-
2023-12-13 03:28:09
Өвөрхангай аймгийн политехникийн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын хдхв/дох/бздх-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын түвшинг тодорхойлох нь
Өвөрхангай аймгийн политехникийн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын хдхв/дох/бздх-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын түвшинг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Өсвөр үе, ХДХВ/ДОХ, БЗДХ, Политехникийн коллеж
Судалгааны ажлын үндэслэл:
Дэлхий даяар өдөр бүр 1 сая гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг. 2020 онд 374 сая гаруй зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын /цаашид БЗДХ гэх/ тохиолдол бүртгэгдсэнээс хламиди 129 сая, заг хүйтэн 82 сая, тэмбүү 7,1 сая, трихомониаз 156 сая хүн шинэ халдвар авсан байна. Мөн энгийн херпес вирусийн халдвартай 500 сая, хүний папилломын вирусийн халдвартай 300 сая орчим нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд амьдарч байна (World Health Organization, 2020).
Улсын хэмжээнд 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 2972 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 13.2%-г эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 334 тохиолдлоор өссөн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 34.0%-г заг хүйтэн, 43.4 хувийг тэмбүү, 22.5%-г трихомониаз, 0.1%-г ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү (322), заг хүйтэн (109) тохиолдлоор өсөж, трихомониаз (92), ХДХВ/ДОХ (5) тохиолдлоор буурсан байна (Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2022).
Аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 218 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 3.7%-г эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 58 тохиолдлоор өссөн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 37.6%-г заг хүйтэн, 61.0 %-г тэмбүү, 1.4%-г трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 24 тохиолдлоор нэмэгдсэн ба 10 000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Арвайхээр, Баян-өндөр, Зүүнбаян-улаан, Сант, Тарагт, Уянга сумдад аймгийн дундаж үзүүлэлтээс 0.1-9.5 пунктээр өндөр байна.
2022 онд бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын 18.3%-г өсвөр насныхны өвчлөл эзэлж байгаа нь өмнөх оноос 4.5%-р өссөн үзүүлэлттэй байна. Үүний тэмбүү 52.5, заг хүйтэн 45, трихомониаз 2.5%-г тус тус эзэлж байна (Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд, 2022).
"БЗДХ, ХДХВ, ДОХ"-оос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд сүүлийн 5 жилд хийгдсэн ажлын сайн туршлага, өнөөгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд хамтрагч салбаруудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдийн дунд уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс өсвөр насны хүүхдүүд болон Политехникийн коллежийн оюутнуудын дунд БЗДХ-ын талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн багш ордоггүй, орон тоогоор ажилладаггүй, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг мэдээлэл дутмаг, эрүүл мэндийн хичээлийн чанар хангалтгүй зэрэг тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон.
Орчин үед хүн амд эрүүл мэндийн боловсрол олгосноор хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, өвчилсөн хойно нь эмчлүүлэх бус, өвчлөхөөс өмнө эрүүл зан үйлд суралцахад илүү анхаарах болсон. Иймд эрүүл мэндийн боловсролыг бага наснаас нь системтэй эзэмшүүлэн, эрүүл зан үйлийг төлөвшүүлж, эрсдэлийг хянах нь орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Судалгааны ажлын зорилго:
ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын түвшинг тодорхойлж, үр дүнд үндэслэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх
Судалгааны ажлын зорилт:
1. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэгийг үнэлэх
2. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хандлагыг үнэлэх
3. Цаашид нотолгоонд суурилсан арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
Судалгааны ажлын үр дүн
Энэхүү судалгаанд АШУҮС-ийн багш Д.Тэмүүлэн нарын боловсруулсан Их сургуулийн оюутны бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааны асуумжийг ашигласан тул дотоод нийцтэй байдлыг нь юуны өмнө тодорхойлов.
