• 2025-04-25 05:30:24

ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ӨСВӨР НАСНЫХНЫ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ӨСВӨР НАСНЫХНЫ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Үндэслэл

Жил бүр дэлхий дахинд бүртгэгдсэн нийт нас баралтын 4 тохиолдол тутмын 1 нь хүрээлэн буй орчны бохирдол болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өвчний улмаас нас барж байна1. Дэлхийн хүн амын нийт нас баралтын 24%  хүрээлэн буй орчинтой холбоотой бөгөөд жилд ойролцоогоор 13.7 сая хүн нас барж байна. Өрхийн агаарын бохирдлоор жил бүр 3.8 сая хүн шахмал түлшний утаанд хордсоны улмаас нас барж байна. Орчны агаарын бохирдлоор жил бүр 4.2 сая хүн нарийн ширхэгт тоосонцрын улмаас нас барж байна2. Хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд нь ялангуяа хөгжиж байгаа орнуудад нас баралт, өвчин эмгэг, хөдөлмөрийн чадвар алдалтын үндсэн шалтгаан болдог. Тухайлбал Сахарын цөл, Африк зэрэг бүс нутагт ойролцоогоор хүн амын нас баралтын шалтгааны 35% хүрдэг гэж тооцоолжээ2. Дэлхийн нийт хүүхдийн 90% буюу 2.2 тэрбум хүүхэд агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдарч байгаа бөгөөд цаг уурын өөрчлөлт, гамшгийн улмаас жил бүр 40 сая хүүхдийн боловсрол тасалддаг. 815 сая хүүхэд бохирдсон агаар, ус, хөрс, хоол хүнсэнд агуулагдах хар тугалганы хордлогод өртдөг 3. Монгол улсын хувьд агаарын бохирдол, ундны усны чанар, аюулгүй байдал хангалтгүй, хөрсний бохирдол ба хог хаягдлын зохисгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт, нүхэн жорлон, эмнэлгийн хог хаягдлыг зохисгүй устгах зэрэг орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд байна. Улаанбаатар хотод хүн амын шилжилт хөдөлгөөн, хэт их төвлөрөл үүссэн нь гэр хорооллын айл өрхийн тоог нэмэгдүүлж, улмаар агаар, хөрс, гүний ус бохирдох гол шалтгаан болж байна. Тухайлбал нийслэл хотын газар нутгийн 88% хөрсний бохирдолтой бөгөөд 200000 өрх, 900000 орчим иргэд гэр хороололд амьдарч байна. Үүний 90% нь нүхэн жорлон, 130000 муу усны нүхийг хэрэглэж байна. Нийслэл хотын 9 дүүрэгт нийт 152,470 нүхэн жорлон байгаа ба өдөрт 1 сая литр, жилдээ 360 сая литр бохир гарч байна. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлүүдийн нэг юм. Жилийн хамгийн хүйтэн өдрүүдэд өдөрт дунджаар PM2.5 тоосонцрын бохирдлын хэмжээ шоо метр тутамд 687 мкг хүрдэг нь ДЭМБ-ын аюулгүй гэж зөвлөдөг түвшингээс 27 дахин их байна. Агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь хүйтний улиралд “гэр” хороололд шахмал түлш түлдэг зуухнаас үүдэлтэй юм 4. Манай улсад тулгамдаж буй орчны асуудал, түүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд салбар хоорондын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал нөлөөтэй байдаг.  Иймээс өсвөр насныхны орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагыг тандан судлах шаардлагатай.

Зорилго

Энэхүү судалгааны зорилго нь орчны эрүүл мэндийн талаарх өсвөр насныхны мэдлэг, хандлагыг тодорхойлоход оршино.

Материал, арга зүй

Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд тоон судалгааны аргыг ашигласан. Үүнд мэдлэг, хандлагыг тодорхойлох 18 асуулт бүхий асуумж хуудсыг боловсруулан, мэдээлэл цуглуулсан бөгөөд 2300 суралцагчдыг хамруулсан. Судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн 6-12 дугаар ангийн суралцагчид хамрагдав. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа 2024 оны I-IV дүгээр сарын хугацаанд Google form ашиглан судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн суралцагчдыг хамруулсан. Судалгааны тоон мэдээлэлд Microsoft excel, SPSS 21 программ ашиглан дүн шинжилгээ хийсэн.

