусмалыг нэгд хүргэж, 2,3-диаминафталенийн урьдчилан бэлтгэсэн 1 мл уусмал нэмж оруулав. (100 мл 1% давсны хүчилд 100 мг). Холимгийг 50оС хэмд хагас цагийн турш байлгаж, хөргөж, шилэн сав бүрд 3 мл гексан нэмээд нэг минутын турш хүчтэй сэгсэрнэ. Дээжүүдийн флюресценцийг 519 нм (ялгаралт) ба 367 нм (өдөөх) байдалд тодорхойлно. Селений агууламжийг стандартын графикаар тооцоолсон. Үсний дээжийн стандарт ба лавлагаа-стандартыг (селений агууламж 590 мкг/кг; Хятад) судалж үзсэн дээжийн нэгэн зэрэг тодорхойлох замаар явуулсан. Давталт гурван удаа.
Үр дүнгийн статистик боловсруулалтыг статистикийн SPSS.26 программын тусламжтайгаар явуулсан.
Үр дүн
Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн билээ.
Бэлчээрийн мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн чухал салбар болж өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд ногоон эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын нэгэн чухал хэсэг юм. Монголын малчид нь өргөн уудам нутагт тархсан байгалийн нөөцөө ашиглан сэлгэн нүүдэл хийх замаар хүрээлэн буй орчны хувьсал өөрчлөлтөд зохицож иржээ. Монгол Улсад мал аж ахуй нь эдийн засгийн салбаруудын дунд тэргүүлэх байр эзэлдэг, гол чиглэл юм.
Монгол орны үхрийн сүүлний үсэн дэх селений агууламжийн талаарх шинжилгээний дүнгээр (Зураг 1) нь селений маш бага үзүүлэлт нь бүс нутгийн нэлээд хувийг эзэлж байгааг харуулж байна.
Судалгаанд авсан 30 дээжийн 12-т (40%) нь энэ үзүүлэлт 100 мкг/кг-аас хэтрэхгүй байгаа бөгөөд үүний 10-т нь үхрийн сүүлний үсэнд дэх селений хэмжээ 80 мкг/кг-тай тэнцүү буюу түүнээс бага байна. Бусад судалгаанаас үзэхэд малын булчин цайх өвчний үед үхрийн сүүлний үсэнд селений хэмжээ 250 мкг/кг-аас бага байсан[19].
Монгол Улсын хувьд үхрийн сүүлний үсний селений агууламж 250 мкг/кг-аас бага гарсан тохиолдол нь нийт дээжийн 73.3%-ийг эзэлж байна. Селений бүс нутгийн тархцын тохиолдлын давтамжийг 1-р зурагт үзүүлэв.
Үр дүнгээс харахад Хангай болон Баруун бүсэд селений тархцын хувьд туйлын таагүй нөхцөл байдлыг харуулж байна (Зураг 1).
Хэдийгээр үхрийн сүүлний селений агууламж баруун бүсэд бусад бүстэй харьцуулахад өндөр гарсан боловч хазайлт нь 102 хувийн далайцтай гарсан ба 95%-ийн итгэх хязгаараар бүсүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй байна.
Хэлцэмж
Харин селений төлөв байдлын үзүүлэлтээс харахад Монгол орны Говь-Алтай болон Ховд
аймгаас өмнө зүгт селений агууламжийн хувьд нэн тохиромжтой нөхцөл харагдаж байна. 2013 онд малын маханд хийсэн шинжилгээний дүнгээр Говь-Алтайн адууны маханд ер бусын өндөр хэмжээний селен илэрсэн[16] бөгөөд энэ нь тухайн аймгийн үнээний сүүлний үсний селений дүнтэй тохирч байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Зураг 2. Селений агууламж, Монгол үхрийн сүүлний үсээр, газарзүйн тархалт
Селений түвшин: <100 мкг/кг с.м.- улаан тэмдэг;
100-250 мкг/кг - цэнхэр тэмдэг;
> 250 мкг/кг - хар тэмдэг
Селений Монгол Улсын нутаг дэвсгэрийн газарзүйн тархалтаас харахад хамгийн гүнзгий селений дутал нь Баруун болон Хангайн бүсэд ажиглагдаж байгаа бол дунд зэргийн дутал нь Төвийн бүсэд илэрч байна (Зураг 2).
