-
2025-08-21 06:45:03
Алтайн сонгинын (allium altaicum ) спиртэн ханданд антиоксидант идэвхийг тодорхойлсон дүн
Алтайн сонгинын (allium altaicum ) спиртэн ханданд антиоксидант идэвхийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг: Алтайн сонгино, этанолын ханд, DPPH, антиоксидант үйлчлэл, амин дэм.
Үндэслэл
Дэлхийн зах зээлд байгаа эмийн ойролцоогоор 40% нь ургамлын
гаралтай байна[1]. Монгол орны ургамлын санд нийт 16 хүрээнд хамаарах 306 овгийн 1220 төрлийн 5107 орчим зүйл дээд, доод ургамал бүртгэгдсэнээс 845 зүйл нь эмийн ургамал юм[2]. Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Төвд, Хятад, Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг уламжлалт эмийн түүхий эдүүдийн биологийн идэвхт нэгдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг судалж, фармакологийн тодорхой үйлчлэл, механизмыг тайлбарлах, улмаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр стандартчилагдсан сонгомол үйлчилгээтэй эм бэлдмэл гарган авах ажил эрчимтэй өрнөж байна[3]. Сүүлийн жилүүдэд нийлэг аргаар гарган авсан хүнс болон эмийн бүтээгдэхүүнээс татгалзаж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хандлага өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эмийн ургамлын антиоксидант идэвхийн судалгаа ихээхэн сонирхол татсаар байна[4]. Саримс, сонгино, чинжүүний зүйлүүдийг багтаасан Allium-ийн төрөл, зүйлүүд нь эмийн шинж чанараараа олон зууны турш уламжлалт анагаах ухааны салшгүй хэсэг байсаар ирсэн[5]. Сонгинын овогт хамаарах алтайн сонгиныг уламжлалт анагаах ухаанд эрт үеэс хийн өвчнийг дарах эмт ургамал болгон ашиглаж ирсэн бөгөөд алтайн сонгинын навч, булцуунд агуулагдах эрдэс бодис, макро-микро элементүүдийн тодорхойлох туршилт судалгаанууд хийгдсээр байна. Алтайн сонгинын олон давхар булцуу нь хүйтэнд тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, PP, B, C, D аминдэмүүдээр баялаг ба навчинд нь 877мг, булцуунд нь 257 мг С витамин агуулагддаг байна. Үүнээс гадна финоцид, эфирийн тос, сапонин зэрэг биологийн идэвхтэй бодис агуулдаг ба зүрх судас, ходоод гэдэсний өвчний үед ард иргэд хоол хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ[6]. Алтайн сонгинын химийн найрлага, бүтцийг тодорхойлох олон туршилт судалгаа хийгдэж байгаа хэдий ч түүний антиоксидант идэвхийг DPPH чөлөөт радикалын идэвх тодорхойлох аргаар тодорхойлоогүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна.
Алтайн сонгинын хандны антиоксидант идэвхийг тодорхойлох
Материал арга зүй
Дээж бэлтгэх:
Алтайн сонгиныг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цамбагарав уулнаас 8-р сарын сүүлээр түүж бэлтгэсэн.
Ханд бэлтгэх арга зүй:
Сонгинын булцууг 3-5 мм хэмжээтэй жижиглэж, хатаасан. Хатаасан сонгинын булцуунаас 2 граммыг авч 50%-ийн 20мл (1:10) этилийн спиртэд, харанхуй орчинд 4-5 хоног тасалгааны температурт байлгасны дараа ультрасоник багажид 4 цагийн турш байнгын сэгсрэлттэй нөхцөлд алтайн сонгинын спиртэд хандыг бэлтгэв. Алтайн сонгинын спиртэд хандыг шүүж, туршилтад ашиглах хүртлээ -4℃ хөргөгчид хадгалсан[7].
Зорилго
Энэхүү судалгааг туршилт судалгааны загвараар Этүгэн их сургуулийн лабораториудыг түшиглэн 2024-2025 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэв.
Дээж бэлтгэх:
Алтайн сонгиныг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цамбагарав уулнаас 8-р сарын сүүлээр түүж бэлтгэсэн.