Судалгааны үр дүн

Судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 11-19 насны 2300 суралцагчид хамрагдсан бөгөөд тэдгээрийн 66% (1520) орон нутгаас, 34% (780) Улаанбаатар хотоос хамрагдсан байна (Зураг 1а).  Судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын 65.3% (1502) эмэгтэй, 34.7%(798)  эрэгтэй суралцагчид байна (Зураг 1б).

 

 Судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын 34.7% (797) сумаас,  33.9%(780) нийслэлээс, 31.4%(723) аймгийн төвөөс оролцсон бөгөөд хүйсээр харьцуулж үзэхэд эмэгтэй суралцагчид дийлэнх байна (Зураг 2а). Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын суралцагчдын 27.4% (213) Чингэлтэй, 17.9% (139) Сонгинохайрхан, 16.4% (127) Баянгол дүүргээс тус тус хамрагдсан байна (Зураг 2б).

 Судалгаанд хамрагдсан суралцагчдын ихэнх нь 9 (24.4%), 10 (29.3%), 11 (20.1%) дүгээр ангийн суралцагчид байв (Зураг 3).   

Судалгаанд хамрагдсан суралцагчид орчны бохирдлын гол шалтгааныг 87.7% ил задгай хог хаягдал, 75.6% хүмүүсийн буруу дадалтай холбоотой гэж үзсэн байна (Зураг 4).

Судалгаанд хамрагдсан суралцагчдын 47.4% байгаль орчныг хамгаалах ямар нэгэн арга хэмжээнд оролцож байсан бөгөөд  үүнд эмэгтэй суралцагчид 30.8%, эрэгтэй суралцагчид 16.6% эзэлж байна. Тухайлбал нийт суралцагчдын 26.6% (613) бүх нийтийн цэвэрлэгээнд  (clean up, гол орчим болон эргэн тойрны хог түүх) оролцож байсан бол мод тарих, хүрээлэн буй орчныг хамгаалах нөлөөллийн ажил, сургалт, лекц, олон нийтийг хамарсан хөтөлбөр зэрэг арга хэмжээнд оролцох байдал хангалтгүй байна (Зураг 5). Судалгааны дүнд 10 суралцагч тутмын 6 нь хог хаягдлын менежмент муу, хувь хүмүүсийн хогоо ил задгай хаях зохисгүй дадал их мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн хэрэглээ, нэг удаагийн хуванцрын хэрэглээ их байгаа нь орчны хамгийн их тулгамдсан асуудал гэж үзсэн.  Нийслэлээс хамрагдаж буй суралцагчдын 23%, орон нутгаас хамрагдаж буй суралцагчдын 18.7% гадаад орчны агаарын бохирдол, хотоос хамрагдаж буй суралцагчдын 25.1%, орон нутгаас хамрагдаж буй суралцагчдын 40.7% хүмүүсийн хогоо ил задгай хаях дадал, мөн нийслэлээс хамрагдаж буй суралцагчдын 22.5%, орон нутгаас хамрагдаж буй суралцагчдын 33.7% нэг удаагийн хуванцрын хэрэглээ их тулгамдаж байна гэж үзсэн (Зураг 6). Судалгаанд хамрагдсан суралцагчдын 31.1% орчны эрүүл мэндийг хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл гэж зөв тодорхойлсон байна (Зураг 7).

Судалгаанд хамрагдсан суралцагчдын 79.1% орчны бохирдолтой холбоотой үүсэх өвчин эмгэг дундаас  томуу болон амьсгалын замын өвчин илүү нэмэгддэг гэж үзсэн байна (Зураг 8а). Суралцагчдын 90.3% иргэдийн оролцоо орчны бохирдлыг бууруулахад хамгийн чухал гэж үзжээ (Зураг 8б). Орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж суралцагчдын 51.7% үзсэн байна (Зураг 9). Судалгаанд хамрагдсан суралцагчдын 34.8% орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэд өөрсдийн үүргээ ухамсарлахгүй байх, иргэдийн оролцоо муу байх нь бэрхшээлтэй гэж үзсэн байна (Зураг 10).

