• 2025-08-25 08:36:23

Хорт хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилт түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Хорт хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилт түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн

Түлхүүр үг: Хавдар, GAD-7 сорил, сэтгэл түгшилт

Үндэслэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр 2020 онд 19,3 сая хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн энэ өвчнөөс шалтгаалан нас барсан ба 2040 он гэхэд хорт хавдрын шинэ тохиолдол ялангуяа Африкт 2 дахин, Азид 1,6 дахин өсөж, уг өвчний шалтгаантайгаар 28,9 сая хүн эндэх төлөвтэй байна. Дэлхий дахинаа 301 сая хүн нь сэтгэл түгших эмгэгээр шаналж байна. COVID19 цар тахлын улмаас сэтгэл түгших эмгэг жилийн хугацаанд 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол улсад ч сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн хорт хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа нэгдүгээрт, уушги болон умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар гуравдугаарт бичигдэж байгаа статистик мэдээлэл байна[9]. Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс элэгний хорт хавдар 33.2%, ходоодны хорт хавдар 17.2%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6%, улаан хоолой 5%, умайн хүзүүний хорт хавдар 4.6%-ийг эзэлж байна. GAD-7 гэдэг нь Generalized Anxiety Disorder-7 буюу ерөнхий сэтгэлийн түгшүүрийн эмгэгийг илрүүлэх 7 асуулттай үнэлгээний хуудас юм. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэх асуулгын хялбар арга юм.

Зорилго

Хорт хавдраар өвчлөгсдийн сэтгэл түгшилтийн түвшинг тодорхойлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах

Зорилт 

1.         Хорт хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилтийн түвшинг үнэлэх

2.         Сэтгэл түгшилтэд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлох

Материал арга зүй

Хорт хавдартай үйлчлүүлэгчдээс ДЭМБ-аас  анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт зориулан гаргасан GAD-7 сорил, ерөнхий мэдээллийн 7 нийт 14 асуулга ашиглан цахим болон цаасан хэлбэрээр цуглуулан дата мэдээллийг цуглуулсан. SPSS программын тусламжтайгаар өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн.

Үр дүн

Судалгаанд оролцогчдыг хүйсийн байдлаар авч үзвэл 65.8% (79) эмэгтэй оролцогчид, 34.2% нь (41) эрэгтэй оролцогчид эзэлж байна.

Сэтгэл түгшилтийг илрүүлэх GAD 7 асуумжийн найдварт байдлыг үнэлэх статистик шинжилгээ хийхэд тоон утга 0.818 буюу “найдварт байдал сайн” гарсан нь энэхүү тест нь судалгаанд оролцогчдын “сэтгэл түгшилтийг” үнэн зөв тодорхойлсон болохыг илтгэж байна

Судалгаанд нийт 120 оролцогч хамрагдсанаас 25 хүртэлх насны оролцогчид 15.8% (19/120 оролцогч), 26-35 насны оролцогчид 22.5% (27/120 оролцогч), 36-45 насны оролцогчид 20% (24/120 оролцогч), 46-55 насны оролцогчид 21.7% (26/120 оролцогч), 56-65 насны оролцогчид 13.3% (16/120 оролцогч), харин 66-с дээш насны оролцогчид 6.7% (8/120 оролцогч)тус тус эзэлж байна. Судалгааны дийлэнх буюу 64.2%-ийг 26-55 насны оролцогчид бүрдүүлж байна.

Сэтгэл түгшил хөнгөн байгаа нь 46 судалгаанд оролцогч буюу 47.9%, сэтгэл түгшил дунд түвшинд 34 оролцогч буюу 35.4%-ийг эзэлж байна.

Хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилтэд насны бүлгээс хамаарсан хамаарал байгаа эсэхийг буй эсэхийг тодорхойлох статистик шинжилгээ хийхэд 25 хүртэлх насныханд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. (P=.057) 

Судалгаанд оролцогчдын 66.7%  (80/120 оролцогч) тамхи татдаггүй,  33.3% (40 /120 оролцогч) тамхи татдаг байна.

Судалгаанд оролцогчид хорт хавдраар оношлогдох үедээ I болон  II шатандаа  оношлогдсон нь 78.8%,  III болон IV шатанд оношлогдсон нь 21.1%-ийг  эзэлж байна.

Судалгаанд оролцогчдын хүйс болон тамхи татсан хугацаа хоорондоо сөрөг сул хамааралтай (r-0.359). Хавдар оношлогдсон хугацаа болон тамхи татсан хугацаа хоорондоо сөрөг сул хамааралтай (r-0.334). Оношлогдох үеийн хавдар болон ойр дотнын хүн хавдартай эсэх үзүүлэлт хоорондоо эерэг сул хамааралтай байна (r-0.300).

Хэлцэмж

Хорт хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилтийн талаарх олон улсын судалгааны үр дүнтэй бидний судалгааны үр дүн нийцэж байна. Тухайлбал Hinz болон хамтран ажиглагсад 2019 онд Герман улсад хорт хавдартай өвчтөнүүдийн дунд хийсэн судалгаагаар GAD-7 үнэлгээний аргачлалыг ашиглан нийт оролцогчдын 32% нь дунд болон хүнд түвшний сэтгэл түгшилттэй байгааг тогтоосон. Судалгаанд оролцогчдын нас, хавдрын үе шат, амьдралын хэв маяг нь гол нөлөөлөгч хүчин зүйлс болохыг тодорхойлсон[2].