Дотоод нийцтэй байдлын коэффициент болох кронбах альфа (α)2-г тооцоход ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг тодорхойлох 2 бүлэг 49 асуумжийн хувьд α=0.93 байлаа. Энэ нь уг асуумжийн хэмжигдэхүүнүүд судалж буй зүйлээ хэмжиж буй байдал маш сайн байгааг илтгэнэ.
Судалгаанд аймгийн хэмжээнд 3403 сурагчдаас авснаас алдаатай 46 анкетыг хасаж 3357 анкетаар тооцов.
Судалгаанд оролцогчдыг насны бүлгээр авч үзэхэд 56.7% нь 15-16 насны сурагчид байна. Хүйсийн хувьд авч үзэхэд 54.8% эмэгтэй сурагчид эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 40.2% Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид эзэлж байна.
Судалгаанд оролцогчдыг сургуулиар харьцуулан үзэхэд 40.2% нь Арвайхээр, 9.7% Хархорин, 6.3%-г Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байна.
1. Өвөрхангай аймгийн Политехникийн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэгийг үнэлсэн нь:
Судалгаанд оролцогчдын 1.2% нь ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг маш сайн, 9% нь сайн мэдлэгтэй, 25.4% нь дунд мэдлэгтэй, 30% нь муу мэдлэгтэй, 34.5% нь хангалтгүй мэдлэгтэй байв.
Мэдлэгийн түвшин маш сайн сурагчдын 7.6 хувь нь Баянгол, 4.5% нь Политехникийн коллеж, 3.1% нь Уянга сумын ЕБС-ын сурагчид эзэлж байна.
Мэдлэгийн түвшин сайн сурагчдын 27 хувь нь Хархорин сумын Гүнзгий сургууль, 17 хувь нь Сант сумын ЕБС, 15.7% нь Есөнзүйл сумын ЕБС, 13.6 хувь нь Арвайхээр сумын 4-р сургууль, 12.8% нь Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуулийн сурагчид эзэлж байна.
Мэдлэгийн түвшин дунд сурагчдын 37% нь Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургууль, Тэмүүлэл эрдэм сургууль, Хархорин сумын Гүнзгий сургуулийн сурагчид буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Мэдлэгийн түвшин муу үнэлэгдсэн сурагчдын 39.2% нь Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургууль, 38.2% нь Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургууль, 35.6% нь Хархорин сумын Номын хүрдэн сургуулийн сурагчид байна.
Мэдлэгийн түвшин хангалтгүй сурагчдын 75.9% нь Зүүнбаян-Улаан сумын ЕБС, 65.9% нь Жаргалант багийн эмнэлэг 55.4% нь Бүрд сумын ЕБС, 54.8% нь Гучин-Ус сумын ЕБС, 53.1% нь Баян-Өндөр сумын ЕБС-ын сурагчид тус тус эзэлж байна.
Нийт өвчлөлийн мэдлэгийг настай харьцуулахад 17 насныхны дунд ХДХВ/ДОХ 89.02%, 18 насныханд тэмбүү өвчин 75.1%, заг хүйтэн 53.9% буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд трихомониаз, гепатит В, С, херпес, хламид зэрэг БЗДХ-т өвчнүүдийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаа нь харагдаж байна. ХДХВ/ДОХ, Тэмбүү, Заг, Трихомониаз зэрэг нь настай статистик ач холбогдол бүхий хамааралтай байна.
Хүйсийн хувьд авч үзэхэд өвчлөлтүүдийн талаар эрэгтэй сурагчид илүү мэдэж байна. гепатит В, С, херпес, хламид зэрэг өвчлөлтүүд нь хүйстэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна.
