• 2023-11-29 02:09:14

Коронавируст халдварын үеийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Коронавируст халдварын үеийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Үндэслэл 
БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын 01-нд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр Хятад улсад уг вирус эрчимтэй тархаж, 2020 оны 01 дүгээр сарын 13-нд Тайландад Хятадын Ухань хотоос ирсэн 61 настай жуулчнаас коронавирүс илэрсэн нь БНХАУ-аас өөр улсад илэрсэн анхны тохиолдол болж бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 02 дугаар сарын 11-нд коронавирусыг Ковид-19 гэж нэрлэн, 03 дугаар сарын 11-нд цар тахал гэж албан ёсоор зарласан. Дэлхийн түүхэнд Ковид-19 цар тахал шиг хэдхэн сарын хугацаанд 213 орныг хамарч тархсан гамшиг урьд өмнө тохиолдож байгаагүй юм. ДЭМБ-ын 2021  оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан мэдээллээр 267,364,644 хүн халдвар авч, 5,285,986 хүн нас барсан нь энэхүү цар тахлын гамшиг хөнөөл их байсныг харуулж байна1. Харин Монгол улсад 383,978 хүн халдвар авч, 2020 хүн нас барж, 313,256 хүн эдгэрсэн байна2. Удирдлагын түвшинд коронавируст халдварын үед ажилтнуудыг хэрхэн хуваарилах, сэлгэх, тасаг нэгжийг зохион байгуулах асуудал чухал болж байгаа бөгөөд хэрвээ үр дүнгүй, муу зохион байгуулбал ажлын ачаалал нэмэгдэж, илүү цагаар ажиллах шаардлага үүснэ3. 
Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-үүд коронавируст халдварын үед гэрийн эмчилгээ, ойрын хавьтлын хяналтыг хариуцан ажиллаж, урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ авах, иргэдэд мэдээлэл олгох зэрэг чиг үүрэг хүлээж байна. 


Зорилго
Коронавируст халдварын үе дэх зарим хүчин зүйлс анхан шатны эрүүл мэндийн нийгмийн ажлын тусламж үйлчилгээнд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх 

Материал арга зүй
Тоон судалгааны асуумжийнн арга, судалгааны мэдээллийг оруулах, статистик боловсруулалт хийхдээ SPSS 26.0 програмыг ашиглав. 

Судалгааны үр дүн
Судалгаанд нийт 64 өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг хамруулсан бөгөөд хүйсийн хувьд 78.1% нь эмэгтэйчүүд, дундаж нас нь 27±4, 64.6% нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй байна. Судалгаанд хамрагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн 96.9%-д нь коронавируст халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь тархалт өндөр буюу нийтийг хамарсан байгааг харж болно.  
  

Коронавируст халдварын зарим хүчин зүйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтны тусламж үйлчилгээнд нөлөөлж буй эсэх мөн ажлын ачааллыг үнэлэхэд судалгаанд оролцогчид 100 нөлөөлсөн гэж үзсэн бөгөөд нөлөөллийн түвшинг үнэлэхэд 71% маш их, 16.1% дунд, 12,9% бага нөлөөлсөн байна. 83.9% нь ажлын ачаалал нэмэгдсэн гэж үнэлсэн бөгөөд Фишер ексактик тестийн аргаар бодолт хийхэд нөлөөлөл их байх нь ачаалал нэмэгдэхэд шууд хамааралтай байна (Р=0.015). 

 

Коронавируст халдварын улмаас үндсэн чиг үүргээс гадна нэмэлт хэд хэдэн ажлыг гүйцэтгэж байна. PCR-ийн шинжилгээнд 67.8% дайчлагдсан бөгөөд 23.8% долоо хоногт 10-аас дээш илүү цагаар ажилласан. Дархлаажуулалтын ажилд 74.2% дайчлагдан ажилласан бөгөөд 30.4%  долоо хоногт 10-аас дээш илүү цагаар ажилласан. Үүнээс харвал коронавируст халдварын үед эрүүл мэндийн ажилтнуудын дайчлагдан ажиллах тохиолдол, ажлын ачаалал нэмэгдэн илүү цагаар ажиллах тохиолдол 11-20% нэмэгдэж долоо хоногт илүү 6-10 цагаар ажиллаж байгаа бөгөөд 19.4% долоо хоногт 20-30 цаг ажиллаж байгаа нь хамгийн өндөр байна. 
     
