• 2023-11-24 07:40:17

Монгол улсын 18-69 насны хүн амын дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгааны зарим үр дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Монгол улсын 18-69 насны хүн амын дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгааны зарим үр дүн

Үндэслэл 
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод халдварт бус өвчин (ХБӨ)-өөс сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10% бууруулах” зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээр тархаж буй КОВИД-19 цар тахлын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл хомс болж хөдөлгөөний хомсдолд өртөх магадлал өсөн нэмэгдэж байна. Дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан нь хөдөлгөөний хомсдол бөгөөд жилд дунджаар 3.2 сая хүн цаг бусаар нас барж байна. Хөдөлгөөний хомсдол нь дэлхий нийтэд тулгараад буй нийгмийн эрүүл мэнд (НЭМ)-ийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд манай орны хувьд ч цаашид нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэлт, цусан дах сахарын хэмжээ нэмэгдэх, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж байна.  
Зүрхний шигдээсийн 30%, чихрийн шижингийн 27%, хөх, бүдүүн гэдэсний хавдрын өвчлөлийн 21-25% нь хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй байна. Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны 85.9% ХБӨ эзэлж, 3 хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдрын улмаас нас барж байна.  
Иймд бид идэвхтэй хөдөлгөөний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг үнэлж, нотолгоонд тулгуурласан бодлого, арга хэмжээний зөвлөмж, зорилтот бүлэгт чиглэсэн дасгалын хөтөлбөр боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэв.  
 
Зорилго 
Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг үндэсний түвшинд судлан тогтоох 

Материал арга зүй  
Судалгааг аналитик судалгааны өрхөд суурилсан агшингийн загвараар  гүйцэтгэсэн. Монгол улсын нийт хүн амыг төлөөлөхүйц түүврийн хүн амыг тооцоолохдоо 95% итгэх түвшин дэх t статистикийн тархалтын утга 1.96, суурь үзүүлэлтийн түвшин p=0.05, зөвшөөрөгдөх алдааны хязгаар 10.5%, комплекс түүврийн коэффициент 1.5 болон насны бүлэг, хүйсийн ижил харьцаа зэргийг харгалзан тооцоолоход судалгаанд 4609 хүн шаардлагатай гэсэн тооцоолол гаргаж, хүн амын 10% нь оролцохоос татгалзах магадлалтайг нэмж тооцон нийт 5120 хүнийг хамруулахаар зорилго тавьж 99.1% хамрагдалтайгаар оролцуулсан болно.  Мөн суурин газар болон хөдөө, орон нутагт харьяалагдах судалгааны хүрээний 18-69 насны хүн амын тоонд тохируулан хотод 34, хөдөөд 30 кластерийг сонгон мэдээллийг асуулга, антропометрийн хэмжилтийн аргыг ашиглан 2019 оны 05-09 сард цуглуулав. 
Судалгааны мэдээлэл цуглуулах гол хэрэгсэл болох асуулгыг, судалгааны зорилго, зорилтуудтай нийцүүлэн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар мэдлэг боловсролын түвшин, хандлага, дадлыг олон улсад ашиглагддаг (Global Physical Activity Questionnaire- GPAQ, WHO in 2006, Questionnaire for general assessment of health, Japan) асуулгыг үндэслэн боловсруулав. Судалгааны асуулга нь судлах зүйлийн хүрээнд НЭМҮТ-ийн Эрдэмтэдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж засварлан судалгааны асуумжийг үндсэн 4 бүлэгтэйгээр боловсруулав. 
Мэдээллийн баазыг EPIDATA 3.1 программд үүсгэж, статистик боловсруулалтыг SPSS 21 программыг ашиглаж мэдлэг, хандлага, дадал, илүүдэл жин, таргалалт, хөдөлгөөний хомсдолтой хүн амын давтамж болон дундаж, тэдгээрийн стандарт алдаануудыг тооцоолж итгэх мужыг (95% ИХ) байгуулсан ба тэдгээрийг бүлэг хоорондын (нас, хүйс, хот, хөдөө) ялгааг тодорхойлоход ашиглав.  

