-
2025-08-21 06:53:48
Сургуулийн орчин ба чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний судалгаа
Сургуулийн орчин ба чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний судалгаа
Түлхүүр үг: Чихэр, сонголт, шим тэжээлийн боловсрол, эрүүл мэнд
Үндэслэл
Өндөр хөгжилтэй орнуудад төрөл бүрийн чихэр, чихэрлэг ундааны хэрэглээ сүүлийн арав гаруй жилд буурсан боловч манай оронд хэрэглээ өндөр байна[1,2]. Чихэрлэг хүнсний зохисгүй хэрэглээ нь хүүхдийн дунд шүдний өвчлөл, илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, насанд хүрсэн хойно таргалалттай холбоотой бодисын солилцооны эмгэг өөрчлөлтөд өртөх шалтгаан болдог. Бодисын солилцооны эмгэгийн тархалт өндөр байх нь эргээд нийгмийн эрүүл мэндийн зардалд дарамт учруулдаг байна[2,3]. Хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний судалгааны дүнгээс харахад сургуулийн насны хүүхдийн дунд илүүдэл, таргалалтын хувь ихсэж, бичил тэжээлийн дутагдал мөн өндөр буюу хоол тэжээлтэй холбоотой давхар дарамт буурахгүй байгаа нь харагдаж байна[4]. Аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн статистик үзүүлэлтээс харахад 2019 онд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2019 онд 164.7 сая.л байсан бол 2023 онд 126.8 сая.л хүрч буурчээ. Харин амтат ус, ундааны үйлдвэрлэл 2019 онд 174,894.6 мянган литрээс 2023 онд 230,611.6 мянган литр болж өссөн үзүүлэлттэй байв. Мөн шүүсний үйлдвэрлэл сүүлийн таван жилд 41,939.7 мянган литрээс 55,179.5 мянган литр, чихэр 45.5 тонноос 2023 онд 71.8 тонн болж тус тус өсжээ. Үүний зэрэгцээ Монгол улсад 2020 онд согтууруулах бус ундаа 28,644.7 мянган литр импортлогдсон бол 2024 онд тус үзүүлэлт 56,135.4 мянган литр болж нэмэгджээ[5,6]. Эдгээр статистик үзүүлэлтүүд хүн амын дунд эдгээр бүтээгдэхүүний хэрэглээ ихсэж буйг илтгэж байна.
Өсвөр насны хүүхдүүд хүйсийн онцлогоос хамаарч бие махбодын огцом өсөлт охидод 10-14 насанд, хөвгүүдэд 12-16 насанд явагдаж, дунджаар өндөр нь 10-15см нэмэгдэх, биеийн булчин болон өөхний хэмжээ ихсэх зэрэг олон өөрчлөлт явагдахын зэрэгцээ шим тэжээллэг хоол хүнсээр хангагдах шаардлага нэмэгддэг. Манай улс бага ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт бүрэн хамруулдаг боловч дунд, ахлах ангийн сурагчдын зарим хэсэг нь сургуулийн хоолоор хангагдах боломж бүрдээгүй байна. Тухайлбал хувийн өмчийн сургуульд суралцаж буй дунд, ахлах ангийн суралцагчид сургууль дээрээ хоолоор хангагддаг боловч төрийн өмчийн сургуулийн сурагчид эцэг эхээс халаасны мөнгө авч, сургуулийн орчинд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг.
Эрүүл бус хүнсийг тогтмол сонгон хэрэглэхэд зах зээлийн үнэ, хэрэглэгчийн шим тэжээлийн мэдлэг, хандлага, бүтээгдэхүүний хангамж, хүртээмж, олдоцтой байдал, амт, үнэр, маркетинг зэрэг гадаад, дотоод олон хүчин зүйлс нөлөөлдөг[7]. Өсвөр насны хүүхдүүд хичээлийн завсарлагааны цагаар сургуулийн орчинд зарагдаж буй хэрэглэхэд хялбар, үнэ хямд, цаг хугацаа шаардахгүй, идэхэд хялбар чихрийн агууламж ихтэй бэлэн бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь түгээмэл байдаг. Үүний зэрэгцээ манай улсад сүүлийн арван жилд түргэн хоолны сүлжээ ихээхэн өсөж, гэр бүлээрээ гадуур хооллох хэв маяг ихсэж хүнсний хэрэглээний шинэ хэв маягийг бий болсон юм.
Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг судлахад хооллолтын байдлыг үнэлэх аргуудаас хүнсний хэрэглээний давтамжийн арга тохиромжтой байдаг[8,9]. Гэхдээ хүнсний бүлгийн ангилал, ангилалд ямар ямар хүнсний бүтээгдэхүүн багтааж үзэх нь чухал ач холбогдолтой юм. Тухайлбал энергийн ундаа чихэр болон кофейн, сүүн суурьтай шейк, ундаанууд чихэр их агуулдаг боловч хэрэглэгчид мэдлэг тааруу байдгаас сэргээх үйлчлэлтэй, кальци агуулагддаг гэж сонгох нь элбэг байдаг.
Иймээс сургуулийн орчинд дунд ангийн сурагчдын чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, эх үүсвэр хүнс, хоногт хэрэглэж буй бодит хэмжээг судлахыг зорив.
Материал арга зүй
Хамрах хүрээ:
Сургуулийн хэлбэр болон байршлаас хамааруулан судлах зорилгоор судалгаанд хувийн өмчийн 1 сургууль, төрийн өмчийн сургуулиас хотын төв болон захын дүүрэгт байрлалтай 1,1 сургууль нийт 3 сургуулийн 280 хүүхдийг хамруулав. Хотын төвийн сургуулийг Сургууль 1, захын дүүргийн сургуулийг Сургууль 2, хувийн өмчийг сургуулийг сургууль 3 гэж тус тус тэмдэглэн үр дүнг харуулав.
Хооллох зуршил ба чихэрлэг хүнсний хэрэглээ:
Судалгаанд оролцсон хүүхдийн нас, хүйс болон хооллох зуршлыг асуумжийн аргаар тодорхойлов. Харин хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний хагас-тоон аргын (Semi-quantitative food frequancy questionnare) сурагчдын чихэрлэг хүнсний хэрэглээний нэр төрөл, 1 удаа хэрэглэж буй хэмжээг тогтооход ашиглав. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг хийжүүлсэн ундаа, чихэрлэг шүүснүүд, чихэртэй сүүн бүтээгдэхүүн, энергийн болон спорт ундаа, кофе, чихэрлэг жигнэмэг, шоколадтай амттан болон жигнэмэл гурилан бүтээгдэхүүн гэсэн 9 бүлэгт хуваан нийт 51 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг судлав (Хүснэгт 1). Хэрэглээний давтамжийг өдөрт 2-оос олон удаа, 1 удаа, долоо хоногт 4-6 удаа, долоо хоногт 1-3 удаа, сард 1-3 удаа, огт хэрэглэдэггүй гэсэн байдлаар асуув.
Хүнсний хэрэглээний давтамжийг 7 хоног руу шилжүүлж дараах байдлаар тооцов.
Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнээс авч буй сахрын хэмжээг тооцохдоо дараах томьёог хэрэглэв.
Сахар хэмжээ (г)=Хэрэглэж буй нийт хэмжээ*1 нэгж хүнсний сахрын хэмжээ
Статистик боловсруулалт:
Асуумж судалгаа, хүүхдийн өсөлтийн үзүүлэлтийн мэдээллийг SPSS 26.0 програмад шивж оруулсан. Чанарын хувьсагчийн дүн шинжилгээг Chi-square тестээр, чанар болон тасралтгүй хувьсагч бол T-тестээр, 2-оос олон бүлэг хоорондын хамаарлыг ANOVA буюу вариацын шинжилгээний аргаар тус тус боловсруулсан. Хэмжилтийн утгыг дундаж, стандарт хазайлт, тоо, хувиар илэрхийлэв. Бүлэг хоорондын ялгааг статистик магадлал буюу р-value-ийн утгаар тодорхойлж, утга р<0.05 бол статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үнэлэв.
