-
2025-04-25 13:38:25
ДУНДГОВЬ, ӨВӨРХАНГАЙ, ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮН АМЫН ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ИЛРҮҮЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН
ДУНДГОВЬ, ӨВӨРХАНГАЙ, ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮН АМЫН ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ИЛРҮҮЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Үндэслэл
Зүрх судасны өвчин (ЗСӨ), хорт хавдар, чихрийн шижин (ЧШ) зэрэг халдварт бус өвчин (ХБӨ) нь Монгол улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил зонхилон тохиолдож, нийгмийн эрүүл мэндийн (НЭМ) тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Хүн амын нийт нас баралтын шалтгааны 77%-ийг (ХБӨ), нас барсан 3 тохиолдол бүрийн 1 нь ЗСӨ-ний шалтгаантай байна[1]. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 58.3%-ийг эрэгтэйчүүд, 41.7%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 92.5%-ийг 45-аас дээш насныхан эзэлж байна[4]. Манай улсын 40-69 насны 5 хүн тутмын 1 (19.3%) нь ЗСӨ-тэй, эсвэл ойрын 10 жилд ЗСӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна. ЗСӨ-тэй, эсвэл ойрын 10 жилд өвчлөх эрсдэл нь ≥30% байгаа хүн амын дөнгөж 42.1% нь эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авч, ЗСӨ-ний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэх эмийн эмчилгээг хийлгэж байна. Хүн амын 3 хүн тутмын 1 нь артерийн даралтаа урьд өмнө огт хэмжүүлж байгаагүй байна[1]. Иймд бид хаан банк сангийн дэмжлэгтэйгээр Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-алтай, Дархан-уул аймагт зохион байгуулж, хүн амын ЦДИ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор энэхүү үнэлгээг хийж гүйцэтгэв.
Зорилго
Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-алтай, Дархан-уул аймгийн хүн амын цусны даралт ихсэлтэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох
Материал арга зүй
Үнэлгээг аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар гүйцэтгэж, мэдээллийг асуулга болон антропометрийн хэмжилтийн аргаар цуглуулсан. Асуулга нь Цусны даралт ихсэлт (ЦДИ), түүнд нөлөөлж буй анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээний аргачлалаар 40-өөс доош насныханд, Олон улсын гипертензийн нийгэмлэг (ОУГН)-ээс гаргасан ЗСӨ-өөр өвдөх ойрын 10 жилийн эрсдэлийн зэргийг тодорхойлох хүснэгтийг 40-өөс дээш насныханд ашиглав[3]. Илүүдэл жин ба таргалалтыг биеийн жингийн индекс (БЖИ) тооцох аргачлалаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгийг илрүүлэх дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлсэн[5]. Төвийн таргалалтыг бүсэлхийн тойргийн хэмжээгээр ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр, биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ, хэвлийн өөхлөлтийг 0.1%-ийн нарийвчлалтай электрон жинлүүр (ТАНИТА ВС-587)-ийг ашиглан биеийн жинд эзлэх хэмжээгээр тодорхойлж, лавлагаа үзүүлэлтийг ашиглан үнэлж, хөдөлгөөний идэвхийг ЭМС-ын А/73 тоот тушаал (Хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх заавар)-ын аргачлалаар тус тус үнэлж нас, хүйс, байршлаар харьцуулсан болно[2]. Мэдээллийн баазыг EPIDATA 3.1 программд суурилан үүсгэж, мэдээлэл оруулах үеийн алдааг багасгах, чанарыг сайжруулахын тулд мэдээлэл шивэлтийг 2 удаа давтан хийж, цэвэрлэгээ хийв. Аймгийн байршил, оролцогчдын код зэргийг нягтлан шалгаж, засах, алдаатай өгөгдөл, алдагдсан мэдээлэл, логик алдаа зэргийг шалгаж статистик боловсруулалтыг IBM SPSS.25 программыг ашиглан гүйцэтгэв.
