-
2023-11-24 06:28:30
Улаанбаатар хотын ундны усны бохирдлыг тодорхойлсон судалгааны дүн
Улаанбаатар хотын ундны усны бохирдлыг тодорхойлсон судалгааны дүн
Үндэслэл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгааны дүнгээс харахад дэлхийн хэмжээнд ундны усны бохирдлоос шалтгаалж жилд 485.000 хүн гэдэсний өвчнөөр нас барж1 байгаа нь ундны уснаас хамаарсан нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал олон оронд хэдийн үүсээд буйг нотолж байна. Манай орны хувьд мөн нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал бол ундны усны чанар, аюулгүй байдал бөгөөд уснаас шалтгаалах өвчин нь нэг талаас өвчин үүсгэгч бичил биетэн, химийн хорт бодисоор бохирлогдсон ус хэрэглэсний улмаас, нөгөө талаас усны хомсдлоос шалтгаалан эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсанаас үүсдэг байна2. Монгол орны иргэдийн дийлэнх нь амьдардаг УБ хотын хувьд, хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр орчны бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд үйлдвэржилт, ахуйн хэрэглээнээс үүссэн химийн хортой нэгдэл, хүнд металл зэрэг нь орчны бохирдолд сөргөөр нөлөөлж байна4. Хотжих үйл явцыг дагаж хүний үйл ажиллагаа, техноген үйл явцын нөлөөгөөр газрын доорхи усны чанар аюулгүй байдал өөрчлөгдөх эрсдэл бий болсон байна3. Зарим судалгаанаас үзэхэд гадаргын усны бохирдуулагч хүчин зүйл нь усны чанарт хурцаар нөлөөлж байна4.
Иймээс ундны болон гадаргын усанд нян судлалын чанарын шинжилгээг тогтмол хийх зайлшгүй шаардлагатай юм.
Зорилго
УБ хотын ундны усанд бактериологи болон хүнд металлын агууламжийг тодорхойлох шинжилгээ хийх, усны бохирдлыг тодорхойлох.
Материал, арга зүй
2020 оны 03-10 сард УБ хотын айл өрх, аж ахуй нэгжийн хүсэлтээр гүний худгийн усны 30, төвлөрсөн усны 26 дээжинд нян судлалын шинжилгээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн Хоол судлал, шим тэжээлийн лабораторид хийж гүйцэтгэв.
Мөн 2019 оны 06 сард УБ хотын дундуур урсах (Дунд гол, Туул гол, Ногоон нуур, Бэлх, Дондогдуламын рашаан, хар тугалганы үйлдвэр ойролцоох тогтоол нуур, төв цэвэрлэх байгууламж зэрэг) нийт 14 цэгээс гадаргын усны дээж авч МУИС, ШУС, БУС-ын Микроорганизмын экологи, биотехнологийн лабораторид шинжлэв.
Дээж авах: Урьдчилан ариутгаж бэлтгэсэн шил савыг усны цоргонд хүргэлгүйгээр дээж авна. Ингэхдээ усны цоргыг спиртэн бамбараар арчиж, цоргыг нээж 5 минут орчим урсгана. Дээж авахын яг өмнө нь шилний бөглөөг нээн, усаа шилэнд хийнэ.
Гадаргын уснаас дээж авахдаа гадаргуугаас 10-15 см зайнаас авна.
Усан сангийн гүнээс усны дээжийг батометрийн тусламжтайгаар авдаг. Батометр нь усны тодорхой гүнд очоод таг нь нээгдэж усаар дүүргэгдэн, бөглөгдсөний дараа багажаа татаж авна.
Усны дээжинд дараах хаягжилтыг хийнэ. Үүнд: дээжний дугаар, дээж авсан газар, булаг шандны нэр, авсан он, сар, өдөр, дээжийг цуглуулсан хүний нэр зэрэг орно.
