• 2025-04-25 14:09:44

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРУУЛАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРУУЛАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ

Удиртгал

Хүн амын өсөлтөөс үүдэн байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл нэмэгдэж, улмаар хөдөө аж ахуй, хүнс, аж үйлдвэр, эрчим хүч, ачаа тээврийн системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ, эдгээрээс үүсэх хог хаягдал нь хүрээлэн буй орчны доройтолд хүргэж байна[1-2]. Уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ хүрээлэн буй орчны бохирдол, ялангуяа хөрсний бохирдол нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг юм. Хөрсний бохирдол нь хүн амыг аюулгүй, тэжээллэг хүнс, цэвэр усаар хангах, хөрсний биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг хөрсний экосистемийн үндсэн үйлчилгээг үзүүлэхэд саад болдог. Зарим тохиолдолд хөрсний бохирдол нь хөрс, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд ноцтой асуудал учруулдаг. Улмаар хөрс нь хоол хүнс, ус, агаар, хуурай газрын болон усны организм, хүн зэрэг хүрээлэн буй орчны бусад хэсгийг бохирдуулах эх үүсвэр болдог[3-5].

Химийн бодисын үйлдвэрлэл 21 дүгээр зууны эхэн үеэс 2 дахин нэмэгдэж, ойролцоогоор 2,3 тэрбум тн болж, 2030 он гэхэд 85%-аар өсөх төлөвтэй байна[6-7]. Бохирдуулагчид нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, хэрэглээ ашиглалт, устгалын явцад байгаль орчинд тархдаг хэдий ч ихэнх бохирдуулагчийн хөрсөнд ялгарах хэмжээг тодорхойлоход хялбар биш, хяналтгүй, бохирдуулагчийн ачааллыг тооцоолоход төвөгтэй хэвээр байна[8-9]. Мөн хөрсөнд агуулагдах олон тооны бохирдуулагчдын харилцан үйлчлэл, тэдгээрийн организмд үзүүлэх нөлөө болон шинээр гарч ирж буй бохирдуулагчдын талаар мэдлэгийн цоорхой байсаар байна. Дэлхийн олон орны хөрсний лабораторид (агрохимийн хэсэгт илүү анхаардаг) бүрэн баталгаажсан шинжилгээ, хяналтын систем байхгүйгээс тархалтын загварыг боловсруулах, эрсдэлийг үнэлэхэд маш хэцүү байна. Олон тооны бохирдуулагч бодис агаар мандлын болон далайн урсгал, шороон шуурга, химийн нэгдэл, хүнсний бүтээгдэхүүн, ачаа тээвэр, хог хаягдлын улмаас тухайн улсын хилээс гадагш зөөвөрлөгдөн хамгийн алслагдсан бүс нутагт ч тархдаг бөгөөд нэг улсаас нөгөөд асуудал дагуулсаар байдаг. Хөрсний бохирдуулагчид газар сайгүй тархсан байдаг ч тэдгээрийн тархалт, гол эх үүсвэр нь бүс нутаг, улс орон, тэр байтугай нэг улсын нутаг дэвсгэрийн хооронд харилцан адилгүй тул хөрсний бохирдол нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд нөлөөлдөг, хил дамнасан, сөрөг үр дагавартай дэлхий нийтийн асуудал болоод  байна[4,10,11]. Бид энэхүү өгүүллээрээ бохирдсон хөрснөөс учрах эрсдэлийг бууруулах арга хэмжээ, нөхөн сэргээх менежмент, стратегийг тоймлон хүргэхээр зорилоо. 

Эрсдэлийг бууруулах яаралтай арга хэмжээ

Тухайн газар бохирдсон буюу бохирдох аюулд орсон нь тогтоогдсон даруйд эрсдэлийн үнэлгээ хийж, хүн амыг хамгаалах, бохирдуулагч бодисын тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг нэн даруй авах, буруутай этгээдийг илрүүлэх, бохирдлын эх үүсвэрийг тогтоох нь гарах эрсдэлийг арилгах/бууруулах үндэслэл болдог. Хамгаалалтын эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний дараачийн алхмыг тодорхойлохын тулд бохирдсон газрыг нарийвчлан судална. Бохирдуулагчийн төрөл, хэмжээ, өртөх зам, хугацаа зэргээс хамаарч эрсдэлийг үнэлэх, шийдвэр гаргах, стратеги боловсруулах арга олон янз байдаг[12-15]. Эдгээрээс хамгийн чухал нь тухайн газар нутгийн онцлогт тохирсон, хүн амыг хамгаалах, бохирдуулагч бодисын тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг нэн даруй авахад чиглэсэн нэгдсэн аргачлал боловсруулах юм. Нөхөн сэргээлтийн технологи нь бохирдлын эх үүсвэрийг арилгах, тусгаарлахад чиглэдэг бол стратеги менежмент нь өртөх замыг таслах, бохирдол үүсгэгчийг арилгахад чиглэгддэг[16-17] .

