• 2025-08-21 09:04:53

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшинг үнэлсэн үр дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшинг үнэлсэн үр дүн

Түлхүүр үг: Эрүүл мэндийн мэдэгдэхүүн, эрүүл мэнд, боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэг, хамрагдалт, эрэгтэйчүүд.

Үндэслэл

2023 оны байдлаар Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3 жил,  эмэгтэйчүүдийнх 76.7 буюу наслалтын зөрүү 9.4  жил байгаа нь дэлхийн дунджаас 2-3 дахин ялгаатай, түүнчлэн сэргийлэх боломжтой өвчлөл, нас баралтын түвшин өндөр, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт энэхүү бүлэгт их буюу 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсран тохиолдож буй нь тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, сайжруулах, ээлтэй тусламж үйлчилгээ бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна[1]. Хөгжлийн явцад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал, тулгамдаж буй асуудлууд, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгааны ажил харьцангуй хомс байгаа нь тэдний зан төлөв, сэтгэл зүйн байдал онцлогт тохирсон ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх, хүйсийн мэдрэмжтэй хандах асуудал учир дутагдалтай, харьцангуй орхигдож ирснийг илтгэж байна. Нөгөө талаар эрх зүйн хүрээнд эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиудад иргэн хүний эрүүл мэндээ хамгаалах үүргийн талаар тусгасан боловч хэрэгжүүлдэггүй, хэрэгжилтэд хяналт тавьдаггүй тогтолцоо үйлчилсээр байна[2,3].  Эрүүл мэндийн мэдлэг гэдэг нь эрүүл мэндийн талаарх мэдээллийг ойлгох, унших, хэрэглэх түүнд тулгуурлан шийдвэр гаргах, эмчилгээний зааврыг даган биелүүлэх, хувь хүний чадвар гэж тодорхойлдог[3,4]. Эрүүл мэндийн байдалд эрэгтэйчүүдийн байгалийн өгөгдлөөс илүүтэй тэдний эрүүл мэндийн мэдэгдэхүүн, боловсрол чухал нөлөөтэй болохыг олон оронд хийгдсэн судалгаа, үндэсний эрүүл мэндийн үзүүлэлтийн үр дүнгүүд харуулсаар байна. Иймд манай орны хувьд хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг,  боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байна.

Зорилго

Улаанбаатар хотын зарим байгууллагын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшинг  үнэлэх

Материал арга зүй

Энэхүү судалгааг байгууллагад суурилсан агшингийн судалгааны аргаар гүйцэтгэлээ. Судалгааны мэдээллийг эрүүл мэндийн мэдлэгийг үнэлэх Европын стандарт асуумжийг (HLSEUQ) ашиглан 2024 оны 1-р сарын 22 ноос 2-р сарын 23 хооронд цахим болон цаасан хэлбэрээр цуглуулсан.Тус асуумж нь 3 бүлэг (эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих) нийт 47 асуумжаас бүрдэнэ[8]. Стандарт асуумжийг мэргэжлийн орчуулагчаар (англи-монгол, монгол-англи) орчуулуулж асуултын утгыг бүрэн тодорхойлсон. Судалгаанд сонгогдсон байгууллагын 15 - 54 насны эрэгтэйчүүд,  сайн дураараа судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, судалгааны асуултыг ойлгох, унших, бөглөх чадвартай шалгуурын дагуу хамруулсан. 

Судалгааны түүвэрлэлт: Түүврийн хэмжээг дараах томьёоны дагуу хамгийн багадаа 150 эрэгтэйг хамруулахаар тооцоолсон.

N- Нийт олонлог  771’465

Z- Илтгэх хязгаар  1,96 (95%)

P- Үзүүлэлтийн суурь  50%

e- Алдааны хязгаар[8].

Судалгаанд хамрагдагсдыг сонгохдоо УБ хотын төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрэгтэйчүүд давамгайлан ажилладаг байгууллагуудын жагсаалтаас санамсаргүй түүвэрлэлтийн аргаар дараах байгууллагууд сонгогдсон.  Үүнд: УБ хотын хөвгүүдийн зөвлөл,Улаанбаатар төмөр замын дээд сургууль, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депо, Сонгомол хаус ХХК.

Судалгааны статистик боловсруулалт: Европын стандарт асуумжийг хэрэглэх зөвлөмжийн дагуу  асуумж тус бүрийг оноожуулж,  дунджийг тооцох индексийг дараах томьёоны дагуу тооцоолсон.

Томьёо:  HLSEUQ индекс =( асуулт бүрийн онооны дундаж үзүүлэлт - 1)*(50/3)]

Эрүүл мэндийн мэдлэгийн түвшинг индексийн оноогоор 0-ээс 50 хүртэлх тоогоор үнэлж дараах 4 түвшинд үр дүнг гаргаж тооцсон[4,5].

Үр дүнг  SPSS 25.0 программ ашиглан боловсруулав. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хорооны 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж авсан болно.