Нийт бактерийн тоог тогтоох: Plate count agar бүхий петрийн аягатай орчинд шинжлэх дээжнээс 0.1 мл дусаана. Ариутгасан шпателиар дээжийг сайтар тараана. Тарилгыг 37өС болон 22өС температуртай термостатад 72 цагийн турш өсгөвөрлөнө. Тарилгыг паралель давталттай хийж гүйцэтгэнэ. Ургасан колонийг тоолж, 1 мл дээжин дэх бактерийн нийт тоог тооцоолно. Ундны усны стандартаар 1 мл дээжинд 100-с их КҮН илэрвэл шаардлага хангаагүй гэж үзнэ.
Escherichia coli илрүүлэх: 100 мл усыг мембран фильтрээр шүүж, уг мембран фильтрээ сонгомол орчин болох Endo аgar, Macconkey аgar, Eosin Methylene Blue аgar тус бүрт суулгаж, 37өС температуртай термостатад 48 цагийн турш өсгөвөрлөнө. Тэжээлт орчинд Escherichia coli байх магадлалтай колони ургавал цаашид микроскопын үзлэг хийж, физиологи болон биохимийн сорил тавьж баталгаажуулна. Ундны усны стандартаар 100 мл дээжинд Escherichia coli илэрвэл шаардлага хангаагүй гэж үзнэ.
Salmonella sp. илрүүлэх: 25 мл усыг мембран фильтрээр шүүж, уг мембран фильтрээ сонгомол орчин болох Salmonella Shigella аgar тус бүрт суулгаж, 37өС температуртай термостатад 48 цагийн турш өсгөвөрлөнө. Тэжээлт орчинд Salmonella
sp. байх магадлалтай колони ургавал цаашид микроскопын үзлэг хийж, физиологи болон биохимийн сорил тавьж баталгаажуулна. Ундны усны стандартаар 25 мл дээжинд Salmonella sp. илэрвэл шаардлага хангаагүй гэж үзнэ.
Thermophiles sp. бактери илрүүлэх: Nutrient аgar бүхий петрийн аягатай орчинд гадаргын усны дээжнээс 0.1 мл дусаана. Ариутгасан шпателиар дээжийг сайтар тараана. Тарилгыг 55өС температуртай термостатад 72 цагийн турш өсгөвөрлөнө. Тарилгыг паралель давталттай хийж гүйцэтгэнэ.
Усанд хар тугалга тодорхойлох: HNO3 болон HCl ашиглан усны дээжийн задаргааг хийж Whatman 41 фильтрээр шүүгээд полипропилен дээжний саванд хийнэ. Дээжин дэх хар тугалганы агууламжийг ICP-MS багажаар тодорхойлно. Ундны усанд агуулагдах хар тугалганы стандартын шаардлага 0.01 мг/л байна.
Судалгааны үр дүн
Нян судлалын шинжилгээгээр гүний худгийн усны 8 дээж, төвлөрсөн усны 2 дээж, гадаргын усны 14 дээжинд бактерийн нийт тоо 100 -аас их КҮН/мл байна.
Нян судлалын шинжилгээгээр гүний худгийн усны 3 дээж, гадаргын усны 6 эмгэг төрөгч бактери илэрсэн бол төвлөрсөн усны дээжинд эмгэг төрөгч бактери илрээгүй.
Гадаргын усны 14 цэгээс авсан усны дээжинд 0.1-10.01Ч104 КҮН/мл агуулагдаж байна. Үүнээс Дунд гол (Энхтайвны гүүрний нүхэн гарц), Дондогдуламын рашаан (Дарь эх), Ногоон нуур (Баянбүрд), төв цэвэрлэх байгууламжаас авсан усны дээжинд бактерийн тоо их байна. Бүх дээжинд Salmonella sp. илрээгүй, харин 6 дээжинд Escherichia coli, 13 дээжинд Thermophiles sp. тус тус илрэв.
