• 2023-12-12 02:51:09

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны илчлэг, тэжээллэг чанарыг судалсан дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны илчлэг, тэжээллэг чанарыг судалсан дүн

Үндэслэл 
Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, хорт зуршлын хэрэглээтэй холбоотой өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь сурагч, өсвөр үеийнхэнд ч хамаатай асуудал болоод байна. Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь энэ насанд тавигддагийг судлаачид тогтоожээ1. 
“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар 6-11 насны нийт хүүхдийн 7.3 хувь нь өсөлт хоцролттой, 2.8 хувь нь туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй байсан байна2. 
Хүүхдэд уураг дутахад өсөлт, жин нэмэгдэлт нь удааширч, яс бүрэлдэлт, сэтгэхүйн хөгжил хоцорч, уураг илчлэг дутал, рахит, цус багадалтад өртөнө. Өвчилбөл ужиг явцтай болох, хүндрэх нь их болдог. Тос дутахад хүүхдийн өсөлт хөгжил хоцорч, биеийн эсэргүүцэл суларснаас янз бүрийн өвчинд, ялангуяа арьс салстын өвчинд өртдөг. Нүүрс ус дутахад хүүхдийн хоол боловсруулалт муудаж бусад бодис биед шингэх үйл ажиллагаа алдагдана. Хэрэв хүүхдийн хоолонд нүүрс ус удаан хугацаагаар дутвал дутсан илчлэгийг нөөц тос, цаашид нийт тос, эдийн уургаар нөхсөнөөс хүүхэд тос, уургаар дутан биеийн жингээ алдан тураалд ордог3. 
“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний I-V судалгаанд тав хүртэлх нас, 6-11 насны  хүүхдүүдийн хооллолтын байдлыг судалсан байдаг. Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйл” судалгаагаар сургуулийн хүүхдийн хүнс, хоолны хэрэглээг судалсан байна. Харин зохион байгуулалттайгаар хооллодог сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний илчлэг, тэжээллэг чанарт хараахан судалгаа хийгдээгүй юм. Иймээс сургуулийн хүүхдүүдийн үдийн хоолны илчлэг, шим тэжээллэг чанарт судалгаа хийх шаардлагатай байна. 


Зорилго:  
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлон, тогтоосон норм хэмжээг хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт өгөх 


Материал арга зүй: 
Судалгаанд нийслэлийн 205, хөдөө орон нутгийн 492, нийт 697 сургуулийг хамруулав. 
Сургуулийн үдийн хоолонд ашиглаж буй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг тогтоохдоо хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1 хоногийн зарцуулалтын тайланг үндэслэн нэг өдөрт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний дундаж хэмжээг гаргав. 
Үдийн хоолны  илчлэг, шимт бодисын хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албанаас 2019 онд боловсруулан гаргасан хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагын эмхэтгэл4 болон Оросын холбооны улсын хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгтүүдийг5-8 ашиглан тооцоолов.   
Үдийн хоолонд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ болон илчлэг, үндсэн шимт бодисуудын хэмжээг Microsoft Excel 2010, SPSS 25 программуудыг ашиглан статистик боловсруулалт хийн БШУС, ЭМС, Сангийн сайдын хамтарсан 2020 оны А/166, А/559, 222-р тушаалд батлагдсан зөвлөмж хэмжээ9-тэй харьцуулж, үнэлгээ, дүгнэлт хийв. 

