• 2023-12-11 04:22:13

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын бодлого, хэрэгжилтийн асуудалд

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын бодлого, хэрэгжилтийн асуудалд

Үндэслэл
Олон улсын зах зээл дээр аливаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг тодорхойлох үзүүлэлт нь чанар юм. Хэрэглэгчийн эрэлт шаардлагад нийцсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гарган авахын тулд түүхий эд бэлтгэхээс эхлээд үйлдвэрлэн гаргах хүртэл бүхий л тогтолцоонд чанарын хяналтын алхам бүрийг баримтжуулан хэрэгжүүлэх шаардлагатай.
Олон улсад мөрдөгдөж буй хүнсний тухай хууль, бусад эрх зүйн баримт бичгүүд нь түүхий, хагас боловсруулсан, бэлэн болгосон зэрэг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний стандарт, хүнсний эрүүл ахуй, хоол тэжээлийн чанар, нэмэлт бодис, пестицидийн үлдэгдэл, бохирдуулагч, шошгололт, өнгө үзэмж, шинжилгээний арга, дээж авах тухай заалтуудыг тусгасан байдаг3. Харин Улсын Их Хурлын 2001 оны 81-р тогтоолоор баталсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах мөн түүнчлэн тэжээллэг, аюулгүй хоол, хүнсээр хангагдах, зөв хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар анх тусгаж өгсөн2. 
Лабораторийн шинжилгээний хяналт нь хүнс гэмтэж муудах, хүнсэнд хордох, улмаар хүнсний гаралтай өвчин эмгэгийн хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт учруулах сөрөг үр дагавраас зайлсхийхэд шаардлагатай, үндсэн ойлголт юм. Энэ ойлголт нь Засгийн газар, үйлдвэрлэл (үйлдвэрлэгч, боловсруулагч, хүнсний үйлчилгээ эрхлэгч, худалдагч), хэрэглэгч нарыг хамарсан өргөн цар хүрээтэй. Засгийн газар хүнсний аюулгүй байдлын лабораторийн шинжилгээний хяналтын чиглэлээр төрөөс баримтлах баримт бичгийн агуулгыг тодорхойлох, хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй4. Ингэснээр олон улсын шаардлагад нийцсэн арга хэмжээг авч нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудлуудыг шийдвэрлэх ач холбогдолтой байдаг бол үйлдвэрлэгчид хэрэглэхэд тохиромжтой, аюулгүй, бүрэн мэдээлэл бүхий хаяг, шошготой хоол хүнсийг худалдаалах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах; харин хэрэглэгчид хүнсний эрүүл ахуйд нийцсэн нөхцөлд бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж, нөхцөл бүрдэнэ. 

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-нд оруулах санал: 
Манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг нь Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд юм. Бид энэ удаад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-нд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн дараах саналуудыг оруулж байна.

НЭГ. Хуулийн 10 дугаар зүйлд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хэсэгт; Хүнсний үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний шошгоны үндсэн мэдээлэл болох илчлэг чанар, шимт бодисын үзүүлэлтүүдийг мэргэжлийн байгууллага, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тодорхойлуулах” гэсэн нэмэлт заалтыг оруулах саналтай байна. 

Шаардлага, гарах өөрчлөлт: Хоол хүнсээр дамжин хүний биед орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шим тэжээлийн бодисууд нь хүний бие махбодид боловсрогдон энерги буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийг нөхөн төлжүүлэх, бие махбодийг сэргээх, булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг тул хэрэглэгчид хоол, хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг шууд харж, мэдээллийг авах шаардлагатай. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь илчлэг чанар, шимт бодисуудын үзүүлэлтүүдийг мэргэжлийн байгууллага, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тодорхойлуулж, нотолгоонд суурилсан мэдээллээр хэрэглэгчдийг хангах үүрэгтэй юм.
Хуулинд энэ заалтыг тусгаж өгсөнөөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь уг заалтыг биелүүлэн ажиллаж, дотоодод үйлдвэрлэсэн бүх хүнсний бүтээгдэхүүний шошгожилт “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016” стандартад заасан шаардлагыг хангаж, хэрэглэгчид үнэн, зөв мэдээлэлд тулгуурлан сонголт хийх боломжтой болно.

ХОЁР. “Хүнсний бүтээгдэхүүн эрхлэгч, хоол үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүн боловсруулахад хэрэглэдэг усыг хагас жил тутамд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж байх” гэсэн нэмэлт заалтыг оруулах саналтай байна. 

Шаардлага, гарах өөрчлөлт: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.1-д савласан усыг хүнсний бүтээгдэхүүн, 4.1.2-д хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байгаа усыг хүнсний түүхий эд  гэж заасан байна. Хэрэв хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа ус хими, физик, нянгийн бохирдолд өртсөн байвал тухайн усаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн стандартын чанарын шаардлага хангахгүй учраас хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн явцдаа ашигладаг усыг хагас жил тутамд итгэмжлэгдсэн лабораторийн бүрэн шинжилгээнд хамруулж хяналт хийж байх нь үйлдвэрлэлийг эрсдэлгүй явуулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. 

