-
2023-12-11 02:58:42
Дархан-уул аймгийн 6-8 насны хүүхдийн байнгын 1 дүгээр их араа шүдэнд ховил битүүлэгч тавигдсан байдлыг судлах нь
Дархан-уул аймгийн 6-8 насны хүүхдийн байнгын 1 дүгээр их араа шүдэнд ховил битүүлэгч тавигдсан байдлыг судлах нь
Үндэслэл
Байнгын 1 дүгээр их араа шүд нь өвөрмөц онцлогтой. Шүд шүдэлснээс эхлэн хоршилт үүсч, бүрэн ил цухуйж өөрөөр хэлбэл шүдээрээ хоол зажилж, ам өөрөө цэвэрших буюу шүд өөрийгөө хамгаалах хүртэл дундаж хугацаа нь хоншоорын шүдэнд 6.1 сар, эрүүний шүдэнд 10.9 сар гэж үздэг. Байнгын 1 дүгээр их араа шүд нь дөнгөж цухуйж байхдаа шүдний төрөлхийн ховил хонхор нь гүнзгий илэрдэг тул хоолны үлдэгдэл хуримтлагдан, мөн буйлаар бүрхэгдсэн байдаг тул угаахад өвдөж эмзэглэн сайн угаагдалгүй байнгын өнгөртэй байсаар цоордог. Мөн хамгийн түрүүнд 6 настайд шүдэлдэг тул эцэг, эхчүүд сүүн шүдтэй андууран огт анзааралгүй байсаар байнгын шүднүүд шүдэлж дуусах үед аль хэдийн шүд цоорох өвчинд өртөн, улмаар цоорол даамжирч авахуулах хэмжээнд хүрсэн байдаг.
Хүүхдийн байнгын 1 дүгээр их араа шүдийг цоорлоос сэргийлэхийн тулд тухайн шүдийг шүдэлмэгц шүдний ховилыг зориулалтын материалаар битүүлэх буюу ховил битүүлэх ломбо тавих аргаар цоорол үүсэхээс сэргийлдэг¹. Дэлхийн нийт хүн амын дотор 3.58 тэрбум нь амны хөндийн өвчлөлтэй байгааг судалгааны үр дүн харуулж байна. Сүүн шүдний шүд цоорох өвчний улмаас 486 сая хүүхэд зовж шаналж байна гэсэн тоо баримт бий2. Дэлхий даяар нийт хүүхдийн 60-90% шүд цоорох өвчин (ШЦӨ)-өөр өвчилсөн байгаагаас Ази, Латин Америк зэрэг хөгжиж буй орнуудад өндөр тархалттай байгаа нь тулгамдсан асуудал болж байна³.
ДЭМБ-ын удирдамжид тусгаснаар Монгол улсад шүд цоорох өвчний тархалт буурахгүй жилээс жилд өсөн нэмэгдэж байна⁴. Улаанбаатар хотын хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн 2011 оны судалгаагаар 5-6 насанд шүдэлсэн 274 байнгын 6 дугаар шүдний 6 цоорсон, 5 ломбодсон, 1 авагдсан байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 6-8 настай хүүхдийн дунд байнгын 1 дүгээр их араа шүдний байдлыг судласан судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг анхлан гүйцэтгэх үндэслэл боллоо.
Зорилго
Дархан-Уул аймгийн хэмжээнд 6-8 настай хүүхдийн байнгын 1 дүгээр их араа шүдэнд ховил битүүлэгч тавигдсан байдлыг судлахад энэхүү судалгааны зорилго оршино.
Материал, арга зүй
Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-8 настай 400 хүүхдийг түүврийн аргаар хамруулан явууллаа. Амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гаргасан нүүр амны өвчин судлах картанд нэмэлт өөрчлөлт оруулан, нэг удаагийн үзлэгийн багаж ашиглан сургуулийн эмчийн өрөөнд байгалийн гэрэлтүүлгийн дор 2 эмч, 2 сувилагч хийж гүйцэтгэсэн.
Статистик боловсруулалтыг SPSS 25.0, Excel программуудыг ашиглан гүйцэтгэв. Судалгааны хэмжигдэхүүний дескриптив статистикийг бодож, бүлэг хоорондын ялгаа, хамаарлын тодорхойлохдоо нэг түүврийн Т-тест ашиглан р<0.05 бага бол статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзсэн.
Судалгааны үр дүн
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 26% 6 настай, 57.5% 7 настай, 16.5% 8 настай, хүйсийн хувьд 52% эмэгтэй, 48% эрэгтэй байлаа.
Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдагсдын 8% ховил битүүлэгч тавиулсан байна. Энэ нь эмнэлгийн үйлчилгээг авч байгаатай холбоотой байж болох юм (Зураг 1).