Үр дүн 
Үдийн хоолонд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээний талаар: 
Сургуулийн үдийн хоолны махны хэрэглээ дунджаар 61.3 г байна. Энэ нь БШУС, ЭМС, Сангийн сайдын хамтарсан А/166, А/559, 222-р тушаалд заагдсан зөвлөмж хэмжээнээс 26.8%-иар их буюу 13 граммаар их байна. Махны хэрэглээ хотод дунджаар 47.3 г байгаа нь зөвлөмж хэмжээ (48.3 г)-тэй ойролцоо, харин хөдөө орон нутагт махны хэрэглээ 65.8 г байгаа нь зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 17.5 г-аар буюу 36.2 %-иар их байна.
Үдийн хоолонд агуулагдах сүүний хэмжээ дунджаар 24 г байгаа нь зөвлөмж хэмжээ (52.5 г)-нээс 54.2%-иар буюу 28.5 граммаар бага байна. 
Цагаан идээний хувьд өдөрт хүүхдэд дунджаар 6.9 г-ийг хэрэглүүлж байна. Үүнийг зөвлөмж хэмжээ (56 г)-тэй харьцуулахад 87.7%-иар буюу 49.1 граммаар бага байна. 
Үдийн хоолонд ихэвчлэн улаан буудайн 1-р гурилыг ашиглаж байгаа ба дундаж хэрэглээ нь 26 г байна. Үүнийг зөвлөмж хэмжээ (24.5 г)-тэй харьцуулахад 6.3%-иар их буюу 1.5 граммаар их байна. 
Будааны дундаж хэрэглээ 22.6 г байсан нь зөвлөмж хэмжээ (24.5 г)-тэй харьцуулахад 7.5%-иар буюу 1.9 граммаар бага байна. 
Үдийн хоолны төмсний дундаж хэрэглээ 31.2 г байна. Үүнийг зөвлөмж хэмжээ (26.2 г)-тэй харьцуулахад 19.2% буюу 5 граммаар их байна. 
Хүнсний ногоог дунджаар 50.9 г-аар хэрэглэж байна. Үүнийг зөвлөмж хэмжээ (73.5 г)-тэй харьцуулахад 30.7%-иар буюу 22.6 граммаар бага байна. 
Жимс, жимсгэний хэрэглээний хувьд ихэвчлэн аньс, чангаанз, хар чавга, чацаргана, нэрс, үзэм зэргийг шүүс, ундаа байдлаар бэлтгэж өгдөг бол цөөн тохиолдолд алим, банана, лийр, мандарин зэрэг жимс өгч байна. Жимс, жимсгэнийг дунджаар 15.2 г хэрэглүүлж байна. Үүнийг зөвлөмж (70 г)-тэй харьцуулахад 78.3%-иар буюу 54.8 граммаар бага байна. 
ЕБС-н үдийн хоолонд хэрэглэж буй мах, төмс, гурилын хэрэглээ зөвлөмжөөс дээгүүр буюу мах 126.8%, төмс 119.2%, гурил 106.3%-иар тус тус хангасан бол бусад хүнсний бүтээгдэхүүн зөвлөмжөөс доогуур байна. Тухайлбал хүнсний ногоо зөвлөмж хэмжээг 69.2%, сүү 45.8%, жимс 21.7%, цагаан идээ 12.3%-иар тус тус хангаж байна.
 

Үдийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээний талаар: 
Судалгаанд хамрагдсан улсын сургуулиудын үдийн хоолны дундаж илчлэг 436.3 ккал байсан бол хотын сургуулиудын хоолны илчлэг 387.8 ккал, хөдөө орон нутгийн сургуулиудын хоолны илчлэг дунджаар 449 ккал байна. Үүнийг бүсээр харуулбал Баруун бүсэд 459.3 ккал, Хангайн бүсэд 425.3 ккал, Төвийн бүсэд 437.2 ккал, Зүүн бүсэд 503.7 ккал буюу хамгийн өндөр, Улаанбаатарт 387.8 буюу хамгийн бага байна. 
ЕБС-н үдийн хоолны уургийн агууламж дунджаар 19.7 г байна. Баруун бүсийн сургуулиудын үдийн хоолны уургийн агууламж 22.3 г, Хангайн бүсэд 20.1 г, Төвийн бүсэд 18.6 г, Зүүн бүсэд 22.3 г, Улаанбаатарт 16.4 г уураг тус тус агуулагдаж байна. 
Үдийн хоолны өөх тосны агууламж дунджаар 13.1 г байгаа ба хотод 11.6 г, хөдөө орон нутагт 13.5 г байна. Баруун бүсийн сургуулиудын үдийн хоолны өөх тосны агууламж 13.1 г, Хангайн бүсэд 13.4 г, Төвийн бүсэд 12.8 г, Зүүн бүсэд 16.3 г буюу хамгийн өндөр, Улаанбаатарт 11.6 г буюу хамгийн бага байна.
ЕБС-н үдийн хоолны нүүрс усны агууламж дунджаар 59.6 г байв. Нүүрс усны агууламж хотод 54.5 г, хөдөө орон нутагт 60.9 г байна. Баруун бүсэд 62.5 г, Хангайн бүсэд 55.8 г, Төвийн бүсэд 61.7 г, Зүүн бүсэд 66.8 г, Улаанбаатарт 54.5 г байв. 
 
