-
2025-04-27 05:35:03
ЗАРИМ ХУДАЛДААНЫ ТӨВД АЖИЛЛАЖ БУЙ 30-ААC ДЭЭШ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ДАДЛЫГ СУДАЛСАН ДҮН
ЗАРИМ ХУДАЛДААНЫ ТӨВД АЖИЛЛАЖ БУЙ 30-ААC ДЭЭШ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ДАДЛЫГ СУДАЛСАН ДҮН
Үндэслэл
Олон улсын хавдрын судалгааны төв (International Agency for Research on Cancer, IARC)-ийн мэдээллээр, умайн хүзүүний хорт хавдар нь 2012 онд дэлхийн хамгийн түгээмэл тохиолдож буй хорт хавдруудын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Жил бүр дэлхий даяар 530,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 270,000 эмэгтэй нас бардаг нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын 7.5 хувийг эзэлж байна[1]. Монгол Улсын хувьд, умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд нийт хорт хавдрын 8 орчим хувийг эзэлдэг. Сүүлийн 20 жилийн хугацаанд уг өвчлөлийн түвшин 100,000 эмэгтэйд 6.6-аас 15.5 болж өссөн бол нас баралтын түвшин 3.4-өөс 4 хувьд хүрч нэмэгджээ[2]. Жил бүр Монгол Улсад 250-350 эмэгтэй шинээр умайн хүзүүний хорт хавдрын онош авахаас гадна 100 гаруй эмэгтэй нас бардаг ба тэдгээрийн 60 орчим хувь нь өвчний хожуу шатанд оношлогдож байна[1]. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2011 онд баталсан “Умайн хүзүүний хорт хавдрын эмнэлзүйн удирдамж”-ийн хүрээнд 30-60 насны эмэгтэйчүүдийг эсийн шинжилгээнд (Pap smear болон умайн хүзүүний цитологи) хамруулж байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд үтрээн дурангийн хяналт дор эд зүйн шинжилгээ авч оношийг баталгаажуулж, шаардлагатай эмчилгээг эхлүүлдэг. Харин сөрөг хариу гарсан тохиолдолд гурван жилийн дараа давтан шинжилгээ хийдэг[2]. Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь бэлгийн замаар дамждаг хүний папиллома вирус (ХПВ) юм. Барууны орнуудад түрхцийн шинжилгээ (Pap smear) болон ХПВ-ийн эсрэг вакцинжуулалт өргөнөөр хийгддэг нь өвчлөлийн тоо, нас баралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлжээ[3]. Гэвч 2022 оны байдлаар дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдрын 660,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, 350,000 орчим эмэгтэй уг өвчний улмаас нас барсан нь уг өвчин эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт хэвээр байгааг харуулж байна[4]. Монгол Улсад үндэсний түвшинд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 14 гаруй жилийн турш хэрэгжиж байгаа ч эмэгтэйчүүдийн дунд эрт илрүүлгийн талаарх мэдлэг хангалтгүй[5], шинжилгээнд хамрагдалт бага хэвээр байна. Иймд уг өвчний талаарх мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлох судалгаа хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Зорилго
Улаанбаатар хотын зарим худалдааны төвд ажиллаж буй 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх мэдлэг, дадлыг судлах
Практик ач холбогдол
Энэхүү судалгаа нь худалдааны төвд ажилладаг 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын үүсэх шалтгаан, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан байдлын талаарх мэдлэг, дадлыг судалснаар, тэдний энэ талаарх мэдлэгийн түвшинг үнэлж, цаашид умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн шинжилгээний ач холбогдлыг таниулахад хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх юм.
Материал, арга зүй
Судалгааг дескриптив судалгааны агшны загварыг ашиглан энгийн санамсаргүй түүврийн аргаар 2024 оны 7-р сараас 2024 оны 10-р сар хүртэл зарим худалдааны төвүүдэд ажилладаг 30-с дээш насны 130 эмэгтэйгээс нүүр тулсан ярилцлагын аргаар ерөнхий хэсгийн 11 асуумж, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх мэдлэг үнэлэх 16 асуумж, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх дадлыг үнэлэх 7 асуумжаар судалгааг авсан. Асуумжийн найдвартай байдлыг Кронбахын алфа коффицентоор үнэлэхэд мэдлэг үнэлэх асуумж 0.973 (маш сайн), дадал үнэлэх асуумж 0.903 (маш сайн) тус тус байсан. Мэдлэг болон дадлыг Likert оноогоор үнэлсэн ба хувьсагч нь үнэн /худал/ тодорхойгүй хариулт бүхий асуултаас нийт 23 асуултаас бүрдсэн. Зөв хариултыг нэг (1) оноо, буруу, тодорхойгүй хариултыг тэг (0) оноогоор үнэлнэ. Мэдлэгийн оноог муу (10-оос бага), дунд (11-14), сайн (15≤) гэж ангилахын тулд Bloom-ийн хязгаарыг ашигласан.
Статистик боловсруулалт
Судалгааны өгөгдлийг MS Exsel 2019 программыг ашиглан мэдээлэлд цэгцлэлт хийсэн ба IBM SPSS-23 программыг ашиглан хувьсагчийн төрлөөс хамааран тоон болон бүлэглэсэн хувьсагчийн хувьсгууруудыг үнэлсэн. Тоон хувьсагчийг тойм статистикийн хэвийн тархалттай үед дундаж, голч, хамгийн бага, их утгаар илэрхийлсэн ба бүлэглэсэн хувьсагчийг тоо хувь ашиглан илэрхийлж Персоны корреляцын коэффициент ашиглан тооцсон. р-утга ≤0.05 тохиолдолд тэг таамаглалыг хүлээж авсан.
