-
2023-11-23 09:19:43
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөгжлийн товч түүх, 1933-2021 oн
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөгжлийн товч түүх, 1933-2021 oн
Эрдэм шинжилгээ, судалгааны хөгжил
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) нь эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлдвэрлэл эрхэлсэн төрийн үйлчилгээний шинжлэх ухааны байгууллага бөгөөд ариун цэвэр, халдвар судлалын хяналт, эрүүл ахуй, тархвар судлал, тандалт, биотехнологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж, Шинжлэх ухаан, технологийн тухай, Эрүүл ахуйн тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон төрөөс шинжлэх ухаан, эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллаж ирлээ. Үүний зэрэгцээ НЭМҮТ-ийн эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлж, хүрээлэн буй орчин, хөдөлмөр, ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, мэргэжлийн өвчин судлал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, устгах, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсээр байна.
НЭМҮТ-ийн судалгаа, шинжилгээний судлагдахуун, шийдвэрлэх асуудлууд тухайн цаг хугацааны шаардлагын дагуу шинэ салбар бүрээр түүчээлэн хөгжиж байсныг дараах байдлаар тоймлож болно. Үүнд:
1. 1933 оноос бактери судлал
2. 1960 оноос орчин судлал
3. 1971 оноос биоанагаах судлал
4. 1991 оноос вирүс судлал
5. 1992 оноос хоол судлал
6. 2005 оноос халдварт бус өвчин судлал
7. 2009 оноос хор судлал
8. 2012 оноос генийн инженерчлэл
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 27-р тогтоолоор ЭХЯ-ны харъяа Улсын ариун цэвэр, Бактери шинжилгээний газар (САНБАК), Ариун цэвэр, халдвар судлалын төв станц, (АЦХСТС), Бруцеллёзыг эсэргүүцэх улсын диспансер (БЭУД), Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага (ДЭХБ)-тай хамтран ажиллах үндэсний бригадыг нэгтгэж, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ) нэртэйгээр 1968 оны 2-р сард байгуулагдсанаар эрүүлийг хамгаалахын тогтолцоонд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр анхны бие даасан эрдэм шинжилгээний байгууллага бий болсон .
Эрдэм шинжилгээний ажил судлаачдын сонирхолоор хийгдэж эхэлж байсан бол цаашдаа улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд тусч, улсын бодлого, төлөвлөгөөгөөр хийгдэх болсон. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэн хүрээлэн байгаа орчин, хөдөлмөр, ахуйн нөхцлийг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд эргэлт гарч хүн амын эрүүл мэндийг сайжруулахад нийгмийн эрүүл мэндийн судалгаа шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн.
НЭМҮТ-ийг түшиглэн туурвисан судалгаа шинжилгээний ажлаар 6 эрдэмтэн анагаах болон биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна (Хүснэгт 1).
Өнгөрсөн 88 жилийн хугацаанд НЭМҮТ-д ажиллаж байсан 90 гаруй эрдэмтэдээс 70 орчим эрдэмтэн анагаах ухаан, биологи, химийн ухааны докторын зэрэг хамгаалж, Б.Бурмаажав Монголын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, Ж.Оюунбилэг, Н.Сайжаа, Ц.Энхжаргал нар МАУА-ын гишүүн, Ж.Купул эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол, Д.Дандий шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртсэн.