Харин малын сүүлэнд селений зохистой түвшин гурван нутаг дэвсгэрт илэрч байна:
- Говь-Алтай аймаг, түүнтэй хиллэдэг Ховд аймгийн өмнөд нутаг;
- Хэнтий аймаг
- Дорноговь аймгийн өмнөд нутаг.
Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах, Сайншанд сумын ундны ус дахь селений агууламж маш өндөр хортой концентрацид хүрж байсан боловч нутгийн хүн амд болон хөдөө аж ахуйн малд селений хордлого токсикозын үзэгдэл[17] ажиглагддаггүй[14]. Учир нь уг усанд агуулагдах селений антагонистууд болох хүнцэл, хар тугалга, кадми, мөнгөн ус зэрэг хүрээлэн буй орчны хүчтэй бохирдол нь селенийг шингээхэд саад болдог байна.
Судалгааны үр дүнгээс анх удаа селений дуталтай холбоотой эрсдэлийг үнэлэх, улмаар селений дутлын түвшин өндөр байгааг тодорхойлох боломжийг бий болгосон.
Зураг 3-аас харахад судалгаанд хамрагдсан газар нутгийн хөдөө аж ахуйн амьтдын 73 орчим хувьд нь селен дутагдалтай байгааг харуулж байна.
Зураг 4. Үхрийн сүүлний селений агууламж ба малын махны селений агууламж хоорондын хамаарал
Үхрийн булчингийн эдэд[14] болон сүүлний үсэнд агуулагдах селений агууламжийн хооронд шууд хүчтэй хамаарал (r = + 0.98; P <0.001) байгаа нь судалгааны гарсан үр дүнгийн мэдээллийн өндөр агуулга байгааг баталж байна.
Нийтлэгдсэн мэдээллээс харахад үхрийн сүүлний үсэнд селений хуримтлагдах түвшин нь амьтны цусан дахь селений агууламжтай уялдаж байдаг байна[11].
Дүгнэлт
Селений дутал нь Баруун болон Хангайн бүсэд өндөр түвшинд ажиглагдаж байгаа бол дунд зэргийн дутал нь Төвийн бүсэд илэрч байна. Бэлчээрийн үхрийн сүүлний үсэнд дэх селений агууламжийн тархалтад үндэслэн, Монгол Улсад селений дутагдлын экологийн эрсдэлийг тодорхойлж, хүн амын селений төлөв байдлыг оновчтой болгох үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна.
Ном зүй
1. Gavrilov LA, Gavrilova NM. Biology of life span. Moscow: Nauka; 1991. Russian.
2. Golubkina NA, Papazyan TT. Selenium in nutrition: Plants, animals, humans. Moscow: Pechatny Gorod; 2006. Russian.
3. Golubkina NA, Maimanova TM. The human selenium status in the Mountainous Altay. Trace Elem Med. 2006;3:17–21. Russian.
4. Golubkina NA, Parfenova EO, Reshetnik LA. Selenium accumulation by human tissues in Irkutsk region. Vopr Pitan. 1998;4:24–26. Russian.
5. Golubkina NA, Sindireva AV. Interregional variability of selenium status in Russian population. Ecol South Russia. 2017. Russian.
6. Zamana SP. Ecological and biogeochemical principles of evaluation and correction of the element composition in the system soil–plant–animal. Moscow: Monograph; 2009. Russian.
7. Sodnomdarjaa A. Protection of domestic animals against white muscle disease in Mongolian Republic. Veterinariya. 1967;3:712–737. Russian.
8. Usenko SI, Prorok MM, Kovaleva LN, Ermakov VV, Shakhpenderyan EA, Sukhova TG, Zamana SP. Method for preparing terminal hair samples of cattle for macro- and microelement analysis. RF Patent No.2304763; 2007.
9. Alfthan G. A micromethod for the determination of selenium in tissues and biological fluids by single-test-tube fluorimetry. Anal Chim Acta. 1984;165:187–94.
10. Aro A, Kumpulainen J, Alfthan G, Voshenko AV, Ivanov VN. Factors affecting the selenium intake of people in Transbaikalian Russia. Biol Trace Elem Res. 1994;40:277–85.
11. Christodoulopoulos G, Roubies N, Karatzias H, Papasteriadis A. Selenium concentration in blood and hair of Holstein dairy cows. Biol Trace Elem Res. 2003;91:145–50.