Судалгааны үр дүн
Судалгаанд Монгол улсын 19 аймгийн 30 сум, УБ хотын 6 дүүргийн 34 хорооны 18-69 насны 5080 хүн хамрагдсан бөгөөд тэдгээрийн 48.1% нь эрэгтэй, 51.9% нь эмэгтэй байв. Хүн амын 52.8% (n=2680) нь хот суурин газарт буюу УБ хот, 47.2% (n=2400) нь хөдөө орон нутагт буюу аймаг, сумын төв, багт оршин суугчид байв. 
Монгол улсын 18-69 насны хүн амын 91% (95% ИХ 90.2-91.8) идэвхтэй хөдөлгөөн, дасгалыг тогтмол хийснээр аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой гэсэн зөв ойлголттой, харин 4.1% боломжгүй буюу ташаа ойлголттой, 4.9% нь мэдэхгүй буюу ямар нэгэн ойлголтгүй байв. Үүнээс үзвэл 18-69 насны 10 хүн тутмын нэг нь дээрх асуудлаар зохих ойлголтгүй байна. Эмэгтэйчүүдийн 92.6%, эрэгтэйчүүдийн 89.3% нь идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой гэсэн зохих ойлголттой байна. Мөн хотын хүн амын 92%, хөдөөгийн хүмүүсийн 90.2% зохих ойлголттой, харин ташаа ойлголттой хүн амын хувь хөдөөд хотоос 1.7% илүү байв (Хүснэгт 1). 


Хүн амын 69% дасгал ба идэвхтэй хөдөлгөөн хоёр хоорондоо ялгаатай гэсэн зохих мэдлэгтэй, 18.3% ташаа бодолтой, 12.7% энэ талаар зохих ойлголтгүй байв. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 3 нь уг асуудлаар зохих ойлголтгүй байна. Тус үзүүлэлтийг хүйсээр харьцуулан үнэлэхэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй боловч, насны бүлгээр ялгаатай, зохих мэдлэгтэй хүн амын хувь 55-64 насанд хамгийн өндөр (71%), 65-аас дээш насанд хамгийн бага (54.1%) байна (Хүснэгт 2).  
 
 
Судалгаанд оролцогчдын 38.1% (95%ИХ 36.7-39.4) нь идэвхтэй хөдөлгөөнөөр өдөр бүр, 9.9% (95%ИХ 9.1-10.8) нь 7 хоногийн 5-аас дээш өдөр хичээллэх шаардлагатай гэсэн зөв ойлголттой, харин 10.2% (95%ИХ 9.4-11.0) нь идэвхтэй хөдөлгөөнийг 7 хоногт 1-3 өдөр, 28.3% (95%ИХ 27.1-29.5) нь 7 хоногт 3 өдөр хичээллэх шаардлагатай гэсэн ташаа, 13.5% огт ойлголтгүй байв. Уг асуудлаар зохих ойлголттой эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.8%, харин ташаа ойлголттой эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.4% тус тус илүү байна. Мөн зохих ойлголттой хүн амын үзүүлэлт 45-54 насанд хамгийн өндөр (53.2%), 25-34 насанд хамгийн бага (44.6%) байгаа бөгөөд нас ахих тусам идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх давтамжийн талаар зохих ойлголттой хүн амын хувь нэмэгдэж байв. Хөдөөгийн хүн амын 49.1% (95%ИХ 46.0-52.3), хотын хүн амын 47% (95%ИХ 44-50) зохих ойлголттой (2.1% илүү) байна. 
Хүн амын 38.3% (95%ИХ 36.9-39.6) нь дасгалыг долоо хоногт 3 өдөр хийх ёстой гэсэн зөв ойлголттой, харин 17.8% (95%ИХ 16.8-18.9) дасгалыг долоо хоногт 1-2 өдөр, 27.1% (95%ИХ 25.9-28.3) 5-аас дээш өдөр хийх ёстой гэсэн ташаа ойлголттой, 16.8% дасгал хийх давтамжийн талаар мэдэхгүй байв. 
Хүйсээр харьцуулахад эрэгтэйчүүдийн 38.7%, эмэгтэйчүүдийн 37.8% дасгалыг 7 хоногт 3 өдөр хийх ёстой гэж хариулсан бол, эмэгтэйчүүдийн 45.4%, эрэгтэйчүүдийн 44.5% нь ташаа ойлголттой байна. Мөн дасгал хийх давтамжийн талаар зохих ойлголттой хүн амын үзүүлэлт 25-34 насанд хамгийн өндөр (44.0%), 65-аас дээш насанд хамгийн бага (27.5%), нас ахих тусам дасгал хийх давтамжийн талаар зохих ойлголттой хүн ам үзүүлэлт буурах статистик ач холбогдол бүхий хандлага ажиглагдлаа. 
Хүн амын 35.6% (95%ИХ 34.2-36.9) идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолтой ч чаддаггүй, 23.3% (95%ИХ 22.1-24.4) нь идэвхтэй хөдөлгөөнийг ямар нэг байдлаар хийдэг, 17.9% (95%ИХ 16.8-18.9) хааяа л хийвэл зүгээр гэж боддог, 12.5% (95%ИХ  
11.6-13.4) нь яг одооноос идэвхтэй хөдөлгөөн хийх хүсэлтэй, харин 4.7%  (95%ИХ 4.1-5.3) нь идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолгүй байв (Зураг 1).
Эмэгтэйчүүдийн 39.5%, эрэгтэйчүүдийн 31.3% нь идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолтой ч, хийж чаддаггүй, эмэгтэйчүүдийн 13.6%, эрэгтэйчүүдийн 11.4% яг одооноос хийж эхлэх гэж байгаа статистик ач холбогдол бүхий ялгаатай дүн гарчээ (p=0.01). 
 
