-
2023-12-11 08:55:09
Сүхбаатар, хэнтий аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн өнөөгийн байдал
Сүхбаатар, хэнтий аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн өнөөгийн байдал
Үндэслэл
Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо 110,400 буюу нийт хүн амын 3.4% эзэлж байсан бол 2021 оны эцэст 105,600 буурсан нийт хүн амын 3.2% эзлэх болсон (Зураг 1). Харин Сүхбаатар аймагт хөдөлмөрийн чадвар алдалттай иргэд 2021 байдлаар 3.4 байгаа нь улсын дундаж 3.2, Хэнтий аймгийн дундаж 3.3-аас өндөр утгатай байна.
Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн өвчлөлийн байдлын тоон мэдээлэл, шалтгаан нөхцлийг тодорхойлсноор эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргах, цаашид эмчлэн эрүүлжүүлэх үйл явцын чиглэлийг тодорхойлоход нэн чухал байна. Тухайлбал Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн өвчлөлийн байдлыг үзвэл сүүлийн 5 жилийн байдлаар дотрын эрхтэн тогтолцооны өвчлөл 20-25% эзлэн, тэргүүлж байна.
Зорилго
Сүхбаатар аймгийн иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын тархалт, нөлөөлж буй хүчин зүйл, тэргүүлэх өвчлөл, онцлог байдлыг Хэнтий аймагтай харьцуулан судлах.
Материал, арга зүй
Судалгаанд дескриптив судалгааны загварыг ашиглан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс (ЭХМТК)-ын статистик тоон мэдээ, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн статистик үзүүлэлт, анхан шатны маягт, ЭМТ-201 маягт, хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн хувийн хэрэг, ЭХМТК-ын бүртгэл дээр үндэслэн гүйцэтгэв.
Судалгааны үр дүн
Судалгааны үр дүнг нэгтгэн 10,000 хүн амд тооцоход, Монгол улсын болон Хэнтий аймгийн дундаж утга 2017 онд 3.6, 2018 онд 3.5 мөн 2020 онд Хэнтий, Сүхбаатар аймгууд улсын дундажтай ижил буюу 3.4 гэсэн ижил утгатай байв. Хэнтий аймаг 2019 онд 3.6, 2021 онд 3.3, Монгол улсын дундаж утга 2019 онд 3.5, 2021 онд 3.2 байхад Сүхбаатар аймаг 2017-2021 онд 3.4 гэсэн тогтмол утгатай байв (Зураг 2).
Сүүлийн 5 жилийн хугацаанд хүн амын хөдөлмөрийн чадвар алдалтын тоо Сүхбаатар аймагт 2100, Хэнтий аймагт 2700 орчим байна (Зураг 3).
Хүйсийн харьцаагаар авч үзвэл, Сүхбаатар аймагт 1300 орчим эрэгтэйд 880 орчим эмэгтэй, Хэнтий аймагт 1600 орчим эрэгтэйд 1100 орчим эмэгтэй ноогдсон төстэй үзүүлэлттэй, эрэгтэй хүйс давамгайлж байгаа нь эдгээр аймгийн эрчүүд хөдөлмөрийн чадвар алдалтад илүү өртөж байгааг харуулсан (Зураг 4).
Хөдөлмөрийн чадвар алдалтыг магадалсан байдлаар сүүлийн 5 жилийн үзүүлэлтээс дүгнэхэд Хэнтий аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн тоо 2017 онд 318 байснаа 2021 онд 149 болж буурсан үзүүлэлттэй, харин Сүхбаатар аймагт жилдээ 100-170 хооронд тогтоон магадалж байна. (Зураг 5).
Монгол улсын хэмжээнд дотор, сэтгэц, мэдрэл, гэмтэл, чих, хамар хоолойн өвчин нийт хөдөлмөрийн чадвар алдалтын 79.5% эзэлж, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх 5 өвчлөлд дотрын эрхтэн системийн өвчлөл тэргүүлж байна. Сүүлийн 5 жилийн дундажаар нэг жилд дотрын эрхтэн системийн өвчлөлтэй 470 гаруй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын асуудлыг шийдвэрлэсэн байна (Зураг 6).
Түүнчлэн Сүхбаатар аймагт хөдөлмөрийн чадвар алдалтыг 41-50 насны иргэд (30% дээш) эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны эрчүүд хөдөлмөрийн чадвар алдалтад илүүтэй өртөж байна (Зураг 7).
Хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалж, магадалсан байдал Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд буурах төлөвтэй, Хэнтий аймагт өсч, буурсан үзүүлэлттэй байна (Зураг 8). 2021 оны жилийн эцсийн тайлангаар нийт цуцалж шийдвэрлэсэн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн 46.6% өндөр насны тэтгэвэр тогтоолгох, 13.5% эмчлэн эрүүлжүүлсэн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлан шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн шилжилт хөдөлгөөн (1-6) Хэнтий аймаг (9-13)-тай жишихэд харьцангуй цөөн байна. Тус аймаг жилд дунджаар 4 иргэнийг ЭХМТК-ын хяналтанд авч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг магадлан шийдвэрлэж байна. Зураг 9-т сүүлийн 5 жилийн тоон мэдээг харуулав.
Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн шилжилт хөдөлгөөнөөс харахад шилжиж ирсэн тохиолдлоос шилжиж явсан тохиолдол харьцангуй их байна. Хэнтий аймгийн шилжилтийн түвшин Сүхбаатар аймагтай харьцуулахад тогтмол их утгатай байна (Зураг 10).
Хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн нас баралтын түвшин 2019 онд Сүхбаатар аймагт 81, Хэнтий аймагт 77 байсан бол 2021 онд Сүхбаатар аймагт 20, Хэнтий аймагт 50 болж буурах хандлагатай байна (Зураг 11).
Дүгнэлт, хэлцэмж
1. Хөдөлмөрийн чадвар алдалтад 30-55 насны иргэдийн эзлэх хувь их, хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү байна.
2. Сүүлийн 5 жилд Сүхбаатар аймагт дотор, сэтгэцийн өвчлөл тэргүүлж, Хэнтий аймагт сэтгэц, гэмтлийн өвчлөл өсөх хандлагатай байна.
3. Хөдөлмөрийн чадвар алдалтын шийдвэрлэсэн байдал сүүлийн 5 жилийн байдлаар цуцлагдсан иргэдийн тоо буурсан, шинээр тогтоолгосон иргэдийн тоо өсөх хандлагатай байна.
4. Цуцлагдсан иргэдийн 20% орчим эмчлэн эрүүлжүүлэх шалтгаанаар, нас барсан иргэдийн 80% орчим хавдрын шалтгаант нас баралт байгаа нь урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаа дутмаг байгааг илэрхийлж байна.
Ном зүй
1. Монгол улсын хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн товч судалгаа
2. Сүхбаатар аймгийн хүн амын мэдээлэл
/ www.1212.mn/
3. Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн бааз мэдээлэл
4. Сүхбаатар аймгийн эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын үйл ажиллаагааны тайлан, сүүлийн 5 жил
5. Эрүүл мэндийн сайдын 611 тоот тушаалаар баталсан ЭМТ-211 тайлан мэдээлэл
6. Хэнтий аймгийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн товч судалгаа
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн:
НЭМҮТ-ийн ХСА-ны дарга, ХЗУ-ны доктор Ж.Баясгалан
НЭМҮТ-ийн НЭМЛЛА-ны дарга, ХУ-ны доктор И.Туяажаргал
Өгүүлэл хүлээн авсан огноо:2022.10.25
Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2022.11.16
Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2022.12.10
Ашигласан зураг
