• 2023-12-13 06:57:49

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Түлхүүр үг: Нийгмийн эрүүл мэнд
1.    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн үүсэл хөгжил
Ардын эрүүлийг хамгаалах сайдын 1933 оны 01 тоот тушаалаар “Улсын ариун цэвэр, Бактери шинжилгээний газар” буюу оросоор САНБАК гэж товчлон нэрлэгддэг байсан алба байгуулагдсанаар Монгол улсад Ариун цэвэр, халдвар судлалын байгууллагын эх үүсвэр тавигдсан  (Зураг 1). 
 
 
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 27-р тогтоолоор ЭХЯ-ны харъяа Улсын ариун цэвэр, Бактери шинжилгээний газар (САНБАК), Ариун цэвэр, халдвар судлалын төв станц, (АЦХСТС), Бруцеллёзыг эсэргүүцэх улсын диспансер (БЭУД), Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага(ДЭХБ)-тай хамтран ажиллах үндэсний бригадыг нэгтгэж, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ) нэртэйгээр 1968 оны 2-р сард байгуулагдсанаар Эрүүлийг хамгаалахын тогтолцоонд анхны бие даасан эрдэм шинжилгээний байгууллага бий болсон . ЭАХНСУИ байгуулагдсан нь мэргэжлийн боловсон хүчин, лабораторийн баазыг нэгтгэн төвлөрүүлж, эрдэм шинжилгээ, практик, үйлдвэрлэлийн ажлын холбоог сайжруулан, улмаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хяналт, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг ихэсгэх, ариун цэвэр, халдвар судлалын хяналтын ажлыг чанаржуулан сайжруулах чухал арга хэмжээ болсон юм. Инстутит нь анх 129 орон тоо, 3 хэлтэс (Эрүүл ахуйн, халдвар судлалын, үйлдвэрлэлийн хэлтэс), дүн бүртгэлийн, аж ахуй, санхүүгийн тасагтай байгуулагдсан (Зураг 2). Институтийн захирлаар Ж.Купул, орлогч захирлаар Ц.Ламзав, Д.Дандий, эрүүл ахуйн хэлтсийн даргаар Ж.Алданыш, халдвар судлалын хэлтсийн даргаар О.Цэрэнчимид, үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар Д.Дандий (хавсран) нар томилогдон ажиллаж, институтийн үйл ажиллагааг эхлүүлсэн болно. 
  
Институт эрдэм шинжилгээний асуудал эрхлэх эрдэмтний зөвлөл, мэргэжлийн асуудал хэлэлцэх мэргэжилтний зөвлөлтэй байна” гэж заажээ. НЭМҮТ нь үйл ажиллагааны хувьд 1968-1996 онд Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын болон судалгаа шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгэж байсан бол 1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн эрдэм судлал, үйлдвэрлэлийн ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд НЭМҮТ-д Нийгмийн эрүүл мэндийн бүх салбаруудаар үндсэн нэгжүүд шинээр байгуулагдан, одоогийн байдлаар тус улсын эрдэм шинжилгээ, практикийн байгууллагуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, 1970 онд Гаммаглобулины тасаг, 1972 онд Ариун цэврийн химийн нэгдсэн лаборатори , 1974 онд Вирус судлалын лаборатори, Био-бэлдмэлийн улсын хяналтын лаборатори, 1975 онд Пестицидийн лаборатори, 1976 онд Радиологийн лаборатори, 1984 онд Хөдөлмөрийн нөхцөл, физиологийн лаборатори, 1985 онд Вирус судлалын эрдэм шинжилгээний салбар, Эрүүл ахуйн сектор, 1987 онд Дархлал хомсдолын хам шинжийн лавлах төв, 1988 онд Био-бэлдмэлийн шинжлэх- ухаан-үйлдвэрийн нэгдсэн төв, 1997 онд Хоол судлалын төв, 2002 онд Биотехнологийн үйлдвэр, сургалт, судалгааны төв тус тус байгуулагджээ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр институтийн нэр, зохион байгуулалтын бүтэц хэд хэдэн удаа өөрчлөгдөж  байв. Тухайлбал:
-    1968-1994 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт
-    1994-1996 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв
-    1997 онд Нийгмийн эрүүл мэндийн институт
-    1997-2012 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
-    2012-2015 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-    2015-2016 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 
-    2016-2019 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-    2019-2020 онд  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 
-    2020 оноос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж нэрлэгдэж байна.
Тус байгууллагын Захирлаар АУ-ны доктор Ж.Купул (1968-1994), АУ-ны доктор С.Цоодол (1994-1997),  АШУ-ны доктор Л.Нарантуяа (1997-2007), БШУ-ны доктор Ж.Оюунбилэг (2007-2012), АУ-ны доктор Ө.Ганчимэг (2012-2015), АУ-ны доктор Б.Цогтбаатар (2015-2018),  АУ-ны доктор Д.Нарантуяа (2018-2022) нар тус тус ажиллаж байв. 2022 оноос ХУ-ны доктор, дэд профессор С.Өнөрсайхан Захирлаар ажиллаж байна.
1960-аад оны үед эрүүл мэндийн байгууллагуудын өмнө тавигдаж байсан тулгамдсан асуудлуудын нэг нь тэр үед өргөн тархалттай байсан халдварт өвчинтэй тэмцэх явдал байсан. Өнгөрсөн 90 жилийн халдварт өвчний хөдлөл зүйг авч үзэхэд ихэнх халдварт өвчний гаралт 1950-аад оны сүүл, 1960-аад онд эрс ихэссэн байна. Зарим зонхилох хурц халдварт өвчний хамгийн өндөр өвчлөлийг (10000 хүнд/бодит тоогоор) онуудаар авч үзвэл: Вируст хепатит 1962 онд – 284.4/28955, улаан бурхан 1958 онд – 224.7/19884, хөхүүл ханиад 1955 онд – 152.0/12854, менингийн халдвар 1974 онд – 19.4/1765, сахуу 1965 онд – 6.2/695, балнад 1965 онд – 3.8/426, халдварт саа 1963 онд – 0,8/185  тус тус байв. Өвчлөл ийм өндөр байсан нөхцөлд эрүүл ахуй, тархвар судлалын улс, орон нутгийн байгууллагууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хамралтыг сайжруулах, хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн болно. Тухайлбал: Институтийн эмч, мэргэжилтэн, эрдэмтэд мэнэнгийн халдвар, улаан бурхан, сахуу, хөхүүл ханиад, вируст гепатит, халдварт саа зэрэг халдваруудаас урьдчилан сэргийлэх тарилгыг манай орны нөхцөлд туршин, практикт нэвтрүүлсэнээр сахуу, хөхүүл ханиад, мэнэнгийн халдвар, улаан бурхан, халдварт саа сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй, Вируст гепатит, балнад зэрэг зонхилох халдварт өвчин эрс буурсан нь НЭМҮТ-ийн үйл ажиллагааны түүхэн ололт амжилтын нэг мөн. Төв 1971 онд Халдварт гепатит, улаан бурхан зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал бэлдмэл болох гаммаглобулины анхны цувралыг үйлдвэрлэн гаргасан бол ихсийн цуснаас уургийн бэлдмэл гарган авсан ажлынхаа үр дүнгээр 1990 онд институтийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Дандий, техникч Д.Сэр-од, биохимич В.Ванчаа, Д.Дэнсмаа, лаборант З.Тунгалаг, Г.Магсар нар Монгол улсын Төрийн шагнал хүртсэн юм. ЭАХНСУИ-ийн ажлын үр дүнг үнэлж, Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 1971 онд төвийн хамт олныг МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн үүрд хадгалах туг, дипломоор шагнасан. Энэхүү тогтоолд: “Ардын хувьсгалын ололт амжилтыг бэхжүүлэх хамгаалах, эх орондоо социализм байгуулах үйлст онцгой үүрэг гүйцэтгэсэн Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн хамт олныг МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн туг, дипломоор шагнаж, хөдөлмөрийн онцгой зүтгэлийн билэг тэмдэг болгон үүрд хадгалуулав” гэж заасан байна. 
 2. НЭМҮТ-ийн эрдэм судлалын ажил
Өнгөрсөн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэмтдийн бүхэл бүтэн үе бий болж,1972 онд институтийн анхны эрдэмтэд төрж, институтийн захирал Ж.Купул “БНМАУ-ын ариун цэвэр, халдвар судлалын ажлын зохион байгуулалт”, Бруцеллёзын тасгийн эрхлэгч Ц.Балдандорж “БНМАУ дахь бруцеллёзын халдвар судлал, урьдчилан сэргийлэлт”, Паразитологийн тасгийн эрхлэгч До.Галбадрах “БНМАУ дахь бэтгэрэх өвчний эпидемиологи, урьдчилан сэргийлэх асуудалд” сэдвүүдээр Анагаах ухааны дэд эрдэмтэний зэргийг тус тус амжилттай хамгаалсан байна. 1968-2021 онд тус төвд туурвисан судалгаа, шинжилгээний ажлаар 8 хүн (И.Г.Бондарев (1979), П.Нямдаваа  (1989),  Л.Нарантуяа (1998), Б.Бурмаа (2001), Н.Сайжаа  (2004), У.Цэрэндолгор (2005) ) Анагаахын шинжлэх ухааны докторын, 2 хүн (Ж.Оюунбилэг (1998), Ц.Энхжаргал (2004) ) Биологийн шинжлэх ухааны докторын, 80 гаруй хүн Анагаах болон Хими, Биологийн ухааны докторын зэрэг хамгаалж, 3 хүн (Ж.Оюунбилэг, Н.Сайжаа, Ц.Энхжаргал) МАУА-ын гишүүнээр сонгогдож, 2 хүн (Ж.Купул, Н.Сайжаа) Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол, 2 хүн (Д.Дандий, Ж.Оюунбилэг) Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. 
  
