-
2023-12-12 03:11:51
Монгол хүний цусны трансферрин болон нийт төмрийн хэмжээг судалсан дүн
Монгол хүний цусны трансферрин болон нийт төмрийн хэмжээг судалсан дүн
Түлхүүр үг: трансферрин-трансферрин рецептор, төмрийн гомеостаз, атом шингээлтийн спектрометр.
Үндэслэл: Цус багадалтын үед цусны сийвэнгийн трансферриний түвшин нэмэгддэг. Нөгөөтэйгүүр, төмрийг хэтрүүлэн хэрэглэх үед цусны сийвэнгийн трансферриний түвшин бага эсвэл трансферриний үйл ажиллагааны доголдол ажиглагддаг. Трансферрин нь төмрийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Трансферрин нь гликопротейн бөгөөд ~80 кДа молекул жинтэй. Энэ нь хоёр гомолог төмөр холбогч домайн агуулдаг бөгөөд тус бүр нь нэг төмрийг /Fe (III)/ холбодог. Трансферрин нь эсийн гадаргуу дээрх трансферрин рецептортой холбогдсоны дараа төмрийг янз бүрийн эсүүдэд хүргэдэг. Дараа нь трансферрин-трансферрин рецепторын цогцолборыг рецептороор дамждаг эндоцитозоор эсэд шилжүүлдэг12. Трансферрин-трансферрины рецепторын цогцолборыг эсийн гадаргуу руу буцааж зөөвөрлөж, төмрийн дахин шингээлт, ялгаралтанд чухал үүрэгтэй. Тиймээс трансферрин нь төмрийн гомеостаз болон цус багадалт зэрэг төмрөөс үүдэлтэй өвчинд чухал үүрэг гүйцэтгэдэг 1-7.
Зорилго: Бид судалгаандаа эмнэлгээр үйлчлүүлж буй харьцангуй эрүүл хүнийг /асуумж судалгаагаар/ сонгон авч, зохих ёсзүйн зөвшөөрлийн хүрээнд судалгаанд хамрагдагсдын цусны дээжинд нийт төмөр, трансферриний дундаж хэмжээг тодорхойлж, хоорондын хамаарлыг гаргах зорилго тавин ажиллаа.
Материал арга зүй: Судалгаанд эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй хүмүүсээс 16-69 насны эрэгтэй 170, эмэгтэй 170 нийт 340 хүнийг асуумж судалгаагаар сонгон авч судалгаандаа хамруулсан. Цусны трансферрины хэмжээг фермент холбоот урвалыг /ELISA/ ашиглан 450 нм гэрлийн долгионы уртад, нийт төмрийн хэмжээг атом шингээлтийн спектрометрээр 248.3 нм гэрлийн долгионы уртад тодорхойлсон. Үр дүнг Microsoft Excel программаар боловсруулсан.
A. Цусны төмрийн хэмжээг тодорхойлох.
Цусан дахь төмрийн агууламжийг атомын шингээлтийн спектрометрээр тодорхойлсон. Энэ арга нь 248.3 нм долгионы урттай цусыг бүхэлд нь шинжлэхэд хөндий катодын чийдэнг ашигладаг. Магнийн нитрат агуулсан матрицын залруулгын уусмал нэмснээр бүхэл цус тогтворждог10-11.
B. Цусны трансферрин тодорхойлох арга
Хүний эсрэг цэвэршүүлсэн трансферриний эсрэгбиеийг микротитр хавтангийн нүх бүрийг бүрхэж эсрэгбиеийн хатуу фазыг бүрдүүлсэн. Дараа нь эс бүрт трансферрин нэмснээр HRP-эсрэгбие нь эсрэгбие-эсрэгтөрөгч-фермент-эсрэгбиеийн цогцолборыг үүсгэнэ. 450 нм долгионы уртаар хэмжинэ14.
Судалгааны мэдээллийн санг үүсгэх, цэвэрлэх
Судалгааны мэдээлэл нь асуулгын судалгааны мэдээлэл, лабораторийн шинжилгээний үр дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Бүх мэдээллийг Excel программ ашиглан компьютерийн мэдээллийн санд оруулсан. Статистикийн боловсруулалтын программ хангамжид оруулсан өгөгдөлд хязгаарлалт (ажиглалтын арга, туйл ба доод хэмжээ) болон утгыг цэвэрлэх ажлыг хийсэн.
Үр дүн: Судалгаанд оролцогчдын цусны төмрийн дундаж хэмжээ 30.71 (ИМ 95%; 29.88-31.55) мкмоль/л байна. Үүнээс эрэгтэйчүүдэд 30.50 (ИМ 95%; 29.71-31.29) мкмоль/л, эмэгтэйчүүдэд 30.91 (ИМ 95%; 30.03-31.79) мкмоль/л байгаа нь төмрийн дундаж хэмжээ хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p = 0.49). Харин цусны ийлдсийн трансферрины дундаж хэмжээ 4.24 (ИМ 95%; 4.07-4.41) г/л байна. Үүнээс эрэгтэйчүүдэд 4.01 (ИМ 95%; 3.76-4.26) г/л, эмэгтэйчүүдэд 4.43 (ИМ 95%; 4.20-4.66) г/л байгаа нь ийлдсийн трансферрины дундаж хэмжээ нь хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p = 0.017). Цусны төмөр, трансферрины агууламж хоорондоо урвуу сул хамааралтай байсан.