Үр дүн

Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 29.32±10.94, насны бүлгээр авч үзвэл 15-24 насныхан хамгийн их буюу 73 (48.3%) эзэлж байна.

Гэрлэлтийн хувьд 78 (51.7%) ганц бие, боловсролын түвшинөөр 49 (32.4%) нь дээд, 58 (38.4%) нь бүрэн дунд, 22 (14.6%) нь тусгай дунд, 8 (15.3%) нь бага боловсролтой байна. Ажил эрхлэлтийн хувьд 56.3% ажилладаг, 43.7% оюутан, сурагч байна. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн  Монголын хөвгүүдийн зөвлөлд 31 (20%), УБТЗ-дээд сургуульд 32 (21%), УБТЗ зорчигчийн вагон депод 45 (29%), Сонгомол Хаус ХХК 45(29%) ажилладаг байна.

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшинг “Эрүүл Мэндийн Мэдлэгийн Европын Стандарт” асуумжийн дагуу үнэлж үр дүнг Хүснэгт 2-т үзүүлэв.

Хүснэгт 2-с үзэхэд эрэгтэйчүүдийн 68.2% (n=103) нь эрүүл мэндийн мэдлэгийн ерөнхий түвшин хангалтгүй, 23.8% нь дунд зэрэг байгаа бол 8% (n=12) нь хангалттай, маш сайн мэдлэгтэй байна. Эрүүл мэндийн мэдлэгийг асуумжийн 3 бүлэг агуулга тус бүрээр авч үзвэл бүлэг-1 буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, хэрэглэх чадварын түвшин судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн тал хувьд нь (55%) хангалтгүй, 21.2% дунд зэрэг, 23.8% хангалттай, маш сайн байлаа. Эрэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин буюу бүлэг-2 асуумжийн үр дүн эрэгтэйчүүдийн талаас илүү хувьд нь хангалтгүй (60.2%) байна. Харин эрүүл мэндийг дэмжих буюу бүлэг-3 асуумжийн үр дүн эрэгтэйчүүдийн дийлэнхэд нь (62.9%) хангалтгүй байлаа.

Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвчний урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийг дэмжих гэсэн 3 бүлэг мэдлэгийн түвшинг тус бүрд нь дараах 4 чадвараар үнэлсэн. Үүнд: эрүүл мэндийн мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, хэрэглэх. Дээрх Хүснэгтээс үзэхэд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг олж авах, ойлгох, үнэлэх, хэрэглэх чадвар хангалтгүй байдал  талаас дээш хувийг эзэлж байна. Олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршсан эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн үнэн, худал эсэхийг үнэлэх чадвар,  мөн тухайн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах, хэрэглэх чадварыг үнэлэв. Зураг 1-д олон нийтийн сүлжээнд байршсан мэдээллийг үнэлэх, хэрэглэх эрэгтэйчүүдийн чадварыг насны бүлгээр харьцуулан үзлээ. Судалгаанд хамрагдсан 15-24 насны эрэгтэйчүүд олон нийтийн сүлжээнд байршсан мэдээллийг үнэлэх чадвар 67.6% буюу хангалтгүй, нас ахих тусам буурах хандлагатай байна.

Зураг 1. Олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг үнэлэх, хэрэглэх чадварыг насны бүлгээр харьцуулсан байдал