НЭМҮТ-д 2021 оны байдлаар 75 эрдэм шинжилгээний ажилтан, 30 эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээний ажилтан ажиллаж байгаагаас МАУА-ийн гишүүн-3, шинжлэх ухааны доктор-5, дэд доктор-10, профессор-2, дэд профессор-4, магистр-31, эрдэм шинжилгээний тэргүүлэх, ахлах
ажилтан-9, дэд ажилтан-20, докторант-8, магистрант-13 байна. НЭМҮТ-ийн эрдэмтдээс эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг мэргэжлийн чиглэл тус бүрээр нь товч дурдав. Үүнд:
Бактери судлал
1933 онд галзуу болон цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэж, цагаан цэцэг өвчнийг 1938-1940 он гэхэд бүрэн устгаж чадсан нь XX зууны эхэн үеийн Монголын анагаах ухаан, эрүүлийг хамгаалах салбарын чухал ололтын нэг байсныг зүй ёсоор бахархан тэмдэглэдэг. Монгол улс цагаан цэцэг өвчний эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулж, цагаан цэцэг өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэн цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаснаас 40 жилийн дараа дэлхий дахинд энэ өвчнийг Монгол улсад бүрэн устгасан талаар ДЭМБ-аас зарласан. Улмаар 1934 оноос дивакцин, 1940 оноос гоновакцин, 1941 оноос гэдэсний балнадын вакцин, корийн болон сахуугийн сывороток, цусан суулгын нян залгиур, 1942 оноос хэвийн ийлдэс, 1943 оноос сахуугийн хоргүйсүүр, 1946 оноос пентавакцин, 1947 оноос гэдэсний балнадын нян залгиур, оношлуур, 1954 оноос гемолизин, комплемент, 1955 оноос сахуу, татран , өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 оноос галзуу өвчний эсрэг вакцин, 1960 оноос сийвэн нөхөх, сэлбэх шингэн, аминокровин зэрэг цусны бүтээгдэхүүн, 1981 оноос хүний хэвийн иммуноглобулин, гистаглобулин, 5-10% альбумин, 1985 оноос балнадын нян залгиур, сальмонеллийн нян залгиур, балнадын эсрэг вакцин, 30 гаруй төрлийн тэжээлт орчин, 1989 оноос шиллэг эд, мөнгөжүүлсэн уусмал, 1990-2016 онуудад судасны иммуноглобулин, стафилококкын иммуноглобулин, томуугийн эсрэг иммуноглобулин зэрэг 30 гаруй биобэлдмэлийг тус тус үйлдвэрлэдэг болжээ. Санбак институтэд ОХУ-ын эмч, мэргэжилтэн А.Л.Берлин, С.И.Диденко, Б.З.Борозенков, Б.С.Башева, Л.И.Авдеев,
Г.С.Булыгин, З.И.Борщпольц, С.Р.Хомик нар ажиллаж, голлох үүрэг гүйцэтгэсэн. 1950 оноос манай үндэсний эмч, мэргэжилтэнүүд амжилттай уламжлуулан
хөгжүүлж, ихсийн цуснаас уургийн бэлдмэл гарган авсан ажлынхаа үр дүнгээр 1990 онд ЭША Д.Дандий, техникч Д.Сэр-од, биохимич В.Ванчаа, Д.Дэнсмаа, лаборант З.Тунгалаг, Г.Магсар нар Монгол улсын Төрийн шагнал хүртсэн. Р.Арслан 1979 онд вируст гепатитийн үүсгэгчийг судлан, HBs антигеныг оношлох аргыг анх удаа эмнэлгийн практикт нэвтрүүлжээ. П.Нямдаваа 1989 онд хүн амын вируст халдварын өвчлөл, дархлааг судлан, үнэлгээ дүгнэлт өгч, анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, микриобиологийн чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан манай улсын анхны эрдэмтэн болжээ. Судлаач А.Хишигдорж, Т.Тойвгоо нар стафилококкийн халдварын тархвар судлалын зүй тогтол, үүсгэгчийн шинж чанарыг судлан, үжил халдвараас сэргийлэх арга зөвлөмж боловсруулжээ. Мөн судлаач Д.Дандий (1981), Б.Ганбаатар (1985), Ж.Мэндсайхан (1989), Т.Гүнсмаа (1992), М.Алтанхүү (1993) зэрэг олон судлаач вирүст хепатит, томуу, улаанбурхан, био-бэлдмэлийн чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Орчин судлал
Ус, агаарын чанар, бохирдолын судалгааг 1960 оноос судалж ирсэн. Хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс, хорт бодисын сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх, орчны эрүүл мэндийн талаар хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд явуулахад мэргэжил арга зүйгээр хангах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Ё.Банзар “Улаанбаатар хотын Туул голын эрүүл ахуйн нөхцөл байдал ба ард иргэдийн эрүүл мэнд, ахуйн байдлын нөлөөлөл” сэдвээр 1979 онд анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан нь НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон юм.
Мөн Л.Нарантуяа “БНМАУ-ын Зүүн өмнөд бүсийн усан хангамжийн ариун цэврийн болон эрүүл ахуйн шинж чанар” сэдвээр 1987 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бол 1998 онд “Монголын хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, усны экологийн хүчин зүйлсээс хамаарах эрүүл ахуйн асуудлууд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, НЭМҮТ төдийгүй Монгол улсад эрүүл ахуйн чиглэлээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.
