-
2023-11-29 03:03:37
Цэвэрлэх байгууламжийн бохир усны дээжид полио болон полио-бус энтеровирус илрүүлсэн дүн
Цэвэрлэх байгууламжийн бохир усны дээжид полио болон полио-бус энтеровирус илрүүлсэн дүн
Үндэслэл
Хүний энтеровирусын (Пикорнавирусийн овог, family: Picornaviridae) төрөлд багтах 100 гаруй хэв шинжийн вирусүүд тодорхойлогдоод байна1,2. Полио ба полио бус энтеровирус нь нарийн гэдсэнд репликацид орж, халдвар тээгч нь шинж тэмдэггүй хэлбэрээр, гадаад орчинд 2-4 долоо хоногийн турш, заримдаа хэдэн долоо хоногийн турш баасаар вирус
ялгардаг3. Хүнээс хүнд халдварладаг бөгөөд ихэнхдээ өтгөнөөр, зарим тохиолдолд нүд, хамар, амны салстаар, мөн цэврүүний шингэнээр (бохир гар, амны зам) дамжин тархдаг4. Мөн энтеровирус нь температур, pH гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдэд харьцангуй тэсвэртэй бөгөөд халдварлуулах идэвхээ удаан хугацаанд хадгалдаг тул бохирдсон ус,
хөрс, хоол хүнсээр дамжин өвчлүүлэх эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд энтеровирусээр үүсгэгдсэн халдварт өвчний дэгдэлтүүд бүртгэгдэж байгаагийн нэг нь гар, хөл, амны өвчин юм. Уг өвчин нь дэлхийн олон орон, голчлон зүүн өмнөд Азийн улс орнуудад бүртгэгдэж байна. Эмнэлзүйн хувьд ихэвчлэн хөнгөн явцтай боловч өвчин хүндэрсэн тохиолдолд асептик менингит, саажилт, нас баралтын шалтгаан болж байна5. Мөн полиовирусын эсрэг уудаг, амьд вакцинаар (ПУАВ/OPV) товлолын дагуу вакцинжуулсны дараа вакцины полиовирусийн омог өтгөн мөрийн замаар хүрээлэн буй орчинд гадагшилж улмаар вакцины омгийн полиовирусээс үүдэлтэй халдвар дамжуулах эрсдэлтэй гэж үздэг. Орчны тандалтаар ЦСС-ын тохиолдлыг илрүүлэхгүй боловч орчинд буй полиовирусийг илрүүлсэнээр шинж тэмдэггүй, саажилтгүй хэлбэрээр олон нийтийн дунд халдвар тархсан эсэх эсвэл халдварт саа- чөлөөт бүсэд полиовирус шинээр импортлогдсон эсэхийг тогтооно.
Хүрээлэн буй орчин дахь энтеровирусийн орчлыг тодорхойлох нь хүн амын дундах энтеровирусын тархалтыг тогтоох чухал ач холбогдолтой.
Зорилго
Бохир усанд полио болон полио бус энтеровирус илрүүлэх
Материал арга зүй
Түүвэрлэлт: Улаанбаатар хот (n=27), Дархан-Уул (n=8), Сэлэнгэ (n=4) аймгуудын цэвэрлэх байгууламжаас 2019-2021 онд нийт 39 бохир усны дээж цуглуулсан. Цэвэрлэх байгууламжийн орох, гарах хоолой бүрээс 1000 мл дээж авч НЭМҮТ-ийн полиомиелитын лабораторид шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Дээжийг боловсруулах хүртэл -20°С хэмд хадгалсан.
Сорьц боловсруулах: ДЭМБ-ын удирдамжийн дагуу 2 үе шатлалт сепарацийн аргаар сорьцыг боловсруулсан. 500 мл бохир усны дээжийг 2000 эрг/мин хурдаар центрифугдэн тунадсыг нь тусад нь 4°С хэмд 24 цаг хадгална. Супернатант хэсгийг шилэн фуннелд хийж, PEG6000, T40 Dextran бодисуудыг нэмэн 12-24 цагийн турш 4 хэмд тунадасжуулна. Үүссэн тунадасны доод 2 давхаргыг авч хлороформ ашиглан бактерийн бохирдлоос салгана. Экстрактыг эсэд халдаах хүртэл -20°С хэмд хадгална.
Вирус ялган дүйх: Полио болон полио бус энтеровирусийг илрүүлэх шинжилгээг ДЭМБ-ийн аргачилсан зааврын дагуу хүний булчингийн хорт хавдрын эсээс гарган авсан RD-A шугаман эс болон хулганын эсэд хүний полиовирусийн CD155 рецепторыг генийн инженерчлэлийн аргаар суулган гарган авсан рекомбинант L20B шугаман эс ашиглан гүйцэтгэв. Экстрактыг эсийн өсгөвөрт халдаан 5% CO2 бүхий 37°С –д 5 хоногийн турш өсгөвөрлөв. Эсэд энтеровирусийн эс гэмтээх үйлчилгээг (ЭГҮ/CPE) 1-4 баллаар үнэллээ. 5 хоногийн дараа полиовирус ялгах шинэ алгоритмын дагуу дараагийн шугаман эсүүдрүү шилжүүлж 5% CO2, 37°С хэмд дахин 5 хоногийн турш өсгөвөрлөн эс гэмтээх үйлчилгээг үнэлэн хариуг гаргав.
