-
2023-12-11 09:10:56
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн нян судлалын шинжилгээ ба антибиотикт тэсвэртэй байдлыг судалсан нь
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн нян судлалын шинжилгээ ба антибиотикт тэсвэртэй байдлыг судалсан нь
Үндэслэл
21-р зуунд нянгийн тэсвэржилт хүний эрүүл мэндэд тулгарч буй томоохон аюулын нэг болоод байгаа билээ. Халдвар үүсгэгч нян эмэнд тэсвэртэй болсноор нянгийн эсрэг эмийн эмчилгээ үр дүнгүй болж байна. ДЭМБ-ийн мэдээллэж буйгаар нянгийн тэсвэржилт нь дэлхийн ихэнхи улс орнуудад түгшүүрийн хэмжээнд хүрсэн байна.
Антибиотикийн тэсвэржилтээс үүдэн дэлхий даяар жилд 700,000 хүний нас бардаг бөгөөд энэ тоо 2050 он гэхэд жилд 10 сая болж өсөх магадлалтай гэж эрдэмтэд үзжээ. АНУ-д 2018 онд 2 сая хүн антибиотикт тэсвэртэй халдвар авч, 23,000 хүн нас барж байсан бол 2020 онд 2.8 сая хүн антибиотикт тэсвэртэй халдвар авч, 35,000 хүн нас барсан буюу өссөн үзүүлэлттэй байна.
Манай улсын хувьд 1000 хүн ам тутамд өдөрт 64.41 нэгж тун антибиотик оногдож байгаа үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр хэрэглээтэй улсын тоонд орж байна. Мөн төрийн өмчит 42
эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэгчдийн 3 хүн тутмын 1 нь антибиотик хэрэглэсэн байна. Дээрх эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн судалгаагаар манай улсын томоохон эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгчдийн 95% хүртэл антибиотик эмчилгээ хийгдсэн тоо баримт байна. Тухайлбал ХСҮТ 95%, ЭХЭМҮТ 92%, СБАНЭ 38% байна.
1928 онд пенициллинийг нээснээс хойш анагаах ухаан 150 гаруй төрлийн шинэ антибиотик гарган авч эмнэлгийн практикт нэвтрүүлснээр олон төрлийн халдварт өвчнийг амжилттай эмчилж байгаа боловч сүүлийн 30 гаруй жил антибиотик анагаах ухааны салбарт шинээр бүртгэгдээгүй байна.
Зорилго
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээнд дүгнэлт хийн нянгийн тэсвэржилт үүсч буй байдалд үнэлгээ өгөхөд оршино.
Зорилт
1. 2020 оны нэгдүгээр улиралд нэгдсэн эмнэлгийн бактериологийн лабораторид хийгдсэн антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээг нэгтгэн дүгнэх
2. Нян судлалын шинжилгээнд илэрсэн нянгууд өргөн хүрээний антибиотикийн тэсвэржилт үүссэн байдлыг үнэлэх
Материал, арга зүй
Дескриптив судалгааны загварыг ашиглан судалгааг 2021 оны 03 дугаар сарын 10-аас 20-ны хооронд хийж гүйцэтгэсэн. 2020 оны нэгдүгээр улиралд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид хийгдсэн 2045 шинжилгээнээс эмгэг төрөгч нян илэрсэн 380 шинжилгээг сонгон авч судлав. Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг SPSS-25, MS-Excel-2010 программыг ашиглан хийсэн.
Судалгааны үр дүн
Нян судлалын 380 шинжилгээнээс хамгийн их буюу 36.3% (138) шээсэнд эмгэг төрөгч нян (ШЭТН) илрүүлэх шинжилгээ, 26% (99) шархны арчдас, 17.9% (68) идээнд нян судлах, 14.2%(54) чихний арчдас эзэлж байна (Зураг 1). Эдгээрээс ШЭТН тодорхойлох, шархны арчдас, идээнд нян өсгөвөрлөх шинжилгээнүүд нийт эмгэг төрөгч нян илэрсэн шинжилгээний 80.2% эзэлж байна.
Нян судлалын шинжилгээгээр E.Coli 112 (29.4%), Staph.aureus 89 (23.4%), метициллинд дассан Staph.aureus (Methicillin-resistant Staphylococcus aureus-MRSA) 77 (20.2%), Staph.epidermidis 53 (13.9%), өргөн үйлдэлтэй бета лактамаз ялгаруулагч гэдэсний бактерийн төрлүүд (Enterobacteriacea spp Beta-Lactamase-ESBL) 19 (5%), Streptococcus pyogenus 13 (3.4%), бусад 17(4.4%) илрүүлсэн байна (Зураг 2).
