-
2023-12-13 04:18:26
Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээ ба донтолтыг судлах нь
Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээ ба донтолтыг судлах нь
Түлхүүр үг
Ухаалаг гар утас, утасны хэрэглээ, донтолт
Судалгааны үндэслэл
Ухаалаг гар утасны идэвхтэй хэрэглээ хувь хүн болон хүмүүс хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч хэтрүүлэн хэрэглэснээр өдөр тутмын амьдрал, аюулгүй байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна нийгмийн амьд харилцааг бууруулах, эмгэг өөрчлөлтийг бий болгох гэх мэт сэтгэцийн болон зан үйлийн асуудлуудыг үүсгэдэг байна. (Baifeng Chen, Fei Liu, Shushu Ding, Xia Ying, Lele Wang, Yufeng Wen, 2017).
М.Отгонбаяр судлаачийн (2016) хийсэн судалгаанд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 21 сургуулийн өсвөр насны 383 хүүхдийг хамруулахад таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон нь тогтоогдсон ба фейсбүүк, мессенжер хамгийн их ашигладаг гэжээ. Солонгост өсвөр насны хүүхдүүдийн 18, Хонконгод 26.4 хувь нь ухаалаг утсанд донтсон байдаг бол манайд 20 орчим хувь нь ийм эмгэгтэй байгаа үр дүн гарчээ.
Манай аймгийн хувьд ухаалаг гар утасны хэрэглээ болон донтолтыг ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд үнэлсэн үнэлгээ одоогоор хангалтгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов.
Судалгааны зорилго
Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээ ба донтолтыг судлахад оршино.
Судалгааны зорилтууд
- Сурагчдын дундах ухаалаг гар утасны хэрэглээг тодорхойлох
- Сурагчдын ухаалаг утсанд донтох эрсдлийг үнэлэх
- Судалгааны дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг боловсруулах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дундах ухаалаг гар утасны хэрэглээ ба донтолтыг тодорхойлоход нэг агшингийн судалгааны загварыг ашиглана. Судалгааны мэдээллийг тоон судалгааны анкет ашиглан сурвалжлагын аргаар цуглуулна. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн дунд, ахлах ангийн нийт 4106 сурагчдын 12%-г, журналын нэрсийн дагуу санамсаргүй түүврийн аргаар сурагчдыг сонгож хамруулсан. Судалгааны мэдээллийн дотоод нийцтэй байдлыг тодорхойлоход SPSS 23.0, Microsoft excel программыг ашиглан боловсруулалт хийсэн.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дундах ухаалаг гар утасны хэрэглээг тодорхойлох 7 асуумж, донтолтыг тодорхойлох Олон улсын стандарт асуумж болох Smartphone Addiction Scale (SAS) 33 асуумжаар 1-5 хүртэлх оноогоор үнэлнэ. Нийт онооний нийлбэр 33-66 хооронд байвал эрсдэл бага, 67-100 хооронд зохистой хэрэглэдэг, 101-134 оноо авсан бол донтох эрсдэлтэй, 135-165 оноо авсан бол донтох эрсдэл өндөр байна гэж үзнэ.
Судалгааны үр дүн
Судалгаанд 487 сурагч хамрагдсанаас шаардлага хангаагүй 92 анкетийг хасч нийт 395 сурагчдын судалгаагаар үр дүнг тооцов.
Судалгаанд оролцогчдын 54.2% /n=214/ нь 15-16 насны сурагчид, 53.4% /n=211/ нь гэр хороололд 53.4% /n=211/ байранд, 14.9% /n=59/ нь сургуулийн дотуур байранд амьдардаг байна.
1. Сурагчдын дундах ухаалаг гар утасны хэрэглээ
Судалгаанд оролцогчдын 77% ухаалаг гар утас хэрэглэдэг, 23% нь хэрэглэдэггүй байна. Хэрэглэдэг оролцогдын 84.5% нь дуу сонсох, 74.4% бичлэг үзэх зэрэг үйлдлүүдийг их ашиглаж байна.
Нийт судалгаанд оролцсон сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хүйсээр авч үзэхэд сурагчдын дунд дуу сонсох, бичлэг үзэх, утсаар ярих зэргийг ашиглалт хамгийн өндөр байна. Харин хүйсийн хувьд эрэгтэй сурагчид цахим тоглоом тоглох үйлдлийг, эмэгтэй сурагчид дуу сонсох, бичлэг үзэх үйлдлийг түлхүү ашиглаж байна. Цахим ном, зураг авах зэрэг үйлдлийг зөвхөн эмэгтэй сурагчид илүү ашиглаж байгаа нь харагдаж байна
Зураг 2. Ухаалаг гар утасны хэрэглээ, ангиар
Cурагчдын дийлэнх нь дуу сонсох, бичлэг үзэх, утсаар ярих гэх мэт үйлдлүүийг түлхүү хэрэглэж байна. Ангиар ухаалаг гар утасны хэрэглээг харьцуулан үзэхэд 10,11-р ангийнхан дээрх үйлдлүүдийг ихэвчлэн ашигладаг бол 6,7-р ангихан бага ашиглаж байгаа нь харагдаж байна.
