• 2025-08-20 04:39:05

Пестицидийн үлдэгдлийн тандалт судалгааны дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Пестицидийн үлдэгдлийн тандалт судалгааны дүн

Түлхүүр үг: Пестицид, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, стандарт

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн ам хурдацтай өсөж буйн улмаас хүнсний хэрэгцээ нэмэгдэж улс орнууд иргэдийг аюулгүй хүнсээр тогтмол хангахад ихээхэн анхаарч байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ургац хураалтыг хурдасгах, нэгж талбайгаас авах ургац хураалтыг нэмэгдүүлэх нь хүнсний хангамжийг нэмэгдүүлэх арга юм. Пестицид нь хортон шавж, зэрлэг ургамал, мөөгөнцөр, нян, хортой нөлөөтэй организмыг устгах зориулалттай химийн бодисын хольц бөгөөд газар тариаланд ургацыг хортон шавж, бактерийн нөлөөнөөс хамгаалж, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж ургацыг нэмэгдүүлдэг.

Хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэгддэг пестицид нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед орж хуримтлагдан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Монгол улсад тарьж ургуулсан болон импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоо, үр тарианд пестицидийн үлдэгдлийн үлдэгдэл тодорхойлж, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тандан судлах шаардлагатай байгаа нь судалгаа хийх үндэслэл боллоо.

Зорилго

Монгол улсын хэмжээнд иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй дотоодын болон импортын жимс, хүнсний ногоо, таваарын үр тариан бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн агуулгыг тодорхойлж, нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой.

Материал арга зүй

Судалгааны ажлын хүрээнд бид нийт дээжид пестицидийн үлдэгдлийг тодорхойлохын тулд хоёр төрлийн шинжилгээний арга ашигласан. 

Пестицидийн үлдэгдлийг хурдавчилсан аргаар илрүүлэх шинжилгээ:

Энэхүү шинжилгээг pesticide residues rapid test аргаар стандарт нэмэлтийн арга ашиглан хяналттайгаар гүйцэтгэж, пестицидийн үлдэгдлийг хурдан илрүүлэх арга ашигласан.

Тоон шинжилгээ:

Пестицидийн үлдэгдлийн тоон хэмжээг тодорхойлохын тулд Европын стандарт EN 15662:2018-д заасан QuEChERS[2] аргыг хэрэглэсэн. Энэхүү арга нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийг тодорхойлох олон төрлийн шинжилгээний арга бөгөөд ацетонитрил ашиглан дээжийг хандлах, дараа нь хатуу фазын хандлалд (dispersive SPE) ашиглан цэвэршүүлж, давхар масс детектортай хийн хроматограф (GC-MS/MS) аргаар шинжилгээг гүйцэтгэсэн.

Шинжилгээг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Хими, хор судлалын лабораторид хийж гүйцэтгэсэн.

Материал цуглуулах

Тандалт судалгааг хийхдээ Улаанбаатар хот болон 7 аймаг орон нутгаас дээж цуглуулсан. Ингэхдээ тухайн орон нутгийн худалдааны төвүүдэд худалдаалагддаг, хүлэмжид тариалсан болон агуулахад хадгалагдсан гэх мэт тодорхой объектуудаас дээж авлаа.

Улаанбаатар хотын Лавай зах, Хүчит-Шонхор зах, Баялаг-Ундраа зах, Амгалан зах, Баянзүрх зах, Барс-1 зэрэг 6 зах худалдааны төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв аймаг зэрэг 7 аймгийн зах худалдааны төв, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын 136-р салбар нөөцийн агуулах, Их моринг ХХК-ийн хүлэмж, 6 аймгийн ХААК ТӨХХК зэрэг нийт 22 газраас магадлалт бус тохиолдлын түүврийн аргаар дотоод болон импортын жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианы нийт 120 дээж цуглуулсан. Түүвэр авахдаа магадлалт бус тохиолдлын аргаар түүвэрлэлт хийлээ (Зураг 1).

Зураг 1. Магадлалт бус тохиолдлын аргаар түүвэр хийсэн бүс нутгуудын байрлал

Үр дүн

Тандалт судалгаанд нийт 120 дээж авсан бөгөөд, үүнд 31 төрлийн жимс жимсгэнэ, 69 төрлийн хүнсний ногоо, 20 төрлийн таваарын үр тариа хамрагдсан. Үүний 31.7%  дотоод, 68.3% импортын жимс, хүнсний ногоо, үр тариа байна (Зураг 2).

