• 2023-11-29 03:45:09

Монгол улсын хүн амын гахай хавдар өвчний эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлсон дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Монгол улсын хүн амын гахай хавдар өвчний эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлсон дүн

Үндэслэл 
Гахай хавдар нь Rubulavirus-ийн бүлэг Парамиксовирусээр үүсгэгддэг ихэнхдээ чих орчмын, зарим үед хэлний доод эсвэл эрүүний доод шүлсний булчирхайнууд, тархины эд, зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлж, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм1. Уг өвчнөөр голдуу 5-13 насны хүүхдүүд өвчлөх ба өвчний нууц үе 11-23 хоног байдаг. Өвчин 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх, хоолой залгиур эмзэглэх, чихээр хатгах, бөөлжих зэргээр цочмог хэлбэртэй эхэлдэг бөгөөд хамгийн өвөрмөц онцлог шинж нь чихний ойролцоох шүлсний булчирхай хавдах юм. Хүнд явцтай үед шүлсний булчирхай нэлээн томорч 2 талыг хамрахаас гадна хордлогын шинжүүд давамгайлан илэрнэ. Чихний орчмын шүлсний булчирхайн үрэвсэл (паротит) нь дан ганц гахай хавдрын вирусээр үүсгэгддэггүй боловч паротит үүсгэдэг бусад шалтгаанууд нь паротитыг дэгдэлт хэлбэрээр гаргадаггүй байна2. Иймд насанд хүрэгчид болон хүүхдэд мэдрэлийн гаралтай дүлийрэл, вирусийн гаралтай менингит үүсгэж болно1. Бэлгийн бойжилтын дараах үедээ халдвар авсан нийт эрэгтэйчүүдийн 20-30% төмсөгний үрэвсэл (орхит) тохиолддог ба төмсөг нь жижгэрч хоёулаа гэмтсэн үед үргүй болох тохиолдол байдаг2. Нийт өртсөн хүмүүсийн гуравны нэг нь шинж тэмдэггүй хэлбэрээр, хоёр хүртлэх насны хүүхдүүдийн олонхи нь далд хэлбэрээр өвддөг байна. Өвөл хаврын улирал нь өвчлөлийн оргил үе юм. Гахай хавдрын вакциныг нэвтрүүлэхээс өмнө хийгдсэн хүн амын дархлал тогтцын түвшингийн судалгаанд зарим улс оронд хүн амын 90% арван таван насандаа дархлаатай болсон байхад зарим улс оронд дархлаагүй, өвчинд өртөх магадлалтай насанд хүрэгчид өндөр хувийг эзэлж байна4.
2018 онд Монгол улсын хэмжээнд гахай хавдар өвчний 319 тохиолдол буюу 10 мянган хүн амд 1.0 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 100 тохиолдлоор буюу 10 мянган хүн амд 0.3-аар нэмэгдсэн байна. Нийт халдварт өвчний дотор гахай хавдар өвчин 0.7% эзлэж байна. 10 мянган хүн амд ногдох өвчлөл Дорнод, Дархан-уул, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотод 
улсын дундажаас өндөр байна. Өмнөх онтой харьцуулахад Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад (0.6-1.0)-оор ихсэж бусад аймгуудад буурсан байна. Нийт өвчлөлийн 69.9% Улаанбаатар хотод, 30.1% орон нутагт бүртгэгдсэн байна5.
Гахай хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт бөгөөд гахай хавдрын эсрэг сулруулсан амьд вакцин дангаар буюу улаан бурхан-гахай хавдар-улаанууд (УГУ)-ын гурван цэнт хавсарсан вакцин хэлбэрээр ашиглагддаг. Монгол улсын хувьд УГУ вакциныг 2009 оноос эхлэн хэрэглэдэг болсон5-7. Энэхүү вакцины 0.5 мл буюу 1 хүн тунд гахай хавдрын вирус 5000 CCID50 концентрацтай агуулагдах8,9 ба дархлаажуулалтын үндэсний товлолоор бага насны хүүхдийг 9 сартайд болон 2 настайд 2 тун вакцинаар дархлаажуулдаг6,9.

Зорилго 
Хүн амын дунд гахай хавдар өвчний эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах. 

