-
2023-12-13 05:57:11
Эмнэлгүүдийн хоолны үндсэн шим бодисын шинжилгээний үр дүн, удирдамжийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнгээс
Эмнэлгүүдийн хоолны үндсэн шим бодисын шинжилгээний үр дүн, удирдамжийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнгээс
Түлхүүр үг: Эмчилгээний хоолны удирдамж, эмнэлгийн хоол, өвчтөн, шимт бодис
Үндэслэл: Эмчилгээний хоол нь тухайн өвчтөний эдгэрэх үйл явц, эрхтэн системийн нөхөн сэргээх, өвчний эдгэрэх үйл явцыг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн гол хүчин зүйлийн нэг юм. 1972 оноос өмнө эмнэлгийн хоол хүнсийг эм гэж зохицуулдаг байсан. 1972 оны сүүлээр Лофеналакийг тусгай хоолны дэглэмд зориулсан хүнсний ангилалд шилжүүлсэн байна. Хүнсний хэрэглээний хувьд тусгай хоолны хэрэглээ гэдэг нь наснаас шалтгаалж байгаа хоолны тодорхой хэрэгцээг хангах, эсвэл ердийн эсвэл ердийн хоолны дэглэмд нэмэлт, баяжуулах хэрэглээг хэлнэ гэж тодорхойлсон.1 Ихэнх хоол тэжээлийн дутагдалтай өвчтөнүүдэд бүтцийн уураг (шөрмөс, яс гэх мэт) алга болдоггүй, өвчтөнүүдэд биеийн жингээ хасах үед эсийн гаднах шингэн хуримтлагддаг бөгөөд энэ нь эсийн уураг алдагдах үед үүсдэг 2. Тиймээс, жингээ хасаж байгаа өвчтөнийг "эсийн гаднах шингэний өсөн нэмэгдэж буй далайгаар хүрээлэгдсэн биеийн эсийн масс багасч байна" гэж хэлж болно. Эдгээр эмнэлзүйн хэрэглээ нь хоол тэжээлийн дутагдалд орсон мэс заслын өвчтөнүүд ихэвчлэн давс, усыг хэт их хэмжээгээр үүссэнээр гипонатриеми, гипотоник, хаван үүсэх хандлагатай байдаг3,4. Өвчтөний нас, мэс заслын төрөл, мэс заслын өмнөх жингийн алдагдал болон мэс заслын дараах нас баралтын хоорондоо хамааралтай байгааг тогтоосон байна. Эмнэлгийн хоол нь янз бүрийн өвчинд тохирсон хоолны цэс байх шаардлагатай байдаг. Монгол улсын хэмжээнд ЭМС-ын 2018 оны А/16 дугаар тушаалаар баталсан “Хоол эмчилгээний удирдамж”5, Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээний стандарт МNS 5991:20096 баримтлан ажилладаг. Хоол эмчилгээний удирдамж нь эмнэлэгт хэвтсэн өвчтөний оноштой тохирох технологийн дагуу бэлтгэсэн хоолоор үйлчлэх ёстой. Жишээ нь: Хоолны эмчилгээний удирдамжид бөөр, зүрх, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин гэх мэт өвчтөний эмчилгээ рүү чиглэгддэг. Тэд ихэвчлэн эрүүл хүмүүстэй хоолны дуршил бага байдаг бөгөөд эмнэлэгт хэвтсэн олон өвчтөн өвчний улмаас жингээ хассан байдаг. Ийм учраас өвчтөнд зориулсан эмнэлгийн стандарт цэс нь өөх тос багатай, эслэг ихтэй эрүүл хооллолтын удирдамжид тулгуурлан стандарт цэсэнд уураг, нүүрс ус, өөх тос, илчлэгийн зохистой хэмжээг тохируулсан хоол санал болгож, эрүүл хооллолтын цэсийг сонгох нь илүү тохиромжтой. Эмчилгээний хоол нь сайн хоол хүнс, хамгийн сайн үйлчилгээ, өвчтөний эдгэрэлтэд хамгийн их анхаарал хандуулахыг хамгийн сайн жижиг эмнэлгүүдэд өгсөн гэж дүгнэжээ. Эмнэлэг томрох тусам нийтийн хоолны асуудал ихсэж, удирдлагын үр ашиг төдий чинээ буурч, үйлчлэх хоолны чанар мууддаг байв. Тасгууд руу илгээсэн бэлэн хоолноос хэт их хог хаягдал гарч байгаа нь том эмнэлгүүдэд жижиг эмнэлгүүдийнхээс их байсан. Хүнсний ногоог хэт жигнэх хандлага, хоол ундны үйлчилгээ удаан хугацаагаар саатсан нь хоол хүнсийг гэмтээж, төмс, хүнсний ногооны С витамин ихээр алддаг1. Иймээс улсын болон хувийн эмнэлгүүд эмчилгээний хоолны удирдамжийн дагуу өвчтөнгүүдэд өгч байгаа хоолонд үнэлгээ өгч ажиллах шаардлага гарч ирж байна.
