-
2023-12-11 08:21:18
Хар тугалганы хэрэглээ, ашиглалт, судалгааны өнөөгийн байдал
Хар тугалганы хэрэглээ, ашиглалт, судалгааны өнөөгийн байдал
Үндэслэл
Хар тугалга нь хүрээлэн буй орчинд хортой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, химийн элемент юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсоноор 3 хүүхэд тутмын 1 нь хар тугалганы хордлогод өртөж байна. Энэ нь хар тугалга агуулсан усны хоолой, батерей, хуванцар тоглоом, электрон хог хаягдал зэрэг эх үүсвэртэй холбоотой байдаг бол зарим улс оронд уламжлалт хоол хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо ашиглан бэлтгэсэн хоол хүнсэнд хар тугалганы агууламж их байдаг байна.
Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг бол будаг юм. Бүтээгдэхүүнийг зэврэлтээс хамгаалах, илүү хурдан хатаах, өнгө нэмэхийн тулд будганд хар тугалганы пигмент болгон ашигладаг. Хүүхэд амандаа будагны ширхэг, бохирдсон шороо хийх магадлал өндөр байдаг учраас хүүхэд хар тугалганы гол эрсдэлт бүлэгт багтдаг. 2017 онд Химийн хорт бодисоос хамгаалах байгууллага, Бохирдуулагчийг устгах олон улсын байгууллагатай хамтран гүйцэтгэсэн “Хятад улсад ахуйн зориулалтаар хэрэглэгддэг уусгагч бодист суурилсан будагны хар тугалганы агууламж тодорхойлох” судалгаагаар хар тугалганы агууламж өндөртэй будагны дийлэнх хувийг Хятадад үйлдвэрлэдэг болохыг тогтоосон. Шинжилгээнд хамрагдсан 141 нэр төрлийн будагны 99 (70%) нь хар тугалганы агууламж стандартаас нэг саяд 90 хэсэг (ppm, будагны хуурай жин), 1/3 орчим (48) будаг нь 10,000 ppm-ээс их хэмжээний хар тугалганы агууламжтай байсан бөгөөд гоёл чимэглэлийн будганд хар тугалга хэрэглэхийг хязгаарласан дүрэм журамтай аль ч улсад худалдаалахыг зөвшөөрөхгүй түвшинд байв. Сонирхолтой нь шар, ногоон өнгийн будганд хамгийн их хар тугалга агуулагдаж байв.
Хар тугалганы их агууламжтай, ахуйн хэрэглээнд зориулсан уусгагч бодист суурилсан будаг манай оронд мөн өргөн тархсан. Монгол улс үндэсний будагны үйлдвэргүй учир импортын будгийг хатуу журамлах нь хар тугалгатай будгийг зах зээлээс зайлуулахад чухал ач холбогдолтой юм. Мөн Хятад, Солонгос, Орос улсад үйлдвэрлэсэн 56 будагны 17 (30%) нь 90 ppm-ээс доош хар тугалганы агууламжтай байгаа нь эдгээр улсад хар тугалга нэмэлгүйгээр будаг үйлдвэрлэх технологи байдгийг харуулж байна.
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 79 улс (41%) хар тугалга будагны үйлдвэрлэл, импорт, борлуулалтыг хязгаарлах хууль ёсны хяналттай байгаа бол бусад орнуудад хар тугалгатай будаг хэрэглэхийг хориглодоггүй нь хүн амыг хар тугалганы хор, хордлогод өртөх томоохон эрсдэлийг үүсгэсэн хэвээр байна. Тиймээс бүх улс орон хар тугалга агуулсан бүтээгдэхүүний агууламж, хэмжээг хязгаарлах, стандартад заасан нормыг баримтлаж ажиллах талаар анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай байна
Хар тугалганы олборлолт, хэрэглээ
Хар тугалганы уурхайн үйлдвэрлэл 2019 онд 4500,000 тонн байснаас Хятад улсад 2100,000 тонныг олборлож, 5100,000 тонныг дахин боловсруулж, нөөцөөрөө Австрали улс тэргүүлж байна (Хүснэгт 1).
Зураг 1-т үзүүлсэнээр бага, дунд орлоготой орнуудад зарагдаж байгаа ихэнх будагны хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна.
Хэрэглээний хяналт
Хятад улсад үйлдвэрлэсэн паалантай будаг, гэрийн хэрэглээнд зориулсан 56 төрлийн будагны 1 (1.8%) нь шошгон дээрээ хар тугалганы тухай мэдээлэлтэй байсан ба ихэнх будагнууд найрлагын талаар мэдээллийг харуулаагүй байна. Будагны шошгон дээр зөвхөн уусгагч, пигмент, давирхай гэж тэмдэглэсэн байсан бөгөөд уусгагч, пигментийн төрөл (органик эсвэл органик бус эсэх) талаар мэдээлэлгүй байсан. Будагны лааз дээрх анхааруулах тэмдэг нь тухайн будагны шатамхай байдлыг илтгэдэг боловч хар тугалганы тоос хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөллийн талаарх урьдчилан сэргийлэх анхааруулга бичигдээгүй байсан.