Зураг 1. Нөхөн сэргээх зардлын өөрчлөлт

Хөрсний бохирдлыг арилгах нь хэдэн арван мянгаас хэдэн зуун сая долларын өртөгтэй, техникийн нарийн төвөгтэй, дунд болон урт хугацааны, өндөр өртөгтэй нүсэр ажиллагаа юм. Нөхөн сэргээлтийн зардал нь хөрсний талбайн шинж чанар, бохирдуулагчийн төрөл, тэдгээрийн агууламж, нөлөөлөлд өртсөн хүрээлэн буй орчны хэсгүүд (жишээ нь, өнгөн хөрс, гүний ус, гадаргын ус), хүн амыг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн явцад болон дараах газар ашиглалт, түүнчлэн сонгосон технологи зэргээс шалтгаалан өөр өөр байдаг[18-19].

Бохирдуулагчид хүрээлэн буй орчинд тархаж эхлэхээс өмнө бохирдлын эх үүсвэрийг арилгах/ багасгах нь маш чухал бөгөөд энэ нь Зураг 1-т үзүүлснээр хөрсийг нөхөн сэргээх өртөгт шууд нөлөөлдөг[20]

Хөрсний бохирдлоос нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд нарийвчилсан судалгаа хийж, нөхөн сэргээх стратеги боловсруулж эрсдэлийг бууруулах яаралтай арга хэмжээг нэн даруй авах ёстой. Эдгээр арга хэмжээ нь хэрэгжүүлэхэд хялбар, үр дүн бодит байна. Ийм арга хэмжээний жишээнд:

ü  бохирдуулагчийн тархалтыг зогсоох,

ü  бохирдсон талбайг ус үл нэвтрэх бүтээлгээр хучиж, усны урсцыг хянах,

ü  эрсдэлтэй талбайн талаар иргэдэд мэдээлэл өгөх,

ü  анхааруулах тэмдэг байрлуулах,

ü  олон нийтийн сүлжээгээр сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх,

ü  талбайг хашаагаар бэхэлж хүн, мал амьтан нэвтрэхийг хориглох,

ü  хурааж авсан үр тариа, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хязгаарлах зэрэг орно.

Зарим тохиолдолд бага, дунд орлоготой орнууд стратегийг бүрэн хэрэгжүүлэхэд олон жил зарцуулдаг. Энэ хугацаанд яаралтай арга хэмжээ авч хүн амыг хамгаалан бохирдол тархахыг багасна. Арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дуустал бохирдолд өртсөн нутгийн оршин суугчид, газар нутгийг хянаж байх ёстой[21-23].  

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх менежмент

Хөрсний бохирдлын эсрэг хамгийн эхний бөгөөд хамгийн чухал арга хэмжээ бол урьдчилан сэргийлэх явдал юм. Оролцогч талууд хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн эрүүл мэндийн зөв дадалд нөлөөлөхөөс эхлээд инновацыг дэмжих, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах хүртэл шийдэмгий алхам хийх ёстой. Бид арга хэмжээг тоймлон үзүүлж байна[24-[27]. Үүнд:

1.   Бохирдлыг тодорхойлох, зураглах, хянах

ü Хөрсний бохирдуулагчийг тодорхойлох лабораторийн шинжилгээний арга, стандарт, үйл ажиллагааны заавар, холбогдох дүрэм журмыг хооронд нь уялдуулж,

ü Хөрс бохирдуулагчдын стандарт босго утгыг тогтоох,

ü Хөрсний судалгаанд бохирдлын талаар тусгах, мэдээллийг үндэсний болон дэлхийн хөрсний мэдээллийн нэгдсэн санд тусгах ажлыг санаачлах, дэмжих,