Материал, арга зүй 
Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи, инновацийн албаны лабораторийг түшиглэн гүйцэтгэсэн бөгөөд судалгааны түүвэрлэлтийг Үндэсний Статистикийн хороотой хамтран хийж, баталгаажуулав. Судалгаанд Архангай, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Ховд, Өмнөговь, Увс, Орхон, Завхан, Өвөрхангай зэрэг 11 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүргийн (Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Баянгол, Сүхбаатар) 6-25 насны 701 хүн хамрагдсан. Судалгаанд оролцогчдод таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, зөвшөөрөл аван, сайн дурын үндсэн дээр судалгаанд хамруулсан.
Судалгаанд оролцогчдоос асуумж судалгаа авч, венийн судаснаас 7 мл орчим цусыг гелэн тусгаарлагчтай вакумтейнерт цуглуулж, сорьц тээвэрлэлтийн горимын дагуу хүйтэн хэлхээний саванд зөөвөрлөн 24 цагийн дотор НЭМҮТ-ийн лабораторид хүлээн авав. Цусны сорьцуудыг центрифугдэж, ийлдсийг ялган, шинжилгээ хийх хүртэл -200 хэмд хөлдөөн хадгалсан.
IgG–ийг Фермент холбоот урвалын аргаар ХБНГУ-ын Virion/Serion үйлдвэрлэгчийн Serion ELISA classic Mumps IgG оношлуурыг ашиглан тодорхойлж гэрлийн долгионы 405 нм уртаар Perlong Medical Equipment үйлдвэрлэгчийн DNM-9602G загварын бичил самбар уншигчаар уншуулав. 
Дархлал тогтцын түвшинг оношлуур үйлдвэрлэгчийн заавар, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжинд үндэслэн дараах байдлаар үнэлэв. Үүнд: 
    Дархлаагүй: эсрэгбиеийн титр <0.01 ОУН/мл
    Хамгаалах доод хэмжээний дархлаатай (minimum protective level): эсрэгбиеийн титр 0.01 – 0.1 ОУН/мл хооронд
    Хэвийн дархлаатай: эсрэгбиеийн титр 0.11 – 1.0 ОУН/мл  хооронд
    Урт хугацааны дархлаатай: эсрэгбиеийн титр 1.1 – 5.0 ОУН/мл;
Лабораторийн шинжилгээний дүнг MS Excel програмд нэгтгэн, SPSS программ ашиглан статистик боловсруулалт хийв. 

Судалгааны үр дүн 
Судалгаанд оролцогчдын 55% эмэгтэй, 45% эрэгтэй байв. Байршилаар нь авч үзвэл баруун бүсээс 117 (18%), төвийн бүсээс 134 (19.5%), хангайн бүсээс 287 (41.7%), Улаанбаатар хотоос 153 (22.2%) хүн судалгаанд хамрагдсан байна (Зураг 1). 
 

Нийт судалгаанд оролцогчдын 66.3% гахай хавдар өвчний эсрэг дархлаатай, 26.5% дархлаагүй, 7.1%  дархлаа тогтцын хамгаалах доод түвшинтэй байв (Хүснэгт 1).
 
Дархлал тогтцын түвшинг насны бүлгээр авч үзвэл 6-10 настай хүн амын гахай хавдрын эсрэг дархлал тогтоц 76.9%, үүнээс 65.2% дархлаа тогтоц бүрэн суусан байна. 11-15 насны хүн амд дархлал тогтцын түвшин 65.7%, үүнээс 61.5% дархлаа тогтоц бүрэн суусан. 16-25 насны хүн амын 74.4% гахай хавдрын дархлаа тогтоц илэрсэн, үүнээс 70.3% дархлаа тогтоц бүрэн суусан байна. 
Гахай хавдрын эсрэг IgG сөрөг (<70 ОУН/мл) буюу дархлаагүй оролцогчдын хувь 11-25 насанд хамгийн өндөр (34.2%) байна. Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн 68.3%, эрэгтэйчүүдийн 62.8% гахай хавдрын эсрэг IgG эерэг тодорхойлогдсон. Геометрийн дундаж таньц эмэгтэйчүүдэд 346.8 ОУН/мл, харин эрэгтэйчүүдэд 329.5 ОУН/мл байсан. Дархлаа тогтоц суусан хүмүүсийн эзлэх хувь эмэгтэйчүүдийн дунд илүү их байгаа боловч статистик ялгаагүй байв (р=0.09). Бүс нутгаар авч үзвэл Улаанбаатар хотод гахай хавдрын эсрэг дархлал тогтоц хамгийн өндөр (68.7%) байсан бол төвийн бүсэд хамгийн бага (62.6%) тодорхойлогдов (Хүснэгт 2).  


