-
2023-12-13 02:17:26
Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөний талаарх мэдлэг, хандлага, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааны үр дүн
Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөний талаарх мэдлэг, хандлага, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааны үр дүн
Түлхүүр үг: Төрийн албан хаагч, төрийн албаны ангилал, хөдөлгөөний идэвх, биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөн, бие бялдрын боловсрол
Үндэслэл: НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод ХБӨ-өөс сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-иар бууруулах” зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахлын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл хомс болж хөдөлгөөний хомсдолд өртөх магадлал өсөн нэмэгдэж байна. Дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан нь хөдөлгөөний хомсдол бөгөөд жилд дунджаар 3.2 сая хүн цаг бусаар нас барж байна. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин (ХБӨ)-ий эрсдэлт хүчин зүйл болдог. Зүрхний шигдээсийн 30%, чихрийн шижингийн 27%, хөх, бүдүүн гэдэсний хавдрын өвчлөлийн 21-25% тус тус хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй байна.
Иймд бид Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн амын 6.3%-ийг төрийн албан хаагчид эзэлдэг. Иймд бид төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогт уялдуулан идэвхтэй хөдөлгөөний талаарх мэдлэг, хандлага, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэв.
Зорилго: Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөний талаарх мэдлэг, хандлага болон хөдөлгөөний идэвхийг нас, хүйс, байршил ба төрийн албаны ангиллаар харьцуулан судлах
Материал арга зүй: Судалгааг аналитик судалгааны зорилтот бүлэгт суурилсан агшингийн загвараар гүйцэтгэж, мэдээллийг асуулгын аргаар цуглуулсан. Монгол улсын 18-60 насны нийт 205011 төрийн албан хаагчдыг төлөөлүүлэн 4 аймгийн, Улаанбаатар хотын 4 дүүргийн нийт 1252 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав.
Судалгааны мэдээлэл цуглуулахдаа ЭМС-ын 2021 оны А/73 тоот тушаалаар батлагдсан “Хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг ашиглан мэдлэг, хандлагыг тогтоож, ДЭМБ-аас боловсруулсан (Global Physical Activity Questionnaire – GPAQ, WHO in 2006) асуулгаар хөдөлгөөний идэвхийг тодорхойлов. Мэдээллийн баазыг EPIDATA 3.1 программд үүсгэж, статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан үр дүнгийн боловсруулалт хийж, давтамж болон дундаж утгын бүлэг хоорондын (нас, хүйс, хот, хөдөө, төрийн албаны ангилал) ялгааг тодорхойлоход итгэх хязгаарын утгуудыг ашиглан тооцов. Судалгааны аргачлалыг НЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаар хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж, 260 дугаар тогтоолоор судалгааг явуулах ёс зүйн зөвшөөрөл авч гүйцэтгэв.
Үр дүн: Судалгаанд 4 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн 18-60 насны 1252 төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдгээрийн 49.5% нь эрэгтэйчүүд, 50.5% нь эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 58.9% их, дээд сургууль төгссөн (бакалавр, магистр, докторын зэрэгтэй), 19.1% тусгай дунд, 18.5% бүрэн дунд, 3.5% бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг төрийн албаны ангиллаар авч үзвэл 68.9% төрийн үйлчилгээний алба, 15.3% нь төрийн тусгай алба, 11.7% нь төрийн захиргааны алба, 4.1% нь төрийн улс төрийн албан хаагчид байв.
Судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын 8 буюу дийлэнх нь 80.4% (95%ИХ 78.3-82.7) нь дасгал ба идэвхтэй хөдөлгөөн хоорондоо ялгаатай гэсэн зөв мэдлэгтэй, харин 13.1% нь (95%ИХ 11.1-14.9) ялгаагүй гэсэн буруу мэдлэгтэй, 6.5% нь (95%ИХ 5.2-7.9) мэдэхгүй гэж хариулсан буюу огт мэдлэггүй байгаа нь харагдаж байна.
Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын 48.1% (95%ИХ 45.4-50.8) нь идэвхтэй хөдөлгөөнийг өдөр бүр хичээллэх шаардлагатай гэсэн зөв мэдлэгтэй, харин 28.5% (95%ИХ 26.0-31.1) нь долоо хоногт 3-5 өдөр, 19.2% (95%ИХ 17.0-21.3) нь идэвхтэй хөдөлгөөнийг долоо хоногт 1-2 өдөр хичээллэх шаардлагатай гэсэн буруу мэдлэгтэй, 4.2% (95%ИХ 3.2-5.4) нь огт мэдлэггүй байв. Байршлаар харьцуулахад хөдөөгийн төрийн албан хаагчдын 63.2%, хотын төрийн албан хаагчдын 32.7% буюу хөдөөгийнхөн хотынхоос 2 дахин илүү “зөв” мэдлэгтэй, харин хотын төрийн албан хаагчид 32.0% хөдөөгийн төрийн албан хаагчдаас 15.7% буюу 2 дахин илүү “буруу” мэдлэгтэй байв.
Төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөний талаарх нийт мэдлэгийн түвшинг авч үзвэл 41.9% (95%ИХ 39.2-44.6) нь “хангалттай”, 31.6% (95%ИХ 29.0-34.2) “дутмаг”, 26.4% (95%ИХ 24.0-28.8) нь “хангалтгүй” мэдлэгтэй байв (Хүснэгт 1).
Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын 57.9% (95%ИХ 55.0-60.7) нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх хувь хүний төлөвлөлт гаргадаггүй “буруу” хандлагатай, 38.1% (95%ИХ 35.4-41.1) нь “зөв” хандлагатай, 4.0% (95%ИХ 3.0-5.0) нь мэдэхгүй гэж хариулсан байна. Хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүдийн 61.2% (95%ИХ 57.4-65.0), эрэгтэйчүүдийн 54.5% (95%ИХ 50.6-58.4) нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх хувь хүний төлөвлөлт гаргадаггүй “буруу” хандлагатай байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна (p<0.05).
Тус үзүүлэлтийг байршлаар харахад Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын 69.4% (95%ИХ 65.8-73.0), орон нутгийн төрийн албан хаагчдын 46.6% (95%ИХ 42.7-50.5) байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Төрийн албаны ангиллаар харьцуулан авч үзвэл төрийн тусгай албан хаагчид хамгийн их “зөв” хандлагатай 45.5% (95%ИХ 38.8-52.8), төрийн улс төрийн албан хаагчид хамгийн бага “буруу” хандлагатай 66.7% (95%ИХ 53.8-79.6) байна.
Насны бүлгээр харьцуулахад нас ахих тусам “буруу” хандлагатай төрийн албан хаагчид нэмэгдэж 36-45 насанд хамгийн өндөр буюу 66.7% (95%ИХ 61.6-71.8), 18-25 насанд хамгийн бага 37.1% (95%ИХ 28.6-45.6)-тай байна.
Судалгаанд оролцогчдын 55.5% (95%ИХ 52.7-58.4) нь хааяа л хийвэл зүгээр гэж боддог, 34.2% (95%ИХ 31.4-36.8) нь яг одооноос эхлээд
идэвхтэй хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа, 6.5% (95%ИХ 5.2-7.7) нь идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг байна. Насны бүлгээр харьцуулахад идэвхтэй хөдөлгөөнийг хааяа л хийвэл зүгээр гэж боддог төрийн албан хаагчдын үзүүлэлт 18-25 насанд хамгийн өндөр 64.5%, яг одооноос эхлээд идэвхтэй хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа төрийн албан хаагчид 56-аас дээш насанд хамгийн өндөр 47.1%-тай байв. Насны бүлгээр харьцуулахад идэвхтэй хөдөлгөөнийг хааяа л хийвэл зүгээр гэж боддог төрийн албан хаагчдын үзүүлэлт 18-25 насанд хамгийн өндөр 64.5%, яг одооноос эхлээд идэвхтэй хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа төрийн албан хаагчид 56-аас дээш насанд хамгийн өндөр 47.1%-тай байв. Тус үзүүлэлтийг байршлаар харахад хөдөөгийн төрийн албан хаагчдын 58.5%, хотын төрийн албан хаагчдын 52.5% нь идэвхтэй хөдөлгөөнийг хааяа л хийвэл зүгээр гэсэн буруу хандлагатай хөдөөгийнхөн хотынхоос 6%-иар илүү байна.
