-
2023-12-12 03:30:12
Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал
Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал
Үндэслэл
Аливаа улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр, баялаг бүтээгч, хөдөлгөгч хүч нь хүүхэд бөгөөд тэдний аюулгүй орчинд төрж, өсч, сурч, хүмүүжиж, амьдрах нь нийгмийн эрүүл мэндийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Өсвөр нас бол 10-19 нас буюу хүүхэд наснаас насанд хүрэх хүртэлх амьдралын өвөрмөц үе бөгөөд өсвөр нас нь эрүүл мэндийн үндэс суурийг тавих чухал үе юм1.
Өсвөр үеийнхний өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, хоолтой холбоотой эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ шаардлагыг тогтооход эрүүл мэндийн байгууллагаас гадна сургууль болон гэр бүлийн үүрэг чухал. Иймээс өсвөр үеийнхний эрүүл мэнд, хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Зорилго: Өсвөр үеийнхний дунд зонхилон тохиолдож буй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг судлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдлээс сэргийлэх зөвлөмж боловсруулах
Зорилт:
1. Өсвөр үеийнхний хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх
2. Өсвөр үеийнхний бие бялдрын үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээ (нормограмм)-г нас, хүйсээр тогтоох
3. Өсвөр үеийнхэнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 төрлийн заавар боловсруулах
4. Өсвөр үеийн эрүүл мэндийн цахимд суурилсан тандалтын тогтолцооны журам боловсруулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдлийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах
Материал, арга зүй
Судалгааг нэгэн агшингийн судалгааны загварыг ашиглан хийсэн ба судалгааны нэгжид сонгогдсон аймаг, дүүрэг, сумдын сургуулийн сурагчдаас гадна өсвөр үеийн нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нарыг хамруулсан. Судалгаанд өсвөр үеийнхний бие бялдрын хэвийн өсөлтийн хэмжээг тогтооход нийт 16000 орчим (УБ хот нийлээд), эрсдэлт хүчин зүйлсийг судлахад нийт 4514 орчим өсвөр үеийнхнийг хамруулсан.
Үр дүн:
Үр дүн 1. Судалгаанд нийт 4514 сурагч хамрагдсанаас 45.95% (2070) эрэгтэй, 54.1% (2444) эмэгтэй байв. Судалгаагаар өсвөр үеийнхний 18.1% нь илүүдэл жин, таргалалттай, 34.6% өглөөний цайгаа хааяа уудаг, 3.9% уудаггүй, 41.8% нь хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, 63.9% нь чихэрлэг хүнс, 63.9% нь чихрийг 7 хоногт нэгээс олон өдөр хэрэглэдэг. Сурагчдын 85-90% нь фэйсбүүк тогтмол хэрэглэдэг ба 38,3% нь зурагт үзэх, компьютер тоглох, найзтайгаа ярилцах зэрэг идэвхгүй хөдөлгөөнд 3 -аас илүү цаг зарцуулдаг
Үр дүн 2. Судалгаанд нийт 16000 хүүхдээс бие бялдарын хэмжилтийн аргаар судалгааны мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийж, Улаанбаатар, Зүүн, Баруун, Хангай, Төвийн бүсийн өсвөр үеийнхний бие бялдрын үндсэн үзүүлэлтүүд болох өндөр ба жингийн хэвийн хэмжээг тогтоож, Р1, Р3, Р5, Р15, Р25, Р50, Р75, Р85, Р95, Р97, Р99 перцентилээр нас, хүйсний бүлэг бүрт нормограммын зураглалыг боловсруулсан.
үр дүн 3 буюу Хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох оролдлого хийсэн өсвөр үе болон өсвөр насны жирэмсэн охидод үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 төрлийн заавар боловсруулж, ЭМС-ийн тушаалаар батлуулсан.
Зорилго: Хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох оролдлого хийсэн өсвөр насны хүүхдийг эрт илрүүлэх, хүчирхийлэлд өртсөний дараах эрсдлийг бууруулах, сэтгэл заслын эмчилгээ хийх болон өсвөр насны жирэмсэн охидыг шинжлэх, оношлох, жирэмсэнийг шийдвэрлэх, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд чиглэсэн.
Үр дүн 4. “Өсвөр үеийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж” боловсруулсан.
Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 43.2% сүүлийн нэг сард хоол идэхийн өмнө гараа тогтмол угаадаг. Нийт сурагчдын 19.5% сүүлийн нэг жилд амиа хорлох талаар боддог ба 13.1% нь тамхи татаж, 12,6% нь архи ууж, 3,2% нь мансууруулах бодисыг тус тс хэрэглэж. Сурагчдын 56.8% 15 түүнээс дээш насандаа анх удаа бэлгийн хавьталд орсон ба 50% нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээгүй байна. Судалгааны үр дүнд үндэслэн зөвлөмж боловсруулсан.
Судлагдсан байдал: ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” (2009, 2013, 2019) судалгаагаар сурагчдын 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 52.5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг ба эрүүл бус хүнсийг, үүнд чихэрлэг ундааг 2 хүүхдийн 1 нь, чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг 5 хүүхдийн 4 нь өдөр бүр хэрэглэж байна. 2017онд хийсэн Монгол хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5-р судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин таргалалтын хувь 28.6 болж өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн байна. Сургуулийн гадна болон дотор орчинд эрүүл бус хоол хүнсний худалдаа үйлчилгээ, зар сурталчилгаа түгээмэл байна. Тухайлбал, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2012 онд хийсэн “Сургуулийн хоол хүнсний орчин: Хүнсний зар сурталчилгаа, түүний хүртээмж” судалгаагаар сургуулийн гадна орчинд байрлаж буй хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хоол хүнсийг сурталчилж байсан. Сургуулийн буфет, цайны газарт эрүүл бус хоол хүнс давамгайлж, эрүүл хүнсний нэр төрөл маш цөөн байгаа бөгөөднэг буфетэнд дунджаар 28 ширхэг эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байхад дөнгөж 1-2 ширхэг эрүүл хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ.
Дүгнэлт:
1. Өсвөр үеийнхний дундах эрүүл мэндийн эрсдэлт зан үйлээр чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, хөдөлгөөний идэвхигүй байдал, 3 цагаас илүү цахим хэрэглээ нь бусад эрсдлээс тус тус өндөр үзүүлэлттэй байна. Өсвөр үеийнхний дундах илүүдэл жин, таргалалтын тархалт эрүүл бус хүнсний хэрэглээтэй шууд хамааралтай байгааг тогтоосон.
2. Бие бялдрын хэвийн үзүүлэлт (нормаграмм) нь эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарт өсвөр насны хүүхдийн өсөлт хөгжилт, хоол тэжээлийн байдлыг илрүүлэх, хянахад лавлагаа үзүүлэлт болох боломжтой.
3. Хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох оролдлого хийсэн өсвөр үе болон жирэмсэн өсвөр үеийхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц заавруудтай болсон.
4. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн цахимд суурилсан тандалтын тогтолцоог боловсронгуй болж, үндэсний хэмжээний мэдээллийн сантай болсон. Мөн судалгааны дүнд үндэслэн өсвөр үеийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулсан.
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Химийн ухааны доктор И.Туяажаргал
Ашигласан зураг
