• 2025-04-25 06:33:59

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СУРГУУЛИЙН УС, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ ҮНЭЛСЭН ДҮН

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СУРГУУЛИЙН УС, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ ҮНЭЛСЭН ДҮН

Үндэслэл

Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ хангагдсан байх нь халдварт өвчнийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.  Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар дэлхий даяар халдварт өвчний тохиолдлыг 10% бууруулах боломжтой гэж үзэж үздэг1. Сургуулийн орчинд ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ хангагдсанаар суралцагчдын эрүүл мэндийг дэмжихээс гадна байгаль орчныг хамгаалах сайжруулахад чухал ач холбогдолтой юм.  Дэлхий даяар 240 сая суралцагч ариун цэвэр, эрүүл ахуйн суурь үйлчилгээгээр, 539 сая суралцагч ямар ч үйлчилгээгээр хангагдаагүй байна2. Сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ  хангалтгүй байх нь суралцагчдыг гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар  хичээл таслалтын түвшинг нэмэгдүүлдэг3.  Мөн охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн үйлчилгээ хангалтгүй байх нь суралцагчдын эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна сурлагын амжилтад мөн сөргөөр нөлөөлдөг байна4. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 6 дугаарт “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангана” гэж тусгасан байдаг5. 2019 оны байдлаар дэлхий дахинд сургуулиудын 25%, бага болон дунд орлоготой орны сургуулиудын 60% эрүүл ахуйн үйлчилгээ дутмаг хэвээр байна6. Монгол улсын хувьд нийт суралцагчдын гуравны нэг нь Улаанбаатар хотод суралцдаг бөгөөд төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын системд холбогдсон сургуулиудад суралцаж байна. Үлдсэн суралцагчид нь төв цэвэрлэх байгууламжийн үйлчилгээнд холбогдсон аймгийн төвүүдийн сургуульд эсвэл ус ариутгах татуургын үйлчилгээ авах боломжгүй сумын төв, багийн сургуульд суралцдаг7. 2011 оны байдлаар Монгол улс жилдээ 35.5 тэрбум төгрөг буюу 26 сая ам.долларыг ариун цэвэр, эрүүл ахуйн хангалтгүй нөхцөлийн улмаас алдаж байгаа нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 %-тай тэнцэж байна гэж үзсэн байна8.

Зорилго

Монгол улсын Ерөнхий боловсролын зарим сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг үнэлэх

Материал, арга зүй

Үнэлгээг агшингийн загварыг ашиглан 2024 оны I-III сард хийж гүйцэтгэв. Үнэлгээнд Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын нийт 42 сургуулийг хамруулсан бөгөөд үнэлгээний мэдээллийг цуглуулахдаа 4 бүлэг 32 асуулттай үнэлгээний хуудсыг ашигласан. Үнэлгээний мэдээллийг БСШУСайд, ЭМССайд болон Сангийн сайдын 2015 оны А/253, 251, 173 тоот хамтарсан тушаалаар баталсан “Цэцэрлэг, Сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-тай харьцуулж үнэлсэн. Үнэлгээний үр дүнгийн боловсруулалтыг SPSS 21 программ ашиглан хийв.

Үр дүн

Үнэлгээнд нийт 42 сургууль хамрагдсан бөгөөд байршлаар нь авч үзвэл 28.6% Улаанбаатар хотоос, 71.4% орон нутгаас хамрагдсан байна. Сургуулийн төрлөөр авч үзвэл 85.7% бүрэн дунд сургууль, 9.5% бүрэн бус дунд сургууль, 2.4% бага сургууль 2.4% мэргэжлийн боловсролын коллеж эзэлж байна (Зураг 1а).

Үнэлгээнд улсын 37 сургууль (88.1%), хувийн 5 сургууль (11.9%) хамрагдсан байна. Сургуулийн барилгыг ашиглалтад орсон хугацааг авч үзвэл хамгийн хуучин 1953 онд ашиглалтад орсон, хамгийн сүүлийн үеийн барилга нь 2022 онд ашиглалтад орсон байна. Сургуулийн барилгын дийлэнх нь 2 болон 3 давхар байсан ба хувиар авч үзвэл 45.2% 2 давхар, 45.2% 3давхар, 7.1% 4 давхар, 2.4% 7 давхартай байлаа (Зураг 2).