ü Дэлхийн хөрсний бохирдлын мэдээлэл, хяналтын тогтолцоог бий болгох, дэмжих,

ü Шинээр гарч ирж буй бохирдуулагчийг илрүүлэх, хүрээлэн буй орчны эрсдэлийн үнэлгээ, нөхөн сэргээх зэрэг зорилтот судалгаа, инновацад хөрөнгө оруулах,

ü Хөрсний цэгэн болон сарнисан бохирдлын бүртгэл хяналтыг улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд боловсруулж, нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх,

ü Хөрсний бохирдлоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн сөрөг үзүүлэлтийг тодорхойлох, үнэлэх, хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих үндэсний биомониторинг, эпидемиологийн тандалтын тогтолцоог бий болгож, бэхжүүлэх.

2.   Хууль эрх зүйн орчин, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бэхжүүлэх

ü Химийн бодис, удаан хадгалагдах органик бохирдуулагч, хог хаягдал, хөрсний тогтвортой менежментийн талаарх олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах (үүнд хөрсний тогтвортой менежментийн сайн дурын удирдамж, бордоо, пестицидийн тогтвортой ашиглалт, менежментийн олон улсын ёс зүйн дүрэм зэрэг орно).

ü Хөрсний бохирдлыг зогсоох хүчин чармайлтыг урамшуулах, хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох,

ü "Тэг бохирдол: Бохирдолгүй гарагийн төлөө" зорилтын хүрээнд хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх дэлхий нийтийн амлалтыг дэмжих.

ü Аж үйлдвэр, уул уурхайгаас ялгарах хөрсний бохирдуулагчдын талаарх үндэсний болон олон улсын зохицуулалтыг боловсронгуй болгож, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн үйл явцыг дэмжих,

ü Хог хаягдал, тэр дундаа цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг бууруулах бодлогыг боловсруулж, сурталчлах,

ü Нэг удаагийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлыг багасгах,

ü Дахин боловсруулдаг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, ногоон менежментийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх,

ü Тогтвортой тээврийн хэрэглээг сурталчлах, урамшуулах.

ü Агрохимийн хамаарлыг бууруулах, усалгаат усны чанар, органик үлдэгдлийг хянахад онцгой анхаарч газар тариалангийн хөрсний тогтвортой менежментэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх,

ü Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрсний бохирдлын зорилт, үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулах,

ü Байгальд суурилсан, байгаль орчинд ээлтэй тогтвортой менежмент, нөхөн сэргээх технологийг (жишээ нь био нөхөн сэргээлт) өргөжүүлэх.

3.   Онолын мэдлэг, туршлага, мэдээлэл дамжуулах харилцаа холбоог сайжруулах

ü Хөрсний бохирдол яагаад бүх хүнд хамаатай болохыг, мөн хэрхэн шийдвэрлэхийг олон нийтэд ойлгуулах зорилгоор хөрсний бохирдлын талаар дэлхий нийтэд таниулах кампанит ажлыг эхлүүлэх, дэмжих

ü Иргэд хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон бусад бүтээгдэхүүнээ сонгохдоо “хөрсний бохирдолгүй” хүчин чармайлт, сонголтыг дэмжих,

ü Урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх систем, хөрсний бохирдлын хяналтыг сайжруулах зорилгоор иргэдийн шинжлэх ухаанч үйл ажиллагаа, иргэдэд суурилсан ажиглалтын төвүүдийг байгуулах, дэмжих,

ü Хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэгийг бий болгож, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах ба хог хаягдлын шатлал, ялангуяа 4R арга барилыг (багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, нөхөн сэргээх) дэмжих.

ü Бүх шатны боловсролын системд хөрсний эрүүл мэнд, хөрсний бохирдлыг системтэйгээр тусгах.

4.   Олон улсын хамтын ажиллагаа, хөрсний бохирдлын хяналтын сүлжээг хөгжүүлэх

ü Олон улсын арга хэмжээгээр дамжуулан шинжлэх ухааны мэдлэгийг түгээхэд дэмжлэг үзүүлж, нээлттэй эх сурвалжийн мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийг дэмжих,

ü Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хянах, зохицуулах, арилгахаас эхлээд хөрсний бохирдлын талаар мэдлэг, туршлагатай бүс нутаг, улс орнуудаас эхлээд бага/ огт туршлага байхгүй хөгжиж буй орнууд хүртэл хөрсний бохирдлын бүх мөчлөгт технологи дамжуулах, харилцан хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар сурталчлах,

ü Сарнисан бохирдлоос урьдчилан сэргийлэх, зохицуулах, арилгах зорилгоор хил дамнасан хяналтын сүлжээг байгуулж бэхжүүлэх, Хөрсний бохирдлын бүрэн мөчлөгийн чадавхийг хөгжүүлэх дэлхийн хэмжээний сургалтын хөтөлбөрийг бий болгох.