Сурагчид зураг авах үйлдлийг бүх ангийн хүүхдүүд харьцангуй ижил хэрэглэж байна. Харин утсаар ярих, бичлэг үзэх, цахим ном ашиглах гэх мэт үйлдлүүдийн хэрэглээ анги ахих тусам нэмэгдэж байна.
Зураг 5-аас харахад сурагчид Facebook, Instagram, Youtube болон Internet зэрэг олон нийтийн сүлжээг түлхүү ашиглаж байна. Харин ангийн хувьд авч үзэхэд 10, 11-р ангийн сурагчид эдгээр олон нийтийн сүлжээг илүү ашигладаг болох нь харагдаж байна.
Олон нийтийн сүлжээ ашиглалтын байдлыг хүйсээр авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй сурагчдын дунд Facebook, Instagram, Youtube, Internet зэргийг өргөн ашигладаг ба эмэгтэй сурагчид эрэгтэй сурагчдаас харьцангуй хандалт их байгаа нь судалгаанд оролцогчид хүйсийн хувьд харилцан адилгүй байгаатай холбоотой байж болох юм. Мөн Pubg тоглоомыг эрэгтэй сурагчид түлхүү ашигладаг бол эмэгтэй сурагчдын хувьд Tiktok, Instagram зэрэг сүлжээг илүү өргөн ашиглаж байна.
Судалгаанд оролцогчдын 90.1 хувь нь өглөө ордог, 9.9% өдөр ордог байсан ба өглөө ордог сурагчдын дийлэнх нь үдээс хойш болон оройн цагаар ихэвчлэн утсаа оролддог бол өдөр ордог сурагчдын хувьд дийлэнх нь үдээс хойш буюу хичээлийн цагаар ихэвчлэн утсаа ашигладаг болох нь харагдаж байна. Мөн өдөр ордог сурагчдын хувьд оройн цагаар болон шөнө утсаа ашиглах нь бага байгаа нь сурагчид орой тараад хичээлээ, гэрийн даалгавараа хийдэгтэй холбоотой байж болох юм.
Дээрх графикаас харахад судалгаанд оролцогчдын 56.2% нь дата авахад мөнгө зарцуулж байгаагаас 14.5% нь 7 хоногт 5-6 мянган төгрөг буюу хамгийн өндөр зарцуулж байна. Мөн судалгаанд оролцогчид бүгд утсаар ярихад ямар нэгэн байдлаар мөнгө зарцуулж байгаагаас 60.5% нь 11-с дээш мянган төгрөгийг зарцуулж байна.
Сурагчдын дата авахад зарцуулдаг мөнгөний хэмжээг байршилаар авч үзэхэд гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 75.7%, байранд амьдардаг хүүхдүүдийн 23.2%, сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн 42.9 % нь дата авахад мөнгө зарцуулж байна.
Энэ нь гэр хороололд амьдардаг айлуудад гэрт суурилсан интернэтийн сүлжээ байхгүй учраас хүүхдүүд дата авахад мөнгө их зарцуулдаг нь харагдаж байна.
2. Ухаалаг гар утсанд донтох эрсдлийн үнэлгээ
Энэхүү судалгаанд ухаалаг гар утасны донтолтыг тодорхойлох Smartphone Addiction Scale (SAS) стандарт асуумжийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулж хэрэглэсэн тул дотоод нийцтэй байдлыг нь юуны өмнө тодорхойлов. Дотоод нийцтэй байдлын коэффициент болох кронбах альфа (α)2-г тооцоход ухаалаг гар утасны донтолтыг судлах 33 асуултуудын хувьд α=0.91 байлаа. Энэ нь уг асуумжийн хэмжигдэхүүнүүд судалж буй зүйлээ хэмжиж буй байдал маш сайн байгааг илтгэнэ.
Ухаалаг гар утсанд донтох эрсдлийн түвшний дундажийг ангитай харьцуулж үзэхэд 9,10,11-р ангийн сурагчдын дунд ухаалаг гар утсанд донтох эрсдлийн хувь өндөр байсан бол 6,7,12-р ангийн сурагчдын дундаж үзүүлэлт хамгийн бага байна.
Дунд ахлах ангийн сурагчдын ухаалаг утсанд донтох эрсдэл бага байгаа нь төгсөх ангийн сурагчид хичээлийн ачаалал ихтэй учраас утсанд зарцуулах цаг бага байж болох юм. Ухаалаг гар утсанд донтох эрсдэл хамгийн өндөртэй нь 9-р ангийн сурагчид байна.
Хүйсийн хувьд авч үзэхэд эмэгтэй сурагчид ухаалаг гар утсанд донтох эрсдлийн түвшин эрэгтэй сурагчдаас өндөр байна.
