-
2023-12-12 02:40:18
Гэмтэл хордлого гадны шалтгаант нас баралтын улмаас алдсан амьдралын жилийг судлах нь, 2022 оны жишээ дээр
Гэмтэл хордлого гадны шалтгаант нас баралтын улмаас алдсан амьдралын жилийг судлах нь, 2022 оны жишээ дээр
Түлхүүр үг: Санаатай, санамсаргүй, осол гэмтэл
Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээр санаатай болон санамсаргүй осол гэмтэл нь халдварт бус өвчлөлийн тэргүүлэх арван шалтгааны нэг, нас баралтын шалтгааны гуравт эрэмбэлэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Монгол улсын хэмжээнд осол гэмтэл нь 2022 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаарт, нас баралтын гуравдугаарт багтаж байна. Гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт жилээс жилд өсөх хандлагатай байна. Тиймээс осол гэмтлийн шалтгаант нас баралтыг нарийвчлан судлах нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тохиолдлыг бууруулахад чухал ач холбогдолтой байна.
Зорилго: Монгол улсын 2022 оны гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралтын тархвар зүйг судалж, алдсан амьдралын жилийг тооцоолох
Материал, арга зүй: Судалгааг аналитик судалгааны ретроспектив загварыг ашиглан гүйцэтгэсэн. Монгол улсад 2022 онд осол гэмтлийн тандалтаар бүртгэгдсэн гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралтын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA 17.0 программаар гүйцэтгэв. Монгол хүний дундаж нас 2022 оны статистик мэдээлэлд 71.01 байгааг тооцоололд ашиглав. ДЭМБ-ын Дэлхийн Өвчний Дарамтын зөвлөмж аргачлалын дагуу алдсан амьдралын жилийг тооцсон.
ААЖ тооцоолох томъёо: YLL=Di*a i (YLL – Years of life lost (ААЖ);i – насны интервал; Di – тухайн насны бүлэгт нийт нас барсан тохиолдлын тоо [2]; a i– тухайн насны бүлгийн ААЖ [4])
Үр дүн: Монгол улсад 2022 онд гэмтэл хордлого, гадны шалтгаант нийт 3353 нас баралт бүртгэгдэж өмнөх онтой харьцуулахад 10.8%-иар өсч, 10 000 хүн амд ногдох нас баралтын түвшин 10.1 байна. Эдгээрээс 10 нас баралт тутмын 8 нь эрэгтэйчүүд буюу 81.2%-ийг эзэлж байна.
Тухайн шалтгаанаар нас барсан хүн амын дундаж нас 41.7 байв.
50-54 насны хүн амд нас баралтын түвшин хамгийн өндөр, нийт тохиолдлын тоогоор 45-49 насанд хамгийн их байна.
Нийт нас баралтын 74.7%-ийг санамсаргүй үйлдэгдсэн осол гэмтэл, харин үлдсэн 22.3%-ийг өөрийнхөө болон бусдын амь насанд санаатайгаар хохирол учруулсан тохиолдлууд эзэлж байна.
Бидний судалгаанд 2022 онд гэмтэл, хордлого гадны шалтгаанаар нас барсан тохиолдол нийт 98338 амьдралын жилийг алдсан байгаагаас эрэгтэйчүүд 78637, эмэгтэйчүүд 19701 жил байна. Мөн 30-49 насны хүн ам 47069 (47.9%) жилийг эзэлж байна.
Дээрх алдсан амьдралын жилийн 29454 нь санамсаргүй хорт бодист өртсөн тохиолдол байсан бол амьсгал боогдох шалтгааны улмаас алдсан 5931 амьдралын жилийн 65.1% нь 0-4 насны хүүхдүүдийн дунд тохиолджээ.