Үр дүн
Үнэлгээнд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул аймгуудын 18-90 нийт 5730 хамрагдаж, үүнээс насны бүлгээр авч үзвэл 18-39 насны 1070 хүн, 40-өөс дээш насны 4660 хүнийг хамрaгдав. Оролцогчдын 68.7% (n=3937) эмэгтэйчүүд, 31.2% (n=1793) нь эрэгтэйчүүд байв. Артерийн гипертензи (АГ)-ээр өмнө нь оношлогдож байсан эсэхийг асуумжаар тодруулахад үнэлгээнд хамрагдсан хүн амын 3115 буюу 54.3% нь оношлогдож байсан, харин 2615 буюу 45.6% нь оношлогдож байгаагүй байв. Урьд өмнө нь АГ-ээр оношлогдож байгаагүй хүн амаас артерийн даралт (АД) хэмжилтээр систолын артерийн даралт (САД) 130 ммМУБ, диастолын артерийн даралт (ДАД) 80 ммМУБ-аас дээш хэмжигдсэн нь 41.1% буюу 1076 хүн шинээр илрэв. Байршлаар авч үзвэл Дархан-Уул аймагт 72.0% (423), Завхан аймагт 40.0% (194), Дундговь аймагт 38.6% (203), Говь-Алтай аймагт 22.7% (169), Өвөрхангай аймагт 31.5% (87) нь шинээр илэрсэн байна (Хүснэгт 1). ЦДИ-ийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээгээр 18-39 насны хүн амын 32.7% нь дунд, 27.8% нь бага, 24.5% нь өндөр, 14.3% нь маш өндөр эрсдэлтэй байв (Хүснэгт 2).
Цусны даралт ихсэлтийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээгээр Дундговь аймгийн хүн ам архи согтууруулах ундааны хэрэглээгээр 33.5%, тамхины хэрэглээгээр 31.6% тус тус байгаа нь бусад аймгуудаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Харин Өвөрхангай аймгийн хүн амын өөх тосны хэрэглээ 64.9%, давсны хэрэглээгээр 42.4%-ийг эзэлж байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна (Зураг 1).
Говь-Алтай аймгийн хүн амын 77% нь өдөр бүр цайндаа давс хэрэглэдэг, Дундговь аймагт 19.1% нь цайндаа давс хэрэглэдэг нь хамгийн бага үзүүлэлттэй байгаа нь эдгээр аймгуудын газар зүйн байрлал болон ундны устай холбоотой байх магадлалтай юм. Завхан аймгийн хүн амын 73.8% нь идэвхтэй дасгал хөдөлгөөн огт хийдэггүй, Дундговь аймгийн хүн амын 65.9% нь дасгал хөдөлгөөнийг 7 хоногт 5-аас доош өдөр хийдэг байна. Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг 7 хоногт 5-аас дээш хичээллэх ДЭМБ-ын зөвлөмжийг Дархан-Уул аймгийн хүн амын 39.2% нь биелүүлдэг нь хамгийн өндөр үзүүлэлт байв.
ДЭМБ-ын ЗСӨ-өөр ойрын 10 жилд өвчлөх эрсдэлийн үнэлгээний түвшингээр Дархан-Уул аймгийн хүн амын 11.6% нь ≥30%, Говь-Алтай аймгийн хүн амын 18.8% нь 20-30%, Говь-Алтай аймгийн хүн амын 26.7% нь 10-20%, Дундговь аймгийн хүн амын 31.8% нь 5-10%, Завхан аймгийн хүн амын 37.1% нь <5% бага эрсдэлтэй байна (Хүснэгт 3).
Сонгогдсон аймгийн 18-90 насны нийт хүн амын 35.8% нь артерийн даралт хэмжилтээр артерийн гипертензийн II-р зэрэг буюу САД>140ммМУБ-аас дээш, САД>90ммМУБ-аас дээш, 30.9% нь хэвийн буюу САД 120/ ДАД 80 ммМУБ, 17.0% нь АД ихэссэн буюу САД 120-129ммМУБ/ ДАД 80 ммМУБ, 16.3% нь артерийн гипертензийн I-р зэрэг буюу САД 130-139ммМУБ, САД 80-89ммМУБ байв. Тус үзүүлэлтийг байршлаар авч үзвэл артерийн гипертензийн II-р зэрэг буюу САД >140ммМУБ-аас дээш, САД>90ммМУБ-аас дээш үзүүлэлттэй нь Дархан-Уул аймагт 49.7%, артерийн гипертензийн I-р зэрэг буюу САД 130-139ммМУБ, САД 80-89ммМУБ хэмжээтэй нь Дархан-Уул аймагт 19.6%, АД ихэссэн буюу САД 120-129ммМУБ/ ДАД 80 ммМУБ хэмжээтэй нь Өвөрхангай аймагт 3.6%, хэвийн буюу САД 120/ ДАД 80 ммМУБ хэмжээтэй нь Завхан аймагт 38.6% буюу хамгийн өндөр тархалттай байна (Хүснэгт 4).