 

Нөхөн сэргээх стратеги

Бохирдсон байж болзошгүй газрыг тодорхойлох, үнэлэх нь хөрсний бохирдлын менежментийн хамгийн чухал алхам юм. Тухайн газарт хүнсний үйлдвэрлэл, ​​хэрэглээний усан сан байгаа тохиолдолд нөхөн сэргээх эсвэл эрсдэлийг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.

Эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогч нар бохирдсон хөрсийг нөхөн сэргээх технологи, стратегийг хэрэгжүүлэхэд тогтвортой байдлыг анхаарч үзэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг, сөрөг нөлөөг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ хүний ​​эрүүл мэнд, ус, хөрс, биологийн төрөл зүйлд учруулах эрсдэлийг арилгахад чиглэсэн тогтвортой нөхөн сэргээлтийн арга хэмжээг бүрэн боловсруулах, үнэлэхэд олон улсын байгууллагуудаас санаачилга гарган ажиллаж байна[28]. Тухайлбал, Олон улсын стандартчиллын байгууллага “ISO 18504:2017. Хөрсний чанар: Тогтвортой нөхөн сэргээлт”, АНУ-ын Туршилт, материалын нийгэмлэг "Ногоон цэвэрлэгээний стандарт гарын авлага ASTM E2893 2016" стандартуудыг боловсруулсан. Эдгээр стандартуудыг баримтлан тухайн улс орны хууль, журамд заасны дагуу тогтвортой нөхөн сэргээлтийг гүйцэтгэнэ[29-30].

Ерөнхийдөө бохирдсон хөрсийг нөхөн сэргээхэд дараах бүрэлдэхүүн хэсгүүдийг баримталж ажиллана:

 

1.    Зорилго, зорилтыг тодорхойлох

Нөхөн сэргээлтийн зорилт гэдэг нь бохирдуулагчийн агууламжийг зөвшөөрөгдөх түвшинд хүргэх болон бохирдсон талбайг цаашид хэрхэн ашиглахтай шууд хамааралтай, эрсдэлийн үнэлгээний гол ойлголт юм. Бохирдсон газрыг хэвийн байдлаар ашиглах нь эрсдэлийн үнэлгээний үндсэн зорилго юм.

Нөхөн сэргээх зорилтын хүрээнд бохирдуулагч нэгдлийн концентрацийг 2 түвшинд тогтооно гэж үздэг. (1) Зорилтот буюу стандарт түвшин, (2) улмаар стандартаас бага түвшинд хөрсийг нөхөн сэргээхэд шаардлагатай арга хэмжээг авахаар төлөвлөдөг байна.

Нөхөн сэргээлтийн зорилгыг тодорхойлох үйл явцад:

ü  зохицуулагч, оролцогч талуудтай хамтран ажиллах,

ü  санхүүжүүлэгч байгууллагуудыг тодорхойлох зэрэг орно

Нөхөн сэргээлтийн зардлыг “Бохирдуулагч нь төлнө” гэсэн зарчмын дагуу буруутай этгээд эсвэл тухайн газрын эзэмшигч хариуцдаг. Бусад тохиолдолд Засгийн газар санхүүжилтийг бий болгоно

2.    Нөхөн сэргээх стратеги боловсруулах

Нөхөн сэргээх стратегийг боловсруулахдаа үйл ажиллагааны зохицуулалт, технологийн болон эрсдэлийн үнэлгээ, ашиглалтын судалгаа, үр ашиг, зардал, тогтвортой байдлын шинжилгээ зэргийг харгалзан үздэг.  Бохирдсон талбай нэг төрлийн бус, өөр өөр бүсэд байх нөхцөлд хэсэг бүрд тохирсон онцлог үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд хэд хэдэн технологийг хослуулан хэрэглэх нь нөхөн сэргээлтийг амжилттай болгодог. Технологийг сонгосны дараа нөхөн сэргээх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, байгаль орчны үнэлгээ, үйл ажиллагааны стандарт журам, мониторингийн төлөвлөгөөг боловсруулдаг. Стратегийг батлахын өмнө үр дүнг баталгаажуулахын тулд технологийн бичил туршилт хийх шаардлагатай. Энэ нь тухайн хөрсөнд хэрэгжүүлэх стратегийн үр нөлөөг урьдчилан харуулдаг хамгийн чухал шат юм.