БЗДХ-ын дамжих замуудыг харьцуулан үзэхэд бэлгийн хавьтлаар 87%, зүү тариураар 38%, цус сэлбэх 42.1%, эхээс урагт 40% нь мэдлэгтэй байгаа бол 44% нь дотуур хувцас солих үед халдвар дамжих эрсдэлтэй гэсэн буруу ойлголттой байна. Мөн халдвартай эхээс төрөх хүүхдэд халдвар шууд дамждаг гэдгийг ирээдүйд аав, ээж болох сурагчдын 1349 (39.9%) нь мэдэж байна. Үүнээс үзэхэд БЗДХ-тай аав ээжүүдээс тэдний хойч үеийг залгамжлагч үр хүүхдүүд нь төрөлхийн халдварт өвчинтэй төрөх эрсдэлтэй гэдгийг ойлгуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.
БЗДХ-ын дамжих замуудыг ангиар авч үзэхэд 11, 12 дугаар анги, политехникийн коллежийн сурагчдын мэдлэгийн хувь өндөр байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний дамжих замууд нь ангитай статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.000*) байна.
Судалгаанд оролцогчдын 49.3% нь бэлэг эрхтэн загатнах, 50.5% нь бэлэг эрхтэн дээр яр шарх гарах, 40.8% нь шээх үед өвдөх, 40.1% нь бэлэг эрхтэн хавдах зэрэг шинж тэмдгийн талаар мэдлэг өндөр байна. Харин БЗДХ-тай хүнд шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой нууц үе байдаг тухай мэдлэгтэй 887 (26.1), мэдлэггүй 2470 (73.9) байна. Энэ нь БЗДХ-ын мэдлэг муу гэдгийг баталж байгаа бөгөөд БЗДХ-д өртөгсөд халдвараа бусдад дамжуулах шинж тэмдэг илрэхгүй болсон үед эдгэрсэн хэмээн буруу ойлголттой болох магадлал өндөр байгааг харуулж байна.
БЗДХ-т өвчний үед илрэх шинж тэмдгийн мэдлэгийг ангиар авч үзэхэд 11.12 дугаар анги, политехникийн коллежийн сурагчдын мэдлэгийн хувь өндөр, ангитай статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.000*)байна.
БЗДХ-ыг эмчлэхгүй тохиолдолд үүсэх хүндрэлүүдийн талаарх мэдлэгийг судлан үзэхэд судалгаанд хамрагсдын 59.5% нь үргүйдэл, 48% нь умай, умайн хүзүүний хавдар үүсдэг гэдгийг мэдэж байна. Харин 36.4% нь зулбалт, 36.5% нь дутуу төрөлт, 35.2% нь амьгүй төрөлт, 26.9% нь умайн гадуурх жирэмслэлт зэрэг хүндрэлүүдийг мэдэж байгаа нь энэ тухай мэдлэг хангалтгүй, эрүүл мэндийн хичээлийг хичээлийн программын дагуу чанартай хүргэх шаардлагатай байна.
Судалгаанд хамрагдагсдын 79.1% нь бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвч хэрэглэх, 54% нь халдваргүй зөвхөн нэг бэлгийн хавьтагчтай байх, 63.7% нь биеэ үнэлэгчтэй бэлгийн хавьталд орохоос татгалзах нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх арга юм гэж хариулсан байна.
Нэг удаагийн зүү тариур хэрэглэх нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх нэг арга гэдгийг 51.6% нь мэдэж байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллага оношилгоо эмчилгээнд нэг удаагийн зүү тариур хэрэглэдэг нь олон өвчнүүдээс ард иргэдээ хамгаалсан нийгмийн урьдчилан сэргийлэх арга юм. Харин бэлгийн хавьтлыг тэвчих нь БЗДХ”аас урьдчилан сэргийлэх нэгэн чухал арга гэдгийг судалгаанд оролцогчдын 45.3% нь мэдэж байгаа нь хангалтгүй тоон үзүүлэлт тул сурагчдад БЗДХ авсан тохиолдолд бие махбод болон сэтгэлзүйд олон хүндрэл үүсэж нууц үедээ орсон тохиолдолд эдгэрсэн хэмээн ташаа ойлгон цааш нь халдвар тараах эрсдэлтэй гэдгийг сайн ойлгуулах шаардлагатай байна.