Зураг 2. Магадлалт бус тохиолдлын аргаар түүвэр авсан харьцаа

Шинжилгээний үр дүнг гаргахдаа бүх дээжид пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хурдавчилсан аргаар шинжлэхэд 13 жимс жимсгэнэ, 11 хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл илэрцтэй гарсан. Бид баталгаажуулах шинжилгээг илэрцтэй гарсан дээжид болон Улаанбаатар хотоос цуглуулсан бүх дээжид баталгаажуулах шинжилгээг давхар хийж гүйцэтгэлээ.

Хэлцэмж

Шинжилгээний үр дүнд 22 жимс жимсгэнэд 99 буюу давхардсан тоогоор 42 төрлийн пестицидийн үлдэгдэл, 25 хүнсний ногоонд 90 буюу давхардсан тоогоор 48 төрлийн пестицидийн үлдэгдэл, таваарын үр тарианы 20 дээжид 33 буюу 12 төрлийн пестицидийн үлдэгдэл тодорхойлогдсон (Хүснэгт 1). Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариан дахь пестицидийн үлдэгдлийг MNS 5868:2008 стандарт, Кодекс алментариус, БНХАУ, ОХУ-ын стандартуудын пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан судлахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна.

Дүгнэлт

Тандалт судалгааны хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн зах худалдааны төв, агуулах, хүлэмж зэргээс магадлалт бус тохиолдлын түүврийн аргаар жимс жимсгэнэ, хүнсний ногооны дээжид пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийхэд жимс жимсгэнэ 41.9%, хүнсний ногоо 15.9%-д нь пестицидийн үлдэгдэл илэрсэн байна. Нийт 120 төрлийн дээжээс 67 дээжид тооны шинжилгээ хийхэд тоо хэмжээгээр 102 төрлийн пестицид тодорхойлогдсон. Шинжилгээний үр дүнгээс харахад эдгээр пестицидийн үлдэгдлийн агууламж нь Монгол улсын MNS 5868:2008 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна.

Гэсэн хэдий ч, тодорхойлогдсон пестицидийн 97.06% нь тус стандартад зөвшөөрөгдөх дээд хэмжээ заагаагүй буюу зохицуулалтгүй байгаа нь анхаарал татаж байна. Эдгээр пестицидийг зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх нь тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд байна. Иймээс MNS 5868:2008 стандартыг шинэчлэн боловсруулж, тодорхойлогдож буй пестицидүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг дахин шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Монгол улсын хэмжээнд иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй дотоод болон импортын жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианы дээжид тандалт судалгаа хийхэд үндэсний стандартын жагсаалтад байхгүй пестицидийн үлдэгдэл тодорхойлогдож байна. Иймд тулдараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

“MNS 5868:2008 Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” үндэсний стандартыг дахин шинэчлэх

Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага болон иргэд олон нийтэд “Хүнсний аюулгүй байдал, пестицидийн зохистой хэрэглээ” сэдвийн хүрээнд мэдлэг боловсрол олгох

Ном зүй

1.     Liu X, Ye Y, Hu H, Kang W, Xiang C, Yao J, Huang T, Kawano S-i, Hashi Y. Determination of Organic tin pesticides in fruits and vegetables by gas chromatography coupled to tandem mass spectrometry. Shimadzu Pittcon 2016. Shimadzu Global COE for Application & Technical Development, Shimadzu (China).

2.     European Union Reference Laboratory for Pesticides Residues (EURL). Analysis of Acidic Pesticides using QuEChERS (EN15662) and acidified QuEChERS method [Internet]. Available from: https://www.eurl-pesticides.eu/userfiles/file/eurlsrm/eurlsrm_observations_acidicpesticides.pdf

3.     Mongolian National Standard. MNS 5868:2008. Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Ulaanbaatar: Mongolian Agency for Standardization and Metrology; 2008.

4.     Food and Agriculture Organization of the United Nations (FAO). Codex Pesticides Residues in Food Online Database [Internet]. Available from: https://www.fao.org/fao-who-codexalimentarius/codex-texts/dbs/pestres/en/

European Union. EU Pesticides Database [Internet]. Available from: https://food.ec.europa.eu/plants/pesticides/eu-pesticides-database_en

Судалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: АУ-ны доктор Э.Эрдэнэцогт

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

2.png

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

28

2025-08-20

2024 он