ГУРАВ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав баглаа, боодол, шошгонд хамааралтай 12 дугаар зүйлд дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:
    12.4 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна.
    12.4.7 Тэжээллэг чанар, шимт бодисын үзүүлэлтүүд, орц найрлага; 

Шаардлага, гарах өөрчлөлт: Хүний энергийн эх үүсвэр болсон шим тэжээлийн бодисуудад уураг, нүүр ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус зэрэг багтана. 
“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016” стандартад зааснаар бүтээгдэхүүний шошгон дээр шим тэжээлийн бодисын үзүүлэлтүүдийн талаар мэдээллийг оруулж өгөхөөр тусгасан байдаг боловч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд энэ талаар тусгаагүй байгаа нь зайлшгүй мөрдөх ёстой баримт бичгүүдийн зөрчилтэй байдлыг харуулж байна. Тиймээс хуулинд бүтээгдэхүүний шошгон дээр шим тэжээлийн бодисын үзүүлэлтүүдийн мэдээллийг тусгах талаар хуульчилсанаар уг зөрчилийг шийдвэрлэнэ. 

ДӨРӨВ. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт хамааралтай 17.1.2-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, биобэлдмэл, пестицидийн үлдэгдэл, хүнд металлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлох” гэсэн асуудлыг нэмж оруулах саналыг дэвшүүлж байна. 

Шаардлага, гарах өөрчлөлт: Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, нэмэлтүүд нь худалдан авах, тээвэрлэх, хүлээн авах, бэлтгэх, үйлдвэрлэх, үйлчлэх үе шат дамжлагын явцад эрүүл ахуйн шаардлага, стандарт, технологийн горим зөрчигдсөнөөс болж бохирдон, өвчин үүсгэх нөхцлийг бий болгох нь түгээмэл байдаг. Бохирдуулагчдыг гарал үүслийн хувьд дараах байдлаар ангилдаг. Үүнд: 
1.    Химийн гаралтай бохирдуулагч:пестицид, эмийн бодис, хүнд металл, бусад химийн
хорт бодис зэрэг, 
2.    Физикийн гаралтай бохирдуулагч: тоос шороо тос будаг, шавьж, мэрэгчийн, ялгадас, шилний хагархай, төмрийн үртэс зэрэг гадны биет зэрэг
3.    Биологийн гаралтай бохирдуулагч: нян, хөгц мөөгөнцөр, вирус зэрэг 
Хар тугалга, мөнгөн ус, кадми, хром зэрэг хүнд металлууд нь хүн, амьтан, ургамалд хортой химийн элементүүд,  бохирдуулагчид юм. Нефть, уул уурхай, ашигт малтмал олборлох, боловсруулах, металл хайлуулах, арьс шир боловсруулах, цогцос чандарлах зэрэг үйл ажиллагааны явцад хүрээлэн буй орчинд хүнд металл тархаж, орчныг бохирдуулж байдаг. Хүнд металлаар бохирдсон орчинд буй ургамал, амьтан, тэдгээрээс гарган авсан түүхий эдийг бүтээгдэхүүн болгон хэрэглэх үед тэдгээрт хуримтлагдсан хүнд металлууд хүний биед нэвтэрч, хуримтлагдана. Хүнд металын аливаа нэгдлүүд нь жирэмсэн эх, бага, өсвөр насны хүүхэд, ахмад настанд илүү хүчтэй нөлөөлж, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, уур уцаар хүрэх, нойронд муудах, төмөр амтагдах, арьс загатнах, ханиалгах, бөөр, давсаг болон шээсний замын үрэвслийн шинж тэмдэг зэрэг хордлогын байдлаар илэрдэг. Хүнд металл бие махбодоос гадагшлахдаа удаан бөгөөд хар тугалга, мөнгөн ус зэрэг нь бодисын солилцооны эргэлтэд оролгүй, хүний биед бага, багаар хуримтлагдсаар архаг, хурц хордлого үүсгэдэг7. Иймээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх хүнд металлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлох нь зайлшгүй шаардлагатай юм.

ТАВ. 17.2.1-д заасан “Тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг энэ хуулийн 6.5.3 дугаар заалтад заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд улирал тутам хамруулж, хяналт хийн нотолгоот үр дүнд үндэслэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлд тавих шаардлагыг тогтоох” гэж өөрчлөх саналыг дэвшүүлж байна.
 
Шаардлага, гарах өөрчлөлт: Хуулийн 6.5.3-д зааснаар тусгай хоолны дэглэмтэй хүн гэдэг нь нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид юм. 
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цэцэрлэг, сургуульд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэрэглээний аюулгүйн түвшин, өвчний тандалт, яаралтай үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний зураглал зэргийн шаардлагыг тогтоох талаар бүрэн заасан боловч чанарын хяналт хийх талаар тусгаагүй нь учир дутагдалтай байна. Аливаа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах үндэс нь лабораторийн нотолгоо шинжилгээн дээр суурилна8.
 