Гаднаас нь харахад эрүүл хүн бэлгийн замаар дамжих халдварын эрсдэлтэй байж болох талаар 1826 (54.1) мэддэг байхад, 1531(45.9) мэдэхгүй байгаа нь БЗДХ-т өртсөн сөрөг хандлагатай хэн нэгнээс халдвар авах магадлал өндөр байгаа гэдгийг харуулж байна. Энэ талаарх мэдлэгтэй сурагчдын хүйс нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.002) байна.
Дээрх хүснэгтээс харахад анги ахих тусам мэдлэгийн түвшин нэмэгдэж байгаа нь бидний дэвшүүлсэн таамаглалыг баталж байна.
2. Өвөрхангай аймгийн Политехникийн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хандлагыг үнэлсэн нь:
Судалгаанд оролцогчдын 54.3% нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хандлага төлөвшсөн, 17.5% нь төлөвшиж буй, 28.2% нь төлөвшөөгүй байв.
Хандлагын үнэлгээг сургуулиар харьцуулан үзэхэд Арвайхээр сумын 4-р сургууль 73.7% нь, Мэргэд лаборатори сургууль 71.3% нь, Тэмүүлэл эрдэм сургууль 70.9% нь, Арвайхээр сумын 5-р сургууль 69.3% нь, Хархорин сумын гүнзгий сургууль 64% нь хандлага төлөвшсөн байна.
Хандлагын түвшин дунд сургуулийг авч үзэхэд Жаргалант багийн сургууль 29.3%, Хархорин сумын номын хүрдэн сургууль 28.9%, Уянга сумын ЕБС 23.4% байна.
Харин хандлага төлөвшөөгүй Хужирт сумын ЕБС 49.3%, ЗБУ сумын ЕБС 46.6% нь, Хайрхандулаан ЕБС 45% нь, ББУ сумын ЕБС 44.7% нь, Өлзийт сумын ЕБС 43.5 хувь нь тус тус эзэлж байна.
БЗДХ-т өвчин эдгэрэх боломжтой учраас аюултай биш юм гэж судалгаанд хамрагдсан 1993 (59.8) %нь үзэж байгаа нь тэдэнд энэ талаар хандлага төлөвшөөгүйг харуулж байна.
БЗДХ-т өвчин нь нэг хүнээс нөгөөд дамждаг тул түүнээс зайлсхийх хэрэгтэй гэж 2391 (70.9%), БЗДХ-тай залуучууд эмчлүүлэх шаардлагатай гэж 2643 (78.3%), БЗДХ-ын шинж тэмдэг илэрч байгаад эргэлзэж байгаа бол эмнэлэгт хандах хэрэгтэй гэж 2561 (75.8%), урьдчилан сэргийлэх зорилгоор байнга мэдээлэл авч байх ёстой гэж 2539 (75.2%) үзэж байгаа нь хандлага сайн төлөвшсөнийг харуулж байна.
Хэрэв БЗДХ авсан бол тухайн сурагч сэтгэл санааны хувьд хэр тавгүй байдалд байх тухай судлан үзэхэд 2799 (82.8%) сурагч санаа их зовно гэсэн тул хандлаг бүрэн төлөвшсөн, 218 (6.5%) нь санаа бага зов нь гэсэн тул хандлага төлөвшиж буй, 340 (10.1%) нь мэдэхгүй гэж хариулсан тул хандлага төлөвшөөгүй гэж үзэж байна.
Дээрх судалгаанаас үзэхэд БЗДХ-с урьдчилан сэргийлэх хандлага эмэгтэй сурагчдад, 11, 12 дугаар анги, Политехникийн коллежийн сурагчид илүү төлөвшсөн байна.