Үнэлгээнд хамрагдсан сургуулиуд дунджаар 1595 суралцагчтай, эмэгтэй 819, эрэгтэй 772 суралцагчтай байв. Хамгийн бага суралцагчтай сургууль 262 суралцагчтай, хамгийн их суралцагчтай сургууль 4674 суралцагчтай байв. Сургуулиудын ундны усны эх үүсвэр нь 97.6% төвлөрсөн, 2.4% төвлөрсөн бус усан хангамжтай байв (Зураг 1б). Усны эх үүсвэрийн хүртээмжтэй байдлыг авч үзвэл 92.9% хичээлийн жилийн турш устай байдаг, 7.1% хүртээмжтэй байдаг ч хааяа тасардаг гэж үзжээ.

Усны чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагаар 52.4% сүүлийн 6 сарын дотор шинжилгээ хийлгэж, шаардлага хангасан үзүүлэлттэй, 31% сүүлийн 12 сарын дотор шинжилгээ хийлгэж, шаардлага хангасан үзүүлэлттэй, 11.9% шинжилгээний хариуг үнэлгээний үеэр олоогүй, 2.4% сүүлийн 12 сарын дотор шинжилгээ хийлгэж, шаардлага хангаагүй үзүүлэлттэй, 2.4% шинжилгээний талаар мэдээлэлгүй байсан байна. Ус цэвэршүүлэгчийн тоог авч үзвэл дунджаар сургууль дээр 10 ус цэвэршүүлэгчтэй, хамгийн ихдээ 32 ус цэвэршүүлэгчтэй байгаа бол зарим сургуульд ус цэвэршүүлэгч огт байхгүй байна. Сургуулиудын ариун цэврийн байгууламжийн 97.6% ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдсон, 2.4% төвлөрсөн бус системтэй, энгийн нүхэн жорлонтой байлаа. Ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдсон сургуулиуд дунджаар 7 ариун цэврийн өрөөтэй, 97.6% хүйсээр тусгаарлагдсан ариун цэврийн өрөөтэй, 78.6% багш ажилчдад зориулсан ариун цэврийн өрөөтэй, 47.6% хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан ханын түшлэгтэй, хаалга тэргэнцэр орох зайтай суултууртай байлаа. Ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг сумын түвшинд авч үзвэл нойлын кабин 41.6% түгжээгүй, шаардлага хангаагүй хогийн савтай байв. Аймгийн төвийн сургуулиудын хувьд 72.2% цаасан алчуургүй, 50% халуун усгүй, 38.8% ариун цэврийн цаасгүй, 33.3% савангүй байв. Улаанбаатар хотын хувьд 75% цаасан алчуургүй, 33.3% гар хатаагчгүй байлаа. Үнэлгээнд хамрагдсан нийт сургуулиудын ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг доор зургаар үзүүлэв (Зураг 3).

Үнэлгээнд хамрагдсан сургуулиуд дунджаар эмэгтэй 10 суултуур, эрэгтэй 8 суултуур, 3 шээлтүүртэй байна. Нэг эрэгтэй суултуурт дунджаар 51.4 эрэгтэй суралцагч, нэг эмэгтэй суултуурт дунджаар 43.3 эмэгтэй суралцагч ноогдож байна. Сургуулийн орчинд суултуурын эрүүл ахуйн норм шаардлагад 30-40 суралцагч тутамд 1 суултуур ноогдож байвал хүртээмжтэй гэж үздэг ба Улаанбаатар хотод нэг эрэгтэй суултуурт 83.4 эрэгтэй суралцагч, нэг эмэгтэй суултуурт 69.2 эмэгтэй суралцагч ноогдож байгаа нь суултуурын хүртээмж хангалттай бус байгааг илтгэж байна.