НЭМҮТ-ийн эрдэмтдээс эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг мэргэжлийн чиглэл тус бүрээр нь товч дурдав. Үүнд: 

Эрүүл ахуй. Эрүүл ахуйн чиглэлийн судалгаа хүрээлэн байгаа орчин (агаар, ус), хүн амын хоол тэжээл, хүнсний эрүүл ахуй, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судлан үнэлгээ өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулахад чиглэгдэж байлаа. Ё.Банзар “Санитарное состояние реки Толы в районе г. Улан-батора и его вмияние на бытовье условия жизни и здоровье населения” сэдвээр 1979 онд анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан нь НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон юм. Ё.Банзар өөрийнхөө бүтээлд Туул голын бохирдлын түвшин, бохирдлын их уурхай (цэвэрлэх байгууламжийн ажиллагаа хангалтгүй, үйлдвэрийн газар, цахилгаан станц, мах комбинат, биокомбинатын бохир ус) өөрөө цэвэрших чанарыг тогтоож, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн бохир усны цэвэрлэгээг сайжруулах зэрэг бохир усыг иж бүрнээр цэвэрлэн ариутгасны дараа (саарал ус) аж ахуйн, тухайлбал цахилгаан станцад эргүүлэх ашиглах зэрэг саналуудыг дэвшүүлэн тавьсан байна.  Л.Нарантуяа  “Санитарно-гигиеническая характеристка водообеспеченности Юго-Восточного района MHP” сэдвээр 1987 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бол 1998 онд Монголын хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, усны хүчин зүйлээс хамаарах экологи, эрүүл ахуйн асуудлууд сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, тус улсад эрүүл ахуйн чиглэлээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон юм. Л.Нарантуяа судалгааныхаа ажлын үр дүнд хөдөөгийн хүн амын ундны усны химийн найрлагыг бүс нутгаар шинжлэн судалж, эрүүл мэндэд, ялангуяа шүдний өвчин, иод дутлын эмгэг, зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөлд нөлөөлөх эрсдэлтэй байгааг тогтоон цаашид хөдөөгийн хүн амын ундны усны чанарт тогтмол хяналт тавих, фтор, иод, магни, кальцийн агууламж, ерөнхий эрдэсжилтийг онцгой анхаарах, ундны усны эх булагт ашиглаж байгаа газрын дээрх усны эх булгийг бохирдлоос хамгаалж, ундны усны стандартын шаардлага хангуулах арга хэмжээ авахыг зөвлөмж болгожээ. Н.Сайжаа 1992 онд “Санитарное состояние атмосферного воздуха крупных городов Монголии  и  путы его улучщения” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бол 2004 онд “Факторы риска загрязнения городов Монголии” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, орчны эрүүл мэндийн чиглэлээр ШУ-ны докторын зэрэг хамгаалсан НЭМҮТ-ийн 2 дахь эрдэмтэн болсон юм.  Н.Сайжаа энэхүү бүтээлдээ Монгол улсын хотуудын агаарыг бохирдуулах эрсдэлт хүчин зүйлийг тогтоож, түүнийг бууруулах арга замын талаар санал, зөвлөмж боловсруулж, агаарын бохирдолт хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх зүй тогтлыг монголын нөхцөлд судлан, эрүүл ахуйн үнэлгээ өгсөн байна. Орчны эрүүл мэндийн асуудлаар Л.Долгормаа (1984), Д.Гомбосүрэн (1998), Ш.Энхцэцэг (2000), И.Болормаа (2001), Г.Энхжаргал (2012), Х.Шүрэнцэцэг (2012), А.Энхжаргал (2020), нар төв суурин газрын агаар, усны эрүүл ахуйн асуудлаар судалгаа хийж, докторын зэрэг хамгаалж, агаарын бохирдол, ундны усны найрлага оршин суугчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоон, урьдчилан сэргийлэх арга замын талаар дүгнэлт, зөвлөмж гаргажээ. 
Хүнсний эрүүл ахуйн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан НЭМҮТ-ийн анхны эрдэмтэн нь 1973 онд “Обеспеченность витамином С организма детей дестких садов Монгольской Народной Ресмублики” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан Ц.Ламзав юм. Ц.Ламзав цэцэрлэгийн хүүхдүүдийн бодит хооллолтын байдалд судалгаа хийж хүүхдийн С витамины хангамж хангалтгүй байгааг тогтоон, үнэлгээ, дүгнэлт өгч, цэцэрлэгийн хоолны үлгэрчилсэн цэс боловсруулан боловсролын удирдах байгууллагуудад хүргүүлэн мөрдүүлжээ. Тус улсад хоол, хүнсний эрүүл ахуйн асуудлаар судалгаа шинжилгээний ажил явуулж мэргэжилтэн бэлтгэхэд Зөвлөлтийн мэргэжилтэн Г.И.Бондарев үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр ЭАХНСУИ-д 1965-1966, 1969-1972 онд Зөвлөхөөр ажиллаж байхдаа хүнсний ариун цэврийн химийн шинжилгээг практикт нэвтрүүлэх, лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх, лабораторийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Г.И.Бондарев манай Анагаах ухааны хүрээлэн, ЭАХНСУИ-ийн 4 судлаачын анагаах ухааны дэд эрдэмтний ажлыг удирдан хамгаалуулж, “Материалы к обоснованию физиологической потребности в пищевых вешествах и энергии населения MHP” сэдвээр 1979 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм. У.