БЗДХ-с урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгэвч хэрэглэх хэрэгтэй гэж 2492 (74.1%) сурагч үзэж байгаа нь хандлага сайтай болохыг харуулж байна. Гэвч хэрэв хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орох нөхцөл бүрдсэн үед танд бэлгэвч байхгүй бол яах вэ гэдэг талаар судлан үзэхэд 224 (6.7%) бэлгийн харьцаанд орно, 2054 (61.2%) бэлгийн харьцаанд орохгүй, 1079 (32.1%) сурагчид мэдэхгүй гэж хариулжээ.
Мөн судалгаанд оролцогчдын ихэнх нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгэвч хэрэглэх хэрэгтэй гэсэн боловч бэлгийн харьцаанд орох нөхцөл бүрдсэн үед бэлгэвч байхгүй тохиолдолд түүнийг хэрэглэхгүй 1303 (38.8%) сурагч байна.
Та найз охин, хөвгүүнтэй бэлгийн харьцаанд орох нөхцөл бүрдсэн үед хайрт чинь бэлгэвч хэрэглэх саналыг татгалзвал яах вэ гэсэн асуултад гомдоохгүйн тулд бэлгэвч хэрэглэхгүй гэж 353 (10.5%), тухайн нөхцөл байдлаас хамаарна гэж 1158 (33.5%) сурагч хариулсан байна. байна.
Бэлгэвчний хэрэглээг анги болон хүйстэй харьцуулан үзэхэд статистик ач холбогдол бүхий хамааралтай Дээрх хүснэгтээс харахад анги ахих тусам мэдлэгийн түвшин нэмэгдэж байгаа нь бидний дэвшүүлсэн таамаглалыг баталж байна.
Судалгаанд хамрагдагсдын БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хандлагын төлөвшил мэдлэгийн оноотой шууд хамааралтай (р=0.000) байна.
Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээл ордог 61 багш байна. Үүний 26.2% нь эрүүл мэнд, биологи эрүүл мэнд болон биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй багш нар эзэлж байна. Мөн орос хэл, бага анги, хими, биологи, байгаль шинжлэл, математик, мэдээлэл зүй, технологи, газарзүй багш 73.8%-г эзэлж байгаа ба эрүүл мэндийн чиглэлийн бус багш нар эрүүл мэндийн хичээлийг зааж байна.
Хархорин сумын Орхон сургууль, 2-р сургууль, Бат-Өлзий сумын ЕБС, Хужирт сумын ЕБС-иуд нь эрүүл мэндийн багшийг орон тоогоор ажиллуулж байна.
Хэлцэмж:
Нгуэн10 (2008) нар Вьетнам улсын Хо Ши Мин хотын Өсвөр насныхны дунд БЗДХ-ууд болон жирэмслэлтээс сэргийлэх мэдлэгийг үнэлсэн судалгааны явцад “Өсвөр насныхны хамгийн сайн мэддэг БЗДХ нь ХДХВ/ДОХ юм” хэмээн тэмдэглэсэн бол бидний судалгаанд хамрагдсан ихэнх сурагчдын 2695 (82,2) ХДХВ/ДОХ нь БЗДХ-т өвчний нэг юм гэсэн нь бидний судалгаатай ижил байна. Гэвч бусад БЗДХ-ын талаарх мэдлэг маш хангалтгүй байлаа.
Линн Свэнссон11 (2013) нар Тай Их сургуулийн оюутнуудын БЗДХ-ын мэдлэг, хандлагыг судлан үзэхэд судалгаанд хамрагсдын 36 (24.5) нь, бидний судалгааны 1993 (59.8) % нь БЗДХ-т өвчин нь эдгэрэх боломжтой учраас аюултай биш гэж үзжээ.
Перссон12, Жарлбро12 (1992) нар хэдийгээр өсвөр насныхан бэлгэвч БЗДХ-аас тэднийг хамгаалж чадна гэдгийг мэддэг ч хэрэглээ бага байна гэж дүгнэжээ. Бидний судалгаанд хамрагдсан сурагчдын 60.15% нь бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орохоос татгалзсан байгаа нь ялгаатай байна.