 
Лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэн, стандарт, дүрэм, журмыг мөрдөх байдлаар чанарын баталгаажилтыг хангадаг6 тул зөвхөн хүнсний чиглэлийн итгэмжлэгдсэн лабораторийн энэхүү хуулиар хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэгчдээс шинжилгээний үр дүнг шаардах нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэг алхмаар урагшлуулсан үйл явдал болно. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн лабораторийн чанарын баталгаажуулалт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний гадаад хяналтын үйл ажиллагаа юм. Хяналтыг гүйцэтгэхдээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд улирал тутам хамруулан, шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоосноор хүн амыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангаж, цэцэрлэг, сургуулийн хоолны чанар, стандартын шаардлагыг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Дүгнэн хэлэхэд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал буюу хүн ам шим тэжээлтэй, чанартай, тэжээллэг, аюулгүй хүнсийг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх9  боломжтой байх нөхцлийг бүрдүүлэх нь энэ салбарын эрхэм зорилго юм.

Дүгнэлт
Үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо, хэмжээн дээр төвлөрч байсан бол сүүлийн 10 жилд өрсөлдөөнт зах зээлийн шалгуурын дагуу бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтэд өндөр холбогдол өгч байна1. Манай орны хувьд хүнсний бүтээгдэхүүний анхдагч үйлдвэрлэлийг эрхэлж, цөөн тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын лабораторийн шинжилгээний чанарын хяналтын асуудал анхаарал татаж байна. Мөн түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мөрдөж буй баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах замаар нэгдсэн нэг системд хамруулан, хэрэгжилтийн явцад зөрөөтэй ойлголтыг бий болгож буй бодлогын баримт бичгүүдийг дахин хянаж энэ мэт зайлшгүй өөрчлөлтүүдийг тусгах шаардлагатай байна. Дэлхийн бусад орнууд Хяналтын эгзэгтэй цэгийн аюулын дүн шинжилгээ (HACCP), Үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP system), Олон улсын стандартын байгууллагын баталсан цуврал стандартууд (ISO standards зэрэг олон улсад мөрдөгдөж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүнтэй тогтолцоог хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүнсний чанар аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн орчныг олон улсын, бүс нутгийн, тухайн орны гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлж байна. Манай орны хувьд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнсний хууль эрх зүйн комисс (САС), Олон улсын стандартчиллын байгууллага ISO болон Европын холбооны олон улсад хамаарах хууль эрх зүйн баримт бичигтэй уялдуулан хүнсний аюулгүй байдлын тухай бодлогыг тодорхойлохдоо дээрх ойлголтуудыг хуульчилан тусгах зайлшгүй шаардлагатай байна1. 
Монгол улс хүнсний бүтээгдэхүүний стандартын хэрэгжилтийг олон улсын түвшинд хүргэх талаар дорвитой ажлууд хийгдэж Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай зэрэг үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажиллаж байна. Стандартад нийцсэн чанарыг хангаж, бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийхийн тулд өндөр хүчин чадалтай лабораториудад суурилсан урт хугацааны стратеги төлөвлөгөө шаардлагатай байна10. Учир нь чанарын баталгаажуулалт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хяналтын цогц үйл ажиллагаа юм.

Ном зүй
1.    Лунинг А, Марселис В.Ж, ФЖонгон В.М, “Хүнсний чанарын удирдлага технологийн удирдлагын арга барил”, *Орч* Нарантуяа Ш, Намжил О. Согоо нуур ХХК, УБ, 2004,15 дахь тал
2.    “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”, УБ, 2002, 6 дахь тал
3.    “Хүнсний эрүүл ахуйн ерөнхий шаардлагууд”, *Орч* Баяр Ө, Дөнгө Ё, Энх-Амар А, Ром хот 2001 он, хоёр дахь хэвлэл, 5 дахь тал
4.    Хүнсний эрүүл ахуйн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх олон улсын зөвлөмж хууль, CAC/ RCP 1-1969, Rev.3-1997, Amd.(1999) 2
5.    “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, УБ, 2012 он, https://legalinfo.mn/mn/detail/8911
6.    “Хүнсний аюулгүй байдал” Б.Түвшинсанаа, А.Батсүх нарын хичээл, https://www.slideshare.net/tuwshuutuku/food-safe
7.    “Хүнд металлын хордлогыг мэддэг байх ёстой” Хүний их эмч Мэндсайхан Н, https://peak.mn/news/khund-metalliin khordlogiig-meddeg-baikh-yostoi
8.    Bergman B, Klefsjo B, Quality, from customer needs to customer satisfaction. McGraw-Hill, New York, 1994.
9.     “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, “Хүнсний тухай хууль”, УБ, 2012 он, https://legalinfo.mn/mn/detail/8912.
10.    Smith D.J, Edge, J. Essential Quality procedures. In: Handbook of Quality Management, Dennis Lock (ed.) Gower, Aldershot, 1990. 
 
 
Cудлаачийн саналыг хянан, нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн НЭМЛЛА-ны Зөвлөх, Биологийн ухааны доктор, профессор Ц.Энхжаргал
 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№2 2022-PDF.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

226

2023-12-11

он