Цэрэндолгор 1999 онд “Распространенность рахита у детей ранного возраста Монголии и его профилактика”сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бол 2005 онд “Хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйл” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, тус улсад хоол судлалын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон юм. Судлаач эдгээр бүтээлдээ бага насны хүүхдийн рахит өвчний тархалт, хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоон, рахитаас урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэхэд аминдэмийг хүүхдийн нас, цаг, улиралд зохицуулан хэрхэн хэрэглэх талаар практик зөвлөмж гаргажээ. 1990-ээд оноос хоол судлал, хүнсний эрүүл ахуйн талаарх судалгаа эрчимжиж, хүн ам, хүүхдийн хоол тэжээл, амин дэм, эрдэс бодис, бичил элементийн хангамжийн талаар судалгаанууд хийгдэж  (Д.Эржен (1993), Х.Жамбалмаа (1995),  Д.Оюунчимэг (1998),  Ж.Батжаргал (1999),  Э.Эрдэнэчимэг (2000),  Б.Бямбатогтох (2005),  Б.Гэрэлжаргал (2005),  Д.Ганзориг (2011),  Д.Отгонжаргал (2012),  Д.Эрдэнэчимэг (2012),  Б.Цогзолмаа (2014),  Э.Эрдэнэцогт (2015) ) тэдгээрийн үр дүн, санал зөвлөмжүүд нь хүн амын хоол тэжээлийн талаарх үндэсний хөтөлбөрүүдэд тусгагджээ. 
НЭМҮТ-ийн эрүүл ахуйн судалгааны нэг чиглэл нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн судалгаа юм. Энэ чиглэлээр судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалсан НЭМҮТ-ийн анхны эрдэмтэн нь Д.Батчулуун юм. Д.Батчулуун 1981 онд “Физическое развитие детей от 1-го месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акцелерации развития школьников г. Улан-Батора” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, Улаанбаатар хотын тухайн үеийн 1-17 насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийг тогтоож, энэ талаар Ч.Чүлтэмдоржийн 1963 онд хийсэн судалгааны үзүүлэлттэй харьцуулан 18 жилийн (1963-1981) хугацаанд хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоон үнэлгээ өгчээ. 
Б.Бурмаажав 1992 онд “Гигиеническая оценка условия обучения и показатели здоровъя подростков, освоивающих базовые профессии металлобработки в MHP” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бол 2001 онд “ Хүүхдийн эрүүл мэндэд экологийн зарим сөрөг хүчин зүйлийн үзүүлэх нөлөө, оношилгоо, сэргийлэлтийн асуудалд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, тус улсад хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон юм. Б.Бурмаажав бүтээлдээ экологийн зарим сөрөг хүчин зүйл, тухайлбал агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, түүний дархлааны түвшинд хэрхэн нөлөөлж байгааг судлан тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулжээ.
 
Тархвар судлал. 1960-аад онд халдварт өвчний гаралт манай улсын түүхэнд дээд цэгтээ хүрч, вируст гепатит, гэдэс, агаар дуслын халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, нас баралт өндөр байв. Ийнхүү халдварт өвчний зүй тогтлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдал зүй ёсоор шаардагдаж байлаа. НЭМҮТ-ийн тархвар судлалын талаарх анхны бүтээл нь Ц.Балдандорж (1972), До.Галбадрах (1972) нарын анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээлүүд юм. Ц.Балдандорж тус улсад 1960-аад онд өргөн тархалттай байсан бруцеллёз өвчний талаар судалгаа хийж, малын бруцеллёз их байгаа нь хүн өвчлөхөд нөлөөлж, зонхилон малчид өвчилж байгаа, бруцеллёзын халдварын гол эх уурхай нь бог мал болохыг тус тус тогтоож, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулжээ. Манай улсад 1960-1970 онд элбэг тохиолдож байсан элэгний бэтэг өвчний талаар мэс засалчид иж бүрэн судалгаа хийж, элэгний бэтэг өвчний оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэсэн бол До.Галбадрах БНМАУ дахь бэтгэрэх өвчний тархвар зүйг судлан үнэлгээ өгч, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх санал зөвлөмж боловсруулсан нь Монгол улсад бэтэг өвчнийг бууруулахад зохих үр дүнгээ өгчээ. Манай тархвар судлаачид өөрсдийн судалгааны ажлыг Монгол улсад өргөн тархалттай байсан халдварт өвчнүүдийн, тухайлбал, вируст гепатит (Г.Олзвой (1984),  Д.Алимаа (1987) ), гэдэс, агаар дуслын халдвар (Т.Сайнжаргал (1984),  Н.Цэнд (1976),  Г.Очирваань (1976), С.Цоодол (1991), Б.Сувд (2019))-т өвчнүүдийн тархалтын зүй тогтол, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн судалгаа явуулж, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх арга боловсруулан, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, мэнэнгийн халдвар, улаан бурхны эсрэг тарилгыг практикт нэвтрүүлсний үр дүнд эдгээр өвчин эрс буурч, эрүүлийг хамгаалах байгууллагын бүрэн хяналтад орсон билээ.
 

