-
2023-12-11 07:35:56
Монгол улсын хүн амын биеийн бүтцийн зарим үзүүлэлтийг судалсан дүн шинжилгээ
Монгол улсын хүн амын биеийн бүтцийн зарим үзүүлэлтийг судалсан дүн шинжилгээ
Үндэслэл
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчин (ХБӨ)-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10% бууруулах” зорилт дэвшүүлсэн1,2. Дэлхий нийтээр тархаж буй Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын илүүдэл жин, таргалалт өсөн нэмэгдэж байна.
Дэлхий нийтэд насанд хүрсэн хүн амын 13% таргалалттай, жилд дунджаар 3.4 сая хүн нас бардаг2. Илүүдэл жин, таргалалтаас үүдэлтэй өвчлөлийн тархалтыг авч үзвэл зүрхний шигдээс өвчин 30%, чихрийн шижин 27%, хөхний, бүдүүн гэдэсний хорт хавдар 21-25% тус тус эзэлж байна3. Биеийн жин нэмэгдэж биед агуулагдах
өөхлөг эдийн хэмжээ нэмэгдсэнээр таргалалт үүсдэг. Таргалалт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолтой өндөр хамааралтай ба зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог4.
Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад хүн амын нас баралтын шалтгааны 85.9%-ийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний 1 нь хавдрын улмаас нас барж байна5.
Манай улсад 15-69 насны хүн амын 49.4% илүүдэл жин, таргалалттай4, 5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн 46.2%, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8%, сургуулийн бага ангийн 4 сурагч бүрийн 1 нь, 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын 1 илүүдэл жин, таргалалттай байгаа нь биеийн жинг нэмэгдүүлэх эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл байгааг илэрхийлж байна6.
Зорилго
Хүн амын биеийн бүтцийн зарим үзүүлэлтийг улсын хэмжээнд судлан тогтоох
Зорилт
1. Биед агуулагдах нийт өөхлөг эд, усны хэмжээ, хэвлийн өөхлөгийн хэмжээг “ТАНИТА ВС-587” электрон жинлүүрийг ашиглан үнэлэх,
2. Хүн амын биеийн бүтцийн зарим үзүүлэлтийг нас, хүйс, байршлаар харьцуулан тогтоох
Материал, арга зүй
Судалгааг аналитик судалгааны өрхөд суурилсан агшингийн загвараар хийж гүйцэтгэн, тоон мэдээллийг асуулга судалгаа, антропометрийн хэмжилтийн аргаар цуглуулав. Монгол улсын 18-69 насны хүн амыг төлөөлөхүйц түүврийг тооцоолохдоо (95%ИХ) t статистикийн тархалтын утга 1.96, суурь үзүүлэлтийн түвшин p=0.05, зөвшөөрөгдөх алдааны хязгаар 10.5%, комплекс түүврийн коэффициент 1.5, насны бүлэг, хүйсийн ижил харьцаа, 10%-ийн оролцохоос татгалзах магадлалтайг нэмж тооцон судалгаанд нийт 5080 хүнийг хамруулав. Мэдээллийн баазыг EPIDATA 3.1 программд үүсгэж, үр дүнгийн боловсруулалтыг SPSS 21 программыг ашиглан хийсэн. Биеийн жинг 0.1 кг-ын нарийвчлалаар “ТАНИТА ВС-587” үйлдвэрлэгч электрон жинлүүр, биеийн өндрийг мм-ийн нарийвчлалаар см-ээр илэрхийлэх “IN LAB S50” үйлдвэрлэгч багаж хэрэгслийг ашиглан тодорхойлов.
Биед агуулагдах нийт өөхлөг эдийн хэмжээг нас, хүйс, биеийн өндрийг харгалзан биеийн жинд эзлэх хувиар, нийт усны эзлэх хэмжээ, хэвлийн өөхлөгийг хүйс, биеийн жинтэй харьцуулсан хувиар илэрхийлж лавлагаа үзүүлэлтүүдийг ашиглан үнэлэв.
Судалгааны аргачлалыг НЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж 88 дугаар тогтоолоор судалгааг явуулах ёс зүйн зөвшөөрөл авсан.
Үр дүн
Хүн амын биед агуулагдах өөхлөг эдийн дундаж хэмжээ 30.8%, үүнээс эрэгтэйчүүдэд нас ахих тутам нэмэгдэж, эмэгтэйчүүдэд 40-59 насанд хамгийн их 33.2%, харин 18-39 насны аль ч хүйсийн хүн амд хамгийн бага байна (Хүснэгт 1).
Биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг үнэлэхэд 46.4% маш их, 39.1% хэвийн, 13.3% ихэссэн, 1.2% бага гэсэн ангилалд багтаж байв. Өөхлөг эдийн хэмжээгээр маш их үнэлгээтэй 18-39 насны эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдэд 10.7 дахин их байна (Хүснэгт 2).
Байршлаар авч үзвэл биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ маш ихтэй хүн амын тархалт хөдөөд 47.8%, хотод 43.2%, ихэссэн үнэлгээтэй хүн амын тархалт хөдөөд 7.4%, хотод 17.3% байв.