Ханд бэлтгэх арга зүй:
Сонгинын булцууг 3-5 мм хэмжээтэй жижиглэж, хатаасан. Хатаасан сонгинын булцуунаас 2 граммыг авч 50%-ийн 20мл (1:10) этилийн спиртэд, харанхуй орчинд 4-5 хоног тасалгааны температурт байлгасны дараа ультрасоник багажид 4 цагийн турш байнгын сэгсрэлттэй нөхцөлд алтайн сонгинын спиртэд хандыг бэлтгэв. Алтайн сонгинын спиртэд хандыг шүүж, туршилтад ашиглах хүртлээ -4℃ хөргөгчид хадгалсан[7].
Иод-метрийн титрлэлээр витамин С тодорхойлох арга зүй:
Алтайн сонгиноос 10гр дээж авч, 100мл нэрмэл усанд уусгана. Дараа нь хандаа шүүж 20мл авч титрэлтэнд ашиглана. Дээжид калийн иодат (KLO3) уусмал, хүхрийн хүчил нэмнэ. Энэ үед иод нь аскорбины хүчилтэй урвалд орж ангижирна. Цардуулын индикатор нэмж, калийн иодат титрлэнэ. Уусмал цайвар цэнхэр өнгө үүсмэгц титрлэлтийг зогсооно. Аксорбины хүчил болон калийн иодатын молийн харьцааг ашиглан витамин С-ийн агууламжийг (мг/%) тодорхойлно[8].
Иод-метрийн титрлэлээр витамин С тодорхойлох арга зүй:
Алтайн сонгиноос 10гр дээж авч, 100мл нэрмэл усанд уусгана. Дараа нь хандаа шүүж 20мл авч титрэлтэнд ашиглана. Дээжид калийн иодат (KLO3) уусмал, хүхрийн хүчил нэмнэ. Энэ үед иод нь аскорбины хүчилтэй урвалд орж ангижирна. Цардуулын индикатор нэмж, калийн иодат титрлэнэ. Уусмал цайвар цэнхэр өнгө үүсмэгц титрлэлтийг зогсооно. Аксорбины хүчил болон калийн иодатын молийн харьцааг ашиглан витамин С-ийн агууламжийг (мг/%) тодорхойлно[8].
Радикал идэвхийг (DPPH (2,2-diphenyl 1-picrylhydrazyl)) тодорхойлох арга зүй:
Нийт 25 хуруу шилэнд алтайн сонгинын спиртэн ханднаас 1000, 500, 250, 125, 62.7мкг гэсэн хэмжээтэй дээж тус бүрээс тав тавыг бэлтгэв. Үүний дараа 0,1mM DPPH (4мг DPPH-ийг 100 мл этанолд уусгаж бэлдсэн) ажлын уусмалаас, бүлэг тус бүрд 2мл-ийг нэмж, тасалгааны температурт харанхуй нөхцөлд 20 минутын турш урвалдуулна. Туршилт, харьцуулалт (ажлын уусмал+аскорбины хүчил) болон хяналтын (ажлын уусмал+этанол) уусмалуудын өнгөгүйчүүлэх идэвхийг спектрийн 517нм-ийн гэрэл шингээлтийн утгад хэмжиж үр дүнг тооцов[9].
Статистик анализ:
Хэмжилт тус бүрийг 3 давталттайгаар гүйцэтгэнэ.
Үр дүн
Алтайн сонгинын булцуунд иод-метрийн титрлэлтээр витамин С тодорхойлоход 34.6мг/% байв. Алтайн сонгинын спиртэд ханд дахь чөлөөт радикал саармагжуулах идэвх (%RSA) нь 62.5мкг-д хамгийн бага буюу 13.96%, 1000мкг-д хамгийн буюу 91.04%, дундаж утга нь 55.56% байна. IC50-ийн утгууд концентраци өсөхийн хэрээр шугаман хамааралтайгаар өсөж байгаа нь антиоксидант идэвхийн хэмжээ өндөр байх тусам илүү их концентраци шаардлагатай болохыг харуулж байна. Алтайн сонгинын хандны концентрацаас хамааран антиоксидант идэвх нэмэгдэж байгаа ба 250мкг-аас эхлэн антиоксидант идэвх 60% хүртэл нэмэгдэж, улмаар 1000мкг-д хамгийн их буюу 91.04% болж нэмэгдсэн байна. Эндээс харахад алтайн сонгинын антиоксидант идэвх бага концентраци дээр сул, өндөр концентраци дээр хүчтэй байгааг харуулж байна (Хүснэгт 1, Зураг 1)
Алтайн сонгинын ханданд витамин С-ийн агууламж тодорхойлоход концентрацийн шууд хамаарал ажиглагдсан. Тухайлбал, концентраци 62.5мкг үед 89.37% тодорхойлогдсон бол 1000мкг үед 90.84% болж концентраци нэмэгдэх тусам витамин С-ийн агууламж нэмэгдсэн дүнг үзүүлсэн. Хандны дундаж утга (250мкг) нь 90.5%, IC50-ийн утга 462.71мкг байгаа нь өндөр идэвхтэй антиоксидант болохыг харуулж байна (Хүснэгт 2, Зураг 2).
