-
2023-12-13 06:13:20
Эмэгтэйчүүдийн дундах умайн хүзүүний хавдар, хүний папиллома вирус, хпв-ийн вакцины талаар мэдлэг, хандлагын судалгаа
Эмэгтэйчүүдийн дундах умайн хүзүүний хавдар, хүний папиллома вирус, хпв-ийн вакцины талаар мэдлэг, хандлагын судалгаа
Үндэслэл
Умайн хүзүүний хавдар (УХХ) нь эмэгтэйчүүдийн дундах зонхилон тохиолддог хавдрын 4-р байранд ордог бөгөөд дэлхий дахинаа жилд умайн хүзүүний хавдрын 604,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний талаас илүү хувь буюу 342,000 эмэгтэй нас барж байна. УХХ-ийн өвчлөл, нас баралтын 90 орчим хувь нь бага дунд орлоготой орнуудад тохиолдож байна.1
Умайн хүзүүний урьдал эмгэг, умайн хүзүүний хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн замаар дамжин халдварладаг өндөр эрсдэлтэй Хүний Папиллома Вирус (ХПВ)-тэй холбоотой.2 ХПВ-ийн 100 гаруй хэв шинж байдгаас 14 хэв шинж нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Хүний Папиллома Вирусийн (ХПВ)-ийн 16, 18-р хэв шинжүүд нь умайн хүзүүний урьдал эмгэг, умайн хүзүүний хавдрын 70%-ийн шалтгаан болдог.3
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр умайн хүзүүний хавдрын хамгийн үр дүнтэй анхдагч урьдчилан сэргийлэлт нь охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос нь өмнө дархлаажуулах юм. Олон улсад зөвшөөрөгдсөн ХПВ-ийн эсрэг 3 төрлийн вакцин байдаг ба Церварикс 2vHPV, Гардасил 4vHPV, Гардасил 9vHPV юм.4
Монгол улс 2012 онд Улаанбаатар хотын Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн харьяалалтай 11-17 насны 9,111 охидод ХПВ-ийн эсрэг Гардасил 4vHPV вакцин хийсэн байна.5
УХХ, ХПВ-ийн талаарх мэдлэг дадал хандлагыг судалсан Япон (2014) болон Австралийн (2011) судалгаагаар эдгээр улс орнуудад эмэгтэйчүүдийн дунд ХПВ болон УХХ-ын талаарх мэдлэг өндөр, УХХ-аас урьдчилан сэргийлэх хандлага төлөвшсөн байна.6
Монгол улсын хувьд 2017 онд ХПВ-ийн эсрэг вакцин хийлгэсэн охидын дунд мэдлэг, хандлагыг үнэлэх 1903 оролцогчийг хамруулсан судалгаагаар залуу эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар, ХПВ, ХПВ-ийн вакцины талаар мэдлэг хангалтгүй байв.7 Түүнчлэн 2019 оны форматив судалгаагаар вакцины талаар эерэг ойлголттой боловч ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцины талаар ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байсан.7
Иймд ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан эмэгтэйчүүд болон ижил насны эмэгтэйчүүдийн хувьд УХХ, ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцины талаар мэдлэг, хандлагыг үнэлэхээр тус судалгааг гүйцэтгэлээ.
Судалгааны арга зүй
Судалгаанд нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг болон Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 203 эмэгтэйг хамруулав.
Оролцогчдод судалгааны талаар мэдээллийн хуудсыг танилцуулж, сайн дураар оролцохыг зөвшөөрч, таниулсан зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурсан, 24-28 настай, 2017 онд Хавдрын үндэсний зөвлөлийн судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдээс 203 оролцогчийг сонгон хамруулав.
Судалгааны асуумж нь оролцогчийн ерөнхий мэдээлэл, УХХ, ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцины талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх гэсэн 4 хэсгээс бүрдсэн. Ерөнхий мэдээлэлд хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, бэлгийн болон нөхөн үржихүйн амьдралын түүх, амьдралын хэв маяг зэрэг мэдээллийг багтаасан. Мэдлэг, хандлагыг үнэлэх асуумжинд УХХ-ын эрсдэлт хүчин зүйл, ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцинтай холбоотой асуумжуудыг багтаасан болно. Судалгааны асуумжийг оролцогчдоос “Google form”-оор цахим хэлбэрээр авсан.
Статистик боловсруулалт
Судалгааны мэдээллийн үр дүнгийн боловсруулалтыг SPSS 26 программ ашиглан хийж үзүүлэлтийг дундаж, давтамж болон хувиар илэрхийлэв. Вакцин болон хяналтын бүлэг хоорондын ялгааг 95% Итгэх хязгаар (ИХ), статистик магадлал буюу p-value-ийн утга p<0.05 бол статистик ялгаатай гэж тодорхойлсон.