Хятад улсад үйлдвэрлэсэн шар паалантай будагны хар тугалганы агууламж хамгийн их буюу 71,000 ppm агууламжтай байв. Хамгийн их хэмжээний хар тугалга агуулсан уусгагчид суурилсан 10 төрлийн будагны мэдээллийг Хүснэгт 2-т нэгтгэн үзүүлэв.
Хар тугалганы өртөлт ба хор уршиг
Түүхий нүүрс, нүүрсний утаа, цахилгаан станц, хог шатаасан утаа, батерейны үйлдвэрийн хаягдал, усны хоолой, хар тугалганы суурьтай бензин, будагт хар тугалга агуулагддаг. Хар тугалга нь байгальд задардаггүй, хадгалагдсаар байдаг тул одоогоор устгаж, хор нөлөөгүй болгож чадахгүй хэвээр байна. Хар тугалга агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ байгаа нөхцөлд хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг судлах нь нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны гол ажлын нэг байсаар байх болно.
Судалгаагаар хар тугалга нь бага насны хүүхдэд онцгой аюултай, тархи, мэдрэлийн тогтолцоонд илүү хортой болохыг тогтоосон байдаг. Насанд хүрэгчид, түүний дотор жирэмсэн эмэгтэйчүүд хар тугалга агуулсан будагтай хуучин орон сууц, барилга байгууламжийн будсан гадаргууг засварлах үед хар тугалганы тоос, тоосонцороор амьсгалж өртдөг. Жирэмсэн эмэгтэй хар тугалганы хордлогод өртөх нь урагт хор хөнөөл учруулж болзошгүй тул дэлхий нийт онцгой анхаарал хандуулдаг.
Олон улсын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зорилгоор судлаачид хар тугалганы өртөлтийг хянах, хэмжих тандалтын хөтөлбөрийг боловсруулсан. Насанд хүрэгчдийн цусны хар тугалганы тархвар зүйн тандалт хөтөлбөр нь насанд хүрэгчдийн цусны хар тугалганы түвшинг улсын хэмжээнд хянах зорилгоор эхэлсэн. Уг тандалтаар насанд хүрэгчдийн цусны хар тугалганы түвшин нэмэгдсэн тохиолдлыг бүртгэж тооцоолон урьдчилан сэргийлдэг.
Цусны хар тугалганы түвшин харуулсан мэдээлэл (Зураг 2) дараах 3 гол асуудлыг ил гаргасан байна. Үүнд:
1. Нийт хүн амын дундах хар тугалганы өртөлтийн талаарх мэдээлэл орон бүрт хомс байна. 137 орны 44 (32%) нь хар тугалганы хортой түвшний талаарх мэдээлэлтэй байв.
2. Цөөхөн улс орон нийт хүн амын дундах болон хүүхэд (34 улс, 25%), насанд хүрэгчдийн (37 улс, 27%) хар тугалганы түвшний талаар мэдээлэлтэй байв.
3. Африк, Төв Ази, Латин Америкийн ихэнх орнуудад шалгуурт нийцсэн үндэсний судалгаа хийгдээгүй байв.
Манай орны хувьд хүүхдийн цусны хар тугалга тодорхойлсон судалгааг 1999 онд Б.Бурмаа нарын судлаачид гүйцэтгэхэд 6 сартайгаас 6 нас хүртэлх насны 12 хүүхдийн цусны хар тугалганы дундаж хэмжээ 0.75±0.07 мкг/дл байсан. 2012-2013 онд 1-10 насны хүүхдийн хар тугалга, зэс, цайрын хордлого тодорхойлох судалгаагаар судалгаанд хамрагдсан 1-5 насны хүүхдүүдийн хар тугалганы дундаж утга 10.7 мкг/дл байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ (3.5 мкг/дл)-нээс өндөр төдийгүй нас бүлэг бүрт дундаж үзүүлэлт энэхүү зөвлөмж хэмжээнээс их байгааг тогтоосон. Түүнчлэн 6-10 насны хүүхдийн цусны шинжилгээний үр дүн нь оюун ухааны чадварын түвшинтэй хамааралтайг баталсан судалгаа болсон юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 онд 7-14 насны хүүхдүүдийн цусны хар тугалга тодорхойлсон судалгаагаар нийт хүүхдүүдийн 60.1%-д зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан ба эдгээр хүүхдүүд хичээл, сурлагадаа муу байдал түлхүү ажиглагдсаныг онцолсон байна.