Үр дүн
Судалгаанд оролцогчдын нас, хооллох зуршил, бие бялдрын үзүүлэлтийг сургуулиар харьцуулан хүснэгтэд харуулах. Судалгаанд хамрагдсан хүүхдийн дундаж нас 13, эрэгтэй 50.7%, эмэгтэй 49.3% байв. Хүүхдийн биеийн жингийн дундаж 52 кг, өндрийн дундаж 162.5 см байсан. Судалгаанд оролцогчдын 56.3% нь өглөөний цайгаа тогтмол уудаг бөгөөд, өдөр бүр цайгаа уух байдал нь сургуулиас хамаараад хувийн өмчийн сургуулийн сурагчид статистик ялгаа бүхий бага (p<0.0001) байв.
Өсвөр насны хүүхдийн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх хэмжээг хүснэгт 4-д харуулав. Хувийн өмчийн сургуульд суралцаж буй хүүхдийн энергийн ундаа, кофены хэмжээ нь хотын төвийн болон захын байршилтай сургуулийн сурагчдаас статистик ялгаа бүхий өндөр, харин нарийн боовыг хоногт хэрэглэх хэмжээ хотын төвийн сургуулийн хүүхдэд их байв.
Өглөөний цай уудаг байдлыг чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг 7 хоногт хэрэглэх давтамжаар харьцуулан Зураг 2-д харуулав. Өглөөний цай өдөр бүр уудаг хүүхдүүдийн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд хэрэглэх давтамж бусад 2 бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий бага байв. Харин өглөөний цай огт уудаггүй хүүхдүүд хийжүүлсэн ундаа, чихэрлэг шүүс, кофе, энергийн ундааг илүү их хэрэглэж байгаа нь ажиглагдлаа.
Хэлцэмж
Судалгааны хүрээнд сургуулийн орчинд хэрэглэж буй чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний давтамж болон эдгээр бүтээгдэхүүнээс авч буй сахрын хэмжээг тодорхойлов. Манай улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 6-р судалгаагаар 12-18 насны суралцагчид чихэрлэг ундааг огт уудаггүй 17% байсан[4]. Бидний судалгаанд оролцогчдын 4.1% нь сургуулийн орчинд чихэрлэг ундаа хэрэглэдэггүй гэснээс харахад эдгээр бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд их хэрэглэдэг нь харагдаж байна.
Сургуулийн хоол хүнсний орчны судалгаагаар сургууль дотор худалдаалж байгаа эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний төрөл эрүүл хүнснээс 3 дахин их байгааг тогтоосон[10]. Мөн сургуулиудад худалдаалж буй 285 нэр төрлийн ундаанаас 85 нь чихэртэй ундаа байжээ. Бидний судалгаагаар сургуулийн орчинд өдөр бүр чихэрлэг бүтээгдэхүүнийг хүүхдүүд хэрэглэж байв.
Ундрам нарын хийсэн чихэрлэг хүнсний хэрэглээ болон таргалалтын хамаарлын судалгаагаар 10-13 насны хүүхдүүдийн чихэрлэг ундааны хэрэглээ дунджаар 217 мл байгааг тогтоожээ. Бидний судалгаагаар өсвөр насны хүүхдүүд хийжүүлсэн ундааг 1 удаад 260 мл, чихэрлэг шүүсийг 366 мл хэмжээгээр тус тус хэрэглэж байв. Манай улсын зах зээлд худалдаалж буй хийжүүлсэн болон чихэрлэг шүүс ихэвчлэн 330 мл, 500 мл, 800 мл савлагаатай байдаг. Сургуулийн орчинд суралцагчид ширхгээр савласан бүтээгдэхүүн хэрэглэдэг тул 1 удаа хэрэглэх хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх боломжтой юм.