Үр дүн
Судалгаанд нийт 203 эмэгтэйчүүд хамрагдсанаас вакцины бүлгийн 104, хяналтын бүлгийн 99 эмэгтэйчүүд байв. Оролцогчдын дундаж нас 26.1 (25.9 - 26.3), Баянгол дүүргээс 36.5%, Багануур дүүргээс 21.2%, Өмнөговь аймгаас 20.7%, Сэлэнгэ аймгаас 21.7% оролцогчид тус тус хамрагджээ. Боловсролын түвшингийн хувьд 184 буюу 90,6% дээд, 15 буюу 7,4% бүрэн дунд боловсрол эзэмшсэн байв. Эмэгтэйчүүдийн 79.8% ажил эрхэлдэг, 3.4% ажил эрхэлдэггүй, 14.8% одоогоор ажиллахгүй байв. Гэрлэлтийн байдлын хувьд 53.7% нь гэрлэсэн, 18.2%
Бэлгийн болон нөхөн үржихүйн мэдээлэл
Вакцины болон хяналтын бүлгийн хувьд бэлгийн болон нөхөн үржихүйн амьдралын түүхийг харьцуулахад вакцины бүлгийн 92.3%, хяналтын бүлгийн 91.9% бэлгийн харьцаанд орсон, вакцины бүлгийн эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд анх орсон нас 18.9 байсан бол хяналтын бүлэгт 19.4 байв. Вакцины бүлгийн оролцогчдын 72.1%, хяналтын бүлгийн 72.7% жирэмсэлж байв. 2 бүлгийн хувьд бэлгийн харьцаанд орсон байдал, анх бэлгийн харьцаанд орсон нас, бэлгийн хамрагчийн тоо, жирэмслэлт, төрөлтийн тоо зэргийн хувьд статистик магадлал бүхий ялгаа байхгүй байв (Хүснэгт 2).
УХХ, ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцины талаарх мэдлэг, хандлага
ХПВ нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг талаар ихэнх эмэгтэйчүүд зөв хариулсан бол ХПВ-ээс үүдэлтэй өвчнүүд, дамжих зам, эрсдэлт зан үйлийн талаар мэдлэг хангалттай биш байв. Вакцины болон хяналтын бүлгүүдийн хоооронд ХПВ-ийн талаарх мэдлэгийн түвшин ялгаагүй байв.
УХХ-аас урьдчилан сэргийлэх үзлэг, ПАП шинжилгээний талаар аль аль бүлгийн эмэгтэйчүүд мэдлэгтэй байсан бол УХХ-ын эрсдэлт хүчин зүйл, шалтгааны талаар хангалтгүй мэдлэгтэй байв.
Хүснэгт 3. УХХ, ХПВ-ийн талаарх мэдлэгийн түвшин, вакцин болон хяналтын бүлгээр
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд ХПВ-ийн эсрэг вакцины талаарх мэдлэг бага, вакцины болон хяналтын бүлгийн хооронд ялгаа байхгүй байв. Оролцогчдын 61% ХПВ-ийн эсрэг вакцины талаар сонссон бол 51 хувь нь УХХ-ын эсрэг вакцин хийлгэсэн эмэгтэй цаашид УХХ-ын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах шаардлагагүй гэж үзжээ (Хүснэгт 4).
ХПВ илрүүлэх шинжилгээгээр халдвар илэрвэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 37% айж сандарна, 80% нь эмч, эмнэлгийн ажилтантай ярилцана, 86% нь бэлгийн хамтрагчдаа хэлнэ гэсэн байв. Эмэгтэйчүүдийн 78.8% УХХ-ын эрт илрүүлэгт үтрээнээс арчдас авч ХПВ илрүүлэх шинжилгээ хийвэл хамрагдах хүсэлтэй байв (Хүснэгт 5).
Япон болон Австрали орнуудад хийгдсэн ХПВ болон УХХ-аас урьдчилан сэргийлэх тухай судалгааны үр дүнг өөрийн судалгаатай харьцуулахад Япон болон Австралийн судалгаанд 16-25 насны эмэгтэйчүүд хамрагдсан ба асуумжийг онлайн асуумж ашиглан судалгааг явуулсан. Япон болон Австралийн судалгаанд оролцогчидтой харьцуулахад Монголын судалгаанд оролцогчид ‘ХПВ бол түгээмэл вирус, бэлгийн замаар дамжин халдварладаг, олон бэлгийн хамтрагчтай хүнд ихэнхдээ тохиолддог’ зэрэг асуултанд харьцангуй бага оноо авч мэдлэгийн түвшин муу гэж үнэлэгдсэн. ‘ПАП шинжилгээ нь умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх арга нь үнэн’ гэж Япон, Австралийн судалгаанд оролцогчид 90%-аас дээш хувиар зөв хариулсан бол манай судалгаанд оролцогчид 82.7% зөв хариулсан. ‘ХПВ-ийн эсрэг вакцин умайн хүзүүний хавдраас сэргийлнэ’ гэж Австрали 94.2%, Японы 80.7% оролцогчид хариулсан бол манай судалгаанд оролцогчид 50.7% нь зөв хариулсан нь манай эмэгтэйчүүдэд энэ төрлийн мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна (Хүснэгт 6).