Судалгаанд оролцогчдын дийлэнх 73.6% (95%ИХ 70.9-76.0) нь өөртөө зориулж дасгал хийхэд тохиромжтой хувцас, хэрэгсэл худалдаж авч байсан, харин 22.8% (95%ИХ 20.4-25.2) нь авч байгаагүй, 3.6% (95%ИХ 2.6-4.6) нь мэдэхгүй байна. Хүйсээр нь харьцуулахад эрэгтэйчүүдийн 75.8% (95%ИХ 72.4-79.2) нь, эмэгтэйчүүдийн 71.4% (95%ИХ 67.9-74.9) нь өөртөө зориулж дасгал хийхэд тохиромжтой хувцас, хэрэгсэл худалдаж авч байсан, харин эмэгтэйчүүдийн 25.5% (95%ИХ 22.1-28.9), эрэгтэйчүүдийн 20.2% (95%ИХ 17.0-23.4) нь үгүй гэж хариулсан байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна (p<0.05). Насны бүлгээр авч үзвэл 26-35 насанд хамгийн өндөр 80.5% (95%ИХ 76.8-84.2), харин 46-55 насны хамгийн бага 61.8% (95%ИХ 56.0-67.6)-тай байна. Байршлаар харахад орон нутагт 77.2% (95%ИХ 73.9-80.5) нь, Улаанбаатар хотод 69.9% (95%ИХ 66.3-73.5) нь өөртөө зориулж дасгал хийхэд тохиромжтой хувцас, хэрэгсэл худалдаж авч байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.003).
Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын дийлэнх 91.6% (95%ИХ 90.0-93.1) нь найз нөхөд болон гэр бүлээ идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг дэмждэг, харин 6.2% (95%ИХ 4.9-7.5) нь дэмжихгүй, 2.2% (95%ИХ 1.4-3.1) нь мэдэхгүй байна. Насны бүлгээр авч үзвэл найз нөхөд болон гэр бүлээ идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг дэмждэг төрийн албан хаагчдын үзүүлэлт 36-45 насанд хамгийн өндөр 95.1% (95%ИХ 92.8-97.4), харин 46-55 насны хамгийн бага 88.2% (95%ИХ 84.4-92.0)-тай байна. Хүйсээр нь харьцуулахад эрэгтэйчүүдийн 92.3% (95%ИХ 90.2-94.4) нь, эмэгтэйчүүдийн 91.0% (95%ИХ 88.8-93.2) нь найз нөхөд болон гэр бүлээ идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг дэмждэг, харин эмэгтэйчүүдийн 6.5% (95%ИХ 4.6-8.4), эрэгтэйчүүдийн 5.8% (95%ИХ 4.0-7.6) нь дэмжихгүй гэж хариулсан байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна (p<0.05). Байршлаар харахад Улаанбаатар хотод 93.6% (95%ИХ 91.7-95.5) нь, орон нутагт 89.7% (95%ИХ 87.3-92.1) нь найз нөхөд болон гэр бүлээ идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг дэмждэг нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Төрийн албаны ангиллаар авч үзвэл төрийн улс төрийн албан хаагчид хамгийн өндөр 100% (95%ИХ 100-100) нь найз нөхөд болон гэр бүлээ идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг дэмждэг байв.