Хэлцэмж:
1. Хятад улсад Тао нарын судлаачдын судалгаагаар эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа сурагчдын гар утасны хэрэглээ ба донтолдыг судалсан судалгааны үр дүнгээс харахад нийт бакалаврын 1441 оюутан тус судалгаанд хамрагдсан байна. Үүний 696 (48.3%) нь эрэгтэй, 745 (51.7%) нь эмэгтэй байна. Тэд 17-26 настай (дундаж нас, 19.72 ± 1.43 жил). Судалгааны үр дүнгээс үзэхэд 1441 оролцогчдын 429 (29.8%) нь ухаалаг гар утсанд донтсон, эрэгтэйчүүдийн 30.3%, эмэгтэйчүүдийн 29.3% нь ухаалаг утасны донтолттой байна. Энэ нь бидний судалгааны донтох эрсдэл маш өндөртэй сурагчид эмэгтэй байгаатай ялгаатай байна.
2. Мөн тус судалгаанд нас ахих, ухаалаг утасны тоглоом тоглох, ухаалаг гар утасны медиа программ ашиглах, нойрны чанар муу, сэтгэл гутрал, түгшүүр зэрэг нь эрэгтэйчүүдэд ухаалаг гар утасны донтолттой холбоотой байв. Энэ нь манай судалгааны Pubg тоглоомыг эрэгтэй сурагчид түлхүү ашигладаг үзүүлэлттэй ижил үр дүнтэй байна.
Дүгнэлт:
1. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дундах ухаалаг утасны хэрэглээг тодорхойлоход нийт судалгаанд оролцогчдын 77% нь ухаалаг гар утас хэрэглэж байгаагаас 84.5% нь дуу сонсох, 74.4% нь бичлэг үзэх зэрэг үйлдлүүдийг түлхүү хэрэглэж байна.
2. 10 дугаар ангийн сурагчдын 59.2%, 11 дүгээр ангийн сурагчдын 36.2% нь дээрх үйлдлүүдийг ашигладаг бол 6,7-р ангийн сурагчид бага ашиглаж байна. Мөн зураг авах үйлдлийг бүх ангийн сурагчид ижил хэрэглэж байна.
3. Олон нийтийн сүлжээнээс Facebook, Instagram, Youtube болон Internet зэрэг олон нийтийн сүлжээг түлхүү ашигладаг ба 10, 11-р ангийн сурагчид эдгээр олон нийтийн сүлжээг илүү ашигладаг болох нь харагдаж байна.
4. Судалгаанд оролцогчдын 56.2% нь дата авахад мөнгө зарцуулж байгаагаас гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 75.7%, байранд амьдардаг хүүхдүүдийн 23.2%, сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн 42.9 нь дата авахад мөнгө зарцуулж байна. Энэ нь гэр хороололд амьдардаг айлуудад гэрт суурилсан интернэтийн сүлжээ байхгүй учраас хүүхдүүд дата авахад мөнгө их зарцуулдаг нь харагдаж байна.
5. Мөн судалгаанд оролцогчид бүгд утсаар ярихад ямар нэгэн байдлаар мөнгө зарцуулж байгаагын 60.5% нь 11-с дээш мянган төгрөгийг зарцуулж байна.
6. Сурагчдын ухаалаг утасны донтолтыг тодорхойлоход 58.6% нь зохистой хэрэглэдэг, 16.1% нь донтох эрсдэлтэй, 1% нь донтох эрсдэл маш өндөр байна.
7. Ангиар нь харьцуулан үзэхэд 9, 10, 11-р ангийн сурагчид илүү өндөр эрсдэлтэй байна. Ухаалаг гар утсыг донтох эрсдэл хүйсийн хувьд эмэгтэй сурагчдын ухаалаг гар утсанд донтох эрсдэл нь эрэгтэй сурагчдаас өндөр байна.
8. Мөн дотоод нийцтэй байдлыг тооцоход ухаалаг гар утасны донтолтыг судлах 33 асуултуудын хувьд α=0.91 байлаа. Энэ нь уг асуумжийн хэмжигдэхүүнүүд судалж буй зүйлээ хэмжиж буй байдал маш сайн байгааг илтгэнэ.
Ном зүй:
1. Gender differences in factors associated with smartphone addiction: a cross-sectional study among medical college students. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5634822/
2. A preliminary investigation into the prevalence and prediction of problematic cell phone use. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4117273/
3. Haverila M. Cell phone usage and broad feature preferences: a study among Finnish undergraduate students. Telemat Inform. 2013;30(2):177–188. doi: 10.1016/j.tele.2012.05.002.
4. Interactions of problematic mobile phone use and psychopathological symptoms with unintentional injuries: a school-based sample of Chinese adolescents. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26821534/
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Биологийн ухааны доктор Ц.Цэвээнсүрэн
Ашигласан зураг