Н.Сайжаа 1992 онд “Монгол улсын томоохон хотуудын агаар мандлын агаарын эрүүл ахуйн байдал, түүнийг сайжруулах арга замууд” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг, 2004 онд “Монголын хотуудын агаарын бохирдлын эрсдэлт хүчин зүйлс” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, орчны эрүүл мэндийн чиглэлээр ШУ-ны докторын зэрэг хамгаалсан НЭМҮТ-ийн 2 дах эрдэмтэн болсон юм.
Орчны эрүүл мэндийн асуудлаар Л.Долгормаа (1984), Д.Гомбосүрэн (1998), Ш.Энхцэцэг (2000), И.Болормаа (2001), Г.Энхжаргал (2012), Х.Шүрэнцэцэг (2012), А.Энхжаргал (2020) нар төв суурин газрын агаар, усны эрүүл ахуйн асуудлаар судалгаа хийж, докторын зэрэг хамгаалж, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоон, урьдчилан сэргийлэх арга замын талаар дүгнэлт, зөвлөмж гаргажээ.
НЭМҮТ-ийн эрүүл ахуйн судалгааны нэг чиглэл нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн судалгаа юм. Энэ чиглэлээр судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалсан НЭМҮТ-ийн анхны эрдэмтэн нь Д.Батчулуун бөгөөд тэрээр 1981 онд “1 сартайгаас 17 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжил, УБ хотын сургуулийн сурагчдын хөгжлийг хурдасгах эрүүл ахуйн зарим асуудал” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Б.Бурмаажав 1992 онд “БНМАУ-д төмөрлөгийн үндсэн мэргэжлээр суралцаж буй өсвөр үеийнхний боловсролын нөхцөл, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн эрүүл ахуйн үнэлгээ” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг, 2001 онд “Хүүхдийн эрүүл мэндэд экологийн зарим сөрөг хүчин зүйлийн үзүүлэх нөлөө, оношилгоо, сэргийлэлтийн асуудалд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон юм.
Биоанагаах судлал
1960-1970 онд халдварт өвчний гаралт манай улсын түүхэнд дээд цэгтээ хүрч, вируст гепатит, гэдэсний болон агаар дуслын халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, нас баралт өндөр байсан тул халдварт өвчний зүй тогтлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдал зүй ёсоор шаардагдаж байлаа. НЭМҮТ-ийн биоанагаах, тархвар судлалын талаарх анхны бүтээлүүд бол Ц.Балдандорж “БНМАУ-ын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, эпидимологийн асуудал” (1972), До.Галбадрах “БНМАУ-дах бэтгэрэх өвчний халдвар судлал, урьдчилан сэргийлэлт” (1972) сэдэвт анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээл юм. Манай тархвар судлаачид өөрсдийн судалгааны ажлыг Монгол улсад өргөн тархалттай байсан халдварт өвчнүүдийн, тухайлбал, Г.Олзвой (1984), Д.Алимаа (1987), Да.Галбадрах (1984) нар вируст гепатит, Т.Сайнжаргал (1984), Н.Цэнд (1976), Г.Очирваань (1976), С.Цоодол (1991) нар гэдэсний болон агаар дуслын халдварт өвчнүүдийн тархалтын зүй тогтол, нөлөөлж байгаа хүчин зүйлийн судалгааг хийж, урьдчилан сэргийлэх арга боловсруулан, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, мэнэнгийн халдвар, улаан бурхны эсрэг сэргийлэх тарилгыг практикт нэвтрүүлсний үр дүнд эдгээр өвчин эрс буурч, эрүүлийг хамгаалах байгууллагын бүрэн хяналтад орсон.
Академич, анагаахын шинжлэх ухааны доктор П.Нямдаваа, биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг нарын 2004-2006 онд гүйцэтгэсэн “Хүн эмнэлгийн ба хүнс тэжээлийн зориулалттай биологийн идэвхт бодисыг амьтан ургамал, эрдсийн баялаг, бичил биетний нутгийн омгоос гарган авах арга” сэдэвт шинжлэх ухаан технологийн судалгааны ажлын дүнд Монгол тарваганы сүрэгт шинэ зүйл хепаднавирусыг нээн, түүний удамшлын мэдээллийн нууцалбарыг бүрэн тайлж, тарваган тахлын шинэ үеийн вакцин үйлдвэрлэлийн технологи боловсруулсан байна.
