-
2023-12-11 08:09:10
Өсвөр үеийнхний тамхины хэрэглээг судалсан дүн
Өсвөр үеийнхний тамхины хэрэглээг судалсан дүн
Үндэслэл
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчний шалтгаантай нас баралтыг 2025 он гэхэд 25%-иар, 2030 он гэхэд 1/3-ээр бууруулахаар заажээ1,2. Дэлхийн эрүүл мэндийн 66 дугаар чуулганаар баталсан Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг хянах тухайлбал: тамхи таталтыг 15-аас дээш насныханд 30%, идэвхгүй хөдөлгөөнийг 10% тус тус бууруулахаар заажээ3.
Дэлхий дээр амьдарч буй 6 хүн тутмын 1 нь 10-19 насныхан байна. Монгол улсын хүн амын 1/3-ээс илүү хувийг 18 хүртэл насны хүүхэд эзэлж байна4. Хүний хамгийн эрчимтэй хөгжлийн үе болох 10-19 насандаа бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн хөгжиж төлөвшдөг. Өсвөр үеийнхэн харьцангуй эрүүл ч тэдний дунд нас баралт, өвчин эмгэг, гэмтэл зэрэг байсаар байна. Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний идэвхгүй байдал, хамгаалалтгүй бэлгийн харьцаа, хүчирхийлэл зэрэг нь өсвөр насныхны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Мөн хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн 13.1%, амьсгалын тогтолцооны 11.3%, гэмтэл буюу гадны шалтгаант тодорхой эмгэгийн 14.5%-ийг өсвөр үеийнхэн эзэлж байна5.
Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь өсвөр үеийнхэнд ч хамаатай асуудал болоод байна.
Бид халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болох тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд ямар түвшинд байгааг тогтоох шаардлагатай байна.
Зорилго
Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын тамхины хэрэглээг судлах
Материал, арга зүй
Монгол орны газар зүйн 4 бүсээс тус бүр 2 аймаг, мөн сонгогдсон аймаг тус бүрээс 2-3 сум, Улаанбаатар хотын 3 дүүргийн сургуулиудаас санамсаргүйгээр, статистикийн магадлал бүхий тоотой байхаар хамруулсан болно. Судалгаанд 6-12 дугаар ангийн 4514 сурагчдыг хамруулав.
Судалгаанд ДЭМБ, АНУ-ын Өвчин хяналт сэргийлэлтийн төвийн зөвлөх мэргэжилтнүүдийн боловсруулсан 11 бүлэг, 82 асуултаас бүрдсэн асуумжийг ашигласан.
Мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийхэд MS Excel, SPSS 21.0 зэрэг программуудыг ашиглав.
Судалгааны үр дүн
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 13.1%, үүнээс нийт эрэгтэй хүүхдийн 20.6% тамхи татаж үзсэн байна. 11.2% сүүлийн 1 сарын дотор тамхи буюу 10-12 дугаар ангийн 5 сурагч тутмын нэг нь сүүлийн сард тамхи татсан гэжээ (Хүснэгт 1).
Сүүлийн нэг сард нэг ба түүнээс олон удаа тамхи татсан сурагч 6.2% (n=279) байв. Сүүлийн сар тамхи татсан үзүүлэлт Хангайн бүсэд 9.1%, 16 ба түүнээс дээш насныханд 12.8%, эрэгтэй хүүхдэд 11.2%, 12 дугаар ангийнханд 15.3% байгаа нь тус тус өндөр үзүүлэлт байв (Хүснэгт 1).
Дам тамхидалтад 2 хүүхэд тутмын нэг нь өртөж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь өсвөр насныханд оршин суугаа бүс, нас, хүйсийн ялгаа харгалзахгүй ойролцоо хувьтай байна (Зураг 1).
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 38.3%-ийнх нь эцэг буюу эрэгтэй асран хамгаалагч тамхи татдаг, төвийн бүсийн 3 хүүхэд тутмын 2 нь дам тамхидалтад өртөж байна. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний (n=356) 7.9% 12 наснаас өмнө тамхи татаж үзжээ.