Зорилго: Энэхүү судалгаанд бидний зорилго бол улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хоолны дээжинд шинжилгээ хийж, үнэлгээ өгөх
Материал арга зүй: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 23 эмнэлэг, үүнд хувийн хэвшлийн 17, төрийн өмчийн 6 эмнэлгүүдийн эмчилгээний хоолонд шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд НЭМҮТ-ийн НЭМҮЛЛ-д шинжилгээнд ирсэн 144 нэр төрлийн эмчилгээний хоолонд 6 төрлийн үзүүлэлт болох уургийн хэмжээг Къелдалийн аргаар4, өөх тосын хэмжээг Сокслетын аргаар, нүүрс усны түвшинг Бертрантын аргаар, нийт эрдэс бодисыг жингийн аргаар, чийгний түвшинг жингийн аргаар, 100гр бүтээгдэхүүнд агуулагдах илчлэгийг MNS 5035:2020 дугаартай Монгол улсын стандартын (Хоолны илчлэгийг тодорхойлох шинжилгээний арга) стандарт аргын дагуу хийж гүйцэтгэсэн5.
Судалгааны үр дүн, хэлцэмж: Судалгааны үр дүнгээс харахад эмнэлгүүдийн хоолны дундаж хэмжээ 351.65гр (ИМ 95%;332.29-370.91) байна (Хүснэгт 1), улсын эмнэлгийн хоолны дундаж хэмжээ 346.43гр (ИМ 95%; 315.61-377.25), хувийн эмнэлэг 355.11гр (ИМ 95%; 330.21-380) байгаа нь нэг удаад өгч байгаа хоолны дундаж хэмжээ нь улсын болон хувийн эмнэлгүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна (p=0.62).
Судалгаанд эмнэлгүүдийн хоолны уургийн дундаж хэмжээ 18.03 г (ИМ 95%; 17.74-18.32) байна (Хүснэгт 2). Үүнээс улсын эмнэлгийн хоолонд 18.60 г (ИМ 95%;18.17-19.03) хувийн эмнэлгийн хоолонд 17.63 г (ИМ 95%; 17.23-18.03) байгаа нь уургийн дундаж хэмжээ улс болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.00).
Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн хоолны тослогийн дундаж хэмжээ 18.09 г (ИМ 95%;17.46-18.72) байна (Хүснэгт 3). Үүнээс улсын эмнэлгийн хоолонд 18.60 г (ИМ 95%;17.19-20.02) хувийн эмнэлэгт 15.12 г (ИМ 95%; 14.68-15.56) байгаа нь дундаж тослогийн агууламж хэвшлийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p = 0.02) байв.
Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн хоолны нүүрс усны агууламжийн дундаж хэмжээ 54.95 г (ИМ 95%;53.41-55.24) байна (Хүснэгт 3). Үүнээс улсын эмнэлгийн хоолонд 56.3 г (ИМ 95%;53.29-59.31) хувийн эмнэлэгт 54.0 г (ИМ 95%; 52.36-55.64) байгаа нь нүүрс усны дундаж агууламж хэвшлийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p = 0.53) байв.
Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн хоолны илчлэгийн дундаж хэмжээ 392.42 ккал (ИМ 95%; 363.44-421.40) байна (Хүснэгт 5). Үүнээс улсын эмнэлгийн хоолонд 428.58 ккал (ИМ 95%;373.98-483.18), хувийн эмнэлэгт 368.45 (ИМ 95%; 336.65-400.25) байгаа нь илчлэгийн дундаж хэмжээ хэвшлийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p = 0.05) байв.
Хоолны нийт илчлэгийн 15%-ийг уураг, 25%-ийг өөх тос, 60%-ийг нүүрс усны бүрдүүлж байхаар тооцож технологийн картыг боловсруулан өвчтөнгүүдэд хоол өгөх ёстой. Өвчтөнд өгч байгаа хоолны шимт бодисын илүүдэл болон дутлын аль аль нь хүний биед сөрөг нөлөөтэй байдаг ба хоолны уураг, өөх тос, нүүрс усны харьцаа ойролцоогоор 1:1,6:4 байвал зохистой гэж үздэг. Гэвч Хүснэгт 5-аас харахад хоолны үндсэн шимт бодисын зохистой харьцаа 1:1:3 болж алдагдсан байна.