Хэлцэмж
Хавдрын эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хувь хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх чухал байдаг.9
Япон болон Австралийн судалгаанд оролцогчидтой харьцуулахад Монголын судалгаанд оролцогчдын УХХ, ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцины мэдлэг хангалтгүй, вакцины болон хяналтын бүлгийн хооронд ялгаа байхгүй байгаа нь мэдээлэл сургалт сурталчилгаа зорилтот бүлэгт хүрэхгүй байгааг харуулж байна. Иймд насны онцлогт тохирсон, зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны ажлуудыг хийх шаардлагатай байна.
ХПВ-ийн тархалт өндөр, ХПВ-ийн эсрэг вакцин дархлаажуулалтын товлолд ороогүй зэрэг нь умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөр байгаагийн шалтгаан юм. Иймд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дэвшүүлсэн УХХ-ыг 2030 он гэхэд устгах дэлхийн зорилтод хүрэхэд УХХ-ын эрсдэлт хүчин зүйл, ХПВ-ийн эсрэг вакцины ач холбогдлын талаар эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг сайжруулах шаардлага тавигдаж байна.
Дүгнэлт
ХПВ-ийн дархлаажуулалтанд хамрагдсан болон хамрагдаагүй эмэгтэйчүүдийн дунд УХХ, ХПВ, ХПВ-ийн эсрэг вакцин, халдвараас урьдчилан сэргийлэх болон умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдлэг аль аль бүлэгт дутмаг байлаа. Эмэгтэйчүүдийн 78.8% УХХ-ын эрт илрүүлэгт үтрээнээс арчдас авч ХПВ илрүүлэх шинжилгээ хийвэл хамрагдах хүсэлтэй байв.
ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтыг дархлаажуулалтын товлолд оруулах гэж байгаа цаг үед эмэгтэйчүүдийн дунд ХПВ мэдлэгийг нэмэгдүүлэхэд насны онцлогт тохирсон, зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл сурталчилгаа хийх шаардлагатай байгааг харуулж байна.
Талархал
Тус судалгааны ажлыг гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Шинжлэх ухаан технологийн сан, арга зүйн дэмжлэг үзүүлсэн Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвд талархал илэрхийлье.
Ном зүй
1. Sung H, Ferlay J, Siegel RL, Laversanne M, Soerjomataram I, Jemal A, et al. Global cancer statistics 2020: GLOBOCAN estimates of incidence and mortality worldwide for 36 cancers in 185 countries. CA Cancer J Clin. 2021:71:209–49. doi:10.3322/caac.21660.
2. Wardak S. Human papillomavirus (HPV) and cervical cancer. Medycyna Doświadczalna i Mikrobiologia. 2016;68:73.
3. de Martel C, Plummer M, Vignat J, Franceschi S. Worldwide burden of cancer attributable to HPV by site, country and HPV type. International Journal of Cancer. 2017;141(4):664–70. doi:10.1002/ijc.30716
4. Lei et al. (2020) HPV Vaccination and the Risk of Invasive Cervical Cancer. N Engl J Med 2020;383:1340-8. DOI: 10.1056/NEJMoa1917338
5. Ministry of Health . 2013. Mongolia. Report on the Implementation of Human Papillomavirus Vaccine Introduction. Ulaanbaatar, Mongolia.
6. Miyagi, E., Motoki, Y., Asai-Sato, M., Taguri, M., Morita, S., HIrahara, F., Garland, S. (2014). Web- based recruiting for a survey on knowledge and awareness of cervical cancer prevention among young women living in Kanagawa Prefectire, Japan. Int J Gynecol Cancer, 24(7)
7. Batmunkh T, von Mollendorf C, Tulgaa K, Surenjav U, Dalmau MT, Namjil N, Tsedevdamba B, Tsegmed S, Enkhmaa J, Garland SM, Mulholland K. HPV genoprevalence and HPV knowledge in young women in Mongolia, five years following a pilot 4vHPV vaccination campaign. Papillomavirus Res. 2019 Dec;8:100175. doi: 10.1016/j.pvr.2019.100175. Epub 2019 Jul 2. PMID: 31276802; PMCID: PMC6658929.
8. Marguerite T. Dalmau, Margad-Erdene Munkhsaikhan, Tungalagtuya Khorolsuren, Ulziimunkh Byambasuren, Unursaikhan Surenjav & Tsetsegsaikhan Batmunkh | Ya#x15F;am Kemal Akpak (Reviewing editor) (2020) Formative research to inform information, education and communication materials ahead of HPV vaccine re-introduction in Mongolia, Cogent Medicine, 7:1, DOI: 10.1080/2331205X.2020.1846263
9. Brouwers MC, De Vito C, Bahirathan L, Carol A, Carroll JC, Cotterchio M, et al. What implementation interventions increase cancer screening rates? A systematic review. Implementation Science. 2011; 6(1)
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор,
дэд профессор И.Болормаа
Ашигласан зураг