Антиоксидант идэвхи болон витамин С-ийн агууламж нь алтайн сонгинын спиртэд хандны концентрациас шууд хамааралтай байна (Хүснэгт 3, Зураг 3).
Хэлцэмж
Алтайн сонгино (Allium altaicum) нь байгалийн ховор ургамлын нэг бөгөөд антиоксидант, эмийн болон хүнсний ач холбогдолтой ургамал юм[10]. Энэхүү ургамлыг судлах нь зөвхөн биологийн шинж чанараар хязгаарлагдахгүй, мөн түүнийг үйлдвэрлэл, худалдаа, зах зээлд нэвтрүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой. Иймд Алтайн сонгиныг зах зээлд нэвтрүүлэх, худалдааны хэлэлцээр хийх боломж, хууль эрх зүйн зохицуулалт, экспортыг хөгжүүлэх стратегийг судлах нь чухал юм. Ена Ким нарын судалгаагаар сонгинын нийт флавоноидын агууламж сонгинын булцуунд агуулагдах нийт флавоноидын агууламж нь сорт хооронд статистикийн хувьд мэдэгдэхүйц ялгаагүй байв. Харин хальсны нийт флавоноидын агууламж “Bomul” сортод хамгийн өндөр буюу 2366.39±67.37мг QE/100г байв. Үндсэнд агуулагдах нийт флавоноидын агууламж 69.73±11.92мг-аас 114.45±18.00мг QE/100г хооронд хэмжигдсэн ба “Gujji” сортод хамгийн өндөр байлаа. Сонгинын хэсэг бүрийг харьцуулахад хальс болон үндэс зэрэг дайвар бүтээгдэхүүнүүдийг булцуутай харьцуулахад илүү өндөр флавоноидын агууламжтай байсан бөгөөд бүх сортуудын хальсанд хамгийн өндөр агууламж байв. Өмнө хийгдсэн судалгаануудад ч мөн хүнсэнд хэрэглэдэг булцуутай харьцуулахад сонгинын хальс нь фенолт нэгдэл болон флавоноидын агууламжаар илүү баялаг болохыг тэмдэглэжээ[11]. Дээрх судалгааны үр дүнтэй харьцуулахад бид судалгаандаа зөвхөн булцуу хэсгийг хатааж ашигласан учраас алтайн сонгинын спиртэд хандны антиоксидант идэвх нь концентраас хамаарч байсныг баталж байна. Сонгино (Allium cepa) нь бусад хүнсний энгийн амтыг сайжруулахын тулд хэрэглэдэг, эдийн засгийн хувьд чухал хүнсний ногооны нэг юм. Сонгино нь антиоксидант, түүнчлэн зарим ургамлын гаралтай шим тэжээлүүдийн эх үүсвэр болдог. Тиймээс улаан ба цагаан сортын сонгинын антиоксидант идэвхийг тодорхойлох туршилтыг хийхэд судалгаанд хамрагдсан бүх сортуудаас DPPH-ийн 58.14-77.67%, флавоноид (0.422-1.232 мг.г-1), антоцианины агууламж, нийт фенол (8.96-18.23мг.100г-1), пируват (1.09-1.33 мг.г-1), аскорбины хүчил (1.18-3.89мг. 100г), уураг (0.79-1.27%), титрлэгдэх хүчиллэг (0.340.75%) байв. Эдгээр үр дүн нь дээрх сонгинын төрөл зүйлүүд нь антиоксидант идэвх хүчтэй болохыг харуулж байна. Өөрсдийн судалгаатай үр дүнг харьцуулж үзэхэд алтайн сонгинын хандны антиоксидант идэвх нь 5 өөр концентрацийн дундаж үзүүлэлтээр 55.56% байсан нь антиоксидант идэвх сайн байгааг илтгэж байна[10]. Сонгинын найрлагын 89-91%-г ус, үлдсэн 9-10%-г нь энгийн сахар болон хүнсний эслэг агуулдаг илчлэг багатай, шим тэжээлээр баялаг хүнсний ногоо юм. Түүнчлэн С, В6 витаминаар баялаг, фолат, кали, кальци, магни, фосфор зэрэг чухал эрдэс бодис агуулдаг. Сонгинын хэмжээ болон бүрэлдэхүүн хэсгээсээ хамаарч түүнд агуулагдах витамин С-ийн хэмжээ өөр байна. Том хэмжээтэй сонгино – 11мг, жижиг хэмжээтэй сонгино – 2мг, сонгинын иш – 17мг, хатаасан сонгино – 147мг витамин С агуулагдаж байна. Судалгаагаар алтайн сонгино нь 34.6мг/% витамин С агуулж байсан ба дээрх судалгаатай харьцуулан үзэхэд сонгинын төрөл зүйл, ургасан орчин, хадгалсан нөхцөл зэргээс шалтгаалсан байх боломжтой юм[12].