Мөн Бразилд хийгдсэн төрийн болон хувийн өмчийн 1,247 сургуулийг хамруулсан судалгаагаар сургуулийн орчин чихэр-амттай ундааны хэрэглээг ихсэхэд нөлөөлж буйг тогтоожээ[12]. Бидний судалгаагаар хийжүүлсэн ундаа болон чихэрлэг шүүсний хэрэглээ хамгийн өндөр, эдгээр бүтээгдэхүүнээс авах чихрийн хэмжээ мөн их байгаа нь дээрх судалгааны дүнтэй ойролцоо байв.
Тус судалгаагаар өглөөний цайгаа уудаггүй суралцагчдын чихэрлэг шүүс, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа болон кофены хэрэглээ өндөр байгаа нь анхаарал хандуулах үзүүлэлтийн нэг байв. Хэвлэлийн тоймоос харвал энергийн ундаа, кофенд кофейн, таурин, гуарана, Л-карнитин, хүн орхоодой зэрэг нэгдлүүд бусад ундаатай харьцуулахад их хэмжээгээр агуулагддаг[13] бөгөөд хүүхдийн зүрх дэлсэх, даралт ихдэх, сэтгэл хөөрөлд автах, нойргүйдэх, зан үйл өөрчлөгдөх гаж нөлөөтэй учраас өсвөр насны хүүхдэд хэрэглүүлэхгүй байх, зохистой хэрэглээний талаар эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох шаардлагатайг дурджээ[14,15]. Чихрийн агууламж ихтэй ундааг хэрэглэх тутам уух хүсэл нэмэгдэж донтуулах үйлчлэлтэй тул хүүхдэд эдгээр бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, сонголтыг хэрхэн зөв хийх тухай эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох хэрэгтэй нь ажиглагдлаа.
Бид сурагчдын чихэрлэг хүнсний хэрэглээ, түүнд агуулагдах сахрын хэмжээг хүнсний хэрэглээний давтамжийн арга ашиглаж судалсан, мөн судалгаанд хамрагдсан хүүхдийн тоо цөөн байсан нь уг судалгааны ажлын хязгаарлагдмал тал юм.
Дүгнэлт
Тус судалгаагаар сургуулийн орчинд хүүхдүүд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж байгааг тогтоов. Мөн сургуулийн байршил, хэлбэрээс хамаарч өглөөний цай уух байдал, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ ялгаатай байгаа нь харагдлаа. Хувийн өмчийн сургуулийн сурагчдын 32% нь өдөр бүр өглөөний цай алгасдаг буюу төрийн өмчийн сургуулийн сурагчидтай харьцуулахад өглөөний цайгаа тогтмол уух дадал сул байгааг харуулж байна. Сургуулийн сурагчдын энергийн ундаа болон кофены хэрэглээ сургуулийн байршлаас хамаарч ялгаатай байв. Хувийн сургуулийн сурагчид хоногт дунджаар 76.7 мл энергийн ундаа, 46.7 мл кофе хэрэглэж байгаа нь улсын сургуулийн сурагчидтай харьцуулахад 2 дахин илүү байна. Мөн сургуулийн сурагчдын дунд чихэрлэг шүүс, хийжүүлсэн ундаа, печень, чихэр, амттан, энергийн ундаа, кофе зэрэг эрүүл бус хүнсний хэрэглээ өндөр байгаа нь сахрын хэрэглээг нэмэгдүүлэх шалтгаан болжээ. Хэдийгээр манай улс сургуулийн орчинд эрүүл бус хүнс худалдаалахыг хориглосон зохицуулалт хийсэн боловч хэрэгжилт, хяналтыг сайжруулах шаардлагатайг судалгааны дүн харуулж байна. Иймээс сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүдэд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар эрүүл мэнд, хоол тэжээлийн боловсрол олгох хэрэгтэй байна. Түүнчлэн эрүүл хоол хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдыг сургуулийн хоолонд хамруулах асуудалд анхаарал хандуулах, сургуулийн орчинд эрүүл хүнс худалдаалж буй байгууллагыг олон нийтэд сурталчлан таниулах, урамшуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Номзүй
1. Welsh JA, Sharma AJ, Grellinger L, Vos MB. Consumption of added sugars is decreasing in the United States. The American journal of clinical nutrition. 2011 Sep 1;94(3):726-34.