 
Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхгүй байгаа шалтгааныг тодруулахад хүн амын 52.9% (95%ИХ 51.5-54.2) нь цаг зав гардаггүй, 26.3% (95%ИХ 25.1-27.5) хэрхэн хичээллэх талаар мэдэхгүй, 11.1% (95%ИХ 10.2-12.0) нь спорт, фитнесс клубийн үнэ өндөр, 5.3% (95%ИХ 4.7-5.9) идэвхтэй хөдөлгөөн хийх дургүй байна (Хүснэгт 2). Насны бүлгээр харьцуулахад идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй хүн амын үзүүлэлт 25-34 насанд хамгийн өндөр 59.6%, 65-аас дээш насанд хамгийн бага 32.0% байна. Хөдөө орон нутгийн хүн амын 56.3%, хотын хүмүүсийн 49.8% идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй, хотын 14.2%, хөдөөгийн 7.6% тус тус фитнесс клубийн үнэ өндөр гэж хариулжээ (p=0.01). 
 

 
Хүн амын 60.1% (95%ИХ 58.8-61.5) идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар зөвлөгөө мэдээлэл авч байсан, харин 36.8% авч байгаагүй, 3.1% санахгүй байна гэж хариулжээ. Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар зөвлөгөө мэдээлэл авсан хүн амын үзүүлэлтэд хүйсийн ялгаа ажиглагдаагүй (эрэгтэйчүүдийн 60.2%, эмэгтэйчүүдийн 60.0%) бөгөөд 65-аас дээш насны хүн амд хамгийн өндөр (66.4%), 18-24 насны залуучуудад хамгийн бага (57.6%) байна. Нас ахих тусам идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар зөвлөгөө мэдээлэл авсан хүн амын үзүүлэлт нэмэгдэж байв. Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар зөвлөгөө мэдээлэл  авсан хүн амын үзүүлэлт хөдөө орон нутагт ач холбогдол бүхий илүү байна (хөдөөд 63.0%, хотод 57.5%, p=0.01). 
 

 
Хүн амын суугаа, идэвхгүй байдалд зарцуулж буй хоногийн дундаж хугацаа 141.3 минут (95%ИХ 138.2-144.5) байна. Байршлаар харахад хөдөөгийн хүн ам 134.3 минут (95%ИХ 129.9-138.7), хотын хүн ам 147.6 минут (95%ИХ 143.1-152.1) байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Хүснэгт 3).
 

Монгол улсын 18-69 насны хүн амын 21.6% (95%ИХ 20.5-22.7) нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөнийг хийдэггүй, хөдөлгөөний хомсдолтой байна. Хөдөлгөөний хомсдолтой хүн амын үзүүлэлт насны бүлгээр харьцуулахад ялгаатай байдал ажиглагдав. Тухайлбал, хөдөлгөөний хомсдолын тархалт 18-24 насанд 19.2% (95%ИХ 16.6-21.8) хамгийн бага, харин 65-аас дээш насанд 26.7% (95%ИХ 19.1-34.3) хамгийн их статистик ач холбогдол бүхий өндөр байна. Идэвхтэй хөдөлгөөний талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг хангахгүй байгаа хүн амын тархалт хот суурин газраас (21.0%, 95%ИХ 19.4-22.6), хөдөө орон нутагт (22.2%, 95%ИХ 20.6-23.7) ялимгүй өндөр байв (Хүснэгт 4).
 