Биотехнологи, инновацийн албаны эрдэмтэд одоогийн байдлаар “Хроматографийн аргаар уургийн бэлдмэлүүд цэвэршүүлэх технологи нутагшуулах” инновацийн төсөл, “Тарилгатай халдварт өвчнүүдийн дархлал тогтоц түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаа” шинжлэх ухаан технологийн төсөл, “Хүрээлэн буй орчин дахь энтеровирусын тархалт, экологийн онцлог, биологийн төрх, эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа” зэргийг гүйцэтгэхээр ажиллаж байна.
БШУ-ны доктор, МАУА-ийн гишүүн, профессор Ц.Энхжаргал 1995 онд “Монголын эрүүл болон эрсдэлт хүн амын амин хүчлийн солилцооны эмгэгийн судалгаа” сэдвээр биологийн ухааны докторын зэрэг, 2005 онд “β-аминизобутирийн хүчил нь хүн амын генетикийн судалгааны биохимийн үзүүлэлт болох нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан.
Нанотехнологи, биотехнологийн чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудад, тухайлбал: Б.Ундармаа (2004) Япон, С.Өнөрсайхан (2005) Хятад, Ш.Батдэлгэр (2012) Австрали, Ч.Буян (2013), С.Отгонжаргал (2013) Солонгос, Г.Түвшинжаргал (2015) Солонгос, О.Дуламсүрэн (2015) Япон, Х.Цэрэнсүрэн (2016) Хятад, Ц.Цэвээнсүрэн (2017) Хятад, Б.Говьгэрэл (2018) Турк,
И.Туяажаргал (2019) Япон, Н.Цогзолмаа (2019) Хятад улсад тус тус хими, биологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан байна.
Вирус судлал
Ж.Оюунбилэг 1996 онд “Хепаднавирусын геномын судалгаа, түүнийг анагаах ухааны биотехнологийн бэлдмэл гарган авахад ашиглах нь” сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан ба 1998 онд “Монголд ялгасан хепаднавирусын омгуудын геномын ба эсрэгтөрөгчийн шинж чанар” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, вируст хепатитын оношилгоо, сэргийлэлтийн бэлдмэл үйлдвэрлэх технологи боловсруулан хепаднавирусын эмгэг жамыг судлах амьтны загварыг гарган авчээ.
НЭМҮТ-ийн судлаачид 2000-2003 онд “Генийн ба эсийн инженерчлэл биотехнологийн аргаар гарган авсан эх орны үйлдвэрийн амьтан, ургамал, эрдсийн гаралтай шинэ эм, биобэлдмэл”, 2004-2006 онд “Хепатитын В вирус тээгчдийг вирусын эсрэг бэлдмэл, өвөрмөц иммуноглобулин, вакцинаар эмчлэх”, 2005-2007 онд “Хепатитын В вирус тээгчдийг вакцинаар эмчлэх, эрүүлжүүлэх оновчтой арга бэлдмэл” зэрэг томоохон судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.
Ж.Оюунбилэг нарын судлаачид 2009-2010 онд умайн хүзүүний хучуур эсээс ялгасан вирүс нь умайн хүзүүний өмөнгийн гол шалтгаан болж байгааг тогтоосон бөгөөд Б.Сайнчимэг, Ж.Оюунбилэг нарын судлаачид 2008-2011 онд нутгийн омгоос бэлтгэсэн, 10%, 97% цэвэршилттэй хепатит С вирусын өвөрмөц иммуноглобулины загвар бүтээгдэхүүнийг гаргаж, эмнэлзүйн туршилт хийж, хепатитын А вирусыг илрүүлэх ФХУ-ын оношлуурын загвар, хепатит А вирусын халдвараас сэргийлэх вакцин үйлдвэрлэх технологийг боловсруулжээ.