Шинжилгээг үүсгэгчээр нь авч үзвэл ШЭТН шинжилгээгээр E.Coli 97.3 %, идээнд нян судлалаар Staph.Aureus 37.1%, шархны арчдасаар MRSA 59.7%, чихний арчдасаар Staph.Epidermidis 39.6%, залгиурын арчдасаар MRSA 2.5%, бусад шинжилгээгээр Staph.Aureus 5.6% тус тус илэрсэн (Хүснэгт 1).
Илрүүлсэн E.Coli, Staph.Epidermidis, MRSA, Staph. Aureus-уудыг 10 төрлийн антибиотикт мэдрэг чанар, тэсвэржилтийг тогтоосон (Xүснэгт 2, 3, Зураг 3, 4).
Хэлцэмж
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид ШЭТН тодорхойлох, идээнд нян өсгөвөрлөх, шархны арчдас, нүд, чих, хамар, хоолойн арчдас, үтрээний арчдас цэрний нян судлал, цээж болон хэвлийн шингэнд нян судлалын шинжилгээ хийж байна. Эдгээрээс ШЭТН тодорхойлох, шархны арчдас, идээнд нян өсгөвөрлөх шинжилгээнүүд нийт эмгэг төрөгч нян илэрсэн шинжилгээний 80.2% эзэлж байна.
E.Coli нь ампициллин 67%, амоксициллин 64.2%, эритромицин 36.3%, ципрофлоксацин 28.7%, цефазолин 22.9%, цефтазидим 10.5% тэсвэртэй байгаа нь Л.Бор нарын судалгаатай харьцуулахад ампициллин 18%, цефазолин 13.7%, цефтазидим 24.5%-иар бага тэсвэржилт үүссэн байна.
Энэ нь Л.Бор нарын 2019 онд хийгдсэн Антибиотикийн хэрэглээ ба нянгийн тэсвэржилтийн судалгааны дунджаас бага үзүүлэлттэй байна. Манай орны хувьд нянгийн тэсвэржилтийн талаар хийгдсэн эрдэм шинжилгээний ажил, орон нутгийн хэмжээнд хийгдсэн судалгааны ажил ховор байна. Ялангуяа метициллинд тэсвэртэй Staph.Aureus-ийн талаар тоймтой мэдээлэл үгүй байна. Иймд нарийвчлан судлах хэрэгцээ шаардлага байна.
ЭМЯ-ны бүртгэл мэдээллийн санд баримт хангалттай биш байгаа бөгөөд 2019 онд антибиотикийн тэсвэржилтийн судалгаа хийгдсэн нь сайшаалтай.
Дүгнэлт
Нян судлалын 380 шинжилгээнээс хамгийн их буюу 36.3% (138) шээсэнд эмгэг төрөгч нян илрүүлэх шинжилгээ, 26% (99) шархны арчдас, 17.9% (68) идээнд нян судлах, 14.2% (54) чихний арчдас эзэлж байна. Шинжилгээнд илэрсэн нянгийн төрлөөр нь авч үзвэл 29.4% (112) E.Coli, 23.4% (89) Staph.aureus, 20.2% (77) MRSA, 13.9% (53) Staph.epidermidis илэрч байна. MRSA нь өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикуудад тэсвэржилт өндөртэй (78-100%) байна.
Шээсний дээжээс авсан сорьцод илэрсэн E.Coli нь ампициллинд хамгийн өндөр буюу 67% амоксициллин 64.2%, эритромицин 36.3% ципрофлоксацин 28.7%, офлоксацин 24%, амокси-клав 23.5%, цефазолин 22.9%, гентамицин 21.2%, цефотаксим 13.5%, цефтазидим 10.5% тэсвэржилт үүссэн байна.
Ном зүй
1. Л. Бор Антибиотик хэрэглээ ба нянгийн тэсвэржилтийн судалгаа, УБ хот 2019 он
2. С. Цэцэгмаа болон бусад Монгол улсын антибиотикийн хэрэглээний тандалт судалгаа, УБ хот 2019 он
3. https://www.uptodate.com/contents/overview-of-antibacterial-susceptibility-testing?search=antibiotic&source=search_result&selectedTitle=3~150&usage_type=default&display_rank=2
4. https://www.who.int/docs/default-source/antimicrobial-resistance/amr-spc-sel-glass/glassreport2020-launchwebinarpresentation-25may2020-final.pdf?sfvrsn=454123ab_2
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Ж.Батжаргал
Өгүүлэл хүлээн авсан огноо:2022.10.25
Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2022.11.04
Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2022.12.10
Ашигласан зураг
