• 2023-12-11 07:50:45

Өсвөр үеийн эрүүл ахуйн дадлыг судалсан дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Өсвөр үеийн эрүүл ахуйн дадлыг судалсан дүн

 

Үндэслэл
Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэл насны хүүхэд эзэлж байна1. Хүний хамгийн эрчимтэй хөгжлийн үе болох 10-19 насандаа бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн хөгжиж төлөвшдөг2. Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь сурагч, өсвөр үеийнхэнд мөн хамаатай асуудал болоод байна. Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг бөгөөд ихэнх архаг өвчний эх суурь энэ насанд тавигддагийг судлаачид тогтоожээ2. 
Манай улсад ерөнхий боловсролын 750 орчим сургуульд 500,000 гаруй хүүхэд суралцаж байгаагаас Улаанбаатар хотод 200,000 орчим хүүхэд суралцаж байна3. Хотжилт эрчимжихийн хирээр хот суурин газарт өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэл ихсэх, осол гэмтэлд өртөх, цаг бусаар эндэх, тахир дутуу болох, бэлгийн замын халдвараар өвчлөх асуудлууд нэмэгдэж байна. 
“ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” (2009, 2013, 2019) судалгаагаар сурагчдын 7.6% сүүлийн нэг сард шүдээ огт цэвэрлээгүй буюу ховор угаасан ба 2013 онд 5.3% болон буурсан, мөн 52.5% сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн байна4. 
Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээнээс (2017 он) үзэхэд амьсгалын тогтолцооны өвчлөлөөр өвчлөгсдийн 11.3%-ийг өсвөр үеийнхэн эзэлж байна5. Өсвөр үеийнхний өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, зан үйлтэй холбоотой эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ шаардлагыг тогтооход эрүүл мэндийн байгууллагаас гадна сургуулийн ажилтан, гэр бүлийн гишүүдийн үүрэг чухал байна. Тухайн сургуулийн өсвөр үеийнхний эрүүл мэндийг хэрхэн анхаардаг, сургууль дээр эрүүл мэндийг дэмжих бодлого хөтөлбөр хэрэгжүүлдэг, эрүүл мэндийн боловсрол олгох асуудал, орчны болон хувь хүний зан үйлийн байдлыг үнэлэн  
нотолгоонд тулгуурласан арга хэмжээг авах зэрэг шаардлага зүй ёсоор тулгарч байна. Цаашид Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын хүрээнд “Халдвар бус өвчин (ХБӨ)-тэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн ХБӨ-ий бүртгэл, мэдээлэл, тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилтыг хангах, ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах ажлын6 хүрээнд энэхүү судалгааг гүйцэтгэв. 

Зорилго
Өсвөр насны хүүхдийн эрүүл ахуйн дадлыг судлах, эрсдлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэх, 

Зорилт 
1.    Өсвөр үеийнхний эрүүл ахуйн дадлыг судлах,
2.    Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах

Материал, арга зүй 
Судалгаанд Монгол орны газар зүйн 4 бүсээс тус бүр 2 аймаг, аймаг тус бүрээс 2-3 сум, Улаанбаатар хотын 3 дүүргийн сургуулиудаас санамсаргүйгээр, статистикийн магадлал бүхий тоотой байхаар нийт 40 сургуулийг  хамруулсан. Хоёр шатлалт, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар Улаанбаатар хотын, аймгуудын сонгогдсон дүүрэг сумдаас нийт 40 сургуулийн нийт 4514 өсвөр үеийнхнийг хамруулж нэг агшингийн судалгааг гүйцэтгэлээ. 
Судалгааны 1, 2 дугаар шатлал буюу асуулга нь Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдийн боловсруулсан дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааны аргачлалд суурилсан бөгөөд манай орны сурагчдын онцлогт тохируулан сайжруулсан асуумж, антропометрийн аргаар мэдээллийг цуглуулж, SPSS программ ашиглан мэдээллийн боловсруулалт хийв. 
Судалгаанд  4514 сурагч хамрагдсанаас 45.9% (n=2070) эрэгтэй, 54.1% (n=2444) эмэгтэй байв. Судалгаанд хамрагдсан сурагчдыг 12 ба түүнээс доош нас, 13-15 нас, 16 ба түүнээс дээш нас гэсэн гурван бүлгээр ангилсан бөгөөд 12 ба түүнээс бага нас 40.3%, 13-15 нас 34.1%, 16 түүнээс дээш насны 25.6% сурагчид байна (Хүснэгт 1).  
Судалгааны үр дүн нь манай улсын ЕБС-ийн 5-12 дугаар ангид суралцаж байгаа бүх сурагчдыг төлөөлнө.
 