Хэлцэмж 
Бид энэхүү судалгаагаар 701 хүний цусны сорьцод гахай хавдар өвчний эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлоход судалгаанд оролцогчдын 26.7% гахай хавдар өвчний эсрэг дархлаагүй, 66.7% хамгаалах дархлаатай болох нь тогтоогдлоо. УГУ-ын эсрэг 3 цэнт вакциныг 9 сартай, 2 настайд хоёр удаа тарьдаг бөгөөд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн хийсэн судалгаагаар хоёр тун бүрэн авсны дараа хүмүүсийн 97% улаан бурханы эсрэг, 88% гахай хавдарын эсрэг, 97% улаануудын эсрэг дархлаа тогтсон байв8. 
Д.Наранзул нарын 2003 онд хийсэн УГУ-ын эсрэг хавсарсан гурван цэнт вакциныг дархлаажуулалтанд нэвтрүүлэх талаар Улаанбаатар хотод хийсэн судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 95.4% улаанбурханы эсрэг, 99% улаануудын эсрэг, 99.6% дархлал тогтсон байв. Бидний судалгаанд хамрагдсан иргэдийн гахай хавдрын эсрэг эсрэгбиеийн таньц 6-10 насанд 75.7%, 11-15 насанд 68.7%, 16-25 насанд 73.8% байгаа нь вакцины дараах тархлал тогтцыг судалсан дүнгээс бага байна. Манай улсад анх 2001 онд 18-34 насны эмэгтэйчүүдэд ОХУ-ын гахай хавдраас сэргийлэх моновакцин, 2009 оноос УГУ-ын хавсарсан гуравт вакциныг товлолын дагуу хийж эхлэсэн тул бидний судалгааны түүврийн 6-10 насны нийт 239 хүүхэд УГУ-ын бүрэн тунтай байх боломжтой ба дээрх насны 75.7%-д гахай хавдрын эсрэг дархлал тогтсон байна. 
Рима Ханна-Ваким нарын судалгаагаар гахай хавдрын эсрэг вакцин хийлгэсэн болон гахай хавдар үүсгэгчээр өвчилсөнөөс хойш 10 жилийн дараа хийсэн дархлал тогтцын судалгааны дүнгээс харахад халдвар аваад эдгэсэн болон дархлаажуулалтад хамрагдсан бүлгүүдийн хооронд дархлал тогтцын түвшин ялгаагүй гарсан байна11. Иймд “Хамгаалах хамгийн доод түвшний дархлаатай” гэсэн хариу гарсан тохиолдолд нэмэлт дархлаажуулалтад хамруулах, 4-6 долоо хоногийн дараа дархлал тогтоц тодорхойлох шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай харагдаж байна.

Дүгнэлт
Судалгаанд оролцогчдын 26.7% дархлаагүй байгаа нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдах шаардлагатайг харуулж байгаа тул дархлаажуулалтын үр дүнг хамралтын хувиар бус лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах зайлшгүй шаардлагатай.

Ном зүй 
1.    Iman A, Mumps Vaccines: Current Challenges and Future Prospects, Microbiol., 20 August 2020 | https://doi.org/10.3389/fmicb.2020.01999
2.    Цэцэгмаа Г, Туул Р, Батсүх Б. Гахай хавдраар өвчлөгсдийн цусанд вирус- өвөрмөц IgM тодорхойлсон дүн. Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, №4(29) 2009 он.16
3.    Халдварт өвчний хяналтын лавлах, 18-р хэвлэл. S.Robertson (Орчуулга: Н.Цэнд) Гахай хавдар ICD – 9 072; ICD – 10 B26. 
4.    Jokinen S, Цsterlund P, Julkunen I, Davidkin I, Cellular Immunity to Mumps Virus in Young Adults 21 Years after Measles-Mumps-Rubella Vaccination, The Journal of Infectious Diseases, Volume 196, Issue 6, 15 September 2007, Pages 861–867, https://doi.org/10.1086/521029
5.    ЭМХТ-ийн Эрүүл мэндийн статистикийн мэдээлэл (2018 оны эхний 8 сарын байдлаар) https://www.chd.mohs.mn/
6.    Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дархлаажуулалтын албаны тайлан, 2016-2018 он.
7.    Монгол улсын Засгийн газрын тогтоол. Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай, 2009 оны 06 дугаарын сарын 24-ний өдрийн 185 дугаар тогтоол.
8.    АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв https://www.cdc.gov/mumps/vaccination.html#footnote
9.    Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2004 оны 91 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт https://www.legalinfo.mn/annex/details/4069?lawid=4629 
10.    Mumps vaccines: WHO position paper – April 2017. Weekly, Epidemiol Rec.92 (17):205–27, 2017.
11.    Rima Hanna-Wakim, Linda L. Yasukawa, Phillip S, Ann M. Arvin, and Hayley A. Gans, Immune Responses to Mumps Vaccine in Adults Who Were Vaccinated in Childhood, J Infect Dis. 2008 Jun 15; 197(12): 1669–1675. doi: 10.1086/588195
 


Судалгааны ажлыг хянаж, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор С.Цэгмэд

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№2 2022-PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

125

2023-11-29

он