• 2023-12-11 04:09:24

Өсвөр үеийн хоол тэжээлийн байдлыг судалсан дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Өсвөр үеийн хоол тэжээлийн байдлыг судалсан дүн

Үндэслэл
Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэл насны хүүхэд эзэлж байна. Хүний амьдралын хамгийн эрчимтэй хөгжлийн үе болох 10-19 насанд бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн хөгжиж төлөвшдөг. Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь өсвөр үеийнхэнд хамааралтай асуудал болоод байна. Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг бөгөөд ихэнх архаг өвчний эх суурь энэ насанд тавигддагийг судлаачид тогтоожээ. 
Манай улсад ерөнхий боловсролын 750 гаруй сургуульд 500 мянга гаруй хүүхэд суралцаж байгаагаас Улаанбаатар хотод 200 мянга орчим хүүхэд суралцаж байна. Хотжилт хэт эрчимжихийн хирээр хот суурин газарт өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэндийн эрсдэл ихсэж, осол гэмтэлд өртөх, цаг бусаар эндэх, тахир дутуу болох, бэлгийн замын халдвараар өвчлөх асуудлууд анхаарал татаж байна.
“ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” (2009, 2013, 2019) судалгаагаар 
сурагчдын 18.1% илүүдэл жин, таргалалттай, 38.5% өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 41.8% өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 52.5% сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн дүн байна. Мөн судалгаагаар, 6 хүүхдийн 1 нь  өдөр бүр жимсийг, 3 хүүхдийн 1 нь сүү, цагаан идээг, 2 хүүхдийн 1 нь хүнсний ногоо зэрэг эрүүл хүнсийг хэрэглэж байгаа бол эрүүл бус хүнсийг, үүнд чихэрлэг ундааг 2 хүүхдийн 1 нь, чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг 5 хүүхдийн 4 нь өдөр бүр хэрэглэж байна. Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээнээс (2017 он) үзэхэд хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн 13.1%-ийг өсвөр үеийнхэн эзэлж байна. 
Өсвөр үеийнхний өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, хоолтой холбоотой эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ шаардлагыг тогтооход эрүүл мэндийн байгууллагаас гадна сургууль, гэр бүлийн үүрэг чухал. Сургууль өсвөр үеийнхний эрүүл мэндийг анхаарч эрүүл мэндийг дэмжих бодлого хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох асуудал, орчны болон хоол хүнсний аюулгүй байдлыг үнэлэн нотолгоонд тулгуурласан арга хэмжээг авах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Цаашид Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд “ХБӨ-тэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг ХБӨ-ий бүртгэл, мэдээлэл, тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилтыг хангах, ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах зорилтын хүрээнд энэхүү судалгааг гүйцэтгэв. 

Зорилго
Өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн өнөөгийн байдлыг үнэлэх, хоол тэжээлийн эрсдлээс сэргийлэх зөвлөмж боловсруулах. Зорилтоор:  
1.    Өсвөр үеийнхний хооллолтын байдал
2.    Эрүүл болон эрүүл бус хүнсний хэрэглээ
3.    Хоол тэжээлийн зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг тогтоохоор ажиллав.

Материал, арга зүй 
Судалгаанд Монгол улсын газар зүйн 4 бүсийн бүс тус бүрээс 2 аймаг, аймаг тус бүрээс 2-3 сум, Улаанбаатар хотын 3 дүүргийн бүх сургуулиудын жагсаалтаас санамсаргүй түүвэрлэх аргаар, статистикийн магадлал бүхий тоотой байхаар хоёр шатлалт, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 40 сургуулийн 4514 өсвөр үеийнхнийг хамруулж нэгэн агшингийн судалгааг гүйцэтгэлээ. Судалгаа нь Нэгдсэн Үндэсний Байгууллага болон АНУ-ын зөвлөх мэргэжилтнүүдийн боловсруулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааны аргачлал бөгөөд асуумж нь уг судалгаанд ашиглагддаг хоол тэжээлийн байдлыг тогтоох үндсэн асуултуудаас гадна манай орны сурагчдын онцлогт тохируулан нэмэлтээр оруулсан асуултаас бүрдсэн.
Судалгааны 1, 2 дугаар шатлал буюу асуулга нь үндсэн болон нэмэлт асуумж тул антропометрийн аргаар тоон мэдээллийг цуглуулж, SPSS программ ашиглан мэдээллийг боловсруулж үр дүнг харьцуулав. 
Судалгааны үр дүн нь манай улсын ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангид суралцаж байгаа сурагчдыг төлөөлнө.
 
Судалгааны үр дүн, хэлцэмж
Өсвөр үеийнхэн дундах хүнс, хоолны хэрэглээг 2010, 2013 онд хийсэн судалгааны дүнтэй харьцууллаа. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 61.5% өглөөний цай тогтмол уудаг бол 3.9% огт уудаггүй гэсэн үр дүн гарсан нь өмнөх судалгаатай харьцуулахад сайжирсан (огт уудаггүй 2010 онд 17.3%, 2013 онд 13.7%) үзүүлэлттэй байна. Харин өглөөний цайгаа ховор уудаг эсвэл огт уудаггүй байдал бага ангийнхан дунд илүү байна.