3.      Стратегийн хэрэгжилтийг хангах

Стратегийг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зөв менежмент шаардлагатай. Стратегийн үр дүнтэй байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх явцад хяналт тавина. Хяналт шалгалтаар хүлээгдэж буй үр дүнгээс зөрүүтэй байдал илэрсэн тохиолдолд технологийг солих, зорилтуудыг дахин авч үзэх зэргээр шаардагдах арга хэмжээг нэн даруй авна.

4.    Урт болон богино хугацааны хяналтыг гүйцэтгэх

Хяналт, шалгалтын дүгнэлтээр нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн нь батлагдсаны дараа нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дуусгаж, талбайг ашиглалтад оруулах боломжтой. Зарим тохиолдолд урт хугацааны хяналт шинжилгээний төлөвлөгөө гаргаж цаашид анхаарах асуудал, үүрэг хариуцлагыг тодорхойлно. Ялангуяа мөрдөх дүрэм журам, стандартыг тодорхой болгоно.

Жишээлбэл:

ü  Австрали улс хөрсний бохирдлын талаарх олон улсын хууль тогтоомжийг дэмжих зорилгоор “Үндэсний нөхөн сэргээх тогтолцоо, техникийн удирдамж, CRC CARE, 2019”-ийг боловсруулсан. Тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү хөрс угаах техникийн зааварт нөхөн сэргээлтийн үе шатыг схемчлэн баталжээ (Зураг 2).

ü  Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс “Тогтвортой нөхөн сэргэлтийн форум (SuRF-UK)”-аар үндэсний хууль тогтоомжтой холбоотой хөрс, гүний усны нөхөн сэргээлтийн тогтвортой байдлын үнэлгээний хүрээг баталсан. Энэ нь эрсдэлийн болон сонголтын үнэлгээ, нөхөн сэргээх стратегийн хэрэгжилт гэсэн гурван үе шаттай байна (SuRF-UK, 2010).

ü  Канад улс хөрсний бохирдлыг арилгах тогтвортой байдлыг хангах талаар зааварчилгаатай байна.

ü  Одоогийн байдлаар эдгээр улсын баталсан арга хэмжээний тогтолцоог бусад улс орнууд иш татан мөрдөж байна[11,31-34]

Дүгнэлт

Хөрсний бохирдлыг арилгах үр ашигтай менежмент, стратегийг хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийн тулд:

1.   Байгаль орчинд хор хөнөөл багатай, тогтвортой, ногоон технологи, үйлдвэрлэлийн шинэчлэл нэвтрүүлэх,

2.   Бохирдсон хөрсийг илрүүлэх, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд байгалийн баялгийн хэт ашиглалтыг багасгаж, нийгмийн ​​сайн сайхан байдлыг илүүд үзэж, хөрс хамгаалах тогтвортой менежментийн хатуу амлалтыг улс төр, бизнес, нийгмийн байгууллагын зүгээс өгөх, амлалтаа биелүүлэх нь нэн чухал байна.

3.   Манай орны хувьд хөрсний талаарх судалгаа шинжилгээ гүйцэтгэх, урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төлөвлөх шаардлагатай байна.

Зураг 2. Хөрсний бохирдлыг арилгах үе шатууд

 

Ном зүй

1.      United Nations. World population prospects 2019: Highlights.

2.      Rockström, J., et al. "A safe operating space for humanity." Nature, 461(7263), (2009). 472-475.

3.      Zhang, Y., et al. "Impacts of soil pollution on ecosystem services: A review." Environmental Pollution, (2018).  241, 314-324

4.      Ghosh, S., & Mukherjee, A. "Soil contamination and human health: A global perspective." Journal of Environmental Management (2020), 253, 109731.

5.      Baker, J. M., & Mullen, K. "Soil pollution and health: The emerging link." Environmental Health Perspectives, (2021). 129(3), 035002.