Оролцогчдын 38.0% нь илүүдэл жинтэй, 31.1% нь таргалалттай, 29.4% нь хэвийн жинтэй, 1.8% нь хоол тэжээлийн дуталтай буюу туранхай байна. Насны бүлгээр авч үзвэл 40-59 насны хүн амын 35.4% нь таргалалттай, 60-99 насны хүн амын 40.2% нь илүүдэл жинтэй, 18-39 насны хүн амын 40.4% нь хэвийн жинтэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байв (Хүснэгт 5).
БЖИ-ийн үнэлгээгээр эрэгтэйчүүдийн 38.5% илүүдэл жинтэй ба 28.2% таргалалттай байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд 37.8% илүүдэл жинтэй ба 32.4% нь таргалалттай байна. Илүүдэл жинтэй хүн амын тархалт хүйсээр ялгаагүй, харин таргалалтын тархалт хүйсийн хувьд ялгаатай, эмэгтэйчүүдийн хувь эрэгтэйчүүдийн үзүүлэлтээс харьцангуй өндөр байв. Байршлаар авч үзвэл илүүдэл жинтэй хүн ам Дархан-Уул аймагт 39.9%, таргалалттай хүн ам Завхан аймагт 32.7%, хэвийн жинтэй хүн ам Дундговь аймагт 33.6%, туранхай хүн ам Өвөрхангай аймагт 2.0% хамгийн өндөр байна.
Хэлцэмж
ДЭМБ-ын ЗСӨ-ний эрсдэлийн үнэлгээний аргачлалаар Энэтхэг улсад хийгдсэн агшингийн судалгаанд 1018 хүнийг санамсаргүйгээр сонгон хамруулсан бөгөөд үр дүнгээр АГ-ийн тархалт 39.4%, илүүдэл жин ба таргалалтын тархалт 34.1%, тамхины хэрэглээний тархалт 23.6%-тай байгаа нь гол эрсдэлт хүчин зүйлс болж илэрсэн байна. Лабораторид суурилсан аргачлалыг лабораторид суурилаагүй үнэлгээний аргачлалтай харьцуулахад судалгааны үр дүнгийн эрсдэлийн диаграмын нийцэл 83.3%, каппа утга нь 0.64 байжээ[6]. Бидний ашигласан ДЭМБ-ын лабораторид суурилаагүй ЗСӨ-ний эрсдэлийн үнэлгээний үр дүнгээр АГ-ийн тархалт (52.8%), илүүдэл жин ба таргалалтын тархалт (69.1%), тамхины хэрэглээ (16.9%) тус тус байна. Бидний эрсдлийг үнэлж буй аргачлал нь лабораторид суурилаагүй асуулгын аргачлал ашигласан болно. Олон улсад хэвлэгдсэн Энэтхэг улсын 2 судалгаанаас авч үзэхэд лабораторид суурилаагүй ЗСӨ-ийг эрсдэлийн 7 үнэлгээний аргачлалыг ашигласан ба лабораторид суурилсан (нийт холестролын хэмжээ, өлөн үеийн глюкозын хэмжээ) аргачлалтай харьцуулсан судалсан байна. ЗСӨ-ний эрсдлийг үнэлэх лабораторид суурилсан болон лабораторид суурилаагүй хоёр аргачлалын үр дүнг нийцлийн түвшин тохирч буй хувийг тооцоолсон ба судалгааны үр дүнд нийцэл сайтай, алдаа гарах магадлал бага гэж дүгнэсэн байв[7]. Бид үүнийг цаашид лабораторид суурилсан аргачлалтай харьцуулан дүгнэх шаардлагатай байна. Лабораторид суурилаагүй аргын давуу тал нь амар хялбар, мэдээлэлийг хурдан цуглуулах боломжтой боловч, нөгөөтээгүүр гадны нөлөөллөл, харилцаа хоорондын асуудал, эрүүл мэндийн боловсрол зэргээс хамааран асуултуудад үнэн зөв хариулахгүй байх улмаар үр дүнд нөлөөлж байх магадлалтай. Лабораторид суурилсан аргаар эрсдлийг үнэлэх (нийт холестролын хэмжээ, өлөн үеийн глюкозын хэмжээ) нь хариулагчийн үзэл бодол болон гадны нөлөөллөөс хамааралгүй үр дүн гаргах давуу талтай гэж үзсэн. Иймд, БЖИ, цусны даралтын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлсийн үнэлгээ нь тухайн бүлгийн эрсдлийг үнэлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Эдгээр нөхцлийг харгалзан, цаашид судалгааг илүү нарийвчлалтай, тоон шинжилгээнд суурилсан аргаар гүнзгийрүүлэн хийх нь чухал юм. Ингэснээр бид ЗСӨ-ийг үнэлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад илүү үр дүнтэй шийдвэр гаргах боломжтой болох юм.
