-
2023-12-11 03:37:18
Өсвөр үеийнхний архи, согтууруулах ундааны хэрэглээг судалсан дүн
Өсвөр үеийнхний архи, согтууруулах ундааны хэрэглээг судалсан дүн
Үндэслэл
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчний шалтгаантай нас баралтыг 2025 он гэхэд 25%, 2030 он гэхэд 1/3 бууруулахаар заажээ1,2. Дэлхийн эрүүл мэндийн 66 дугаар чуулганаар баталсан “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг хянах” тухайлбал: архи, согтууруулах ундааны хэрэглээг одоо байгаа түвшнээс 10%, тамхи таталтыг 15-аас дээш насныханд 30%, идэвхгүй хөдөлгөөнийг 10% тус тус бууруулахаар заажээ3.
Дэлхий дахинд 6 хүн тутмын нэг нь 10-19 насныхан байна. Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэл насны хүүхэд эзэлж байна4. Хүний амьдралын хамгийн эрчимтэй хөгжлийн үе болох 10-19 насанд бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн хөгжиж төлөвшдөг. Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний идэвхигүй байдал, хамгаалалтгүй бэлгийн харьцаа, хүчирхийлэл зэрэг нь насанд хүрэгчдин төдийгүй өсвөр насныхны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн13.1% амьсгалын тогтолцооны өвчлөлөөр 11.3%, гэмтэл буюу гадны шалтгаант тодорхой эмгэгээр өвчлөгсдийн 14.5%-ийг өсвөр үеийнхэн эзэлж байна5. Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь сурагч, өсвөр үеийнхэнд ч хамаатай асуудал болоод байна.
Иймээс бид халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болох архи согтууруулах ундааны хэрэглээг өсвөр үеийнхний дунд тогтоох зорилгоор энэ судалгааг гүйцэтгэв.
Зорилго
Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын архи, согтууруулах ундааны хэрэглээг судлах
Материал, арга зүй
Монгол орны газар зүйн 4 бүс тус бүрээс 2 аймаг, аймаг бүрээс 2-3 сум, Улаанбаатар хотын 3 дүүргийн сургуулиудын жагсаалтаас санамсаргүй түүврийн аргаар, статистикийн магадлалыг тооцон хамруулав. Түүвэрлэлтэд 6-12 дугаар ангийн 4514 сурагчийг хамруулав.
Судалгааг НҮБ, АНУ-ын зөвлөх мэргэжилтнүүдийн боловсруулсан эрүүл мэндийн судалгааны аргачлалын дагуу 11 бүлэг, 82 асуултаар явуулав. НЭМҮТ-ийн Эрдмийн Зөвлөлийн 2018 оны 11 сарын хурлаар батласны дагуу асуумж судалгааг 10-12 нас, 13-19 нас гэж 2 ангилав. Мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд Excel, SPSS 21.0 зэрэг программуудыг ашиглав.
Судалгааны үр дүн
Согтууруулах ундаа ууж үзсэн гэдэгт архи, пиво, вино зэргийг 1-2 удаа уруулдаа хүргэсэн, амссан зэргийг тооцоогүй болно. Нэг уулт хэмжээ гэдэгт 1 хундага дарс, 1 лааз пиво, нэг хундага архи, ликёр зэрэг бусад согтууруулах төрлийн ундааг хэрэглэснийг тооцсон.
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 12.6% согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн ба бүсээр авч үзвэл баруун бүс (5.8%)-д хамгийн бага, Улаанбаатар хотын өсвөр насныхан дунд хамгийн өндөр (16.6%) байна. Нас нэмэгдэх тусам буюу 16-гаас дээш насныхны 20.2% буюу 10 дугаар ангиас эхлэн согтууруулах ундааны хэрэглэж үзэх байдал нэмэгдэж байв. Сүүлийн сард 1 ба түүнээс илүү стандарт уулт хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн өсвөр үеийнхэн 2.3% байсан ба 11, 12 дугаар ангийнхны (3.7%, 3.8%) хэрэглээ дунджаас өндөр байна. Сүүлийн сар нэг стандарт уултаас их согтууруулах ундаа хэрэглэсэн байдал хот, хөдөөгийн хооронд ялгаагүй байсан бол Хангайн бүсэд (4.4%) дунджаас илүү байв (Хүснэгт 1).
Согтууруулах ундаа хэрэглэж үзсэн өсвөр үеийнхний 41.3% шар айраг, 6.0% архийг сонгон хэрэглэсэн бол 16.6% гэртээ исгэсэн согтууруулах төрлийн ундаа уусан байна (Зураг 1).
Согтууруулах ундаа дэлгүүрээс авч хэрэглэдэг байдал 12 дугаар ангийн хүүхдийн дунд 4.3%, Хангайн бүсэд 2.7% байгаа нь дунджаас өндөр байна. Гэртээ, найзындаа согтууруулах ундаа хэрэглэсэн оролцогчийн 7.7% байна.
