-
2023-11-29 04:28:21
Дархан-уул аймагт коронавируст халдвар (ковид-19)-аар нас барагсдын судалгаа
Дархан-уул аймагт коронавируст халдвар (ковид-19)-аар нас барагсдын судалгаа
Үндэслэл
Коронавируст халдвар (КОВИД-19)-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал”, улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Цар тахал” болсныг зарласан. Манай улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр коронавируст халдвар (КОВИД-19)-ын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол гарч, 11 дүгээр сарын 11-ний өдөр дотоодод халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр коронавируст халдвар (КОВИД-19)-ын нас баралт анх бүртгэгдсэн. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед улс орон бүр коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархвар зүй, эмнэлзүйн шинж чанар, нас баралтыг судалж, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аргуудыг боловсронгуй болгоход онцгой анхаарал хандуулж судалсаар байна.
Зорилго
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хүндрэл нас баралтын зонхилох шалтгааныг тогтоох, халдварын хяналтыг сайжруулах, коронавирусын халдвар (КОВИД-19)-аас цаашид урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахад анхаарах шаардлагатай хүчин зүйлсийг илрүүлэхэд оршино.
Материал, арга зүй
Энэ судалгаанд Дархан-Уул аймагт коронавирст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас баралтын тохиолдлыг судлав. Статистик боловсруулалтыг IBM SPSS Statistics 25 программыг ашиглан хийж, хувьсамжийн дундаж үзүүлэлт, дундаж алдаа, хамгийн их, бага утгыг тодорхойлж, ANOVA шалгуураар үнэллээ. Үнэн магадлалын шалгуур p<0.05 үед судлаж байгаа хувьсамж нь бүлгүүдэд статистикийн үнэн магадлал бүхий ялгаатай гэж үзлээ.
Судалгааны үр дүн
Нас баралтын цаг хугацааны хандлагыг судалсан дүн: Дархан-Уул аймгийн хэмжээнд 2021 онд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас 52 хүн нас барсан бөгөөд нас баралт анх 06 дугаар сард бүртгэгдээд, дараагийн саруудад өсөн нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж 09, 10 дугаар сард нас баралт хамгийн их бүртгэгдсэн байна (Зураг 1).
Нас баралтыг 7 хоногоор судалж үзвэл 08 дугаар сарын 30-аас нас баралтын тоо өсөж эхэлсэн бөгөөд 10 дугаар сард тогтвортой өсч, 11 дүгээр сард буурсан байна (Зураг 2).
Нас баралтыг газар зүйн байршлаар судалсан дүн: Нийт нас баралтын дийлэнх хувь (73.1%, n=34) Дархан суманд бүртгэгдсэн байгаа бол 25% Шарын гол, Хонгор, Орхон сумдад бүртгэгдсэн байна (Хүснэгт 1).
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас баралт Дархан суманд хамгийн их бүртгэгдсэн бөгөөд түүний 18.4% (n=6) 11 дүгээр багт бүртгэгдсэн байна.
Нас баралтыг хүн ам зүйн үзүүлэлтээр судалсан дүн: Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас барсан хүмүүсийн дундаж нас 62±17.8 байгаа бөгөөд хамгийн бага нь нэг сартай, хамгийн ахмад нь 89 настай хүн нас барсан байна. Нас баралт 50-аас дээшхи насны бүлэгт өндөр бүртгэгдсэн байна (Зураг 3).
Хүйсийн хувьд 62% эмэгтэй, 38% эрэгтэй эзэлж байна.
Нас баралтыг бусад үзүүлэлтээр судалсан дүн: Коронавируст халдвар (КОВИД-19)-тэй холбоотой нийт нас барсан хүмүүсийн 98% эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан байгаа бол 2% эмнэлэгт хэвтээгүй байна (Зураг 4).
Эмнэлгийн орны хүлээгдлийн байдлыг онош батлагдсан өдрөөс эхэлж тооцоход 52.8% тухайн өдрөө эмнэлэгт хэвтэж, тусламж үйлчилгээ авсан бол 14%, гэрийн эмчилгээний багц аваад 5-8 хоног эмчлэгдэж байгаад эмнэлэгт шилжсэн үзүүлэлттэй байна (Зураг 5).
Нийт нас баралтын 32.6 % эмнэлэг хооронд шилжсэн, 2% огт эмнэлэгт хэвтээгүй, 13.9% гэрээр эмчлэгдэж байгаад эмнэлэгт хэвтэн нас барсан байна (Зураг 6).
Коронавируст халдвар (КОВИД-19)-тэй холбоотой нас баралтын эмнэлгийн ор хоногийг тооцож үзэхэд дунджаар 5 хоног (0-32 хоног) хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Оношлогдсон өдрийг гаригаар нь авч үзэхэд Даваа гаригт 9.6% (5), Мягмар гаригт 9.6% (5), Лхагва гаригт 19.2% (10), Пүрэв гаригт 13.4% (7), Баасан гаригт 25.3% (13), Бямба гаригт 7.6% (4), Ням гаригт 15.3% (8) байна. Хэвтсэн ор хоног нь оношлогдсон өдөр буюу гаригтай статистик ач холбогдол бүхий хамааралгүй (p=0.978) байна. Энэ нь ажлын болон амралтын өдрүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн тасралтгүй байдал хэвийн буйг харуулж байна (Хүснэгт 2).