Судалгааны үр дүн
Зураг 1. Фуннелд 2 фаз үүсгэн тунадасжуулсан байдал
Шинжилгээний дүнгээр полиовирус илрээгүй, нийт дээжийн 33.3% (n=13)-д нь полио-бус энтеровирус илрэв.
Дээж цуглуулсан оноор авч үзвэл 2019 онд цуглуулсан дээжийн 75% (n=4), 2020 онд цуглуулсан дээжийн 53,8% (n=7), 2021 онд цуглуулсан дээжийн 10%-д (n=2) нь полио-бус энтеровирус илэрсэн.
Байршлаар авч үзвэл Улаанбаатар хотоос цуглуулсан дээжийн 29.6% (n=8), Дархан-Уул аймгаас цуглуулсан дээжийн 62.5%-д (n=5) нь тус тус полио-бус энтеровирус илрэв. Сэлэнгэ аймгийн цэвэрлэх байгууламжийн бохир усанд полио-бус энтеровирус илрээгүй бол Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн бохир усанд полио бус энтеровирусийн илрэх хувь хамгийн өндөр байв.
Хэлцэмж
Полиовирусийн эсрэг уудаг, амьд вакцины (ПУАВ/OPV) омог, вакцинаас үүдэлтэй полиовирус (VDPV), зэрлэг хэлбэрийн полиовирусийн омгууд нь хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалан (нарны гэрэл, өндөр температурт идэвхгүй болдог) бохир усанд 2 сар хүртэл халдварлах чадвартай тул бусад улс орнууд полио ба полио бус энтеровирусийн эргэлтийг хянах зорилгоор хүрээлэн буй орчноос бохир усны дээж цуглуулан вирус тодорхойлох шинжилгээг тогтмол хийж байна.
ЦСС-ын тандалт бол халдварт саа буюу полиомиелит өвчнийг илрүүлэх шилдэг арга ба 15-с доош насны 100,000 хүүхэд тутамд ЦСС-ын нэг тохиолдолд бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргасан байдаг. Тандалт судалгаагаар, өвчтөний өтгөний дээжид полиовирус тодорхойлох нь халдварт өвчний тохиолдлыг алдахгүй илрүүлэх, халдвар олон нийтийн дунд тархахаас сэргийлдэг6,7 бол полиовирусыг
хүрээлэн буй орчинд тандах нь шинж тэмдэггүй халдвар авсан, саажилтын эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хүмүүст тандалтын мэдрэг байдлыг шууд бусаар нэмэгдүүлэх ач холбогдолтой юм8. Хүрээлэн буй орчны тандалт нь Египт, Энэтхэг зэрэг улсуудад зэрлэг омгийн полиовирус устгасныг баримтжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг9.
Дүгнэлт
Манай улсын томоохон сууршилын бүсүүдэд хийсэн бидний судалгаагаар полио-бус энтеровирусийн илрэх хувь 2019 онд 75%, 2020 онд 53.8%, 2021 онд 10% болж буурсан байна. Бохир усанд полиовирус илрээгүй нь хүрээлэн буй орчин, хүн амын дунд зэрлэг болон вакцинаас үүдэлтэй полиовирус эргэлтэд байхгүй байгааг харуулж байна.
Ном зүй
1. Committee on Enteroviruses. 1962. Classification of human enteroviruses. Virology 16:501–504. doi.10.1016/0042-6822 (62)90233-7.
2. Gupta A, Robert W. Tolan, asymptomatic (subclinical) meningitis in one of premature triplets with simultaneous Enteroviral meningitis: a case report. AJP Rep. 2012:2(1):15–8. DOI:https://doi.org/10.1016/j.cell.2015.01.032
3. Laassri M, Dragunsky E, Enterline J, Eremeeva T, Ivanova O, Lottenbach K, Belshe R, Chumakov K. 2005. Genomic analysis of vaccine-derived poliovirus strains in stool specimens by combination of full-length PCR and oligonucleotide microarray hybridization. J Clin Microbiol 43:2886–2894. doi:10.1128/JCM.43.6.2886-2894.2005.
4. Haas CN, Rose JB, Gerba C, Regli S. Risk assessment of virus in drinking water. Risk Anal. 1993. 13(5):545–52. https://doi.org/10.1111/j.1539-6924.1993.tb00013.x
5. Melnick JL. New picornavirus vaccines for hepatitis a, and lessons from the control of poliomyelitis by the prototype picornavirus vaccines. Prog Med Virol. 1990. 37:47–55.
6. Wyn-Jones AP, Sellwood J. Enteric viruses in the aquatic environment. J Appl Microbiol. 2001 Dec. 91(6):945–962.
7. WHO Polio laboratory manual, 2004 GenevaWHO WHO/IVB/0410
8. WHO Guidelines for environmental surveillance of poliovirus circulation: World Health Organization, 2003 Geneva Department of Vaccines and Biologicals, WHO
9. DeshpandeJM, Shetty SJ, Siddiqui ZA. Environmental surveillance system to track wild poliovirus transmission, Appl Environ Microbiol, 2003, vol.69 (pg.2919-27)
Судалгааны ажлыг нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, МАУА-ийн гишүүн, профессор Ж.Оюунбилэг
Ашигласан зураг