Үр дүн
Судалгаанд Улаанбаатар хотын Баянзүрх зах, Sunday Plaza, Бөмбөгөр худалдааны төв, Түмэнмолл, Централмолл худалдааны төвүүдэд ажилладаг 30-аас дээш насны 130 эмэгтэйн хариултад статистикийн боловсруулалт хийсэн. Судалгаанд 30-39 насны эмэгтэйчүүд хамгийн олон буюу 42.6 хувийг эзэлсэн бол 60-аас дээш насны эмэгтэйчүүд хамгийн цөөн буюу 7.4 хувийг эзэлжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 30 настай, хамгийн ахмад нь 68 настай байсан бөгөөд дундаж нас 40±1.39 байв. Боловсролын түвшнийг харгалзан үзвэл оролцогчдын 41.5 хувь буюу 54 нь бакалаврын боловсролтой байжээ. Харин гэр бүлийн байдлаар авч үзвэл нийт оролцогчдын 68.1 хувь буюу 64 нь гэр бүлтэй байсан. Төрөлтийн тооны хувьд 1-3 хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд хамгийн олон хувийг эзэлж байв. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх дадлыг нас болон боловсролын түвшинтэй харьцуулахад статистикийн хувьд утга учиртай хамааралтай (p=0.004) байв. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 49.3 хувь (n=58) нь дадлын түвшин муу, 19 хувь (n=19) нь дунд, харин 27.2 хувь (n=21) нь сайн гэсэн үнэлгээтэй байсан. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх мэдлэг болон дадлын хооронд сул хамааралтай (r=0.181, p=0.003) байсныг судалгааны үр дүн харуулж байна. Энэхүү үр дүн нь мэдлэгийн түвшин өсөхийн хэрээр дадлын түвшин мөн өсөх хандлагатай ч хамаарал төдийлөн өндөр бус байгааг илтгэж байна. Умайн хүзүүний хорт хавдрын (УХХХ) эрт илрүүлэгт хамрагдаагүй шалтгааныг судлахад оролцогчдын дунд хэд хэдэн гол хүчин зүйлс тодорхойлогдсон байна. Нийт оролцогчдын 10.5% (n=14) нь эрт илрүүлэгт орохоос айдас төрдөг гэж хариулсан бол 26% (n=34) нь шинжилгээний үнэ хэт өндөр гэж үзэж байжээ. Мөн 51.4% (n=67) нь өөрсдийгөө эрт илрүүлэгт орох шаардлагагүй гэж боддог бол 55% (n=72) нь эрт илрүүлгийн явцад хэт их цаг зарцуулдаг хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн 69.8% (n=91) нь эрт илрүүлэгт хаана, хэрхэн хамрагдахаа мэдэхгүй гэж хариулсан бол 83.7% (n=109) нь энэ чиглэлээр хангалттай мэдээлэл дутмаг байдгийг онцолжээ. Дээрх үр дүнгээс харахад, УХХХ-ын эрт илрүүлгийн талаарх мэдээлэл хомс байдал нь эмэгтэйчүүдийн энэ үйлчилгээтэй холбоотой мэдлэг, хандлагад сөргөөр нөлөөлж, шинжилгээнд хамрагдалтыг бууруулж байгааг харуулж байна.
Дүгнэлт
Судалгаагаар худалдааны төвүүдэд ажилладаг 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын (УХХХ) эрт илрүүлгийн талаарх мэдлэг хангалтгүй байгааг тодруулсан бөгөөд 69.8% нь энэ чиглэлээр хангалттай мэдээлэлгүй гэж хариулсан байна. Мөн нас болон боловсролын түвшин нь мэдлэг (p=0.004) болон дадал (p=0.005) – д статистикийн хувьд хамааралтай болох нь тогтоогдсон. М Мэдлэг болон дадлын хооронд сул хамаарал (r=0.181, p=0.003) ажиглагдсан нь мэдээллийг хүлээн авах, хэрэгжүүлэх үйл явц тасралттай, үр дүнтэй явагдаж чадаагүйг харуулж байна. Иймд УХХХ-ийн эрт илрүүлгийн талаарх мэдлэг, дадлыг сайжруулахын тулд илүү нарийвчилсан, боловсролын түвшинд тохирсон сургалт, мэдээлэл түгээх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатайг онцолж байна.
Ном зүй
1. World Health Organization. Cervical cancer [Internet] [2023 [cited 2024 Jan 5]]. Available from: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/cervical-cancer.Batmunkh T, von Mollendorf C, Tulgaa K, Surenjav U, Dalmau MT, Namjil N, et al. HPV genoprevalence and HPV knowledge in young women in Mongolia, five years following a pilot 4vHPV vaccination campaign. Papillomavirus Res. 2019;8:100175. Cancer Today [Internet] International Agency for Research on cancer, World HealthOrganization; [cited 2024 Jan 5] Availablefrom: https://gco.iarc.fr/today/online-analysis map?v=2020&mode=cancer&
2. Chimed T, Sandagdorj T, Znaor A, Laversanne M, Tseveen B, Genden P, et al. Cancer incidence and cancer control in Mongolia: Results from the national cancer registry 2008-12. Int J Cancer. 2017;140(2):302–9.
3. Public Health Institute of Mongolia. Health Institute of Mongolia. Fourth national STEPS Survey on the Prevalence of Noncommunicable Disease and Injury Risk Factors-2019. Brief Summary. Ulaanbaatar Mongolia. 2020.
4. Tekle T, Wolka E, Nega B, Kumma WP, Koyira MM. Knowledge, Attitude and Practice Towards Cervical Cancer Screening Among Women and Associated Factors in Hospitals of Wolaita Zone, Southern Ethiopia. Cancer Manag Res. 2020 Feb 11;12:993-1005. doi: 10.2147/CMAR.S240364. PMID: 32104081; PMCID: PMC7023884.