Илүүдэл жин, таргалалтын тархалт 2010 онд 9.1%, 2013 онд 12.1%, энэ онд хийсэн судалгааны дүнгээр 18.1% болж илүүдэл жин, таргалалтын тархалт өсвөр үеийнхний дунд жилээс жилд нэмэгдсээр байна. 
НЭМҮТ-ийн Хоол судлалын албанаас 2017 он хийсэн  “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээр, 6-11 настай хүүхдэд илүүдэл жин, таргалалтын тархалт 28.6% байсан нь манай судалгааны дүн (26.4%)-тэй ойролцоо байна (Зураг 1).
  
Өсвөр үеийнхэн 7 хоногт өдөр бүр нэг түүнээс олон удаа жимс, жимсгэнэ хэрэглэсэн үзүүлэлт 2019 оны судалгаагаар 16.3% байгаа нь (2013 онд 17.2%) өмнөх судалгаануудын дүнтэй харьцуулахад төдийлөн ялгаа гараагүй байна. Харин сүүлийн 7 хоногт өдөр бүр нэг түүнээс олон удаа хүнсний ногоо хэрэглэсэн байдал нь өмнөх судалгаануудын дүнгээс 2.5-3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байлаа. Өсвөр үеийнхэнд өдөр бүр 2 аяга түүнээс илүү сүү, тараг ба бусад цагаан идээг хэрэглэхийг зөвлөдөг ба энэ үзүүлэлт зөвлөмж хэмжээнд хүрээгүй  хэдий ч 2010 оныхоос 8.8, 2013 оныхоос 4.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 
Харин өсвөр үеийнхний хийжүүлсэн ундааны хэрэглээ 2010 онд 27.6%, 2013 онд 33.6% 2019 онд 41.8% болж нэмэгдсэн дүнтэй байна. Үүний нэг адил хүүхдийн түргэн хоолны хэрэглээ 2010 оноос (18%) 41.7% болтлоо өссөн дүнтэй байна. 
Энэ удаагийн судалгаагаар 12 түүнээс доош насны өсвөр үеийнхний чихэр, чихэрлэг хүнсний хэрэглээг судалж үзэхэд, 7 хоногт 1 түүнээс олон өдөр чихэр (53.5%), чихэрлэг хүнс (52.0%) хэрэглэсэн байгааг 2017 оны “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүн (45.9%)-тэй харьцуулахад нэмэгдсэн дүнтэй байна. 
Өсвөр үеийнхэнд хүнсний ногоо, сүү, цагаан идээний хэрэглээ нэмэгдсэн, сайн үзүүлэлт байгаа ч бусад эрүүл бус хүнсний хэрэглээ өндөр байна. Тухайлбал, сүүлийн нэг сарын хугацаанд өдөр бүр нэг түүнээс олон чихэрлэг зууш болон чихэр шоколад хэрэглэж  байгаа нь төвийн болон зүүн бүс, мөн Улаанбаатар хотод  тус бүр 60%-иас дээш байна.

Дүгнэлт
1.    Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 61.5% өглөөний цай тогтмол уудаг бол 3.9% огт уудаггүй  бөгөөд  өглөө цай уудаггүй байдал насны бүлгээр ялгаатай байна. 
2.    Судалгаанд хамрагдсан 6 хүүхдийн 1  жимсийг, 3 хүүхдийн 1 сүү, цагаан идээг, 2 хүүхдийн 1 хүнсний ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байна. Харин эрүүл бус хүнсийг, тухайлбал  чихэрлэг ундааг 2 хүүхэд тутмын 1, чихэрлэг хүнс, тухайлбал, контик, зайрмаг, вафли, торт, чихрийг 5 хүүхдийн 4  өдөр бүр хэрэглэж байна. 
3.    Өсвөр үеийнхэн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдсээр байгаа ба бараг 5 хүүхдийн 1 илүүдэл жин, таргалалттай, хүүхдийн нас бага байх тусам энэ үзүүлэлт өндөр хувьтай байна.
4.    Судалгаанд оролцсон 5 сурагч тутмын 4 өдөрт хангалтгүй хэмжээний ус, шингэн зүйл уудаг байна.
5.    Илүүдэл жинтэй болон хэвийн жинтэй өсвөр үеийнхний дундах эрүүл бус хүнсний хэрэглээ статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байна.

Ном зүй 
1.    “Халдварт бус өвчинтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөр, 2017 он
2.    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, 2014 он
3.    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик, 2017 он
4.    Монгол улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, ЭМЯ. ЭМГ. 2017 он, Эрүүл мэндийн хөгжлийн төв 
5.    Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал, Үндэсний тавдугаар судалгааны тайлан, ЭМЯ, НҮБХС, НЭМҮТ, 2017 он
6.    Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2018 он.
7.    Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох хөтөлбөр, Монгол орны өсвөр насны охид, хөвгүүдийн аж байдлыг сайжруулах нь төсөл, УБ, 2003, 336-338х
8.    Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол, 2013. ЭМЯ. АНУ-ын ӨСТ, ДЭМБ. ММСС, НЭМХ , 2011 он 
9.    Халдварт бус өвчин, Осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа-ЭМЯ. ДЭМБ. ММСС. НЭМХ., 2013 он.  
10.    http://www.govi-аltai.nso.mn/uploads/users/61/files/Amidarch-bui-orchnii.pdf 
11.    http://www.zavkhan.nso.mn/page/1148
12.    http://www.bayankhongor.nso.mn/page/122
 


Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн ОЭМА-ны Зөвлөх, Анагаах ухааны доктор, дэд профессор П.Энхтуяа

 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№2 2022-PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

1552

2023-12-11

он