Судалгаанд оролцогчдоос идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхгүй байх гол шалтгааныг тодруулахад төрийн албан хаагчдын 61.6% (95%ИХ 59.0-64.4) нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй, 19.8% (95%ИХ 17.7-21.9) нь спорт, фитнесс клубийн үнэ, төлбөр өндөр, 14.1% (95%ИХ 12.3-16.0) нь хэрхэн идэвхтэй хөдөлгөөн хийх талаар сайн мэддэггүй, 4.6% (95%ИХ 3.4-5.8) нь идэвхтэй хөдөлгөөн хийх дургүй байдаг. Төрийн албаны ангиллаар авч үзвэл төрийн захиргааны албан хаагчид идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй гэх шалтгаан хамгийн өндөр 72.6% (95%ИХ 65.4-79.8), төрийн тусгай албан хаагчид спорт, фитнесс клубын төлбөр өндөр гэх шалтгаан хамгийн өндөр 27.1% (95%ИХ 20.8-33.4), төрийн үйлчилгээний албан хаагчдын хэрхэн идэвхтэй хөдөлгөөн хийхээ сайн мэдэхгүй гэх шалтгаан нь хамгийн өндөр 16.6% (95%ИХ 14.1-19.1)-тай байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна.
Насны бүлгээр харьцуулахад идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй төрийн албан хаагчдын үзүүлэлт 26-35 болон 46-55 насанд хамгийн өндөр 65.8% (95%ИХ 61.4-70.2), 56-аас дээш насанд хамгийн бага 39.1% (95%ИХ 28.8-49.4)-тай байна. Нас ахих тусам идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй байдал буурч байгаа нь ажиглагдлаа. Байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын 71.5%, орон нутгийн төрийн албан хаагчдын 51.8% нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд цаг зав гардаггүй, хөдөөгийн төрийн албан хаагчдын 28.7%, хотын төрийн албан хаагчдын 10.8% нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд спорт, фитнесс клубийн үнэ төлбөр өндөр гэсэн шалтгаантай байгаа статистик ач холбогдол бүхий хамааралтай байна (p=0.0001).
Төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөний талаарх нийт хандлагын түвшинг авч үзвэл 42.9% (95%ИХ 40.2-45.6) нь “дундаж” хандлагатай, 31.5% (95%ИХ 28.9-60.4) “зөв” хандлагатай, 25.6% (95%ИХ 23.2-28.0) нь “буруу” хандлагатай байв. Хүйсээр авч үзвэл эрэгтэй төрийн албан хаагчдын 33.7% (95%ИХ 30.0-37.4) нь зөв хандлагатай, 21.6% (95%ИХ 18.4-24.8) нь буруу хандлагатай, эмэгтэй төрийн албан хаагчдын 29.3% (95%ИХ 25.8-32.8) нь зөв хандлагатай, 29.6% (95%ИХ 26.0-33.2) нь буруу хандлагатай байна. Байршлаар харьцуулахад Улаанбаатар хотынхон 22.9% (95%ИХ 19.6-26.2), орон нутгийнхаас 39.9% (95%ИХ 36.1-43.7) байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.05). Төрийн улс төрийн албан хаагчдын 33.3% (95%ИХ 20.4-46.2) нь хамгийн буруу хандлагатай, төрийн тусгай албан хаагчид хамгийн зөв хандлагатай байна (Хүснэгт 2).
Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын 45.8% (95%ИХ 43.0-48.6) нь хөдөлгөөний идэвх их, 34.4% (95%ИХ 31.8-37.0) нь хөдөлгөөний идэвх дунд, 19.7% (95%ИХ 17.5-21.9) нь хөдөлгөөний хомсдолтой гэсэн ангилалд багтаж байна.
Хөдөлгөөний хомсдолтой төрийн албан хаагчдын үзүүлэлтийг насны бүлгээр харьцуулахад ялгаатай байдал ажиглагдав. Тухайлбал, хөдөлгөөний хомсдолын тархалт 46-55 насанд
10.3% (95%ИХ 6.7-13.9) хамгийн бага, харин 56-аас дээш насанд 24.1% (95%ИХ 15.1-33.1) хамгийн их статистик ач холбогдол бүхий өндөр, Эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй ДЭМБ-ын зөвлөмжийг хангахгүй, хөдөлгөөний хомсдолтой төрийн албан хаагчдын тархалт орон нутагт 10.5% (95%ИХ 8.1-12.9), Улаанбаатар хотод 29.1% (95%ИХ 25.5-32.7) статистик ач холбогдол бүхий өндөр байв (Хүснэгт 3).