2. ЭМЯ. НЭМҮТ, НҮБ-ийн Хүүхдийн Сан. Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын сэргийлэлт: Өргөн хүрээний дүн шинжилгээ, тэргүүлэх арга хэмжээ. 2021
3. НҮБ-ийн Хүүхдийн сан. Чихэрлэг ундааны татвар: Бодлогын хураангуй. 2021
4. ЭМЯ. НЭМҮТ, НҮБ-ийн Хүүхдийн Сан. Монгол Улсын хүн Амын Хоол Тэжээлийн байдал: Үндэсний VI судалгааны тайлан. 2025
5. ГЕГ. Гаалийн Ерөнхий Газрын статистик мэдээ. 2024
6. ҮСХ. Монгол улсын статистикийн эмхэтгэл. 2024
7. Norimah AK. Development and validation of a Food Frequency Questionnaire (FFQ) for assessing sugar consumption among adults in Klang Valley, Malaysia. Malaysian journal of nutrition. 2012 Sep 1;18(3).
8. Joo N, Kim SK, Yoon JY. High school students' sugar intake behaviors and consumption of sugary processed food based on the level of sugar-related nutrition knowledge in Seoul area. Korean Journal of Community Nutrition. 2017;22(1):1-2.
9. Kanehara R, Goto A, Kotemori A, Mori N, Nakamura A, Sawada N, Ishihara J, Takachi R, Kawano Y, Iwasaki M, Tsugane S. Validity and reproducibility of a self-administered food frequency questionnaire for the assessment of sugar intake in middle-aged Japanese adults. Nutrients. 2019 Mar;11(3):554.
10. ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ. Сургуулийн хоол хүнсний орчин: Хоол хүнсний зар сурталчилгаа, түүний хүртээмж. 2012
11. Mandakh U, Bold K, Batmunkh A, Dashtseren M, Ochir C, Purevdorj T. Association between consumption of Sugar-sweetened Beverages and Childhood Obesity and Overweight. Central Asian Journal of Medical Sciences. 2016 Nov 25;2(2):187-94.
12. Rocha LL, Pessoa MC, Gratão LH, Carmo AS, Cordeiro NG, Cunha CD, Oliveira TR, Mendes LL. Characteristics of the school food environment affect the consumption of sugar-sweetened beverages among adolescents. Frontiers in nutrition. 2021 Oct 8;8:742744.
13. Zucconi S, Volpato C, Adinolfi F, Gandini E, Gentile E, Loi A, Fioriti L. Gathering consumption data on specific consumer groups of energy drinks. EFSA Supporting Publications. 2013 Mar;10(3):394E.
14. Schneider MB, Benjamin HJ, Committee on Nutrition and the Council on Sports Medicine and Fitness. Sports drinks and energy drinks for children and adolescents: are they appropriate? Pediatrics. 2011 Jun 1;127(6):1182-9.
15. Cruz-Muñoz V, Urquizu-Rovira M, Valls-Ibañez V, Manresa-Domínguez JM, Ruiz-Blanco G, Urquizu-Rovira M, Toran-Monserrat P. Consumption of soft, sports, and energy drinks in adolescents. The BEENIS study. Anales de Pediatría (English Edition). 2020 Oct 1;93(4):242-50.
Судалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: ХЗУ-ны доктор Ж.Баясгалан