Судалгааны үр дүн
Өсвөр үеийнхний эрүүл ахуйн дадлыг шүд, гар угаах үзүүлэлтээр үнэллээ. Гар угаах дадлыг хоол идэхийн өмнө, сургууль дээр хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсны дараа, савангаар угаадаг эсэх гэсэн үзүүлэлтээр үнэлэв.
1.    Шүдээ огт угаадаггүй болон өдөрт нэгээс цөөн удаа шүдээ угаасан тохиолдлыг шүдээ угаадаггүй гэсэн үзүүлэлтэд оруулав. Шүдээ угаадаггүй дадал 12-с доош насныхны дунд илүү байсан бол зүүн бүсийн өсвөр үеийнхний 9.9% өдөр бүр шүдээ угаадаггүй гэжээ. Мөн шүдээ угаадаггүй эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс 2 дахин олон байна (Зураг 1).
 
2.Хоол идэхийн өмнө гараа угаадаггүй гэж 10.3% хариулсан бол сургууль дээрээ хоол идэхдээ гараа угаадаггүй гэж нийт сурагчдын 52.2% хариулжээ. Нийт өсвөр үеийнхний 40.6% хоолоо идэхийн өмнө гараа тогтмол угаадаг зөв дадалтай байна. Хоол идэхийн өмнө гараа тогтмол угаадаг дадал өмнөх онуудаас буурчээ (Зураг 2).
Гараа угааж хэвшээгүй сурагчид гэдэгт огт угаадаггүй, ховор угаадаг сурагчдыг оруулав. 
 
3.Нийт өсвөр үеийнхний 11.9% ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвшээгүй, 6.1% гараа савандаж угаадаггүй дадалтай байгаа нь өмнөх судалгаатай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна (Зураг 3). 
 

 
4.Өсвөр үеийнхний тогтмол гараа савандаж угаадаг дадал 61% байгаа нь өмнөх судалгаатай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна (Зураг 4).
 

Гараа савандаж угаадаггүй дадал 12-с доош насанд илүү байна. Судалгаанд оролцогч 3 өсвөр үеийн хүүхэд тутмын нэг нь сургуулийн угаалтуур жорлон хүрэлцээгүй эсвэл байхгүй гэжээ. Улаанбаатар хотын сургуулийн угаалтуур, жорлонгийн хүрэлцээ хангалттай гэж 77.6% хариулсан бол зүүн бүсэд бага буюу 40.6% хүрэлцээгүй байхгүй гэж хариулжээ.

Дүгнэлт
1.    “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” (2010, 2013) судалгаагаар сүүлийн нэг сард шүдээ огт цэвэрлээгүй буюу ховор угаасан  тохиолдол 2010 онд 7.6%, 2013 онд 5.3% болж буурсан дүнтэй байснаа 2019 он буюу манай судалгаагаар 7.6% болж өссөн байна. 
2.    Гараа угаадаггүй дадал 2010 онд 7.8%, 2013 онд улсын 7.7% манай судалгааны дүнгээр 10.3% болж нэмэгдсэн байна.
3.    Судалгааны дүнгээс харахад шүд, гараа угаадаггүй, ховор угаадаг дадал өмнөх оны судалгаануудаас өссөн байгаа нь энэ чиглэлийн мэдээлэл, зар сурталчилгааны арга зүйг оновчтой болгох шаардлагатай байгааг харуулж байна. Судалгааны дүнгээс харахад, аль ч бүсэд ялгаагүй өсвөр үеийнхний шүд, гараа ховор угаадаг эсвэл огт угаадаггүй дадал нь нас бага байх тусам, мөн эрэгтэй хүүхдийн дунд илүү хувьтай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуйн дадлын үзүүлэлтүүд буюу шүд, гараа угаадаггүй дадал буураагүй, тодорхой хувийг эзэлсээр байгаад анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, хүүхдэд шүдээ хэрхэн арчлах талаарх мэдээлэл сурталчилгаа явагдсаар байгаа хэдий ч шүд хорхойтох өвчлөл манай улсад өндөр тархалттай хэвээр байна. 
4.    Манай улсад шүд хорхойтох өвчлөл өндөр тархалттай байна. Иймд хүүхдийн шүдээ угаах эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйг шүд угаах дадал руу чиглүүлэх, ариун цэврийн зөв дадал эзэмшүүлэх, орчин нөхцлийг бүрдүүлэх, шүд, гараа тогтмол угаах нь ямар ач холбогдолтой байх талаар эрүүл ахуйн онолын хичээлийг дадлагатай хослуулан орох шаардлагатай байгааг бидний судалгааны дүн харуулж байна. 

Ном зүй 
1.    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, 2014 он
2.    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик, 2017 он
3.    Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2018 он. УБ хот
4.    ЭМЯ. АНУ-ын ӨСТ, ДЭМБ. ММСС, НЭМХ. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол, 2013. УБ.2011 он 
5.    ЭМЯ. ЭМГ. Монгол улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, 2017 он, Эрүүл мэндийн хөгжлийн төв 
6.    Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2017 он
 

 
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Энхжаргал 

Өгүүлэл хүлээн авсан огноо:2022.10.24
Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2022.11.15
Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2022.12.10

 

 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№3,2022.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

412

2023-12-11

он