Микробиологи-биотехнологи. Манай микробиологч, биотехнологчид халдварт өвчин үүсгэгчийн биологи, удамшлын шинж чанарыг судалж, нутгийн омогт тулгуурлан урьдчилан сэргийлэх, оношилох, эмчлэх үр дүнтэй арга, бэлдмэлийг боловсруулан практикт нэвтрүүлжээ. Микробиологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болох П.Нямдаваа миксовирусын экологийг судалсан ба Р.Арслан вируст гепатитийн үүсгэгчийг судлан, HBs антигеныг оношилох аргыг анх удаа эмнэлгийн практикт нэвтрүүлжээ. П.Нямдаваа 1989 онд хүн амын вируст халдварын өвчлөл, дархлааг судалж, үнэлгээ дүгнэлт өгч, анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, микриобиологийн чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан манай улсын болон НЭМҮТ-ийн анхны эрдэмтэн болжээ. Мөн Ж.Оюунбилэг 1996 онд “Хепаднавирусын геномын судалгаа, түүнийг анагаах ухааны биотехнологийн бэлдмэл гарган авахад ашиглах нь” сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан ба 1998 онд “Монголд ялгасан хепаднавирусын омгуудын геномын ба эсрэгтөрөгчийн шинж чанар” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, вируст хепатитын оношилгоо, сэргийлэлтийн бэлдмэл үйлдвэрлэх технологи боловсруулан хепаднавирусын эмгэг жамыг судлах амьтны загварыг гарган авчээ. Судлаач А.Хишигдорж, Т.Тойвгоо нар стафилококкын халдварын тархвар судлалын зүй тогтол, үүсгэгчийн шинж чанарыг судлан, үжил халдвараас сэргийлэх арга зөвлөмж боловсруулжээ. Мөн судлаач Д.Дандий (1981), Б.Ганбаатар (1985), Ж.Мэндсайхан (1989),Т.Гүнсмаа (1992), М.Алтанхүү (1993), зэрэг олон судлаач вируст хепатит, томуу, улаанбурхан, био-бэлдмэлийн чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. 

3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоогийн бүтэц, үйл ажиллагаа
НЭМҮТ нь эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлдвэрлэл эрхэлсэн төрийн үйлчилгээний шинжлэх ухааны байгууллага бөгөөд хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлс, өвчнийг үүсгэж буй шалтгаан, үр дагаврыг судлах, тандах, хянах, хариу арга хэмжээг төлөвлөх, явуулах, биотехнологи, инновацийг хөгжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нийгмийн эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.
2016 оны Засгийн газрын 149 дүгээр тогтоолоор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг НЭМҮТ болгон өргөжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар батлагдсан шинэчилсэн бүтцээр ажиллаж байна. Бодлого төлөвлөлтийн хэлтэс (БТХ), Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтэс (ЭШСХ) гэсэн 2 хэлтэс, Санхүү, аж ахуйн алба (САА), Стратеги удирдлагын алба (СУА), Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн алба (ЭМДМА), Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба (ХСХАБА), Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний алба (ОЭМНҮА), Хор судлал, тархвар зүй, шуурхай удирдлагын алба (ТЗШУА), Шинжлэх ухаан, биотехнологи инновацийн алба (ШУБИА) гэсэн 7 алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лавлагаа лаборатори (НЭМҮЛЛ) нь биохими, хими-хор судлал, полиомиелит, молекул биологи вирусологи, микробиологийн  гэсэн 5 нэгжтэй, Биобэлдмэлийн үйлдвэр нь уургийн бэлдмэл, вакцин оношлуур, чанарын хяналтын гэсэн 3 нэгжтэй нийт 2 хэлтэс, 7 алба, 1 лаборатори, 1 үйлдвэрийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар баталсан НЭМҮТ-ийн дүрмэнд “НЭМҮТ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх  эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлдвэрлэл эрхэлдэг эрдэм шинжилгээний байгууллага мөн” гэж заасан байдаг. 
НЭМҮТ-д нийт 35 эрдэм шинжилгээний ажилтан, 54 эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээний ажилтан ажиллаж байгаагаас 2023 оны байдлаар орон тооны бус зөвлөхүүдээ оролцуулан МАУА-ийн гишүүн-3, Шинжлэх ухааны доктор-3, Дэд доктор-15, профессор-4, дэд профессор-2, магистр-29, докторант-11, магистрант-13 ажиллаж байна. НЭМҮТ-ийн түүхэнд Шинжлэх ухааны болон Боловсролын доктор хамгаалсан 90 гаруй эрдэмтэн судлаачид тус байгууллагад ажиллаж, эрдэм судлалын ажилд хувь нэмрээ оруулсан байна (Хүснэгт 1). 
 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн байгуулагдсан цагаас дэргэдээ орон тооны бус Эрдмийн зөвлөлтэй ажиллаж ирсэн ба Эрдмийн зөвлөл нь судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын үндсэн чиглэлийг тогтоох, судалгаа явуулах эрх олгох, хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт өгөх, санал дүгнэлт гаргах, судалгааны ажлын сэдэв, аргачлал батлах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд Эрдмийн зөвлөлийн даргаар НЭМҮТ-ийн Захирал, ХУ-ны доктор,  дэд профессор С.Өнөрсайхан, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар АУ-ны доктор С.Цэгмэд нар ажиллаж байна. 
Судалгаа, шинжилгээний ажлыг ЭМЯ-ны захиалгаар болон БШУЯ-наас зарласан төслийн дагуу гүйцэтгэж, эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сангаас хийж байна. Түүнчлэн ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг дотоод, гадаадын байгууллагын санхүүжилтээр судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.     