Шүд цоорох өвчний тархалт 93% байсан бол ШЦӨ-ний эрчим 6.4 буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд өндөр түвшинд байна (Зураг 2).
Судалгаанд хамрагдагсдын 75% цоорсон, 20% ломбодсон, 5% авахуулсан байна. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй, шүдийг өвдөхөөс өмнө арга хэмжээ авах бус цооролд өртсөний дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч байгаатай холбоотой байж болох юм (Зураг 3).
Байнгын 1 дүгээр их араа шүдний 90.5% цоорсон, 9.5% нь ломбодсон байсан бол авахуулсан шүд байхгүй байна (Зураг 4).
ШЦӨ-ний эрчмийг нас тус бүрээр харьцуулан үзэхэд 6 настайд 7.3% буюу “маш өндөр” байна. Энэ нь стастикийн хувьд ач холбогдол бүхий үр дүн ажиглагдлаа. Харин хүйс болон сургуулийн байрлалтай харьцуулан үзэхэд онцын ялгаа ажиглагдсангүй (Хүснэгт 1).
Судалгааны үр дүнгээс харахад ШЦӨ-ний тархалт 6 настайд 98.94%, 7 настайд 91%, 8 настайд 98.5% байсан ба эрэгтэй хүүхдэд ШЦӨ-ний тархалт 94%, эмэгтэй хүүхдэд 92% байлаа (Хүснэгт 2).
Судалгааны үр дүнгээс харахад байнгын 1 дүгээр их араа шүдэнд ховил битүүлэгч тавьсан үзүүлэлтийг нас болон сургуулийн байрлалаар харьцуулан үзэхэд аймгийн төвөөс зайдуу сумуудад ховил битүүлэгч тавиулсан хүүхэд байгаагүй нь статистик ач холбогдол бүхий үр дүн ажиглагдлаа (Хүснэгт 3).
Судалгааны үр дүнгээс харахад 4 дүгээр шүдний цоорол өндөр байна. Харин 16 дугаар шүдний цоорол бага байгаа нь ажиглагдлаа. Энэ нь байнгын 1 дүгээр их араа шүдний шүдлэлтийн байдалтай холбоотой байж болох юм.
Хэлцэмж
Дэлхийн нийт хүн амын дотор 3.58 тэрбум нь амны хөндийн өвчлөлтэй гэсэн судалгаа бий. Амны хөндийн өвчлөл дотроос шүд цоорох өвчин хамгийн түгээмэл тохиолддог ба халдварт тархмал өвчин гэж үздэг. Байнгын шүдний шүд цоорох өвчний улмаас 2.4 тэрбум, сүүн шүдний шүд цоорох өвчний улмаас 486 сая хүүхэд зовж шаналж байна гэсэн тоо баримт бий. Дэлхий даяар нийт хүүхдийн 60-90% нь шүд цоорох өвчнөөр өвчилсөн байгаагаас Ази, Латин Америк зэрэг хөгжиж буй орнуудад өндөр тархалттай байгаа ч нийгэм эдийн засгийн байдал, хүн амын дундах амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, дадлаас шалтгаалан өөр өөр байна.
ДЭМБ-ын удирдамжид тусгаснаар Монгол улсад шүд цоорох өвчний тархалт буурахгүй жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бол эсрэгээрээ хөгжилтэй орнуудад буурч байгаа билээ. Тухайлбал: ШЦӨ-ний тархалт Араб улсад хүүхдийн дунд 76%, Өмнөд солонгос улсад 53.96%, Америкийн Нэгдсэн улсад 50.5%, Хятад улсад 47.02%, Япон улсад 25.9% байна. Энэ нь судалгааг хийсэн хугацаа, тухайн улсыг аль бүс нутагт хийснээс хамаарч ялгаатай байна.
Хятад улсын 2012 оны судалгаагаар 7-8 настай 1043 хүүхдийн 8.7% нь цооролд өртсөнөөс 27.3% нь паалангийн, 8.7% нь тугалмайн түвшинд байсан. Манай орны хувьд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар сургуулийн насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 86.1% байна. Улаанбаатар хотын хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн 2011 оны судалгаагаар 5-6 насанд шүдэлсэн 274 байнгын 6 дугаар шүдний 6 цоорсон, 5 ломбодсон, 1 авагдсан байна.