Ундны усны хар тугалганы түгээмэл эх үүсвэр нь хар тугалга агуулсан сантехникийн хоолой, усны цорго, бэхэлгээний материал юм. Хар тугалга агуулсан эдгээр материал зэвэрч бүрэн бүтэн байдал нь алдагдах үед хар тугалга ундны усанд шилждэг. Харин агаарын хар тугалганы гол эх үүсвэр нь хог шатаах зуух, хар тугалганы хүчлийн батерейны үйлдвэрлэл, хүдэр, металл боловсруулах үйл явц, хар тугалгатай түлшээр ажилладаг хөдөлгүүртэй машин, механизмын хэрэглээ зэрэг юм. Агаарын хар тугалганы хамгийн их агууламж нь ихэвчлэн хар тугалга хайлуулах үйлдвэрүүдийн ойролцоо илэрдэг. Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын байгууллагын зохицуулалтын үр дүнд автомашины бензинээс хар тугалгыг зайлуулах ажлыг хэрэгжүүлсэний үр дүнд 1980-2014 оны хооронд агаарын хар тугалганы хэмжээ 98% буурсан байна.
Хар тугалгыг харах, үнэрлэх, амтлах боломжгүй тул хордлого үүсэх байдал цочмог болон архаг бүх хэлбэрээр явагддаг. Олон улсын судалгаагаар хүүхдийн цусны хар тугалганы хэмжээ 10 мг/дл байхад сурлага, зан үйлд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон бөгөөд хар тугалганы агууламж хот суурин газар 2-4 мкг/м3, хот орчмын бүсэд 0.2 мкг/м3, ундны усанд 10 мкг/л-ээс бага байх ёстой юм.
Бие махбодод нэвтэрсэн хар тугалганы 90-98% нь ясанд хуримтлагдана. Хар тугалганы тун хэмжээ их үед ясны чөмөгт хадгалагдаж, бусад эрхтэн тогтолцоонд аажмаар тархан хордлого үүсгэнэ. Тархи, элэг, бөөр зэрэг эрхтэнд бага хэмжээгээр хуримтлагдаж улмаар эхсээр дамжин урагт нөлөөлдөг. Тархи хар тугалгад маш мэдрэг бөгөөд хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоонд илүүтэй хор хөнөөлтэй.
Дүгнэлт
Хар тугалга агуулсан бараа, бүтээгдэхүүнийг хориглох, хязгаарлах, орчны хяналтыг сайжруулах нь хүнд металлын хордлогод өртөх эрсдлээс иргэн бүрийг хамгаалах ба лабораторийн шинжилгээ, нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, урт хугацааны эрүүл мэндийн алдагдлаас сэргийлэх ач тустай байдаг.
Монгол улсын Засгийн газар дэлхийн бусад оронд мөрдөж буй стандартад заасан 90 ppm-ээс их хар тугалганы агууламжтай будгийг импортлох, худалдах, хэрэглэхийг хориглосон заалт бүхий журмыг нэн даруй боловсруулах, батлах хэрэгтэй байна.
Мөн будагны шошгон дээр уусгагч, өнгө оруулагч зэргийг харуулсан, хор аюулын талаарх мэдээллийг хангалттай тусгахыг үйлдвэрлэгчээс шаардаж, будсан гадаргуу эвдрэх үед хүний эрүүл мэндэд учрах хор, хөнөөлийн талаар анхааруулга өгөх шаардлагатай байна.
Ном зүй
1. ipen-mongolia-lead-report final.pdf
2. Монгол Улсын 1-10 насны хүүхдийн хар тугалга, зэс, цайрын хордлогын судалгаа төслийн тайлан, УБ хот 2018 он.
3. China Adopts New Lead Paint Standards to Protect Children’s Health | IPEN
4. "Lead Renovation, Repair and Painting Program". EPA. 15 October 2020. Archived from the original on 6 July 2019. Retrieved 6 July 2019.
5. Lead-Based Paint Laws and Rules-Washington State Department of Commerce
6. Lead paint laws and regulations |Department of Public Health | City of Philadelphia
7. China Adopts New Lead Paint Standards to Protect Children’s Health | IPEN
8. Schmidt, Charles (21 March 2018). "America's Misguided War on Childhood Lead Exposures". Cambridge, MA: Undark. Archived from the original on 22 March 2018. Retrieved 22 March 2018.
9. 2020 Update on the Global Status of Legal Limits on Lead in Paint | UNEP - UN Environment Programme
10. Blood lead levels in low-income and middle-income countries: a systematic review - The Lancet Planetary Health ipen-mongolia-lead-report final.pdf (ipen-china.org)
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: НЭМҮТ-ийн ЭНБД, НЭМ-ийн доктор Д.Дэлгэрмаа
Өгүүлэл хүлээн авсан огноо:2022.10.19
Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2022.11.09
Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2022.11.09
Ашигласан зураг