Гадаргын усанд агуулагдах хар тугалганы агууламжыг тодорхойлоход эдгээр дээж стандартын шаардлагын түвшинд байв. Үр дүнг Хүснэгт 3-т харуулав.
Хэлцэмж
2010 онд УБ хотын зарим байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хувийн эзэмшлийн 300 гаруй гүний худгийн усанд хийсэн нян судлалын шинжилгээгээр 60% гэдэсний савханцар илэрсэн бол 2011 оны судалгаагаар 2850 сорьцноос 15.1% эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан бөгөөд
1.1% халуунд тэсвэртэй E.coli, 0.5% гэдэсний бүлгийн бичил биетэн илэрсэн байна5.
Монгол улсад мөрдөгдөж буй “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал; Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” Ундны усны стандартад бичил амь судлалын (гэдэсний бүлгийн нянгийн тоо, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери, колифаг, нийт нянгийн тоо, шимэгч, эгэл биетэн, энтеровирус, Escherichia coli, Clostridium perfringens) 8 үзүүлэлтийг заасан байдаг. Усны нян судлалын шинжилгээнд гэдэсний бүлгийн бактерийг бохирдлын индикатор организм болгон уг үзүүлэлтийг тодорхойлдог6.
Ундны усанд Escherichia coli илэрч буй нь усыг ялгадсаар бохирдсон болохыг илтгэх бөгөөд хоол боловсруулах замын өвчин болон бусад халдварт өвчин тусах эрсдэл их байгааг илэрхийлнэ7.
Streptococcus sp. нь усыг ялгадсаар бохирдсон эсэхийг тодорхойлох бас нэгэн гол үзүүлэлт боловч манай улсад мөрдөгдөж буй стандартын шаардлагын үзүүлэлт болгон шинжилдэггүй. Бидний шинжилгээгээр төвлөрсөн усны бүх дээжинд Escherichia coli, Salmonella sp. илрээгүй. Харин гүний худгийн болон гадаргын усны дээжинд Escherichia coli илэрсэн нь уг усыг ялгадсаар бохирдсон болохыг илтгэж байна.
Pseudomonas sp. нь хүн болон амьтны хэвийн микрофлор хэдий ч дархлааны систем суларсан үед нөхцөлт эмгэг төрөгч болох эрсдэлтэй. Pseudomonas sp. ундны усанд илрэх нь гадаад орчноос ус бохирдсон болохыг илтгэх үзүүлэлт болдог учраас усны бохирдлын судалгаанд уг үзүүлэлтийг тодорхойлох шаардлагатай8. Тиймээс бусад улсад хийгдсэн усны чанарын чиглэлийн судалгааны ажилд Pseudomonas sp. үзүүлэлтийг тодорхойлсон байна9,10.
Баянхонгор аймгийн Байдраг голын усны дээжинд нян судлалын шинжилгээний дүнгээр 1 мл усанд агуулагдах бактерийн эсийн тоо дунджаар 690 гарсан байна11. Бидний хийсэн шинжилгээний дүнгээр гадаргын усны нийт 14 цэгийн усны дээжинд 0.1-10.01Ч104 КҮН/мл агуулагдаж байна. Үүнээс Дунд гол, Дондогдуламын рашаан, Ногоон нуур, төв цэвэрлэх байгууламжаас авсан усны дээжинд нийт бактерийн тоо их байна.
Нян судлалын шинжилгээний үзүүлэлтийг нэмэгдүүлэх нь усны бохирдлын шалтгааныг тодорхойлох, үнэлгээ, дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой.
Дүгнэлт
1. Гүний худгийн усны дээжний 26.6% бактерийн бохирдолтой, 10%-д
Escherichia coli, 3.33%-д Salmonella sp. илэрсэн нь гэр хорооллын эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалсан байх магадлалтай.
2. Төвлөрсөн усны нийт дээжинд эмгэгтөрөгч бактерийг илрүүлэх шинжилгээгээр стандарт шаардлагыг хангаж байгаа боловч 7.69% бактерийн бохирдолтой байна.