Судалгаанд оролцогчдын цусны төмрийн дундаж хэмжээ 30.71 (95% CI; 29.88-31.55) мкмоль/л байна. Үүнээс эрэгтэйчүүдэд 30.50 (95% CI; 29.71-31.29) мкмоль/л, эмэгтэйчүүдэд 30.91 (95% CI; 30.03-31.79) мкмоль/л байсан ба хүйсийн хувьд төмрийн дундаж хэмжээнд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. (p = 0.49)
Сийвэн дэх трансферрины дундаж хэмжээ 4.24 (95% CI; 4.07-4.41) г/л байна. Үүнээс эрэгтэйчүүдэд 4.01 (95% CI; 3.76-4.26) г/л, эмэгтэйчүүдэд 4.43 (95% CI; 4.20-4.66) г/л, ийлдэс трансферрины дундаж хэмжээ статистик ач хрлбогдол бүхий ялгаатай байна (p = 0.017).
Цусны төмөр, трансферрины агууламж хоорондоо урвуу сул хамааралтай байсан.
Хэлцэмж: Монгол хүний цусны зэс, цайр, төмөр, трансферрин тодорхойлсон судалгаа хийгдээгүй боловч зарим эмгэгийн үеийн эрдэсийн түвшинг судалсан цөөн тооны судалгаа хийгдсэн байна. Б.Батболд нар13 элэгний эмгэгтэй 50 өвчтний цусны төмрийн хэмжээг биохимийн автомат анализатор дээр колорометрийн аргаар тодорхойлоход 189.84 мк/дл (34.00 ммоль/л) гарсан нь бидний тодорхойлсон дундаж хэмжээнээс даруй 1000 дахин их байсан ба уг үзүүлэлтийг ммоль/л –ээр бус мкмоль/л-ээр илэрхийлбэл тодорхойлсон дундажийн зөрүү нь бидний судалгааны дундажаас ач холбогдол бүхий бус юм.Katherine, Chen нарын хамтарсан судалгаагаар эрүүл хүний цусны трансферрины 2.16-3.99 г/л гарсан14 нь бидний судалгааны дундажаас бага байна. Энэ манай орны уур амьсгал, хүн амынн хоолны хэрэглээтэй холбоотой байх гэж үзэж байна.
Дүгнэлт: Төмрийн дундаж хэмжээ хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p = 0.49). Харин ийлдсийн трансферрины дундаж хэмжээ нь хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p = 0.017). Судалгааны дүнгээс харахад цусны төмөр, трансферрины агууламж хоорондоо урвуу сул хамааралтай байсан.
Ном зүй:
1. Butterworth CE. The skeleton in the hospital closet. Nutr Today 1974;9:4-8.
2. Banh L. Serum proteins as markers of nutrition: what are we treating?. Pract Gastroenterol 2006;30:46-64.
3. Fuhrman MP, Charney P, and Mueller CM. Hepatic proteins and nutrition assessment. J Am Diet Assoc 2004;104:1258-64.
4. Rosalind.S Gibson Principles of Nutritional assessment. Second edition.
5. https://en.wikipedia.org/wiki/Nutrition
6. https://www.drderryberry.com/what-is-the-history-of-clinical-nutrition/
7. Sampson S. Serum iron test: High, low, and normal ranges. Medical News Today. 2018
8. Devkota BP, Staros EB. Iron. Medscape. 2019
9. Sullivan D. Iron test. Healthline. 2019
10. Reference Values for the Trace Elements Copper, Manganese, Selenium, and Zinc in the Serum /Plasma of Children, Adolescents, and AdultsAuthor links open overlay panelM.RьkgauerJ.KleinJ.D.Kruse-JarresInstitute for Clinical Chemistry andLaboratory Medicine, Katharinenhospital, Kriegsbergstr, 60. D - 70174 Stuttgart, GermanyReceived 15 October 1996, Accepted 15 May 1997, Available online November 2011.
11. Biochemical assessment of nutrition by Martin Vejražka, translated and edited by Jan Plбtenнk
12. Hongquan Peng, Chiwa Aoieong, Tou Tou, Tsungyang Tsai and Jianxun Wu. Clinical assessment of nutritional status using the modified quantified subjective global assessment and anthropometric and biochemical parameters in patients undergoing hemodialysis in Macao. Journal of International Medical Research. 2021
13. Батболд Б, Ганчимэг Д, Отгонбаяр И, Алдармаа Т, Цэрэндаш Б “Элэгний эмгэгийн үед цусны төмрийн хэмжээг судалсан дүн” Монголын анагаах ухаан.2011;4(158):10-14
14. Katherine Chen et all, Albumin, transferrin, prealbumin and retinol binding protein.Clin,Chen 1991,37/6,985
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Ж.Батжаргал
Ашигласан зураг