 
Сайн байна уу? Бидний хүсэлтийг хүлээн авч манай сэтгүүлд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. 
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ өдгөө ямар түвшинд байна вэ. Хангалттай хэмжээнд хүрч чадсан уу?
Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн гэж хоёр ангилсан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тэргүүлэх чиглэл мөн гэдгийг Монгол Улс хэдийн зарлан тунхагласан. Ер нь дэлхий нийтэд ч ийм байдаг. Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг 10-20 дахин бууруулах ач холбогдолтой. Харамсалтай нь, Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалтгүй байна.

Тусламж, үйлчилгээ хангалттай түвшинд хүрч чадахгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
Хуульд заасны дагуу халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд ЭМЯ-наас хийдэг юм. Одоогоор бид дөрвөн удаагийн судалгаа хийгээд байна. Ерөөсөө хүн амын дунд тохиолдож буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг 20 жил дараалан судалсан гэсэн үг л дээ. Үүний хүрээнд судалгаагаар халдварт бус өвчний анхдагч ба завсрын эрсдэлт хүчин зүйлийг тогтоодог. Тэдгээрт архи, тамхи, жимс, ногооны хэрэглээ, хөдөлгөөн, зүрх судасны өвчний эрсдэл зэрэг багтдаг. Хүн амын тамхи, жимс ногооны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, артерийн даралт зэргийг судлаж үзэхэд халдварт бус өвчний эдгээр нийтлэг эрсдэлт хүчин зүйлс илрээгүй хүн амын  бүлэг нь ердөө дөрвөн хувь л байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын 15-69 насны бүх хүн амын 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй байна гэсэн үг. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эрсдэл, бодисын солилцооны өөрчлөлтийн тархалт жил бүр нэмэгдээд л байна. Монгол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол муу байгаагаас энэ эрсдэлүүд их байгаа гэдгийг олон судалгааны үр дүн харуулдаг.

Уг нь холбогдох байгууллагуудаас хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байгаа талаар мэдээлдэг. Гэтэл боловсрол нь яагаад сайжрахгүй байгаа юм бол?
Хүн амыг насны бүлгээр нь 0-17, 17-45, 45-аас дээш гэж ангилъя л даа. Ингээд үзвэл манай улс өнгөрсөн хугацаанд ихэнх хөрөнгө мөнгө, сургалт, сурталчилгаа зэрэг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 17-45 насныханд чиглүүлсэн байдаг. Гэтэл энэ насныхны амьдралын дадал хэвшил хэдийн тогтчихсон, ихэвчлэн амьжиргаагаа дээшлүүлэх, мөнгө олохыг л зорьдог. Энэ насныхны хэдийн тогтчихсон зан үйлийг өөрчилнө гэдэг нь багадаа 24-36 сарын ажил болдог. Жишээ нь, 2-3 жил сургаж, давтан давтан байнга хэлж ярьж, тамхины хор аюулыг ухуулж, ойлгуулж байж хүнийг тамхинаас гаргадаг. Гаргаж чадаагүй бол тэр хүн дахиад л татдаг гэх мэтээр хийсэн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэтэл манай бодлого энэ бүлэг хүмүүс рүү л голлон чиглээд, үр дүнгүй яваад байжээ. Тиймээс одоо бид 0-17 насныхан, жирэмсэн, хөхүүл ээжүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээг илүү чиглүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл ядаж 10 жилийн дараа эрүүл хүн амтай болох байх гэж бодож байна. Эрүүл хүүхэд төрүүлж, өсгөхсөн гэсэн хүсэлтэй ээж, аав олон байна. Тэдний мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл байх арга замыг заах зэрэг ажлыг түлхүү хийж байна гэсэн үг. Хүмүүсийн амьдралын зан үйлийн 85 хувь нь таван нас хүртлээ авсан хүмүүжил, боловсрол, мэдлэгтэй нь холбоотой байдаг. Тэгэхээр хүүхдэд 0-5 настайд нь зөв зан үйлийг олгох, төлөвшүүлэх нь хамгийн чухал гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ насныхан руу чиглэсэн хооллолт, эрүүл мэндийн боловсрол, идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байна.

0-5 насныхан гэхээр голчлон цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаж байна. Гэтэл манайд, ялангуяа нийслэлд цэцэрлэгийн орчин нөхцөл тааруу. Үнэндээ бол хүүхдэд сайн боловсрол олгох нь битгий хэл ангидаа ч багтахгүй байгаа шүү дээ.
Сургуулийн өмнөх боловсрол үнэндээ хангалтгүй байна. Цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ, боловсон хүчний нөөц, тэдний түвшин ямар байгаа билээ дээ. Ерөөсөө эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа гэдэг нь боловсрол олгох, дэмжлэгт орчинг нь бүрдүүлэх хоёр зэрэг хийгдэж байж хэрэгждэг ажил юм. Тиймээс дэмжих орчныг бүрдүүлэхэд улсаас нэлээд хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, сургуулийн орчинд хүүхдийг хог битгий хая, ангилан ялгаж бай гээд сургачихлаа. Гэтэл манайд хог ангилан боловсруулдаг үйлдвэр алга. Аюултай хог хаягдлын цэг, үйлдвэр байхгүй. Хүмүүст эрүүл мэндийн боловсрол, дадал хэвшил олголоо ч түүнийг хэрэгжүүлэх орчин бүрдүүлэхгүй бол эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа үр дүнд хүрдэггүй.

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл заадаг. Гэсэн ч уг хичээл үр дүнгүй, ор нэрийн төдий байгааг олон хүн шүүмжилдэг.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн боловсролын сургалтыг оруулсан ч мэргэжлийн багш хүрэлцээгүй. Үүнээс болоод биеийн тамирын юм уу, биологийн багш энэ хичээлийг давхар зааж байгаа. Харин сургалтын хөтөлбөр маш сайн болсон нь үнэлгээгээр батлагдсан.

Хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч байгааг та өмнө нь дурдсан. Тэгвэл бусад насныхан яах вэ. Тэднийг орхино гэсэн үг үү?
45 наснаас хойш хүмүүс биедээ анхаарах нь нэмэгддэг. Чанартай урт насалчих юм сан гэж хичээдэг. Монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насны зөрүү 10-аад жилийн зөрүүтэй байна. Үүнийг багасгах чиглэлээр манайд олон ажил хийж байна. Олон улсад чанартай амьдрах, амьдралын чанарын итгэлцүүр гэдэг зүйлийг ихээхэн ярьж байгаа. Чанартай амьдрахын тулд эрүүл мэнд нэгдүгээрт байдгийг “Ковид”-ын үед бүх хүн үүнийг ойлгосон байх. Эрүүл мэндийн асуудал дэлхий нийтийн эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг зэрэг бүх харилцааг зогсоосон шүү дээ. Хэчнээн мөнгөтэй байсан ч эрүүл мэнд нь муудчихсан бол аз жаргал үгүй. Тиймээс 45-аас дээш насныхан руу чиглэсэн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, архи бүү уу, тамхи битгий тат, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах гэх мэт ажлуудыг түлхүү хийх нь илүү үр дүнтэй байна. Мэдээж 17-45 насныхан хаягдаж болохгүй учраас тэднийг хамруулсан ажлууд ч давхар хийгддэг. Жишээ нь, оюутны эрүүл мэндийн асуудлыг түлхүү анхаарч байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 10 сарын 1-нээс эхлүүлдэг. Уг аяныг тав дахь жилдээ өрнүүлж байна.

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийн үр дүнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл нэлээд ихэссэн нь нотлогдлоо. Энэ нь нийтээрээ хооллолтдоо анхаарах шаардлагатайг илэрхийлж буй байх. Ер нь хооллолтоос шалтгаалсан өвчлөл манайд ямар шалтгаанаар нэмэгдээд байна вэ?
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл манайд нэгдүгээрт орж байна. Энэ нь манайхны хооллолтын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой. Ходоодны хавдрын тархалтын судалгаа хийснээр энэ нь тухайн орон нутгийн хүмүүсийн хооллолтын зан байдал, давсны хэрэглээтэй холбоотой нь тогтоогдсон. Монголчууд бид уламжлалт нүүдэлчин хэв маягаа өөрчилж, ахуйн хөдөлмөр эрхлэлт нь байнгын суугаа байдалд шилжсэн мөртлөө уламжлалт маягаараа хооллосоор байгаа нь хоол боловсруулах тогтолцооны өвчлөл ихсэхэд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Хөдөлгөөнгүй болчихоор хүнд хоолыг шингээж чадахгүй байна. Гэтэл манайхан үүнийг анзааралгүйгээр шингэц багатай, өөх тос ихтэй хүнд хоол идсээр хэвтсээр, хөдөлгөөн багатай байгаа нь судалгааны үр дүнгүүдээр нотлогддог. Ирээдүйд эмч нар эм биш, хоол бичиж өгдөг болно гээд байгаа шүү дээ. Тиймээс цаашид яалт ч үгүй энэ дадал хэвшлийг өөрчлөх ёстой. Зөв хооллолтыг бий болгохгүй бол тулгарсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Судалгааны хувьд НЭМҮТ-өөс “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний хэмжээний судалгааг одоогоор таван удаа хийгээд байна. Хүнсний тухай хуульд заасны дагуу үүнийг таван жил тутамд судалдаг. Хамгийн сүүлд хийсэн V судалгааны дүнгээр Монголын хүн ам хүнс тэжээлийн шимт бодисын дутагдалд бүрэн оржээ гэдэг дүн гарсан. Одоо бид VI судалгааг эхлүүлээд байна. Өнгөрсөн сард нийслэлд хийж дууссан. Энэ сарын 1-нээс 21 аймагт хийхээр 72 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын баг орон нутагт ажиллаж байна. 

Манайд хүн амын илүүдэл жин бас тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ нь чихэрлэг бодисын хэт их хэрэглээтэй холбоотой болов уу. Ийм төрлийн бодисуудыг манайх хилээр оруулж ирэх үед нь бүрэн хянаж, шинжилж чадаж байгаа юу?
Бидний эрүүл мэндэд нөлөөлөөд байгаа зүйл нь давс, чихэрлэг бодисын хэрэглээ яах аргагүй мөн. Манайд хүн амын 49.6 хувь буюу хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай байна. Мөн бүсэлхийн тойргийн хэмжээ эмэгтэй хүнийх 85, эрэгтэй хүнийх 90 см-ээс бага байх ёстой. Энэ тоо ч хэтэрсэн үзүүлэлттэй. Мөн 5 нас хүртэлх хүүхдүүдийн таргалалт нэлээд анхаарал татсан хэмжээнд хүрээд байгаа. Гэхдээ хүн бүрт “Чи тур” гэж болохгүй. Энэ нь тухайн хүнд стресс, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж ачаалал болдог. Ялангуяа хүүхдүүдийн дунд тарганаасаа болж ялгаварлан гадуурхалт үүсгэдэг. Тиймээс бид эл асуудлыг өөрөөр шийдэх буюу татварын бодлогод нөлөөлөх ямар боломж байгааг судалсан. Улмаар чихэрлэг бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчид чихэр, давстай бүтээгдэхүүнүүдийнхээ чихэр, давсны хэмжээг бууруулах нь зүйтэй бөгөөд ийм арга хэмжээ авсан аж ахуйн нэгжийг урамшуулах нь зүйтэй гэсэн үйл ажиллагааг дэмждэг. Чихэр, давсны агууламж ихтэй бүтээгдэхүүнийг заавал манайд оруулж ирээд, хүн болгон хэрэглээд байх шаардлагагүй шүү дээ. Гэтэл дэлгүүрт ороход 80 хувь нь хүнд хэрэгцээгүй гэж үздэг, бидний битгий хэрэглээч гээд зөвлөөд байдаг нүүрс ус, чихэр, давсны агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Хүнд, хүүхдэд хэрэгтэй амин дэм, эрдэс бодис агуулсан бүтээгдэхүүн бараг байдаггүй. Тэгэхээр хүмүүс байгаа бүтээгдэхүүнүүдийг авахаас өөр аргагүй. Ялангуяа хүүхдүүд нүдэнд нь харагдаад байгаа зүйлсийг авна шүү дээ. Бид Австралийн Волингогийн их сургуультай хамтраад чихэрлэг бүтээгдэхүүний зар сурталчилгааны судалгааг хийсэн. Дэлхийн 9 оронд нэг ижил аргачлалаар зэрэг хийсэн судалгаа л даа. Үүгээр манайх маш хангалтгүй түвшинд байгааг тогтоосон. Улмаар Монгол Улсад зар сурталчилгаанд онцгой анхаарах шаардлагатай гэсэн дүн гарсан юм. Судалгааны үр дүнгээс харахад, чихэрлэг бүтээгдэхүүний сурталчилгаанд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг юм байна. Үзсэн, сонссон хүн авахаас өөр аргагүй болтол нь рекламддаг. Уг нь сургуулийн орчинд зарж борлуулахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт гэж гаргасан. Гэхдээ хэрэгжилт хангалтгүй. Мөн сургуулийн цайны газруудын үдийн хоолны хөтөлбөрт судалгаа хийхэд хүүхдийн өсөлт хөгжилтөнд хэрэгтэй бүтээгдэхүүн олгодог сургууль цөөн байна. Үдийн цайнд олгогддог 1200-1500 төгрөгт ямар бүтээгдэхүүн хүүхдэд өгч болох тооцооллыг ШУТИС-ийн хоол, хүнсний технологич, багш нар гаргасан байдаг. Тодруулбал, хүүхдийн хоолны долоо хоногийн цэсийг товлосон мөнгөнд нь тааруулаад гаргаад өгчихсөн байдаг. Харамсалтай нь, бодит байдалд мантуу, пирожки, шүүс мэтийг л үдийн хоолонд өгөөд байгаа. Судалгааны дүн, хэрэгжүүлэх арга замыг манай эрдэмтэн, судлаачид хангалттай хэмжээнд гаргасан. Гол нь түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих шаардлагатай байна.