 
Хүн амын 71.1% (95%ИХ 69.9-72.3) нь ажлын байрандаа өндөр эрчимтэй идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хүйсээр авч үзвэл 66.7% (95%ИХ 64.8-68.6) эрэгтэйчүүд, 75.3% (95%ИХ 73.7-76.9) эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр харахад 55-64 насанд хамгийн өндөр байв. Байршлаар нь харьцуулахад хөдөөгийн хүн амын 70.8% (95%ИХ 68.9-72.6), хотын хүн амын 71.5% (95%ИХ 69.8-73.2) ажлын байрандаа өндөр эрчимтэй идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй (P=0.5). 
Судалгаанд хамрагдсан хүн амын 63.5% (95%ИХ 62.2-64.8) нь амралт чөлөөт цагаараа өндөр эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй ба хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүд 69.0% (95%ИХ 67.2-70.8), эрэгтэйчүүдээс 57.7% (95%ИХ 55.7-59.7) статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Насны бүлгээр харьцуулахад 55-44 насныхны 79.7% (95%ИХ 76.4-83.0) нь хамгийн их, 18-24 насанд 46.8% (95%ИХ 43.5-50.1) хамгийн бага үзүүлэлттэй байнa. 
Хүн амын 57.4% (95%ИХ 56.0-58.8) гэр ахуйн хэрэгцээнд өндөр эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй ба хүйсээр харьцуулахад эрэгтэйчүүдийн 51.6% (95%ИХ 49.6-53.6), эмэгтэйчүүдийн 62.8% (95%ИХ 61.0-64.6)-ийг эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл нас ахих тусам энэхүү үзүүлэлт нэмэгдэж 65-аас дээш насанд хамгийн өндөр буюу 64.9% (95%ИХ 56.7-73.1) байна.
Монгол улсын 18-69 насны хүн ам өдөрт дунджаар 2737 (95%ИХ 2642-2832) алхалт хийдэг байна. Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдэд 3057 (95%ИХ 2917-3199), эмэгтэйчүүдэд 2441 (95%ИХ 2317-2565), харин байршлаар харахад хөдөөд 2480 (95%ИХ 2344-2617), хотод 2967 (95%ИХ 2837-3096) байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Хүснэгт 5). 

Өдөрт 3000-10000 алхам алхдаг хүн амыг БЖИ-ийн үнэлгээгээр харьцуулан авч үзвэл 10.5% хэвийн жинтэй, 11.8% илүүдэл жинтэй, 6.6% таргалалттай, 3000-аас доош алхам алхдаг хүн амын 10.1% хэвийн жинтэй, 8.7% илүүдэл жинтэй, 5.5% таргалалттай байна (P=0.001). Харин өдөрт 3000-аас доош алхам алхдаг хүн амыг бүсэлхийн тойргийн үнэлгээгээр харьцуулан авч үзвэл 6.1% хэвийн, 18.5% төвийн таргалалттай, 3000-10000 алхам алхдаг хүн амын 9% хэвийн, 25.2% төвийн таргалалттай байна (P=0.001). Монгол улсын 18-69 насны хүн амын алхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн) багаж хэрэгслийг 12.3% ашигладаг, 76% ашигладаггүй, 11.7% түүний талаар мэддэггүй байна (P=0.002). Алхалт хэмжигч багажийн хэрэглээг байршлаар авч үзвэл статистик ач холбогдол бүхий ялгаагүй. 