 
Нийт судалгаанд оролцогсдын 74.2% нь 6-аас дээш удаа коронавируст халдварын хяналт, шалгалтанд орсон бөгөөд 2021 онд өмнөх оныхоос 25,5-аар нэмэгдсэн байна. 

 

 
Одоогийн байдлаар гэрийн эмчилгээ, ойрын хавьтлын хяналтыг анхдагч шатлалд эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын 83.9% нь хариуцан ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой дараах асуудлууд хүндрэл учруулж байна. 


 
 Дайчлагдан ажиллах үед ажлыг нь орлон гүйцэтгэх мэргэжилтэн байхгүй тохиолдол 74.2% үүнээс үүдэн үндсэн ажил нь 100% орхигдсон байна.

Хэлцэмж
Манай улсад одоогийн байдлаар Коронавируст халдварын үе дэх анхан шатны эрүүл мэндийн нийгмийн ажлын тусламж үйлчилгээний талаарх судалгаа хийгдээгүй бөгөөд үүнээс үүдсэн ажлын ачааллыг судалж буйгаараа шинэлэг талтай. Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрхийн томоохон зөрчлүүдийн нэг бөгөөд энэхүү цар тахлаас үүдэлтэй онцгой байдлын үед улам дордож байна гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас мэдэгдсэн байна. 2020 оны 1-р улиралд халдвараас урьдчилан сэргийлэх хатуу хязгаарлалт, арга хэмжээ авах үед “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвд үйлчлүүлэгчдийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 87%-иар өсчээ4. Гэтэл ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан хорооны хүчирхийллийн эсрэг хамтарсан багт ажиллаж чадахгүй орхигдож, Коранавирүст халдварын ажилд дайчлагдан ажиллаж байна. Тэгэхээр өөр бусад үйл ажиллагаанд дайчлагдсанаар үндсэн ажил буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүчирхийлэлд өртөж буй хүмүүст үзүүлэх шаардлагатай тусламж үйлчилгээ ховордох асуудал тулгарч байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын цагийн хуваарийг COVID-19-ийн үеийн ажлын нөхцөл, ачаалалд тохируулан зохицуулалт хийх зорилгоор тэтгэвэрт гарсан болон эрүүл мэнд, насны заалтаар цар тахлын үед ажиллах боломжгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг утсаар ба цахимаар ажиллуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд дайчлан ажиллуулж байна5. 

Дүгнэлт    
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд Коронавируст халдварын улмаас үндсэн чиг үүргээс гадна нэмэлт хэд хэдэн ажлыг давхар гүйцэтгэж байна. PCR-ийн шинжилгээнд 67.8% нь дайчлагдсан бөгөөд 23.8% нь долоо хоногт 10-аас дээш илүү цагаар ажилласан. Дархлаажуулалтын ажилд 74.2% нь дайчлагдан ажилласан бөгөөд 30.4% нь долоо хоногт 10-аас дээш илүү цагаар ажилласан байна. Коронавируст халдвар эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд нөлөөлсөн байх бөгөөд нөлөөллийн түвшин өндөр байна. Үүнээс үүдэн ажлын ачаалал нэмэгдэж, дайчлагдан ажиллан орлон гүйцэтгэх ажилтангүй улмаас үндсэн ажил үүрэг нь орхигдож байна. 
 
Ном зүй
1.    Worldometers. www.worldometers.info. [Online] 08 12, 2021.  https://www.worldometers.info/coronavirus/.
2.    Worldometers. Worldometers. [Холбогдсон] 2021 оны 12 08. https://www.worldometers.info/coronavirus/.
3.    CDC INFORMATION. CDC INFORMATION. [Холбогдсон] 2021 оны 04 03. https://www.cdc.gov/niosh/topics/hierarchy/default.html.
4.    UNFPU Mongolia. UNFPU Mongolia. [Холбогдсон] 2020 оны 07 11. [Иш татсан: 2021 оны 04 02.] https://mongolia.unfpa.org/mn/news/
5.    COVIRUS-Healthcare-workers. [Холбогдсон] 2021 оны 04 03. https://onomsan.mn/covid19/wp-content/uploads/2020/11/COVIRUS-Healthcare-workers-LAST-compressed.pdf?fbclid=IwAR2eY-wznEmSA6CHKTwCnm6_2RyQw4O_73TBr56fKq8MyWHdOI5Jry17w_U.
 


Судалгааны ажлыг нийтлэх санал өгсөн:  Химийн ухааны доктор,
дэд профессор С.Өнөрсайхан

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

88

2023-11-29

он