Нийт нас баралтын 47.4% (n=27) коронавируст халдвар (КОВИД-19)-ын хүндрэл болох амьсгалын хурц дутагдал, хүнд хэлбэрийн уушгины хатгаа, зүрх судасны тогтолцооны ямар нэгэн архаг өвчний (артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, цус багадалт зэрэг) оноштой байв. Үүнийг тодруулан авч үзвэл: артерийн даралт ихсэлттэй 26.9% (14), зүрх судасны эмгэгтэй 19.2% (10), чихрийн шижинтэй 26.9% (14), хавдартай1.9% (1), тархины цус харвалт болон харвалтын дараах үлдэц 9.6% (5), 2-3 төрлийн хавсарсан эмгэгтэй 36.5% (19) тус тус эзэлж байна (Зураг 7).
Коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой нийт нас барсан хүмүүсийн вакцины хамрагдалтыг судалж үзэхэд нэг, хоёрдугаар тунд 67.3% (35) , зөвхөн нэгдүгээр тунд 3.8% (2), гуравдугаар тунд 5.7% (3) хамрагдсан байгаа бол 23.2% (12) вакцинд огт хамрагдаагүй байна.
Сүүлийн тунд хамрагдсан сараар нь авч үзэхэд 04 дүгээр сард хамрагдсан 2.3% (1), 05 дугаар сард хамрагдсан 82.5% (33), 06 дугаар сард хамрагдсан 7.5% (3), 09 дүгээр сард хамрагдсан 2.5% (1) байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой нас барсан хүмүүсийн вакцинд хамрагдсанаас хойш ямар хугацаанд онош батлагдсаныг судалж үзэхэд дундажаар 111 хоногийн дараа буюу 3-4 сарын дараа халдвар авсан байна. Тухайлбал хамгийн сүүлийн вакцинд хамрагдсанаас хойш хамгийн багадаа 1 хоногийн дараа, хамгийн ихдээ 156 хоногийн дараа онош нь батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дархан-Уул аймаг дахь коронавируст (КОВИД-19)-ын шалтгаант халдварт нас баралтын хувь (Infection Fatality Rate - IFR) -ийг үнэлэхэд дараах үр дүн гарав. Үүнд: Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас баралт 52, нийт өвчлөлийн тохиолдол 12762 бүртгэгдсэн бөгөөд халдвараар нас баралтын хувь (IFR)-ийг тооцов.
Халдварт нас баралтын хувь (IFR)=Нас баралт/Нийт өвчлөлийн тохиолдолд =52/12762= 0.004%.
Коронавируст халдвар (КОВИД-19) авсан хүмүүсийн 0.004% үхлийн үр дагавартай, харин 99.996% эдгэрэх магадлалтай байсан байна.
Дүгнэлт
1. Нийт 52 нас баралтаас эхнийх нь 06 дугаар сард бүртгэгдээд, дараагийн саруудад өсөн нэмэгдэх зүй тогтлоор 09, 10 дугаар сард нас баралт хамгийн их бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд нас баралтын хувь (IFR) 0.004% байна.
2. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас баралт Дархан суманд хамгийн их (73.1%) бүртгэгдсэн.
3. Нас барсан хүмүүс хүйсийн хувьд эмэгтэй 62%, эрэгтэй 38%, дундаж нас 62±17.8, 85.9% 50-с дээш насны иргэд байна.
4. Нийт нас баралтын 47.4% (n=27) нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын хүндрэл болох амьсгалын хурц дутагдал, уушгины хүнд хэлбэрийн хатгаа, зүрх судасны тогтолцооны ямар нэгэн архаг өвчин, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, цус багадалт зэрэг өвчний улмаас нас барсан байна.
5. Нийт нас баралтын 70% гаруй дархлаажуулалтын сүүлийн тунд 05-06 дугаар сард хамрагдаж дархлаажуулалтаас хойш 3-4 сарын дараа халдвар авсан байна.
6. Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой бүртгэгдсэн нийт 61 нас баралт бүртгэгдсэн ба нас баралтын 85.3% (52) нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаанаар, 14.7% (9) бусад хавсарсан, болон суурь өвчний шалтгаанаар нас барсан байна.
7. Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд сайн дурын шинжилгээний цэгийн тоог нэмж коронавируст халдвар (КОВИД-19)-ыг эрт илрүүлэх шаардлагатайг харуулж байна.
8. Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх амбулатори ажиллуулан цээжний рентген харж хавсарсан болон өвчтэй иргэдийг эмчлэн, тусгаарлах эмнэлэгт цаг алдалгүй хэвтүүлж байх хэрэгтэй байна.
Ном зүй
1. https://www.worldometers.info/coronavirus/
2. https://covid19.mohs.mn/p/cat/post/57/
3. https://www.worldometers.info/coronavirus/coronavirus-death-rate/
4. A novel coronavirus outbreak of global health concern - Chen Wang et al., The Lancet. January 24, 2020
5. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт өвчлөгсдийн тархвар зүйн асуумж судалгаа, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Тархвар зүйн баг, 2021 он
Судалгааны ажлыг хянаж, нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн Зөвлөх, АШУ-ны доктор, МАУА-ийн гишүүн, профессор Н.Сайжаа
Ашигласан зураг