БНСУ, Тайван, ОХУ, БНХАУ-тай хамтран “Монгол орны хүн амын дундах хепатитын В болон С вирусын тархалт, генетик хэв шинж” (2005-2006 он, БНСУ), “Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тархсан ХПВ ийн хэв шинжийн тархалтыг тогтоох судалгаа” (2009-2010 он, БНСУ), “Монголд ялгасан энтеровирус 71 омгийн молекул тархвар судлалын онцлог ба биотехнологийн бүтээгдэхүүн гарган авах судалгаа” (2009-2012 он, Тайван), “Монгол хүний удам зүйн зарим полиморф хэлбэршлийн судалгаа” (2010-2013 он, ОХУ), “Ховор ба нэн ховор ургамлын эдийн өсгөвөр гарган авч, тарималжуулах замаар эмийн түүхий эд бэлтгэх технологи” (2015-2017 он, БНХАУ) зэрэг 5 төсөл хэрэгжүүлсэн.
Хоол судлал
ЭМЯ-ны харьяанд байсан Хоолны төв сувилалыг түшиглэн Эрүүл мэндийн сайдын 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/28 тоот тушаалаар хоол судлалын бие даасан эрдэм шинжилгээний төв байгуулагдсанаар хоол судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдэх болсон. Тухайн үед Ардын уламжлалт хүнсний зарим бүтээгдэхүүнийг эмчилгээ, сувиллын зориулалтаар хэрэглэх арга, Эх хүүхдийн хоол зэрэг төслийн удирдагчаар АУ-ны доктор Ш.Чадраавал, ЭШАА М.Оюунбилэг нар ажиллаж, 1991 онд М.Оюунбилэг “0-1 насны хүүхдийн дунд тохиолдож байгаа шүүдэст эмзэгшилийн шалтгаан, эмнэл зүй, эмгэг жам, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.
У.Цэрэндолгор 1999 онд “Монгол улсын бага насны хүүхдийн рахит өвчний тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бол 2005 онд “Хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйл” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, тус улсад хоол судлалын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.
Хүнс, хоол судлалын чиглэлээр 1993 онд Д.Эржен, 1973 онд Ц.Ламзав, 1995 онд Х.Жамбалмаа, 1998 онд Д.Оюунчимэг, 1999
онд Ж.Батжаргал, 2000 онд Э.Эрдэнэчимэг, 2005 онд Б.Бямбатогтох, Б.Гэрэлжаргал нар, 2011 онд Д.Ганзориг, 2012 онд Д.Отгонжаргал, Д.Эрдэнэчимэг нар, 2014 онд Б.Цогзолмаа, 2015 онд Э.Эрдэнэцогт, 2018 онд Д.Дэлгэрмаа нарын эрдэмтэд докторын зэрэг хамгаалсан бөгөөд тэдний судалгааны ажлын үр дүн, санал зөвлөмжүүд нь хүн амын хоол тэжээлийн талаарх үндэсний хөтөлбөрүүдэд тусгагджээ.
Халдварт бус өвчин судлал
ХБӨ-д нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын мэдээллийн анхдагч эх сурвалж нь STEPS судалгаа байдаг тул ДЭМБ-аас 4-5 жил тутамд улс орнуудад энэ судалгааг гүйцэтгэхийг зөвлөдөг. Манай улс 2005, 2009, 2013, 2019 онуудад ДЭМБ, Монголын мянганы сорилтын сангийн техник арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр уг судалгааг зохион байгуулсан. 4 удаагийн судалгааны үр дүнд үндэслэн Засгийн газраас ХБӨ-өөс сэргийлэх, хянах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд эрүүл мэндийн салбарт ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоо бүрдэж, хүн амын дунд архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, зөв зохистой хооллох зэрэг амьдралын зөв дадал, хандлага төлөвшиж эхэлсэн.
Монгол Улсад 1992, 1999, 2004, 2010, 2017 онд хийгдсэн хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 удаагийн судалгаа нь хоол тэжээлийн талаар Засгийн газраас баримтлах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон байдаг. Хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны гол эрсдэлт хүчин зүйл болсон таргалалт насны бүлэг бүрт өндөр байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэхийг сануулж байна. Энэхүү судалгааны үр дүн нь Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах гол үндэс болсон хоол тэжээл, хүнсний баталгаат байдлыг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
НЭМҮТ-ийн судлаачид залуучуудын тамхины хэрэглээний үндэсний судалгааг 2014, 2019 онуудад хийсэн бөгөөд энэхүү судалгаагаар өсвөр үе, залуучуудын тамхины хэрэглээний тархалт, тамхины талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлж, судалгааны үр дүнд Монгол улсад тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг сайжруулахад туслах мэдээллийн сан бүрдүүлсэн.