Хөдөлгөөний хомсдолын тархалтыг төрийн албаны ангиллаар авч үзвэл төрийн захиргааны албан хаагчдад 25.3% (95%ИХ 18.2-32.4), төрийн үйлчилгээний албан хаагчдад 20.6% (95%ИХ 17.9-23.3), төрийн улс төрийн албан хаагчдад 15.7% (95%ИХ 5.7-25.7), төрийн тусгай албан хаагчдад 12.5% (95%ИХ 7.8-17.2)-тай байв.
Дүгнэлт:
1. Төрийн албан хаагчид идэвхтэй хөдөлгөөний талаарх мэдлэг 41.9% нь “хангалттай”, 31.6% нь “дутмаг”, 26.4% нь “хангалтгүй” мэдлэгтэй.
2. Харин идэвхтэй хөдөлгөөний талаар төрийн албан хаагчдын 42.9% нь “дундаж” хандлагатай, 31.5% “зөв” хандлагатай, 25.6% нь “буруу” хандлагатай байв.
3. Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын 45.8% нь хөдөлгөөний идэвх их, 34.4% нь хөдөлгөөний идэвх дунд, 19.7% нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөнийг хийдэггүй буюу хөдөлгөөний хомсдолтой байна.
Ном зүй:
1) Биеийн тамир, спортын тухай хууль /шинэчилсэн найруулга/, 2017 он
2) Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, МУЗГ-ын 289 дүгээр тогтоол, 2017 он
3) Идэвхтэй дасгал хөдөлгөөний заавар, ЭМЯ, ДЭМБ, 2014 он
4) ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 3 дугаар судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2013 он
5) ХБӨ-ний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, 2013 он
6) Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, УИХ-ын 48 дугаар тогтоол, 2010 он
7) Global action plan on physical activity 2018–2030: More active people for a healthier world
8) Global Recommendations on Physical Activity for Health.Geneva: World Health Organization; 2010
9) Global action plan for the prevention and control of NCDs 2013-2020
10) ACTIVE: a technical package for increasing physical activity
11) Elmahgoub,S.S.; Calders,P.; Lambers,S.; Stegen,S. M.; Van Laethem,C.; Cambier,D.C. (2011). "The effect of combined exercise training in adolescents who are overweight or obese with intellectual disability: The role of training frequency". Journal of Strength and Conditioning Research. 25 (8): 1.
12) The President's Council on Physical Fitness and Sports - Publications. (n.d.). President's Council on Fitness, Sports & Nutrition . Retrieved April 5, 2011
13) Vehrs, P., Ph.D. (2011). Physical activity guidelines. In Physiology of exercise: An incremental approach (pp. 351-393). Provo, UT: BYU Academic Publishing
14) Derrick, B; White, P (2017). "Comparing Two Samples from an Individual Likert Question". International Journal of Mathematics and Statistics. 18 (3): 1–13.
15) Jovancic, Nemanja. "Likert Scale: How to Create Your Own Survey". LeadQuizzes. Retrieved 9 March 2020.
16) Global Physical Activity Questionnaire (GPAQ) Analysis Guide, Surveillance and Population-Based Prevention Prevention of Noncommunicable Diseases Department World Health Organization 20 Avenue Appia, 1211 Geneva 27, Switzerland
17) Burns, Alvin; Burns, Ronald (2008). Basic Marketing Research (Second ed.). New Jersey: Pearson Education. pp. 250. ISBN 978-0-13-205958-9.
Талархал: Энэхүү судалгааг гүйцэтгэхэд мэргэжил аргазүйгээр хангаж хамтран ажилласан Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, техникийн дэмжлэг үзүүлсэн Шинжлэх ухаан технологийн санд болон судалгааны мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Сүхбаатар, Увс, Говь-Сүмбэр, Хөвсгөл аймаг, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Багахангай дүүргийн эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагуудын дарга, захирал, аргазүйч, мэргэжилтэн та бүхэнд судалгааны багийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор С.Цэгмэд
Ашигласан зураг