Хэлцэмж: Английн судлаач Annelene Wengler нарын “Нас баралтаас үүдэлтэй алдсан амьдралын жил”-ийн судалгаанд өвчний төрөл, нас баралтын шалтгаанаас үүдэн алдсан амьдралын жил их байгааг тогтоох нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдсан байна. Тус судалгаагаар 2017 онд Герман улсад бүртгэгдсэн нас баралт ойролцоогоор 11.6 сая жилийг алдаж, үүний 57.2%-ийг эрэгтэйчүүд эзэлсэн байна. Хамгийн их алдсан жил бүхий өвчлөлд хорт хавдар (35.2%), зүрх судасны өвчин (27.6%), хоол боловсруулах эрхтний өвчин (5.8%), мэдрэлийн өвчин (5.7%) тус тус байна. Залуу насанд алдсан амьдралын жил их байгаа төдийгүй, нийт нас баралтын 14.7% нь, 65-с доош насны хүмүүс эзэлж, алдсан амьдралын жил 38.3%-ийг эзэлсэн байна. Тухайн хүмүүст осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, хавдар болон архи согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчлөл нь нас баралтын түгээмэл шалтгаан болсон байна. Манай улсад мөн адил, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны эрсдэлт хүчин зүйлийг судлах нь чухал ач холбогдолтой юм. Ялангуяа архи согтууруулах ундаанаас үүдэлтэй нас баралт гэмтэл хордлого гадны шалтгаант нас баралтын 20 гаруй хувийг эзэлж байна. Мөн бидний судалгаанд гэмтэл хордлого гадны шалтгаант нас баралтын болон алдсан амьдралын жилийн 80 гаруй хувийг эрэгтэйчүүдэд тохиолдсон нь эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг илэрхийлж байна. Пан америкийн эрүүл мэндийн байгууллага (PAHO) болон ДЭМБ-ын мэдээллээр 2000-2019 онд Америкийн бүс орчмын осол гэмтлийн шалтгаант (цаг бусаар) нас баралтыг алдсан амьдралын жилийн хэмжээгээр хүн хоорондын хүчирхийлэл, зам тээврийн осол, амиа хорлолт, уналт, живэлт, амьгүй механик хүчинд өртөх, гал түймэр болон түлэгдэлт, хордолт, байгалийн гамшигт өртсөн тохиолдлууд тэргүүлсэн байна. Бидний судалгаагаар дээрх шалтгаануудаас гадна санамсаргүй хордох нь алдсан амьдралын жилд ихээр нөлөөлж байгаа нь анхаарал татаж байна. А.Пүрэвгэрэл нарын судлаачдын 2020 оны Осол гэмтлийн улмаас алдсан амьдралын жилийн судалгаанд 0-4, 35-39, 30-34 нас насны бүлэгт алдсан амьдралын жил их байсан бол бидний судалгаагаар 35-39, 30-34, болон 40-44, 45-49 нас хамгийн их амьдралын жилийг алдсан ба 0-4 нас алдсан амьдралын жилийн хэмжээгээр бусад насны бүлэгтэй харьцуулахад 6 дугаарт байна. Мөн бага насны хүүхдийн осол гэмтлийн улмаас алдсан амьдралын жилийн их байгаа нь манай улсын хувьд анхаарах шаардлагатай асуудлын нэг болж байна.
Дүгнэлт: Осол гэмтэл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж, алдсан амьдралын жил их байгаа тул бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Ном зүй:
1. WHO. (2000–2019). Disease burden. Retrieved from https://www.who.int/data/gho/data/themes/mortality-and-global-health-estimates/global-health-estimates-leading-causes-of-dalys
2. Эрүүл мэндийн хөгжлийн төв. (2022). Эрүүл мэндийн үзүүлэлт. Улаанбаатар.
3. Annelene Wengler, Alexander Rommel, Dietrich Plab, Heike Gruhl, Janko Leddin, Thomas Ziese, Elena von der Lippe. (2021). Years of Life Lost fo Death. doi:10.3238/arztebl.m2021.0148
4. Pan American Health Organization. (2000-2019). Leading causes of death and health loss in the Americas. USA. Retrieved from https://www.paho.org/en/enlace/leading-causes-death-and-disability
5. А.Пүрэвгэрэл, Э.Батмандуул, Б.Үржинбадам, Б.Доржмягмар, П.Цэдэн, Ю.Оюунтөгс. (2022). Монгол улсын осол гэмтлийн шалтгаант нас баралтын алдсан амьдралын жилийн судалгаа. Эрүүл мэндийн салбар 100, 77.
6. Б.Түмэн-Өлзий, Б.Баянзул, Х.Мөнхзул, Г.Хулан. (2022). Монгол улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тархвар зүйн судалгаа. Улаанбаатар.
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан
Ашигласан зураг