 
ЕБС-н үдийн хоолны дундаж илчлэг 436.3 ккал байгаа нь БШУС, ЭМС, Сангийн сайдын хамтарсан А/166, А/559, 222-р тушаалд заагдсан зөвлөмж хэмжээ (610 ккал)-ний 71.5%-ийг хангаж байгаа буюу 173.7 ккал-иар бага байна.
Үдийн хоолны уургийн агууламж 19.7 г байгаа нь зөвлөмж хэмжээ (23.8 г)-ний 82.3%-ийг хангаж байгаа буюу 4.1 граммаар бага байна.
Өөх тосны агууламж 13.1 г байгаа нь зөвлөмж хэмжээ (16.8 г)-г 77.4%-иар хангаж байгаа буюу 3.7 граммаар бага байна. 
Үдийн хоолны нүүрс усны агууламж 59.6 г байгаа нь зөвлөмж хэмжээ (96.2 г)-г 62.1%-иар хангаж байгаа буюу 34.1 граммаар бага байна. 

Үдийн хоолны илчлэгийн хэмжээг 100% хангасан сургууль нийт сургуулийн 14%, уургийн хэмжээг 100% хангасан сургууль 26.3%, өөх тосны хэмжээг 100% хангасан сургууль 26.8%, нүүрс усны хэмжээг 100% хангасан сургууль нийт сургуулийн 8.9%-ийг эзэлж байна.

Хэлцэмж 
Сургуулийн үдийн хоолонд хэрэглэж буй бүтээгдэхүүнд мах, гурил, будаа, төмс давамгайлж, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэглээ дутмаг байна. Судалгаанд хамрагдсан Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны дундаж илчлэг 436.3 ккал, уураг 19.7 г, өөх тос 13.1 г, нүүрс ус 59.6 г байгаа нь зөвлөмж хэмжээтэй харьцуулахад илчлэг 28.5 хувь буюу 173.7 ккал-иар, уураг 17.7 хувь буюу 4.1 граммаар, өөх тос 22.6 хувь буюу 3.7 граммаар, нүүрс ус 37.9 хувь буюу 34.1 граммаар тус тус бага байна.
Сургуулийн үдийн хоолны хүнсний хэмжээг “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал-2019” судалгааны10 хүүхдүүдийн хүнсний хэрэглээний үр дүнтэй харьцуулахад (өдөр бүр жимс хэрэглэдэг өсвөр үеийнхэн 16.3 хувь, сүү, цагаан идээ хэрэглэдэг нь 36.1 хувь, ногоо хэрэглэдэг өсвөр үеийнхэн 59.5 хувьтай) ойролцоо байна. Иймээс одоогийн мөрдөгдөж буй сургуулийн үдийн хоол, хүнсний батлагдсан төсөв, зардалд дүн шинжилгээ хийн, нэмэгдүүлж шинээр батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоногийн хоолны хэм хэмжээг баримталж ажиллах санхүүгийн боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
 
Дүгнэлт
1.    Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны илчлэг, шимт бодисуудын хэмжээ нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны А/166, А/559, 222 дугаар хамтарсан тушаалаар баталсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг хангахгүй байна. 
Сургуулийн үдийн хоол, хүнсэнд батлагдсан төсөвт тохируулан ихэвчлэн гурил, будаа, төмс, мах хэрэглэж, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны хэрэглээ бага байгаа тул цаашид одоогийн мөрдөж буй төсөв, зардалд дүн шинжилгээ хийн, нэмэгдүүлж, жишиг хэмжээг баримталж ажиллах санхүүгийн боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
 
Ном зүй: 
1.    Монгол улсад хүүхдийн хөгжил, сургалт, хүмүүжил, мэдээллийн таатай орчинг төлөвшүүлэх асуудалд, 2004, х.3, х.10
2.    Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал, үндэсний V судалгааны тайлан, 2017, х.189
3.    Оюунбилэг М.  2-10 насны хүүхдийн хооллолт, 2014, х.19-20
4.    НЭМҮТ, Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагын эмхэтгэл, 2019
5.    http://pbprog.ru/databases/foodmeals/
6.    http://poedimka.com/ximicheskij-sostav-produktov-pitaniya-tablica/
7.    http://www.comodity.ru/foodcommodity/general/2.html
8.    http://www.bodyflex-nsk.ru/chemical.htm 
9.    БШУС, ЭМС, Сангийн сайдын хамтарсан тушаал, А/166, А/559, 222 дугаар тушаалын 3 дугаар хавсралт 
10.    Өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал-2019 судалгаа, х 27 

Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан
 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№5,2023.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

415

2023-12-12

он