Ер нь нийгмийн эрүүл мэндийн судалгааны үр дүнг амжилттай нэвтрүүлээд, нөхцөл байдлыг өөрчилсөн сайн жишээ манайд хэр олон байна вэ?
Давсны хэрэглээг бууруулах аяныг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулж байлаа. Ингэснээрээ баруун аймгийн хүн амын давсны хэрэглээ буурсан. Түүнчлэн иод дутлын эмгэг Монгол Улсад байнгын асуудал байх ёстой. Учир нь өдрийн иодын хэрэгцээнийхээ 90 хувийг хүн зөвхөн хоол, хүнснээс авдаг бөгөөд Монгол улс далайгаас алслагдмал оршдог тул иод дутлын эмгэгт байнга өртдөг. Тиймээс иод дутлын эсрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүн амаа сэргийлж чадаж байсан. Гэтэл хөтөлбөрийг зогсоогоод 10 жил болсны дараа буюу өнгөрсөн жил дахин судалгаа хийгээд үзэхэд манай оронд иод дутлаас шалтгаалсан өвчлөл буцаад өссөн байгаа юм. Эдгээр нь аливаа асуудлыг тандан судалж, тогтоосны дараа эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байнга, тасралтгүй, тогтмол хийх шаардлагатайг харуулж байна. Манайд НЭМ-ийн үйл ажиллагааг сайн хийж, үр дүнд хүрч байгаа олон сайхан жишээ байдаг. Үүний нэг нь Баянхонгор аймагт архидалт буурсан явдал юм. Бид архидалттай тэмцэхээрээ нийтэд нь яриад, үзэн ядаад, жигшээд, архи уудаг хүмүүсийг эрүүлжүүлэхэд хийж, гэмт хэрэгтэн мэт үздэг. Үнэн хэрэгтээ бол тэд архинд донтчихсон өвчтөнүүд юм. Баянхонгор аймгийн сэтгэцийн эмч, НЭМ-ийн ажилтнууд  архи уудаг хүн нэг бүртэй, тэр дундаа гэр бүлийнхэнтэй нь цуг тэдний дэмжлэгтэйгээр эмчилгээг хийдэг. Эрүүлжүүлэхэд очсон, гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг хүмүүсийн 80 хувь нь ажилгүй гэдэг тоо баримт байдаг. Тийм учраас аймгийн Засаг дарга тэдэнд ажил олгох арга хэмжээ авчээ. Үүний тулд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг, жижиг, дунд бизнес эрхлүүлдэг. Ингэснээр 5-6 жил архи уугаагүй гэсэн хүмүүс ч байлаа. Ийм хөдөлгөөн тасралтгүй өрнүүлэх нь чухал. Ер нь НЭМ-ийн тусламж үйлчилгээ олон салбарын хамтын ажил юм. Хүний эрүүл мэндийн төлөө бүгд хамтарч ажиллахгүй бол эрүүл мэндийн салбар дангаараа ажиллаад үр дүн багатай, цаг үрсэн ажил  болно. Улсын хэмжээнд өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийхэд 4 жилийн өмнө зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчин нэгдүгээр байрт орж байсан. Харин сая бид эрт илрүүлгийн тоо баримтаас үзэхэд дөрөвдүгээр байрт орж буурлаа. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн гэж харж байгаа. 

Нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр сүүлийн үед ямар ажлууд хийж буй бол?
НЭМҮТ-өөс халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох үндэсний судалгааг улсын хэмжээнд 6 дах удаагаа гүйцэтгэж байна. Бид урдны 5 удаагийн судалгаагаар эрсдлүүдийг бүс, аймгаар нь гаргачихсан. Тиймээс нийслэлийн дүүрэг, сумд тус бүрд эрсдэл юу байна, тухайн орон нутгаас юу нь хамаараад байгааг судлан тогтоохоор өдгөө ажиллаж байна. Тухайлбал, Агаарын бохирдол яалт ч үгүй Монгол Улсын хамгийн анхаарал татсан асуудлын нэг. Сүүлийн үед аймгийн төвүүдэд ч агаарын бохирдол ихсэж байна.  Гэтэл бид Хөвсгөл аймгийн Галт суманд очоод агаарын бохирдлын талаарх НЭМ-ийн ажил яриад байх нь тийм ч тохиромжтой биш. Харин Галт суманд аялал жуулчлал дагасан хүчирхийлэл, осол гэмтлийн асуудал их. Энэ мэтээр Монгол улсын нийт бүх дүүрэг, сумдад халдварт бус өвчний ямар эрсдэл байгааг нэгбүрчлэн тогтоохоор ажиллаж байгаа. Мөн ЭМЯ-наас БШУЯ, НХХЯ-тай хамтран ДЭМБ-ийн зөвлөхүүдийн оролцоотойгоор НҮБХС-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сургуульд суурилсан хүүхдийн зан үйлийн судалгааг НЭМҮТ-ийн судлаачид 10 модулиар хийж гүйцэтгэлээ. Сургуулийн орчинд хүүхдийн эрх хамгааллын асуудлыг тодорхойлсон маш их ач холбогдолтой судалгаа болсон. 