12. Combs DK. Hair analysis as an indicator of mineral status of livestock. J Anim Sci. 1988;65:1753–58.
13. Country Program Mongolia. Green Climate Fund / Ministry of Environment and Tourism. 2019. 53pp.
14. Erdenetsogt E, Golubkina NA, Nadegkin SM, Monhoo B, Batjargal J. Health risk connected with the low selenium levels in foodstuffs of Mongolia. Environ Nat Resour Res. 2014;4(3):192–203.
15. Golubkina NA, Alfthan G. The human selenium status in 27 regions of Russia. J Trace Elem Med Biol. 1999;13:15–20.
16. Golubkina NA, Monhoo B. Relationship between meat selenium content and the Mongolians' selenium status. Trace Elem Med. 2013;14(2):26–28.
17. Golubkina N, Erdenetsogt E, Tarmaeva I, Brown O, Tsegmed S. Selenium and drinking water quality indicators in Mongolia. Environ Sci Pollut Res. 2018;25:28619–27. https://doi.org/10.1007/s11356-018-2885-2
18. Gorski K, Kondracki S, Saba L. Selenium concentration in soil, feed, and hair coat of Polish Holstein-Friesian cows administered a mineral mixture. Indian J Anim Sci. 2018;88(10):1207–10.
19. Hidiroglou M, Carson RB, Brosffard GA. Influence of selenium on selenium content of hair and incidence of nutritional muscular disease in beef cattle. Can J Anim Sci. 1965;45:197–202.
20. Katz SA, Chatt A. Hair analysis in biomedical and environmental sciences. New York: VCH Publishers; 1998.
21. Komatsu F, Kagawa Y, Kawabata T, Kaneko Y, Chimedregzen U, Purvee B, Otgon J. Influence of manganese, iron, lead, cadmium, and aluminum on oxidative stress, Parkinsonism, and arthritis: a high accumulation of hair minerals in Mongolian people. Curr Aging Sci. 2011;4:42–56.
22. Komatsu F, Kagawa Y, Kawabata T, Kaneko Y, Purvee B, Otgon J, Chimedregzen U. Dietary habits of Mongolian people and their influence on lifestyle-related diseases and early aging. Curr Aging Sci. 2008;1(2):84–100.
23. Lander RL, Enkhjargal T, Batjargal J, Bailey KB, Diouf S, Green TJ, et al. Multiple micronutrient deficiencies persist during early childhood in Mongolia. Asia Pac J Clin Nutr. 2008;17:429–40.
24. Li S, Bañuelos GS, Wu L, Shi W. The changing selenium nutritional status of Chinese residents. Nutrients. 2014;6(3):1103–14. doi:10.3390/nu6031103
25. Mehdi Y, Dafrasne I. Selenium in cattle: A review. Molecules. 2016;21:545. doi:10.3390/molecules21040545
26. The World Bank. Mongolia: A review on environmental and social impacts in the mining sector. Washington (DC): International Bank for Reconstruction and Development; 2006.
27. Oldfield JE. Selenium World Atlas. Nottingham: Nottingham Press; 1999.
28. Pilarczyk B, Tomza-Marciniak A, Mituniewicz-Malek A, Wieczorek M, Pilarczyk R, Wojcik J, et al. Selenium content in selected products of animal origin and estimation of the degree of daily Se requirement coverage in Poland. Int J Food Sci Technol. 2010;45:186–91.
29. Pilarczyk B, Tomza-Marciniak A, Marciniak AA. Animal products as a source of selenium in the human diet. In: Aomori C, Hokkaido M, editors. Selenium: Sources, functions and health effects. New York: Nova Science Publishers; 2012. p.181–94.
30. Pinheiro MCN, Nascimento JLM, Silveira LCL, Rocha JBT, Aschner M. Mercury and selenium – A review on aspects related to the health of human populations in the Amazon. Environ Bioindic. 2009;4(3):222–45. doi:10.1080/15555270903143440
31. Stubblefield A, Chandra AS, Eagan S, Tuvshinjargal D, Davaadorzh G, Gilroy D, et al. Impacts of gold mining and land use alterations on the water quality of central Mongolian rivers. Integr Environ Assess Manag. 2005;1(4):365–73
Ашигласан зураг