Сүүлийн нэг жилд тамхинаас гарах оролдлого хийсэн өсвөр үеийнхнийг тамхи татаж үзсэн болон сүүлийн 1 сард тамхи татсан сурагчидын үзүүлэлтийг гаргав (Хүснэгт 2). Тамхи татаж үзсэн 3 хүүхэд тутмын нэг нь тамхинаас гарах оролдлого хийсэн бол сүүлийн нэг сард тамхи татсан хүүхдийн 50.9% гарах оролдлого хийжээ.
Сүүлийн нэг сард тамхины төрлийн бусад бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдал нь нийт өсвөр үеийнхний 5.1% байсан бол зүүн бүсэд өсвөр үеийнхний 6.6%, хангайн бүсийнх 6.4%, эрэгтэй хүйсэд 8.5% байв.
Хэлцэмж
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 13.1% тамхи татаж үзсэн нь өмнөх судалгааны дүн (22.0)-г 2 дахин буурсан сайн талтай байгаа боловч “Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээ-2019” Монгол улсад хийгдсэн судалгааны дүн (7.5%)-тэй харьцуулахад 5.6%-иар их байна6, 7.
Уг үр дүнг Энэтхэг улсад хийгдсэн судалгааны дүн (16%)-тэй харьцуулахад 2.9%-иар бага байна8. Харин Португал улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насныхны 12.4% тамхи татаж байгаа нь бидний судалгааны үр дүнгээс 0.7%-иар бага байна. Мөн уг судалгаагаар тамхи татдаг сурагчдын 55% өдөр бүр тамхи татдаг гэсэн нь бидний судалгааны үр дүн (6.2%)-гээс 48.8%-иар их байна9. Непал улсад хийгдсэн судалгааны үр дүнгээр өсвөр үеийнхний 19.7% тамхи татаж байгаа нь бидний судалгааны дүнтэй харьцуулахад 6.6%-иар их байна10. Сүүлийн нэг сард нэг ба түүнээс олон удаа тамхи татсан сурагч 6.2% (n=279) байсан нь өмнөх судалгаануудын дүнгээс (2010 он-10.1%, 2013 он-9.4%) буурсан үзүүлэлттэй байв11, 6.Тамхи татаж үзсэн сурагчдын 61.3% 13-14 насандаа тамхи татаж үзсэн нь өмнө судалгааны дүнтэй (2013 он - 61.4%) адил байна.
Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 38.3%-ийнх нь эцэг буюу эрэгтэй асран хамгаалагч тамхи татдаг гэснийг өмнөх судалгааны үр дүнгүүд (2010 он-42%, 2013 он-38.6%)-тэй харьцуулахад адил түвшинд байна.
Дүгнэлт
1. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 13.1% тамхи татаж үзсэн, 11.2% сүүлийн нэг сарын дотор тамхи татсан байгаа нь тамхины ил, далд зар сурталчилгаа их байгааг харуулж байна.
2. Өсвөр үеийнхэнд тамхины хэрэглээ буурсан сайн үзүүлэлттэй байгаа ч хүйсээр авч үзвэл эрэгтэй сурагчид ялангуяа 16 болон түүнээс дээш насныхан, Хангайн бүсэд их хувьтай хэвээр байна.
3. Өсвөр үеийнхний дунд тамхи хэрэглэхээс сэргийлэх хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулж, мэдээлэл, сурталчилгаа хийх шаардлагатай байгааг харуулж байна.
Ном зүй
1. https://sdg.1212.mn/
2. Халдварт бус өвчинтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөр, 2017
3. Noncommunicable Diseases Global Monitoring Framework: Indicator Definitions and Specifications, 2014
4. https://www.who.int/factsheet
5. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик, 2017
6. ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМХ. Халдварт бус өвчин, Осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа, 2013 он
7. https://cdn.who.int/media/docs/default-source/ncds/ncd-surveillance/data-reporting/mongolia/mng_2019_gyts_report.pdf
8. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2940184/
9. https://www.elsevier.es/index.php?p=revista&pRevista=pdf-simple&pii=X0212656716593850&r=27
10. https://bmjopen.bmj.com/content/3/2/e002123
11. ЭМЯ, АНУ-ын ӨСТ, ДЭМБ, ММСС, НЭМХ. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, 2011 он
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн ОЭМА-ны Зөвлөх, Анагаах ухааны доктор, дэд профессор П.Энхтуяа
Өгүүлэл хүлээн авсан огноо:2022.10.27
Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2022.11.07
Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2022.12.10
Ашигласан зураг