Хүн амын хэвлийн өөхлөлтийн хэмжээгээр 56.7% эрүүл, 24.0% өндөр эрсдэлтэй, 19.3% эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж, хүйсээр авч үзвэл эрсдэлтэй ба өндөр эрсдэлтэй хүн амын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс статистик ялгаа бүхий өндөр байв (Зураг 1а).
Байршлаар авч үзвэл их эрсдэлтэй үнэлгээтэй хүн ам хөдөөд хотоос 1.6 дахин их тархалттай байв (Зураг 1б).
Хүн амын биед агуулагдах усны дундаж хэмжээ эрэгтэйчүүдэд 48.7%, эмэгтэйчүүдэд 45.9% байв. Насны бүлэг, хүйсээр авч үзвэл 18-24 насанд эрэгтэйчүүдэд 51.7%, эмэгтэйчүүдэд 49.0% хамгийн их, түүнчлэн аль ч хүйсийн хүн амд ижил түвшинд нас ахих тусам биед агуулагдах усны хэмжээ буурч байгаа нь ажиглагдав (Хүснэгт 3).
Хүн амын биед агуулагдах усны хэмжээгээр 55.1% хэвийн, 43.3% бага, 1.6% ихэссэн гэсэн ангилалд багтаж, аль ч хүйсэнд нас ахих тусам биед агуулагдах усны хэвийн хэмжээ буурч байгаа нь ажиглагдав (Хүснэгт 4).
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн биед агуулагдах усны хэмжээг байршлаар харьцуулахад бага үнэлгээтэй хөдөөгийн хүн ам, хотын хүн амаас 9.9% их байна.
Хэлцэмж
Хүн амын биед агуулагдах өөхлөг эдийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдэд 29.6%, эмэгтэйчүүдэд 31.9% байгаа нь өмнөх судалгааны дүнгээс эрэгтэйд 7.4%, эмэгтэйд 0.5% нэмэгдэж статистик ач холбогдол бүхий ялгаатай дүн гарчээ (p<0.001)2. БНХАУ-ын насанд хүрсэн хүн амын дунд хийгдсэн судалгаагаар биед агуулагдах өөхлөг эдийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдэд 28.1%, эмэгтэйчүүдэд 39.9% байна. Энэхүү үзүүлэлтийг харьцуулахад манай улсын хүн амын биед агуулагдах өөхлөг эдийн дундаж хэмжээгээр эрэгтэйчүүд нь 1.5% их, эмэгтэйчүүд нь 8% бага байв8. Харин АНУ-ын статистик судалгаагаар эрэгтэйчүүдийн өөхлөгийн дундаж хэмжээ 27.8%, эмэгтэйчүүдийнх 39.4% байгаа нь манай улсын эрэгтэйчүүд 1.8% их, эмэгтэйчүүд 7.5% бага статистик ялгаатай байна7.
Дүгнэлт
1. Монгол улсын 18-69 насны хүн амын биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ 46.4%-д маш их, 13.3%-д ихэссэн байв. Өөхлөг эдийн хэмжээ маш их, хүн амын тархалт 18-39 насны эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд нь 10.7 дахин их байна.
2. Биед агуулагдах усны хэмжээгээр 43.3% бага, 1.6% ихэссэн, өөрөөр хэлбэл 2 хүн тутмын 1 нь хэвийн үнэлгээтэй байна. Хэвлийн өөхлөлтийн хэмжээг үнэлэхэд 24% өндөр эрсдэлтэй, 19.3% эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж, хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4.9% илүү байв.
Талархал
Энэхүү судалгааг зохион байгуулахад техник тусламж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монгол улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн санд болон судалгааны мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, асуудал хариуцсан мэргэжилтэн та бүхэнд судалгааны багийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Ном зүй
1. Global action plan on physical activity 2018–2030: More active people for a healthier world
2. Global action plan for the prevention and control of NCDs 2013-2020
3. The President's Council on Physical Fitness and Sports - Publications. (n.d.). President's Council on Fitness, Sports & Nutrition . Retrieved April 5, 2011
4. ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV дугаар судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он
5. Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлт, ЭМЯ, ЭМХТ
6. Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V дугаар судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, НҮБХС, 2017 он
7. Woolcott, O. O., & Bergman, R. N. (2018). Relative fat mass (RFM) as a new estimator of whole-body fat percentage ─ A cross-sectional study in American adult individuals. Scientific reports, 8(1), 10980. https://doi.org/10.1038/s41598-018-29362-1
8. Идэвхтэй дасгал хөдөлгөөний заавар, ЭМЯ, ДЭМБ, 2014 он
9. Flegal, K. M., Shepherd, J. A., Looker, A. C., Graubard, B. I., Borrud, L. G., Ogden, C. L., Harris, T. B., Everhart, J. E., & Schenker, N. (2009). Comparisons of percentage body fat, body mass index, waist circumference, and waist-stature ratio in adults. The American journal of clinical nutrition, 89(2), 500–508. https://doi.org/10.3945/ajcn.2008.26847
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор И.Болормаа
Өгүүлэл хүлээн авсан огноо:2022.10.27
Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2022.11.08
Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2022.12.10
Ашигласан зураг