6.      United Nations Environment Programme (UNEP). "Global Chemicals Outlook II: From a National to a Global Perspective." (2021).

7.      OECD. "Global Chemicals Outlook II: From a National to a Global Perspective." (2020).

8.      European Environment Agency (EEA)."Soil Pollution: A Global Threat to Human Health." (2019).

9.      Matsumoto, M., et al."Challenges in the monitoring and assessment of soil contamination." Environmental Monitoring and Assessment, 190(1), 10. (2018).

10.   Lameire,  P., et al. "Soil pollution and its impact on health: A new global challenge." Environmental Science and Pollution Research, (2015). 22(15), 11594-11607.

11.   Rittmann,B. E., et al. "Emerging contaminants in the environment: An overview." Water Environment Research, (2011). 83(9), 1756-1760.

12.   Aven, T.  Risk assessment and risk management: Review of recent advances on their foundation. European Journal of Operational Research, 2016. 253(1): 1–13. 

13.   National Research Council. "Risk Assessment in the Federal Government: Managing the Process." (2009).

14.   USEPA. "Risk Assessment Guidance for Superfund: Volume I - Human Health Evaluation Manual (Part A)." (2017).

15.   International Organization for Standardization (ISO). "ISO 31000:2018 Risk management- Guidelines." (2018).

16.   Khan, F. I., & Anbumozhi, V. "Risk-based management of contaminated sites: A review." Journal of Environmental Management, (2006).  80(1), 13-24.

17.   National Academy of Sciences. "Remediation of Contaminated Groundwater: A Review of the State of the Science." (2014).

18.   Adams, K. M., & Bahl, A. "Cost analysis of contaminated land remediation: A review of remediation technology costs." Environmental Science & Policy, (2014).  38, 47-56.

19.   USEPA. "A Guide to Developing and Documenting Cost Estimates During the Feasibility Study." (2000).

20.   Vijgen, J., et al. HCH and Lindane contaminated sites: European and global need for a permanent solution for a long-time neglected issue. Global symposium on Soil Pollution, 2 May 2018, FAO - Rome, Italy.

21.   Toichuev, R.M et al. Assessment and review of organochlorine pesticide pollution in Kyrgyzstan. Environmental Science and Pollution Research, 2017.25(32): 31836–31847. 

22.   Weber, R., et al. Reviewing the relevance of dioxin and PCB sources for food from animal origin and the need for their inventory, control and management. Environmental Sciences Europe, 2018. 30(1): 42.

23.   Weber, R., et alAssessment of pops contaminated sites and the need for stringent soil standards for food safety for the protection of human health. Environmental Pollution, . 2019.  249: 703–715. 

24.   European Environment Agency (EEA). "Soil Pollution: A Global Threat to Human Health." (2017).

25.   Kumar, V., et al. "Soil Pollution and its Management: A Review." International Journal of Environmental Science and Technology, (2017). 14(10), 2059-2074.

26.   United Nations Environment Programme (UNEP). "Environmental Pollution and Health." (2018).

27.   He, X., & Wang, S. "Development of an International Soil Pollution Control Network." Environmental Science & Policy, (2018). 90, 27-33.

28.   Rizzo, E., Bardos, P., Pizzol, L., Critto, A., Giubilato, E., Marcomini, A., Albano, C., Darmendrail, D., Döberl, G., Harclerode, M., Harries, N., Nathanail, P., Pachon, C., Rodriguez, A., Slenders, H. & Smith, G.  Comparison of international approaches to sustainable remediation. Journal of Environmental Management, 2016.184: 4–17.

29.   ISO. 2017. ISO 18504:2017 Soil quality — Sustainable remediation. International Organization for Standarization. 

30.   ASTM International. ASTM E2893 - 16e1, Standard Guide for Greener Cleanups., p. 30. No. ASTM E2893-16e1. West Conshohocken, PA, ASTM International. 2016.

31.   NICOLE & Common Forum. Joint position statement on risk-informed and sustainable remediation. 2013.

32.   SuRF-UK. A Framework for Assessing the Sustainability of Soil and Groundwater Remediation. Contaminated Land: Applications in Real Environments (CL: AIRE), 2010. . 63 pp.

33.   USEPA. "A Guide to the Evaluation of the Effectiveness of Remedial Actions." (2017).

34.   National Research Council. "Contaminated Soil: Assessment and Remediation. (2009).

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

4

2025-04-25

он