Суралцагчдын ихэнх нь интернэт (62%), гэр бүл (40.2%), телевиз, радио (37.5%) зэрэг эх сурвалжаас орчны эрүүл мэндийн талаарх  мэдээлэл олж авч байна (Хүснэгт 2).

Хэлцэмж

 Али Алмасиа “Хотын хатуу хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, дахин ашиглах талаар Керманшахи эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх нь”  судалгаагаар хатуу хог хаягдлын менежментийн талаарх  мэдлэг  (79%), хандлага (86%) нь нийт иргэдийн 77% мэдлэг, хандлага хангалтгүй байгаа нь бидний судалгааны хог хаягдлын менежментийн талаарх хандлага сайн байна гэсэн үр дүнтэй нийцэж байна 5. Жошияа О, Ажебуи, Нталив Сило нарын “Сургуулийн иргэний клубээр дамжуулан Ботсвана хүүхдүүдийн орчны талаарх мэдлэг, хандлага, дадлыг нэмэгдүүлэх нь” судалгаагаар хүүхдүүдийн хүрээлэн буй орчны хандлагын тухайд, интервенц хийхээс өмнө суралцагчдын 56% хандлагын хуваарийн зүйлд өгсөн хариуд нь үндэслэн шалгахад байгаль орчны асуудалд эерэг хандлагатай байсан бол интервенц хийсний дараа эерэг хандлагатай хүмүүсийн түүвэр 87% болж өссөн байна. Эндээс олж авсан үр дүн нь клубийн үйл ажиллагаанд хамрагдсанаар суралцагчдын мэдлэг, хандлагыг дэмжихэд клубийн үйл ажиллагаа үр дүнтэй болохыг харуулж байгаа нь бидний судалгааны судалгаанд хамрагдагсдын 12.3% нь клубийн үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үр дүнгээс ялгаатай байна 6. Руихиа Хан, Жиан Су нарын “Хүрээлэн буй орчинд ээлтэй зан төлөвт хувь хүн хоорондын харилцаа холбоо, уламжлалт хэвлэл мэдээлэл, сошиал медиагийн гүйцэтгэх үүргийг харьцуулсан судалгаа: Хятадад суурилсан судалгаа”-аар  уламжлалт хэвлэл мэдээллийн эх сурвалж нь хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагаанд бараг ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хүмүүс хоорондын харилцааны үр нөлөөг бэхжүүлэх замаар хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагаанд голчлон нөлөөлж байгаа нь бидний судалгааны 40.2% гэр бүлээс, 36.4% сургуулиас хүрээлэн буй орчны талаарх мэдээлэл олж авдаг гэсэн үр дүнтэй ойролцоо байна 7.

Дүгнэлт

  1. Хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагаанд суралцагчдын оролцоо хангалтгүй байна.
  2. Суралцагчдын орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд тэдгээрийн онцлогт тулгуурлан орчин үеийн технологийг ашиглан мэдээллээр тогтмол хангах шаардлагатай байна.

 

Ном зүй:

1.     World Health Organization

2.     World Health Organization-Environmental Health

3.     Children”s Environmental Health

file:///C:/Users/admin/Downloads/Telegram%20Desktop/The_World's_Children_Need_Urgent_Action_on_Climate_Change_English.pdf, UNICEF

4.     Public health and environment statistics

https://www.who.int/data/gho/data/themes/public-health-and-environment

5.     A.Almasi et al., ‘Assessing the knowledge, attitude and practice of the kermanshahi women towards reducing, recycling and reusing of municipal solid waste, ‘’ Resour. Conserv.Recycl.,vol.141,, pp.329-338, Feb.2019, doi:10.1016/j.resconrec.2018.10.017

6.     Josiah O. Ajiboye and Nthalivi Silo, ‘’Enhancing Botswana Children’s Environment Knowledge, Attitudes and Practices through the School Civic Clubs, 2008

7.     Han R, Xu J. A comparative study of the role of interpersonal communication, traditional media and social media in pro-environmental behavior: A China-based study. International journal of environmental research and public health. 2020 Mar;17(6):1883.

 

 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№6, 2024 № 1(6).pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

3

2025-04-25

он