Дүгнэлт
Алтайн сонгинын булцуунд витамин С-ийн агууламж 34.6мг/% байна. Алтайн сонгинын спиртэд ханд нь антиоксидант үйлчлэлтэй бөгөөд концентрациас хамаарч чөлөөт радикал саармагжуулах идэвх нь нэмэгдэж байна. Алтайн сонгинын спиртэд хандны концентраци нэмэгдэх тусам IC50-ийн утга нэмэгдэж байгаа ба энэ нь антиоксидант идэвх өндөр байгааг илтгэж байна.
Ном зүй:
1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан, 2023
2. Энхжаргал Д, Баясгалан Б, Пүрэвсүрэн С. “Эмийн ургамал судлал”, 2004:144-150
3. Балжинням Н, Норов Н, Жүгдэр Б, Фронтасьева М.В, Павлов С.С. “Монгол Орны Эмийн Ургамлын Судалгаанд Цөмийн Анализын Аргыг Хэрэглэх нь”, 2012; 362(17):170-173
4. Сэлэнгэ Э, Одонтуяа Г. “Монгол орны зарим зүйл эмийн ургамлын антиоксидант идэвх”, Шинжлэх Ухааны Академийн Мэдээ, 2010;01 (195):48-56
5. Singh N, Gusain A, Nigam M, et al. “The pharmacological and therapeutic versatility of Allium species: a comprehensive exploration of bioactive constituents and biological activities, Discover Apply Sciences, 2025;7(349):1-29
6. Zhao XX, Lin FJ, Li H, Li HB, Wu DT, Geng F, Ma W, Wang Y, Miao BH, Gan RY. “Recent Advances in Bioactive Compounds, Health Functions, and Safety Concerns of Onion (Allium cepa L.), Front Nutr., 2021 Jul 22;8:669805
7. Irina Ch, Liliya F, Ekaterina V, Andrei K, Nadezhda K, Elena K. “Antioxidant effect of ethanolic onion (Allium cepa) husk extract in ageing rats”, Saudi Journal of Biological Sciences, 2021;28(5):157-163
8. Swati R, Anjali S, Rupa U, Swati S, Aditi V, et.al. “Different Methods Used For Determination of Vitamin C”, Int. J. Curr. Microbiol. App. Sci., 2023;12(9):56-66
9. Ёндонпэрэнлэй Р, Түвшинжаргал Г. “Фитофармакологи судалгааны зарим арга зүй, аргачлал”, УБ хот, 2024
10. Kandoliya U.K, Bodar N.P, Bajaniya V.K, Bhadja N.V, Golakiya B.A. “Determination of nutritional value and antioxidant from bulbs of different onion (Allium cepa) variety: A comparative study”, Int.J.Curr.Microbiol.App.Sci, 2015;4(1):635-641
11. Kim Y, Kim Y.J, Shin Y. “Comparative Analysis of Polyphenol Content and Antioxidant Activity of Different Parts of Five Onion Cultivars Harvested in Korea”, Antioxidants, 2024;13:197
12. Amar J.G, Supriya K, Sairam V, Vijay M. “Onion nutritional and nutraceutical composition and therapeutic potential of its phytochemicals assessed through preclinical and clinical studies”, Journal of Functional Foods, 2025;129:1-18
Судалгааны ажлыг хянан, нйитлэх санал өгсөн: БУ-ны доктор Ц.Цэвээнсүрэн