Хэлцэмж
Хүн амын 26.3% хэрхэн идэвхтэй хөдөлгөөн хичээллэх талаар сайн мэдэхгүй байгаа нь өмнөх судалгааны дүн (ХБӨ-ний талаарх хүн амын МХД-ын үндэсний судалгаа, 2013 он)-гээс 8% нэмэгдэж, хүн амын нас, хүйс, бие махбодын онцлогт тохирсон яг ямар идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх арга хэлбэр, зааврыг боловсруулах хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна. Нийт хүн амын 38.3% дасгал хийх давтамжийн талаар зөв мэдлэгтэй, 44.9% буруу, 16.8% огт мэдлэггүй байв. Дасгал хийх зохистой давтамжийн талаар огт мэдлэггүй хүн амын эзлэх хувь 2013 оноос 5.5% буурсан үзүүлэлттэй байв. 
Судалгаанд хамрагдагсадын 69% дасгал ба идэвхтэй хөдөлгөөн хоёрын хоорондын ялгааг мэддэг, нас ахих тусам энэхүү мэдлэгийн түвшин буурч байгаа нь ажиглагдсан. Тиймээс насан туршийн боловсролын хөтөлбөрт бие бялдрын боловсрол олгох агуулгыг нэмэлтээр оруулах шаардлагатай байгааг харуулж байна. 
Хүн амын 3 хүн тутмын нэг буюу 35.6% идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх сонирхолтой ч чаддаггүй, насны бүлгээр харьцуулахад 18-24 насны залуучууд  болон 65-аас дээш насны ахмадууд илүүтэйгээр идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх сонирхолтой хэдий ч чаддаггүй байдал ажиглагдлаа. Харин 17.9% идэвхтэй хөдөлгөөнийг хааяа л хийвэл зүгээр гэсэн буруу хандлагатай байв. 
Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхгүй байх гол шалтгааныг тодруулахад 52.9% нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй, энэ үзүүлэлт нь 2013 оноос 20%-иар огцом нэмэгдсэн байгаа нь техник, технологийн хөгжил, дэвшил бидний хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг хомс болгож хүн ам түүнд цаг заваа зарцуулж буйн илрэл юм. 
Харин хүн амын 4.7% идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолгүй байгаа нь 2013 оноос 20.5%-иар огцом буурсан нь хүн амын дунд идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдлэг сайжирч, хүмүүсийн хичээллэх хүсэл сонирхлыг төрүүлж зөв хандлагыг бий болгож байна. 
Манай улсын 18-69 насны хүн амын 21.6% эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөнийг хийдэггүй, хөдөлгөөний хомсдолтой, 18-24 насанд 19.2% хамгийн бага, харин 65-аас дээш насанд 26.7% хамгийн их статистик ач холбогдол бүхий өндөр байна. Энэ үзүүлэлт өмнөх судалгааны дүн (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалт, үндэсний III судалгаа, 2013 он)-гээс 0.7%-иар буурсан ач холбогдолтой байв.

Дүгнэлт 
1.    Монгол улсын 18-69 насны хүн амын дийлэнх дасгал, хөдөлгөөнөөр хичээллэхийн эрүүл мэндийн ач тусын талаар зохих ойлголттой, дийлэнх нь дасгал ба идэвхтэй хөдөлгөөн хоорондын ялгааг мэддэг, харин 2 хүн тутмын нэг нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх давтамж, хугацааны талаар дутуу ойлголттой байгаа нь хүн амын нас, хүйс, бие махбодын онцлогт тохирсон дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх аргазүй, заавар зөвлөмжийг боловсруулах хэрэгцээ байгааг харуулж байна. 
2.    Хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх цаг зав гардаггүй, идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолтой ч чаддаггүй, спорт, фитнесс клубийн үнэ өндөр байгаа тул дасгал, хөдөлгөөн хийдэггүй. Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй гэж хариулсан хүн амын хувь нас ахих тутам буурч, хөдөөд хотоос илүүтэйгээр цаг зав гардаггүй байна. Монгол хүн амын зөвхөн 5% орчим нь \ өдөрт 10000-аас дээш алхалт хийх дадлыг биелүүлж байв. Өдрийн дундаж алхалтын тоо 2737 алхам ба эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 600-аар илүү алхам алхдаг байна. Иймд Монголчуудын дундаж алхалтад суурилсан “Идэвхтэй алхалтын хөтөлбөр” боловсруулж нэвтрүүлэх нь зүйтэй байна. 
3.    Суугаа, идэвхгүй байдалд зарцуулж буй хоногийн дундаж хугацаа 141.3 минут байна. Хүйс ба байршлаар дүгнэхэд хотын эрэгтэйчүүд хамгийн өндөр үзүүлэлттэй хоногт дунджаар 150.6 минутын суугаа буюу идэвхгүй байдалд өнгөрөөдөг байв. Иймд ДЭМБ-аас баримталж буй “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг”-ийн талаарх удирдамжийг үндэслэн өөрийн улс оронд тохирсон үндэсний удирдамж боловсруулан батлуулж дагаж мөрдөх нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц юм. 
4.    Хүн амын идэвхтэй хөдөлгөөн хийх, дасгалаар хичээллэхийг дэмжих орчин бүрдүүлэх, барилга, хот төлөвлөлт болон биеийн тамир, спортын байгууллагад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, татварын бодлогоор дэмжих, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна. 