3. Монгол орны гадаргын усыг цэврийн зэргээр нь 6 ангилдаг бөгөөд энэ ангиллаар Дунд гол, Дондогдуламын рашаан, Төв цэвэрлэх байгууламжнаас авсан усны дээж хамгийн их бактерийн бохирдолтой байна. Гадаргын усны дээжин дэх хар тугалганы агууламж стандарт шаардлагын хэмжээнд байгаа нь хар тугалгаар бохирдоогүйг илтгэж байна
4. Манай орны хувьд дэд бүтэц сайн хөгжөөгүйн улмаас гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонгоос үүдэн зуны улиралд бороо хур ихээр орох үед хөрс болон ус бохирдох эрсдлийг бий болгож байна.
5. Ундны усны чанар аюулгүй байдлыг хангахын тулд тогтмол хяналт шинжилгээг хийх шаардлагатай бөгөөд судалгааны цар хүрээг тэлж, дээжний төрөл, тоо, шинжилгээний үзүүлэлтийг нэмэгдүүлсэнээр усны бохирдлын түвшинг илүү бодитоор тодорхойлох боломжтой болно.
Ном зүй
1. Retrieved from https://www.who.int/news-room/fact-sheets/detail/drinking-water
2. Б.Бурмаажав, Д.Нямхорол ба бусад “Уур амьсгалын өөрчлөлтийн ундны ус, эрүүл мэнд, дасан зохицох чадамжид
3. Б.Бурмаажав, Д.Нямхорол ба бусад “Уур амьсгалын өөрчлөлтийн ундны ус, эрүүл мэнд, дасан зохицох чадамжид үзүүлэх нөлөөлөл” үнэлгээний тайлан. Улаанбаатар хот. 2012.
4. Ч.Жавзан, Д.Даш, Ж.Цогтбаатар “Улаанбаатар хотын гэр хорооллын бохир эх үүсвэрүүдээс газрын доорхи усны чанар болон нөөцөд үзүүлэх сөрөг нөлөөлөл” судалгааны тайлан. Улаанбаатар хот. 2013.
5. https://www.cdc.gov/healthywater/drinking/private/wells/disease/lead.html
6. С.Аригуун, И.Болормаа ба бусад. “Орчны эрүүл мэндийн төлөв байдлын тайлан”. Улаанбаатар хот. 2011.
7. Joгo P. S. Cabral. Water Microbiology. Bacterial Pathogens and Water. International Journal of Environmental Research and Public Health. 2010. 7:3657-3703
8. Niru Burlakoti, Jitendra Upadhyaya, Nandani Ghimire et al. Physical, chemical and microbiological characterization of processed drinking water in central Nepal: Current state study. Journal of Water, Sanitation and Hygiene for Development. 2020. 10:157-164
9. C.L., Chan, Zalifah, M.K. Norrakiah. Microbiological and physicochemical quality of drinking water. The Malaysian Journal of Analytical Sciences. 2007. Vol 11, No 2. 414 – 420
10. Merfat Ebrahim Al Moosa, Munawwar Ali Khan, Usama Alalami, and Arif Hussain. Microbiological Quality of Drinking Water from Water Dispenser Machines. International Journal of Environmenta
11. l Science and Development. September 2015. Vol. 6, No. 9:710-713
12. Bikram Gautam. Microbiological quality assessment (including antibiogram and threat assessment) of bottled water. Food Science & Nutrition. 2021. Vol 9:1980-1988
13. Б.Бүжидмаа, Ө.Цэндцэвээн, Н.Туул, Ю.Хорлоо. Усны биологийн бохирдлын мониторингийн судалгаа. ХАА-н шинжлэх ухаан сэтгүүл №29 (01). 2020. Х 208-211
Судалгааны ажлыг нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, МАУА-ийн гишүүн, профессор Ц.Энхжаргал
Ашигласан зураг