Plummer нар (2016) нь анхан шатны тусламж үйлчилгээний төвд хийсэн судалгаанд GAD-7 болон GAD-2 сорилуудыг хэрэглэж, насан туршийн оношилгоо, архаг өвчний байдал, тухайлбал хавдар зэрэг өвчтэй хүмүүсийн дунд сэтгэл түгшилтийн өндөр түвшин илэрч байгааг харуулсан. Энэ нь манай судалгааны үр дүнтэй уялдаж байгаа бөгөөд хорт хавдрын хожуу шатанд оношлогдсон өвчтөнүүдийн дунд түгшүүр нэмэгдэх хандлагатай байна.

Эдгээр олон улсын судалгаануудын үр дүн нь хорт хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилт нь зөвхөн өвчний оношилгооны үе шат төдийгүй, тухайн хүний нас, амьдралын хэв маяг, дэмжлэг авах боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг болохыг илтгэж байна. Иймд хавдартай өвчтөнүүдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламжийг өвчтөний хувь хүний онцлог, оношилгооны үе шаттай уялдуулан оновчтой төлөвлөх шаардлагатай байна.

Дүгнэлт

Судалгаанд нийт 120 оролцогч оролцсон бөгөөд судалгаанд оролцогчдын сэтгэл түгшилт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох статистик шинжилгээг хийж үзэхэд  нас, хавдрын үе шат, тамхи татдаг эсэх нь хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилтэд нөлөөлж байна.

Нас залуу байх нь сэтгэл түгшилтийг багасган, нас ахих нь сэтгэл түгшилтийг нэмэгдүүлж байна. Мөн хавдрын сүүлийн шатанд оношлогдох нь сэтгэл түгшилтийг нэмэгдүүлдэг бол эхэн үе шатанд оношлогдох нь эдгэрэх боломж, итгэл найдварыг төрүүлэн сэтгэл түгшилтийг багасгадаг байна.

Ёс зүйн зөвшөөрөл, ашиг сонирхол

Судлаачдын судалгааны өгүүлэл, нийтлэлүүдээс иш татан нэгтгэн бичсэн тул судалгаа болон судалгааны ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй болно.

Талархал

Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талаар тусалж дэмжсэн Этүгэн их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн хамт олон, судалгааны багт талархал илэрхийлье.

Ном зүй

1.         Liang D, Chen R, Wang X, Gong J, Yang L, Yan Y, et al. Poor performance of PHQ-9 and GAD-7 in screening clinical depression and anxiety among a large sample of Chinese children and adolescents. J Affect Disord. 2021;295:1262–71. doi:10.1016/j.jad.2021.09.053

2.         Hinz A, Krauss O, Stolzenburg JU, Zenger M, Brähler E. Screening for anxiety in patients with cancer: Diagnostic accuracy of GAD-7 items considering lowered GAD-7 cut-offs. J Affect Disord. 2019;256:17–23. doi:10.1016/j.jad.2019.05.018

3.         Насанцэцэг Л, Ганцэцэг Т, Энхцэцэг Ж, Алтайсайхан Х, Мягмарцэрэн Д, Батзориг Б, Насанжаргал Л, Номин-Эрдэнэ М, Елена K. Жирэмсэн болон төрсний дараах үеийн сэтгэл гутрал түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох [Postpartum and prenatal depression and associated risk factors]. Улаанбаатар: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв; 2022.

4.         Отгон Н, Энхтуяа Д, Oюунчимэг Н, Мөнхтуяа С, Гүлжанат E, Oдонтуяа Ж, Мөнхзаяа Б, Саранцэцэг T, Mандхай T, Насанжаргал Л, Сугармаа Ш. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт судалгааны тайлан [Prevalence survey report on common mental disorders]. Ulaanbaatar: National Center for Mental Health; 2019.

5.         Болортуяа Г. Хорт хавдартай өвчтөний сэтгэл зүйн зарим асуудлыг судалсан нь [Study on some psychological issues of cancer patients] [магистрын зэрэг горилсон судалгааны ажил]. Улаанбаатар: Монгол Улсын Их Сургууль; 2014.

6.         Plummer F, Manea L, Trepel D, McMillan D. Using Generalized Anxiety Disorder-2 (GAD-2) and GAD-7 in a primary care setting. Br J Gen Pract. 2016;66(648):e547–8. doi:10.3399/bjgp16X686885

7.         Walsh Z, Gonzalez R, Crosby K, Sznitman SR. Generalized Anxiety Disorder 7-Item (GAD-7) scores in medically authorized cannabis patients—Ontario and Alberta, Canada. J Psychosom Res. 2017;102:29–34. doi:10.1016/j.jpsychores.2017.09.002

8.         Zhou Y, Xu J, Rief W, He T, Wei J, Huang Y, et al. Psychometric properties of the Generalized Anxiety Disorder Scale-7 Item (GAD-7) in a large sample of Chinese adolescents. J Affect Disord. 2021;279:291–8. doi:10.1016/j.jad.2020.09.080

9.         Я.Эрдэнэ-Очир, Х.Ариунаа, Ц.Бадамсүрэн , Т.Лхагва-очир “ХАВДАР СУДЛААЧ ИХ ЭМЧИЙН “ХАВДАР СУДЛАЛ” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР; 2022.

 

Судалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: БУ-ны доктор Э.Өлзийжаргал

 

 

 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

nuur.jpg

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

6

2025-08-25

2024 он