Санхүүжилт: Энэхүү судалгаа нь 2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар зарлагдаж Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хийгдсэн шинжлэх ухаан, технологийн улсын захиалгат төсөлт ажил юм.  

Ёс зүйн зөвшөөрөл: Судалгааны аргачлалыг НЭМҮТ-ийн Эрдэмийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж ёс зүйн хувьд нийцэж буй эсэх, судалгаанд оролцогчдын эрхийг тодорхойлон хамгаалагдаж буй эсэх, судалгаанд оролцогч тодорхой үнэн зөв мэдээлэл өгч, шийдвэр гаргах боломж бүрдүүлж буй эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж 88 дугаар тогтоолоор судалгааг явуулах ёс зүйн зөвшөөрөл олгов.  

Талархал: Энэхүү судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулахад техник, мэргэжил аргазүйгээр хангаж ажилласан Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо,  Монгол улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн санд болон судалгааны мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн та бүхэнд судалгааны багийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.  

Ном зүй  
1.    Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, МУЗГ-ын 153 
дугаар тогтоол, 2019 он  
2.    Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, МУЗГ-ын 335 дугаар тогтоол, 2019 он  
3.    Биеийн тамир, спортын тухай хууль /шинэчилсэн найруулга/, 2017 он  
4.    Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, МУЗГ-ын 289 дүгээр тогтоол, 2017 он  
5.    Идэвхтэй дасгал хөдөлгөөний заавар, ЭМЯ, ДЭМБ, 2014 он 
6.    ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 3 дугаар судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2013 он  
7.    ХБӨ-ний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, 2013 он  
8.    Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, УИХ-ын 48 дугаар тогтоол, 2010 он 
9.    Global action plan on physical activity 2018–2030: More active people for a healthier world  
10.    Global Recommendations on Physical Activity for Health.Geneva: World Health Organization; 2010  
11.    Global action plan for the prevention and control of NCDs 2013-2020  
12.    ACTIVE: a technical package for increasing physical activity 
13.    Elmahgoub,S.S.; Calders,P.; Lambers,S.; Stegen,S. M.; Van Laethem,C.; Cambier,D.C. (2011). "The effect of combined exercise training in adolescents who are overweight or obese with intellectual disability: The role of training frequency". Journal of Strength and Conditioning 
Research. 25 (8): 1.  
14.    The President's Council on Physical Fitness and Sports-Publications. (n.d.). President's Council on Fitness, Sports & Nutrition. Retrieved April 5, 2011  
15.    Vehrs, P., Ph.D. (2011). Physical activity guidelines. In Physiology of exercise: An incremental approach (pp. 351-393). Provo, UT: BYU Academic Publishing 
16.    Derrick, B; White, P (2017). "Comparing Two Samples from an Individual Likert Question". International Journal of Mathematics and Statistics. 18 (3): 1–13. Jovancic, Nemanja. "Likert Scale: How to Create Your Own Survey". Lead Quizzes. Retrieved 9 March 2020.
17.    Global Physical Activity Questionnaire (GPAQ) Analysis Guide, Surveillance and Population-Based Prevention Prevention of Noncommunicable Diseases
18.    Department World Health Organization 20 Avenue Appia, 1211 Geneva 27, Switzerland 
19.    Follow-up Questionnaire for General Assessment of Health, A and B Course, 1- 
            
1, Gengoyama, Morioka, Higashiura-cho, Chita-gun, Aichi-ken, Aichi Health Plaza
20.    Burns, Alvin; Burns, Ronald (2008). Basic Marketing Research (Second ed.). New Jersey: Pearson Education. pp. 250. ISBN 978-0-13-205958-9

 

 

Судалгааны ажлыг нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн зөвлөх,
анагаах ухааны доктор Д.Энхтуяа
 
 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

327

2023-11-24

он