Бид энэхүү судалгаагаар Дархан-Уул аймгийн 4 сумын сургуульд 6-8 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалт, эрчим болон байнгын 1 дүгээр их араа шүдний байдлыг судлан үзлээ. Судалгаанд Дархан сумын Шинэ дарханы 7, 9 дүгээр сургууль, Хуучин дарханы 15, 18 дугаар сургууль, Шарын гол сумын 14 дүгээр сургууль, Орхон сумын 2 дугаар сургууль, Хонгор сумын 1 дүгээр сургуулийн нийт 400 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдний дунд ШЦӨ-ний тархалт 93%, эрчим 6.4 ЦЛА/ш+цла/ш байгаа нь судалгааны үр дүнгээр тогтоогдлоо. ШЦӨ-ний эрчим нь ДЭМБ-аас гаргасан шалгуураар үнэлэхэд “өндөр” түвшинд байна. Манай улсад өмнө хийгдсэн судалгааны үр дүнгийн ШЦӨ-ний тархалттай харьцуулахад мөн өндөр байна. Энэ нь Дархан-Уул аймагт сургуулийн насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тогтмол зохион байгуулдаггүйтэй холбоотой байж болох талтай юм.
Байнгын шүдний шүд цоорох өвчний үед хамгийн өндөр тархалттай шүд бол байнгын 1 дүгээр их араа шүд юм. Уг судалгаагаар байнгын 1 дүгээр их араа шүдний цоорлын эрчим 1.3 ЦЛА/ш буюу 90.5% цоорсон, 9.5% ломбодсон байсан бол авахуулсан шүд байхгүй байна. Энэ нь Хятад улсад хийгдсэн судалгаатай харьцуулахад өндөр байгаа нь судалгааны үр дүнгээр тогтоогдлоо. Энэхүү үр дүнгээс цоорсон шүдний тоо олон, ломбодсон шүдний тоо цөөн байгаа нь эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийн байнгын 1 дүгээр их араа шүдийг сүүн шүдтэй андууран, солигдох шүд гэж үзэн, төдийлөн анхаарч, эмчилгээнд хамруулдаггүй байж болох талтайг харуулж байна. Бидний судалгаанд оролцогчдын байнгын 1 дүгээр их араа шүдэнд ховил битүүлэгч тавьсан үзүүлэлтийг нас болон сургуулийн байрлалаар харьцуулан үзэхэд аймгийн төвөөс зайдуу сумуудад ховил битүүлэгч тавиулсан хүүхэд байгаагүй нь статистик ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсан. Иймээс шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, тогтмол хяналтанд хамрагдаж, байнгын 1 дүгээр их араа шүдийг дөнгөж шүдэлмэгц цооролд өртөхөөс сэргийлэн ховил битүүлэгч ломбо тавиулах, ШЦӨ-ний эмчилгээг цаг алдалгүй хийлгэж байх нь зажлах үйлийн алдагдлаас сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.
Дүгнэлт
1. Дархан-Уул аймгийн 6-8 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 93%, эрчим 6.4 ЦЛА(ш)+цл(ш) буюу өндөр байлаа.
2. Байнгын 1 дүгээр их араа шүдний ШЦӨ-ний эрчим 1.3 ЦЛА(ш) байв.
3. Байнгын 1 дүгээр их араа шүдний ховил битүүлэгч тавиулсан хүүхдийн эзлэх хувь 8% байлаа.
Талархал
Энэхүү судалгааны ажлыг хийхэд туслалцаа үзүүлсэн АШУҮИС-ийн НАСС, ХНАСУСТ-ийн хамт олон, мэргэшигч эмч нар, Дархан-Уул аймгийн Харзтай шүдний эмнэлгийн хамт олон болон Дархан-Уул аймгийн 18, 15, 9, 7, 14, 2, 1 дүгээр сургуулийн хамт олонд хамтран ажиллаж, судалгааны ажилд идэвхитэй хамрагдсанд гүн талархал илэрхийлж байна. Ном зүй
1. Оказаки Ё. Оюунцэцэг Б. Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт
2. GBD 2016 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. 1990-2016; a systematic analysis for the Global Burden of Disease Study 2016. Lancet. 2017;390 (10100):1211-1259.
3. World Health Organization. World Oral Health Report 2003. Published 2003. Accessed 15 February, 2018
4. Seow, W.K. (1998): Biological mechanisms of early childhood caries. Community Dentistry and Oral Epidemiology 26 (Supplement), 8-27
5. WHO, Media centre, Oral Health Fact sheet, N318 April 2012
6. Акасака.М, Нишино.М, Саса.Р, Такаги.Ю, Тамура.Я. 2009 он. Хүүхдийн нүүр ам судлал.
7. IADR. Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг судалсан үндэсний судалгааны дүн 2013:32
8. Норовпил Ц, Байгальмаа Б. Шүдний өвчин. 2 ed: мөнхийн үсэг групп. 2009
9. Rebello J. Asymmetric extractions used in the treatment of patients with asymmetries. Semin Othod 1988;4:180-8
10. Oyuntsetseg B, Okazaki Y, Shimono T. The relationship between the salivary buffer capacity test (CAT 21 Buf Test) results and caries status in Mongolian preschool children. Pediatric Dental Journal 2005;15(1):115-119
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Д.Отгонжаргал
Ашигласан зураг