Согтууруулах ундаа хэрэглэж үзсэн өсвөр үеийнхний 44.8% дэлгүүрээс, 13.3% найзаасаа, 11.0% гэрээсээ авч уусан гэжээ.
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 6.6% (n=175) согтууруулах ундаа хэрэглээд согтсон байдалд орж байсан бол 2.9% согтууруулах ундаа хэрэглэснээс болж гэр бүл, найз нөхөддөө түвэг учруулах, хичээлээс хоцрох, таслах, хэн нэгэнтэй зодоон хийж байсан байна.
Хичээлийн жил эхэлснээс хойш сургуулиуд архи, согтууруулах ундааны хор хөнөөлтэй холбоотой хичээл, яриаг 45.9% хийсэн нь 9, 10 дугаар ангид түлхүү орсон байна. Улаанбаатар хотын сургуулиуд энэ талын хичээл, яриаг хамгийн бага (33.4%), зүүн бүсийн сургуулиуд (65.3%) харьцангуй өндөр хийжээ. Согтууруулах ундааны хэрэглээний сурталчилгааг мэдээллийн хэрэгслээр сүүлийн нэг сарын хугацаанд 78.6% харсан гэж хариулжээ.
Хэлцэмж
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 12.6% согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн байгаа нь 2010 оны (29.1%)6 үзүүлэлттэй харьцуулахад 2.3 дахин, 2013 оны (26.5%)7 үзүүлэлттэй харьцуулахад 2.1 дахин тус тус буурсан байна. Уг үр дүнг Испани улсад 2019 онд хийгдсэн судалгааны дүнтэй (20%) харьцуулахад 1.6 дахин бага байна8.
Сүүлийн сард согтууруулах ундаа хэрэглэсэн сурагч 3.2% байгаа нь өмнөх судалгаанаас 3 дахин (8.9%) буурсан байна. Уг үр дүнг Итали улсад хийгдсэн судалгааны үр дүнтэй (16.7%) харьцуулахад 5.2 дахин бага байна9.
Өсвөр насныхны согтууруулах ундаа анх ууж үзсэн нас өмнөх судалгаатай харьцуулахад буурчээ (Хүснэгт 2). Тухайлбал 14-өөс доош насандаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн өсвөр үеийнхэн 10.5% байгаа нь өмнөх судалгаатай харьцуулахад 4 дахин буурсан нь сайн үзүүлэлт юм.
Өсвөр үеийнхний 32.5% нь согтууруулах ундаа хэрэглэдэг өрхөд амьдардаг гэсэн нь өмнөх судалгаатай (2013 он - 35.8%) ойролцоо үзүүлэлттэй байна.
Согтууруулах ундаанаас өсвөр үеийнхэн ямар төрлийг нь сонгон хэрэглэдэг талаар судлахад 41.3% шар айраг хэрэглэж байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ үзүүлэлт 2010 онд 54.5%, 2013 онд 58.2% байсан нь 16.9%-иар багассан байна.
Согтууруулах ундааг хамгийн сүүлд хаана хэрэглэсэн байдлыг өмнөх судалгаатай харьцуулан харуулав (Зураг 2). Согтууруулах ундаа хэрэглэсэн сурагчдын 45.4% гэртээ, 27.6% найзындаа, 16.2% бусад гэдэгт хариулт өгснөөс харахад өсвөр үеийнхний дийлэнх нь дээрх 3 газар согтууруулах ундааг хэрэглэж байгааг анхаарах шаардлагатай.
Согтууруулах ундааны сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэмжихгүй хориглосон хэдий ч энэ талаарх ил болон далд сурталчилгаа хийгдсээр байгаа нь бүх нийтээрээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэйг харуулж байна.
Дүгнэлт
1. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 12.6% согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний талаархи ил болон далд сурталчилгаа хийгдсээр байгааг харуулж байна.
2. Өсвөр насныхны согтууруулах ундааны хэрэглээ буурсаар байгаа сайн үзүүлэлт байгаа ч хүйсээр авч үзвэл эрэгтэй өсвөр үеийнхэнд ялангуяа Улаанбаатар хотын, Хангайн болон зүүн бүсийхэнд архины хэрэглээ өндөр хувьтай хэвээр байна.
Ном зүй
1. https://sdg.1212.mn/
2. Халдварт бус өвчинтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөр, 2017
3. Noncommunicable Diseases Global Monitoring Framework: Indicator Definitions and Specifications, 2014
4. https://www.who.int/factsheet
5. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик, 2017
6. ЭМЯ, АНУ-ын ӨСТ, ДЭМБ, ММСС, НЭМХ. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, 2011 он
7. ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМХ. Халдварт бус өвчин, Осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа, 2013 он
8. https://www.samhsa.gov/data/sites/default/files/reports/rpt29394/NSDUHD…Accessed January 11, 2021.
9. Rossella Z, Franco M, Stefania E, Aida B. Alcohol use in early adolescence: findings from a survey among middle school students in Italy, Pediatric Research volume 82, pages 915–919 (2017)
Судалгааны ажлыг нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Ж.Батжаргал
Ашигласан зураг