Дүгнэлт
1. АГ-ээр өмнө нь оношлогдож байсан эсэхийг асуумжаар тодруулахад үнэлгээнд хамрагдсан хүн амын 41.1% нь өмнө нь АГ-ээр оношлогдож байгаагүй бөгөөд САД 130 ммМУБ, ДАД 80 ммМУБ-аас дээш хэмжигдэж шинээр илэрсэн нь анхаарал татахуйц байна.
2. Цусны даралт ихсэлтийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээгээр сонгогдсон аймгуудын 18-39 насны хүн амын 3 хүн тутмын 1 (38.8%) нь өндөр, маш өндөр эрсдэлийн үнэлгээтэй байв.
3. Дундговь аймаг архи, согтууруулах ундаа (33.5%), утаат тамхины (31.6%) хорт зуршлын хэрэглээ бусад аймгуудаас харьцангуй өндөр үзүүлэлттэй, харин Өвөрхангай аймгийн хүн амын хооллолтын хэв маягаас шалтгаалсан давс (42.4%), өөх тосны (64.9%) хэрэглээ нь бусад аймгуудтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна (p<0.5).
4. ЗСӨ-өөр ойрын 10 жилд өвчлөх эрсдэлийн үнэлгээгээр 40-с дээш насны хүн амын 27% нь өндөр, маш өндөр эрсдэлийн зэрэгтэй байгааг олж тогтоов.
5. Хэвлийн өөхлөлтийн үнэлгээгээр 46.7% “эрүүл”, 34.7% “эрсдэлтэй”, 18.6% “өндөр эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж, хэвлийн өөхлөлтөөр “өндөр эрсдэлтэй” хүн амын эзлэх хувь хүйсээр харьцуулан авч үзвэл эрэгтэйчүүдэд (42.8%), эмэгтэйчүүдээс (8.1%) статистик ач холбогдол бүхий илүү байна (p<0.5).
Ном зүй
1. ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 3 дугаар судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2013 он
2. Global action plan for the prevention and control of NCDs 2013-2020
3. “Хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх” заавар батлах тухай, ЭМС-ын А/73 тушаал, 2021 он
4. Technical package for cardiovascular disease management in primary health care, WHO, 2019
5. Das, P. A. S., Dubey, M., Kaur, R., Salve, H. R., Varghese, C., & Nongkynrih, B. (2022). WHO non-lab-based CVD risk assessment: A reliable measure in a North Indian population. BMJ Global Health, 7(11), e009546.
6. Gorla, R., Dey, A., Gupta, V., Chaurasia, P., & Kaur, P. (2022). A comparison of WHO non-laboratory and laboratory-based cardiovascular disease risk prediction models in a North Indian population. Nutrition, Metabolism and Cardiovascular Diseases, 32(7).
7. WHO Expert Consultation. Appropriate body-mass index for Asian populations and its implications for policy and intervention strategies. Lancet. 2004 Jan 10;363(9403):157-63.
Талархал
Энэхүү үнэлгээг гүйцэтгэхэд хамтран ажилласан Улсын гуравдугаар төв эмнэлэг, техникийн дэмжлэг үзүүлсэн Хаан банк сан болон мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, эмч, мэргэжилтэн та бүхэнд үнэлгээний багийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.