Үнэлгээнд хамрагдсан сургуулиуд дунджаар 24 угаалтууртай, хамгийн их 94, хамгийн бага 3 байсан. Сургуулийн орчинд гар угаагуурын эрүүл ахуйн норм шаардлагад 40 суралцагч тутамд 1 гар угаагуур ноогдож байвал хүртээмжтэй гэж үздэг ба Улаанбаатар хотын хувьд дунджаар 59.6±48.5, Аймгийн төвд 55.3±55.8, сумын төвд 22.7±10.6 байв. Гар угаагуурын хүртээмжийг норм шаардлагатай харьцуулан үнэлэхэд Улаанбаатар хотын болон аймгийн төвийн сургуулиудын гар угаагуурын тоо нь суралцагчдын тоотой харьцуулахад хүртээмжгүй байна.

Хэлцэмж

НЭМҮТ-өөс 2014 онд хийгдсэн сургуулийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үнэлгээгээр судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын 34.6 % нь сургууль дээрээ шаардлагатай үедээ гар угаагуурыг ашиглаж чаддаггүй байна. Бидний үнэлгээний дүнгээр Улаанбаатар хотын болон аймгийн төвийн сургуулиудын гар угаагуурын тоо нь суралцагчдын тоотой харьцуулахад хүртээмжгүй байна гэж үзсэн үр дүнтэй нийцэж байна10.

Судлаач Б. Бурмаа нарын 2007 онд хийсэн “Сурагчдын эрүүл мэнд, нийгэм орчны хүчин зүйлийн эрүүл ахуйн үнэлгээний аргачлал” төслийн тайлангийн дүнгээр сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ нь эрүүл ахуйн нормоос 1.4-3.1 дахин бага байжээ. Бидний үнэлгээний дүнгээр ариун цэврийн байгууламжийн суултуурын хүрэлцээ эрүүл ахуйн нормоос 1.2-1.4 дахин бага байгаа нь дээрх судалгааны дүнтэй ойролцоо байна11.

Дүгнэлт

Ерөнхий боловсролын сургуулиудын дийлэнх хувь нь ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдсон байгаа боловч гар угаагуур болон суултуурын тоог суралцагчдын тоотой харьцуулж үзэхэд хүртээмж хангалттай бус байна. Ариун цэврийн өрөөний ариун цэвэр эрүүл ахуйн хангамж, орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна.

Ном зүй

1.     World Health Organization. Global costs and benefits of drinking-water supply and sanitation interventions to reach the MDG target and universal coverage. Geneva: World Health Organization; 2012.

2.     World Health Organization. Progress on drinking water, sanitation and hygiene in schools: 2000–2021 data update. 2022.

3.     Weaver ER, Agius PA, Veale H, Dorning K, Hlang TT, Aung PP, Fowkes FJ, Hellard ME. Water, sanitation, and hygiene facilities and hygiene practices associated with diarrhea and vomiting in monastic schools, Myanmar. The American journal of tropical medicine and hygiene. 2016 Aug 8;95(2):278.

4.   Cronk R, Guo A, Fleming L, Bartram J. Factors associated with water quality, sanitation, and hygiene in rural schools in 14 low-and middle-income countries. Science of the Total Environment. 2021 Mar 20;761:144226.

5.     https://sdg.1212.mn/

6.     World Health Organization. Progress on drinking water, sanitation and hygiene in schools: special focus on COVID-19. 2020

7.     Сургуулийн ус, ариун цэвэр эрүүл ахуйг сайжруулах нь. Кевин Тайлэр, Асако Маруяма. 2022 он

8.     Монгол Улс дахь эрүүл ахуйн эдийн засгийн үр нөлөө 2011 он

9.     MNS 6799:2019 Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага

10.  Сургуулийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үнэлгээ. НЭМХ-Эрдэм шинжилгээний бүтээлийн эмэхтгэл-X

11.  Б. Бурмаа, Ж. Батжаргал, Ж. Купул. “Сурагчдын эрүүл мэнд, нийгэм орчны хүчин зүйлийн эрүүл ахуйн үнэлгээний аргачлал” НЭМХ – эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл – IX  НЭМҮТ.

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№6, 2024 № 1(6).pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

3

2025-04-25

он