Хэлцэмж

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгааны үр дүнгээс үзэхэд халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй буюу нийтлэг тохиолдох 5 эрсдэлт хүчин зүйлсээс 3-5 эрсдэл хавсран илэрсэн аль ч насны эрэгтэйчүүдийн (37.2%) эзлэх хувь ижил насны эмэгтэйчүүдийн үзүүлэлтээс статистик ач холбогдол бүхий өндөр байгаа нь анхаарал татаж байна[6,10].  Тиймээс энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын зарим байгууллагын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшнийг үнэлэхэд дундаж үзүүлэлт 20.47±8.95 байгаа нь бусад олон улсын судалгааны ажлуудтай харьцуулахад доогуур түвшинд байна. Испани улсад хийгдсэн  судалгаагаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн дундаж үзүүлэлт  25.4 ± 9.1, Серби улсын эрэгтэйчүүдэд уг үзүүлэлт 29.23 ± 9.12 байсан[7]. Судалгааны эх сурвалжуудаас харахад орлого бага, боловсролын түвшин доогуур, ганцаараа амьдрах зэрэг нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшин доогуур байхад ялангуяа тэдний эрүүл мэндэд үзүүлэх нийгмийн дэмжлэг, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад нөлөөлдөг байна[8,9,10]. Эрүүл мэндийн мэдлэгийн түвшин бага байх тусам эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хувь бага байгаа нь эрүүл мэндийн мэдлэг муу байх нь цаашид эрүүл мэндийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг харуулж байна. Бидний судалгааны түүврийн хэмжээ бага,  цөөн тооны байгууллагыг хамруулсан сул талтай.  Иймд цаашид судалгааг илүү өргөн хүрээг хамруулж эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшний ялгааг тодорхойлох, эрүүл мэндийн мэдлэг болон зонхилон тохиолддог халдварт бус өвчин тэдгээрийн хамаарлыг тогтоож хэрэгцээтэй байна. Мэдлэг, хувийн ур чадвар зэрэг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийн талаарх судалгаа хязгаарлагдмал байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үр дүнтэй стратеги боловсруулахад чиглүүлэхийн тулд илүү дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай байгааг харуулж байна. Эдгээр хүчин зүйлсийг анхаарч, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг эрэгтэйчүүдийн өдөр тутмын хэл яриа, олон нийтэд суурилсан орон зайд тохируулах нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэг, ерөнхий сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Судалгааны гарчгийн хувьд бид “Health literacy”-г “эрүүл мэндийн мэдлэг” гэж орчуулсан бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарын эрх зүйн актууд болон одоогоор хэвлэгдэн, түгээмэл хэрэглэгдэж буй нэр томьёоны тольд энэ талаар тайлбар хараахан бүрэн тусгагдаагүй тул “эрүүл мэндийн цагаан толгой”, “эрүүл мэндийн анхны мэдэгдэхүүн” “эрүүл мэндийн мэдэгдэхүүн” гэх мэтээр нэрлэгдэж байна. Энэхүү нэршлийн утга эдүгээ техник технологийн зуунд хөгжлийн чиг хандлагатай уялдуулан ойлголт гүнзгийрч, мэдлэг мэдээллийг олон сувгаас эрэлхийлж, олж авахын зэрэгцээ түүний агуулгыг иж бүрэн дүр зургаар нь задлан шинжилж, үнэлсний үндсэн дээр эрүүл мэнддээ хэрэгтэй шийдвэр гарган, үр шимийг хүртэх чадвар гэсэн өргөн утгаар хэрэглэх болсон. Иймд цаашдаа  нэршлийн хувьд ч  оновчтой болгох шаардлагатай байна.

Дүгнэлт

Эрүүл мэндийн аливаа тусламж үйлчилгээ авах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгцээтэй мэдээллээ олж авах, тухайн мэдээллээ үнэлж дүгнэх цаашлаад хэрэглэх чадварыг үнэлэхэд  судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 68.2% -д хангалтгүй, 23.8% нь дунд зэрэг харин ердөө 8% нь хангалттай, маш сайн мэдлэгтэй байгаагаас дүгнэхэд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийн түвшин хангалтгүй байна. Ялангуяа эрэгтэйчүүд эрүүл мэндийн аливаа мэдээ, мэдээллээ үнэлж, дүгнэх цаашлаад өөрсдөдөө хамааралтай шийдвэр гаргахад бэрхшээлтэй байдаг гэж талаас илүү хувь нь (69.5%) хариулсан байгаа нь анхаарал татаж байна.

Ном зүй

 

1.         Ministry of Health of Mongolia. National survey on non-communicable diseases, injuries and risk factor prevalence. Ulaanbaatar: Ministry of Health; 2020.

2.         Odongua N, Delgermaa V. Health education and behavior. Ulaanbaatar: Center for Health Development; 2018.

3.         Minister of Health of Mongolia. Order No.12: Guideline for early detection of NCDs. Ulaanbaatar; 2016.

4.         Sørensen K, Pelikan JM, Röthlin F, Ganahl K, Slonska Z, Doyle G, et al. Health literacy in Europe: comparative results of the European health literacy survey (HLS-EU). Eur J Public Health. 2015 Dec;25(6):1053–8.

5.         HLS-EU Consortium. Comparative report on health literacy in eight EU member states: the European Health Literacy Project 2009–2012. Vienna: Ludwig Boltzmann Institute for Health Promotion Research; 2012[cited 2016 Jan 19]. Available from: http://www.health-literacy.eu

6.         International Journal of Environmental Research and Public Health. Health literacy and public health: systematic review. Int J Environ Res Public Health. 2018;15(8):1761. doi:10.3390/ijerph15081761.

7.         Niedorys B, Chrzan-Rodak A, Ślusarska B. Health literacy – a review of research using the European Health Literacy Questionnaire (HLS-EU-Q16) in 2010–2018. Nurs 21st Century. 2020;19(1):29. doi:10.2478/pielxxiw-2020.

8.         Peerson A, Saunders M. Men's health literacy: advancing evidence and priorities. Crit Public Health. 2009;19(3–4):441–56. doi:10.1080/09581590902906229.

9.         Davey J, Holden CA, Smith BJ. The correlates of chronic disease-related health literacy and its components among men: a systematic review. BMC Public Health. 2015;15:589. doi:10.1186/s12889-015-1900-5.

10.       Milner A, Shields M, Scovelle AJ, Sutherland G, King TL. Health literacy in male-dominated occupations. Am J Mens Health. 2020;14(5):1557988320954022. doi:10.1177/1557988320954022

Судалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: АУ- ны доктор Э.Эрдэнэцогт

 

 

 

 

 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

nuur.jpg

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

9

2025-08-21

2024 он