Д.Тэмүүлэн нарын Их сургуулийн оюутны бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг үнэлсэн судалгаанд судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 40.5% нь мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Мөн тус судалгаанд мэдлэгийн түвшин маш сайн оюутан байхгүй байсан бол бидний судалгаанд мэдлэгийн түвшин 39 1.2 байгаа нь ялгаатай байна.
Тус судалгаанд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх талаарх хандлага төлөвшсөн 23.6%, төлөвшиж буй 44,9%, төлөвшөөгүй 31,5% байгаа нь бидний судалгаанаас ялгаатай байна.
Дээрх судлаачдын судалгааны дүнгээс үзэхэд бидний хойч ирээдүй болсон өсвөр үеийнхний БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй байгаа нь илэрхий байна. Орчин үед залуучуудын бэлгийн боловсрол түүнийг дагаад мэдлэг, хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотой өсвөр насныханд бэлгийн боловсролын мэдлэгийг хэрэгцээгээр нь бүрэн дүүрэн олговол хандлагад өөрчлөлт гарч түүнийг дагаад нийгмийн хандлага өөрчлөгдөх боломжтой юм.
Дүгнэлт:
1. Судалгаанд оролцогчдын 1.2% нь ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг маш сайн, 9% нь сайн, 25.4% нь дунд, 30% нь муу, 34.5% нь хангалтгүй мэдлэгтэй байна.
2. Судалгаанд оролцогчдын 54.3% нь БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хандлага төлөвшсөн, 17.5% нь төлөвшиж буй, 28.2% нь төлөвшөөгүй байв.
3. Судалгаанд оролцогчдын мэдлэг, хандлагын түвшин анги ахих тусам нэмэгдэж байгаа нь бидний дэвшүүлсэн таамаглалыг баталж байна.
Ном зүй
1. (2020). Retrieved from World Health Organization: https://www.who.int/mongolia/
2. (2022). Retrieved from Эрүүл мэндийн хөгжлийн төв: http://www.hdc.gov.mn/
3. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд. (2022). Retrieved from Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар: http://ov.mohs.gov.mn/
4. Ариунтуяа, Н., Байгалмаа, Ч. МБСБ-ийн суралцагчдын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын өнөөгийн байдал.Тайлан.Улаанбаатар: 2014.
5. Хосбаяр, Т. Тэмбүү өвчний ийлдэс судлалын шинжилгээний чанарыг хангах нь. ЭМЯ, НЭМГ, ЭМШУИС, Глобаль Сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл.Улаанбаатар: 2011.
6. Эрүүл мэндийн яам. Монгол улсад 2001-2010 онд бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын байдал. ЭМЯ, 2011.
7. ХӨСҮТ, Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төсөл. Улаанбаатар
8. Нэгдсэн Үндэсний Байгууллага. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа. Улаанбаатар: 2011.
9. Эрүүл мэндийн яам. Улсын хэмжээнд зонхилон тохиолдох Бэлгийн Замаар Дамжих Халдварын мэдээлэл №19. ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төсөл. Улаанбаатар төсөл, 2015
10. ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслүүдийн тайлан (2003-2013).
11. ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй төсөл. УБ.
12. Persson, E &Jarlbro, G. Sexual behaviour among youth clinic visitors in Sweden: knowledge and experiences in an HIV Perspective. Genitourin Med. 1992, 68(1).p26-31
13. Trajman, A., Belo, M.T., Teixeria, E.G., Dantas, V.C.S., Salomгo, F.M. & Cunha, A.J.L.A. Knowledge about STD/AIDS and sexual behavior among high school students in Rio de Janeiro, Brazil: 2013
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Биологийн ухааны доктор Э.Өлзийжаргал
Ашигласан зураг