Эмчилгээ, сувиллын хоолны удирдамжид зааснаар эмнэлэг, сувиллын газар нь хоногт өвчтөнд уураг 100 г, тос 80 г, нүүрс ус 400-450 г, илчлэг 2700-2900 ккал агуулсан хоолоор үйлчлэх ёстой. Шинжилгээний дүн (Хүснэгт 6)-гаас харахад эмнэлгүүд уураг 90.15 г, тослог 54.27 г, нүүрс ус 274.3 г, илчлэг 1962.1 ккал агуулсан хоол өвчтөнд өгч байгаа нь цаашид эмнэлгүүдийн хоолны байдалд хяналт үнэлгээг тогтмол хийх, тохирох хоолны технологийн картыг боловсруулах, хоолны стандартыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна.
Энэ судалгааны үр дүнгээс харахад улс болон хувийн эмнэлгүүдийн хоолны үндсэн шимт бодис (уураг, нүүрс ус, тослог), илчлэгийн үр дүнг харьцуулахад нүүрс усны үр дүнгээс бусад үзүүлэлт (уураг, өөх тос)-ийн агууламж хоорондоо статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Эдгээр үр дүн нь эмнэлгүүдийн өвчтөнд өгч хоолны хэмжээ, үндсэн шимт бодисын агууламж нь хоол эмчилгээний удирдамж болон стандартад заасан эрхтэн тогтолцооны өвчний үеийн ялгаатай хоолыг өвчтөнд өгөхгүй нэгдсэн хоолыг өгч байгаа нь хоолны эмчилгээний удирдамж, стандартыг баримтлахгүй байгааг харуулж байна. Өвчтөний шимт бодис, илчлэгийн хоногийн хэрэгцээг эрүүл хэрэгцээ, өвчний онош, хоол тэжээлийн байдал, эм ба шимт бодисын харилцан үйлчлэлийг харгалзан өвчний онцлогт тохирсон хоолоор үйлчлэх шаардлагатай байна. Ялангуяа гэмтлийн улмаас нас барсан ихэнх тохиолдол нь анхны гэмтэлээс хойш хэдэн хоногоос долоо хоногийн дараа тохиолддог бөгөөд энэ нь гиперкатаболизмтай холбоотой халдвар, улмаар уургийн цочмог хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Иймээс гэмтэл, хүнд түлэгдэлттэй өвчтөнд хоол тэжээлийн эмчилгээг төлөвлөж, сэхээн амьдруулах хэвийн байдалд оруулахын тулд хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх замаар тусламж үзүүлснээс хойш 48 цагийн дотор хоол тэжээлийн эмчилгээг эрт эхлүүлэхэд чухал юм 9. Иймээс өвчний олон улсын ангиллын дагуу эмчилгээний хоолоор үйлчлэх маш чухал байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүдийн хоолыг лабораторийн шинжилгээнд тогтмол хамруулж, үр дүнг үнэлж байх шаардлагатай байна.
Дүгнэлт: Судалгааны дүнгээс харахад эмнэлгүүдийн хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээ үндсэн физиологийн хэрэгцээг (1962.1 ккал) хангахуйц биш байна. Эмнэлгүүдийн хоол нь хоол боловсруулах тогтолцооны өвчний үеийн хоолны шаардлагыг хангахгүй нэгдсэн нэг хоолоор хангаж байгаа нь өвчний олон улсын ангилалын дагуу өвчин тус бүрт тохирсон хоолны технологийн картыг баримтлаж, хоолны удирдамжийн мөрдүүлж, хэрэгжилтэд эмнэлгийн дотоод хяналтын баг хоол тус бүрээр үнэлгээ өгч ажиллах шаардлагатай байна.
Ном зүй:
1. Manfred Ruthsatz, Junshi Chen,. Foods for special medical purposes/medical foods: A global regulatory synopsis., Feature Articles | 17 November 2022
2. Beddoe AH, Streat SJ, Hill GL. The hydration of the fat-free body in protein depleted patients. Am J Physiol 1986; 249 (Endocrinol Metab 12): E227-33
3. Russell DM, Jeejeebhoy KN. The assessment of the functional consequences of malnutrition. Nutr Abs Rev Ser A: Human and Exper 1983; 53:863-77
4. Church JM, Choong SY, Hill GL. Abnormalities of muscle metabolism and histology in malnourished patients awaiting surgery; effects of a course of intravenous nutrition. BrJ Surg 1984;71 :563-9.
5. ЭМС-ын 2018 оны А/16 дугаар тушаалаар баталсан “Хоол эмчилгээний удирдамж”
6. Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээний стандарт МNS 5991-2009
7. Уургийн хэмжээг Къельдалийн аргаар тодорхойлох, САЗ:ША 1-1
8. Хоолны илчлэгийг тодорхойлох шинжилгээний стандарт MNS 5035:2020
9. Nascimento JEA, Caporossi C, Serra MC, Silva MHGG, Gogolevsky W, Freire EL. Implicaзхes da desnutriзгo em cirurgia. Rev Col Bras Cir. 1991; 18(5):193-7.
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогт
Ашигласан зураг