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийд хордох асуудал гарч эхэллээ. Үүнд танай байгууллагаас судалгаа хийж байна уу?
Орчны эрүүл мэндийн тандалтын программ манайд бий. Өдөр бүрийн агаарын температур, тоосонцрын хэмжээ, даралт зэрэг үзүүлэлтийг өвчлөлтэй холбож гаргадаг программ. Тухайлбал, тоосонцорын хэмжээ буурснаар зүрх, судасны болон амьсгалын замын архаг өвчлөлөөр эмнэлэгт үзүүлэх, амбулаториор үйлчлүүлэх хүний тоо 1-ээр цөөрдөг. Өмнө нь бид утаанд бие биеэ олж хардаггүй байсан шүү дээ. Түүхий нүүрсэнд агуулагддаг хүхрийн исэл нь өнгөтэй, үнэртэй учраас тэгж харагддаг байв. Харин сайжруулсан нүүрс хэрэглэсний дараагаас цэлмэг мөртлөө органик бодис үнэртээд байсан. Тэр нь сайжруулсан түлшний барьцалдуулагчийн найрлагаас шалтгаалсан байж магадгүй гэж үзсэн учраас дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээр солих ажлууд хийж буй юм билээ. Учир нь барьцалдуулагчийн химийн найрлага технологийн нууцад хамаардаг асуудал юм байна. Бас иргэдийн буруу хэрэглээнээс шалтгаалаад угаартах тохиолдол байна. Налайхад яагаад угаартсан тохиолдол бага байгааг бид судалсан. Гол шалтгаан нь тэнд угаарын хий хэмжигч төхөөрөмжийг салгаж болохгүйгээр суурилуулсан байна. Тэнд дохио ирэнгүүт “Тавантолгой түлш”-ийнхэн очиж арга хэмжээ авдаг байна. Үүнийг бусад дүүрэгт хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Бусад дүүргийнхэн болохоор угаарын хий мэдрэгчээ салгаад, эсвэл зарж, үрэн таран хийгээд, эвдчихээд байна. Бас яндангаа хөөлдөггүй, зуухны чанар, нүүрсний хэрэглээ зэргээс шалтгаалж угаарын хийд хордож байгааг мэргэжлийн хүмүүс гаргасан байдаг.  Мөн сайжруулсан түлшний үнсний агууламж түүхий нүүрснээс их учир хөө тортог их үүсгэдэг байна. 

Сүүлийн үед, ялангуяа “Ковид”-оос хойш цаг бусын үхэл ихэслээ гэж иргэд ярих боллоо. Энэ асуудлыг НЭМҮТ судалдаг уу?
Ковидын үеийн НЭМ-ийн тусламж үйлчилгээний талаарх судалгаанууд нилээн бий. Гэхдээ “Ковид”-ын дараах нөхцөл байдлыг хараахан судлаагүй байна.

Нийгмийн эрүүл мэндэд төр, засгаас төдийлөн анхаарахгүй, тэр хэрээр төсөв мөнгө нь ч төдийлөн зарцуулахгүй байх шиг санагддаг. Танай байгууллагын хувьд ямархуу байна вэ. Төсөв хүрэлцээтэй юү?
Эрүүл мэндийн салбарын төсвийн зургаахан хувь нь л нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ногдож байгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгааны дүн гаргасан байдаг. ДЭМБ-аас үүнийг 30-аас доошгүй хувь байх ёстой гэж зөвлөдөг байна. Харамсалтай нь, манайд маш хангалтгүй хэмжээнд байгаа. Ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, байрны урсгал зардал зэргийг л төсөвт суулгадаг. Бусад үйл ажиллагаагаа олон улсын хандив, тусламжаар л санхүүжүүлж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, “Дэлхийн зөн” гэх мэт олон улсын байгууллагуудын хандив, тусламжийг их авдаг. Тухайлбал, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн 5 удаагийн судалгааг ДЭМБ-ын хандиваар хийсэн. Сүүлийн 5 дах судалгааг ЭМ-ийг Дэмжих сангийн санхүүжилтээр хийсэн. Хоол тэжээлийн үндэсний 6 удаагийн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хийж ирлээ. Ер нь олон улсын байгууллагууд цаашид Засгийн газар санхүүжилтээ бие даан гаргадаг болгох ёстой гэж анхааруулж, зөвлөж байгаа. Тухайлбал, Монгол Улсад ганцхан байдаг Полиомиелитийн үндэсний лаборатори манайд бий. Тус лабораторийн санхүүжилтийг ДЭМБ жил бүр өгч, хэвийн үйл ажиллагааг нь хангаж ажилласаар ирсэн. Тус байгууллага санхүүжилтээ энэ жил зогсоно гэж байснаа ямартай ч ойрын 1-2 жилд үргэлжлүүлэхээр болсон. Хүүхдийн Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хангалт мөн НҮБХС-гийн санхүүжилтээр явагдсаар ирсэн. Улсын хэмжээний томоохон судалгаануудыг заавал хийхээр хуульдаа тусгасан боловч төсөв батлагддаггүй. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлж эхэллээ. Шинэ хуультай болсноор тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэх үү?
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тандалт, хяналт, урьдчилан сэргийлэлт, статистик мэдээ боловсруулалт зэрэг бүх асуудлаа багтаасан бүтэцтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Бүтэц, тогтолцоо зөв болбол санхүүжилт нь ч ямар нэгэн хүндрэлгүй шийдэгдээд явах болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь аливаа асуудал зөв тогтолцоогүй бол хөгждөггүй, биеллээ олдоггүй. Тиймээс НЭМ-ийн тусламж үйлчилгээний төрөл, чиглэл, үйл ажиллагаа, санхүүжилт зэргийг багтаасан хуулийн төслийг Их хуралд хэлэлцүүлэхээр ЭМЯ-ны ажлын хэсэг ажиллаж байна. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Ямар нэгэн удирдлага солигдоод л бүх бодлого, тогтолцоо өөрчлөгддөг байдлаас сэргийлэх үүднээс НЭМҮТ-ийн 2023-2025 оны стратеги төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдаар батлуулаад, чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаагаа хууль батлагдахыг хүлээлгүй шинэ бүтцээрээ биднээс хамаарсан боломжтой асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Урт хугацааны стратеги төлөвлөгөөг дарга, удирдлагаас хамаарахгүйгээр тухайн байгууллага, салбар хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. 
Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн талаар тулгамдаж байсан олон чухал асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, чиглүүлэн, манлайлан ажиллаж байгаа эрхэм гүнээ талархъя. Танд эрүүл энх, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ярилцсан: “Өнөөдөр” сонины  сэтгүүлч   Ч.Мөнхзул  

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№5,2023.pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

381

2023-12-13

он