Халдварт бус болон нутагшмал өвчнүүдийн тархалт, эрсдэлт хүчин зүйлсийн талаар 2001 онд Д.Нарантуяа, 2003 онд П.Энхтуяа, 2012 онд С.Цэгмэд, 2013 онд Н.Нарантуяа, 2014 онд Б.Ичинхорлоо, 2016 онд Д.Оюунгэрэл, 2018 онд Д.Отгонтуяа, 2019 онд Б.Сувд нарын эрдэмтэд судалгааны ажлууд хийж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Генийн инженерчлэл
2013-2015 онд хэрэгжүүлсэн “Рекомбинант вакцин оношлуур үйлдвэрлэх технологи” цөм төслийн дүнд томуугийн вакциныг үйлдвэрлэх технологи, Монгол хүн амын дунд зонхилон тархсан хепатитын В вирусын удамшлын хэв шинж нь Д, дэд хүрээний хэв шинж ayw, молекулын хэв шинж ayw2 болохыг тогтоож үүнд үндэслэн вакцины технологийн заавар боловсруулан, гэдэсний савханцрын омгийг ашиглан рекомбинант интерферон алфа-2б уургийн бэлдмэлийн загвар бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн омгийг гаргаж, технологийн заавар, фармакопейн өгүүлэл боловсруулан батлуулсан. Судалгааны үр дүнд ном 2, технологийн заавар 7, стандарт 4, стандартын төсөл 4, шинжилгээний аргачлал, технологи 29-ийг боловсруулж, гадаад дотоодын сэтгүүлд 200 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгожээ. Интерферон алфа-2б уургийн бэлдмэл (2017), ХДХВ-ийн эсрэгбие илрүүлэх ФХУ-ын оношлуур (2012), хетатит А вирусын эсрэгбие илрүүлэх ФХУ-ын оношлуурын загвар бүтээгдэхүүн (2012), хепатит А
вирусын эсрэгтөрөгч илрүүлэх ФХУ-ын оношлуур (2010), хепатитын С вирусын олон угшилт өвөрмөц иммуноглобулин (2010), судсаар хэрэглэх иммуноглобулин (2008), хепатитын В вирусын гадаргын эсрэгтөрөгчийг /HBsAg/ илрүүлэх ФХУ-ын оношлуур (2008), томуугийн эсрэг өвөрмөц иммуноглобулин (2007), хепатитын С вирусын эсрэгбиеийг /anti-HCV/ илрүүлэх ФХУ-ын оношлуур (2007), Анти-HBe тодорхойлох ФХУ-ын эх орны үйлдвэрийн оношлуур (2006), хепатитын В вирусын эсрэгбиеийг /anti-HBs/ илрүүлэх ЦШБНУ-ын оношлуур (1991), Anti-IgG дархан ийлдэс (1990), хепатитын В вирусын гадаргын эсрэгтөрөгчийг /HBsAg/ илрүүлэх ЦШБНУ-ын оношлуур (1990) зэрэг 13 төрлийн загвар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгосон.
2019 оноос биобэлдмэлийн үйлдвэрийг дахин ашиглалтанд оруулж, ШУТС-гийн санхүүжилтээр НЭМҮТ-ийн хэрэгжүүлсэн “Хроматографийн аргаар уургийн бэлдмэлүүд үйлдвэрлэх технологи нутагшуулах” инновацийн төслийн хүрээнд 97-99% цэвэршилттэй альбумин, А хепатитийн өвөрмөц иммуноглобулин үйлдвэрлэх технологийн туршилтыг хийж, загвар бүтээгдэхүүн гарган авч үйлдвэрлэж, эхлээд байна.
Цаашдын зорилт
НЭМҮТ нь цаашид хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлс, өвчнийг үүсгэж буй шалтгаан, үр дагаврыг судлах, тандах, хянах, хариу арга хэмжээг төлөвлөх, явуулах, биотехнологи, инновацийг хөгжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нийгмийн эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн “Нийтийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” уриатайгаар нотолгоонд суурилсан, оролцоонд тулгуурласан эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгах эрхэм зорилго тавин ажиллаж байна.
Нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн зөвлөх, шинжлэх ухааны доктор,
МАУА-ийн гишүүн, профессор Н.Сайжаа
Ашигласан зураг
