• 2023-12-14 02:56:05

Өвөрхангай аймгийн Уянга сумын 0-24 сартай хүүхдийн хооллолтын байдлыг судалсан дүн

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Өвөрхангай аймгийн Уянга сумын 0-24 сартай хүүхдийн хооллолтын байдлыг судалсан дүн

 

 

Үндэслэл

Хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлээд төрсөн цагаас нь хүний амьдралын бүх үед зөв зохистой хооллох, эрүүл амьдралын дадал буюу идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэх, өвчнөөс сэргийлж биеэ чийрэгжүүлэх зэрэг нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, эрүүл мэнд, оюуны болон сэтгэл зүй хувьд эрүүл байж, нийгэмдээ сайн сайхан зүйлсийг бүтээгч иргэнийг бий болгох гол хүчин зүйлс юм1.
Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллох, 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд зөв зохистой оруулах, нэмэгдэл хоолыг орон нутагтаа олдоцтой хүнсний бүтээгдэхүүнээр олон нэр төрлөөр бэлтгэн, шим тэжээл, төлөв байдал, хэмжээг нь зөв тохируулж, аюулгүй бэлтгэн насанд нь тохируулан хооллосноор хоол тэжээлээс хамааралтай халдварт болон Халдварт бус өвчлөлөөс сэргийлж, эрүүл өсч торних анхны алхам байдаг1. Зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн амьдрах чадвар бусад хооллолттой хүүхэдтэй харьцуулахад 14 дахин илүү байдаг ба эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй хатгалгаа, суулгалт өвчний эрсдэлийг бууруулдаг байна6.
Хүн амын Хоол тэжээлийн байдлын үндэсний 5 дугаар судалгаагаар (2016 он) Монгол улсын 0-5 сартай хүүхдийн 58,3% эхийн сүүгээр дагнан хооллож, 6-23 сартай хүүхдийн (50,4%) зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй, тав хүртэлх насны хүүхдийн 21% төмөр дуталтай, 27% нь цус багадалттай, 70% нь А аминдэм, 90% нь Д аминдэм дуталтай байгааг тус тус тогтоосон байна 2, 3.
Өвөрхангай аймгийн Уянга суманд 2020 оны 3 дугаар сарын байдлаар 0-24 сартай 335 хүүхэд байгаагийн 5,5% нь цус багадалттай, 8,3% нь сульдаа буюу рахиттай, илүүдэл жин 5.2%-тай байна3.
Иймд бид тус сумын 0-24 сартай хүүхэдтэй эхчүүдийн хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадал, сумын зах зээл дээр худалдаалагдаж буй хүүхдийн нэмэгдэл хоолны түүхий эд бүтээгдэхүүний хүртээмж, аюулгүй байдлыг үнэлж, зөв зохистой хооллоход тулгарч буй бэрхшээлийг илрүүлэн, түүнд тохирсон арга хэмжээг тодорхойлох үндэслэлээр тус судалгааг гүйцэтгэв4.

Зорилго
Өвөрхангай аймгийн Уянга сумын 0-24 сартай хүүхдийн хооллолтын байдал, зах зээл дээр худалдаалагдаж буй хүүхдийн нэмэгдэл хоолны түүхий эд бүтээгдэхүүний нэр төрөл, аюулгүй байдлыг үнэлэх

Зорилтууд
1.    Уянга сумын 6-24 сартай хүүхэдтэй эхчүүдийн хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, дадлыг үнэлэх
2.    Уянга сумын зах зээлд худалдаалагдаж буй хүүхдийн нэмэгдэл хоолны түүхий эд бүтээгдэхүүний хүртээмж, аюулгүй байдлыг үнэлэх

Судалгааны материал, арга зүй
Судалгааг 2020 оны 3-4 саруудад нэг агшны судалгааны аргыг ашиглаж хийсэн. Судалгаанд Уянга сумын 6-24 сартай хүүхэдтэй нийт 215 эхчүүдээс итгэмжит хязгаарыг 95%, алдааны хязгаарыг (p=0.05)–аар тооцоход 121 түүвэр санамсаргүйгээр сонгогдсон ба 100 эхчүүдийг судалгаанд хамруулсан.
Сумын төв болон сумын төвд ойр айлуудад гэрийн эргэлтээр, хөдөөний багийн айлуудтай утсаар холбогдож асуумж судалгаа авсан. Эхчүүдийн судалгааны асуумж хүн ам зүйн мэдээлэл, эхчүүдийн хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадлыг тодорхойлох 2 бүлэг 28 асуултаас бүрдсэн ба асуумжийг ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ийн Хүүхдийн Сангаас боловсруулан гаргасан “Олон нийтэд түшиглэсэн нялхас бага насны хүүхдийн зөвлөгөө өгөх багц”, ЭМС-ын 2018 оны 481 дугаар тушаал “Бага насны хүүхдийг хооллох заавар”-ын дагуу боловсруулсан2.
Эхчүүдийн хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадлыг 8 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлсэн (Хүснэгт 1).
 

Хүүхдийн нэмэгдэл хоолны түүхий эд бүтээгдэхүүний хүртээмж, аюулгүй байдлыг судлахын тулд хүн ам олноор үйлчлүүлдэг эхний
5  хүнсний  дэлгүүрийг  сонгон  судалгаанд хамруулсан. Судалгааны дүн шинжилгээнд Excel программыг ашиглан боловсруулалт хийлээ.
 
Судалгааны шинэлэг тал

Уянга суманд анх удаа, 0-24 сартай хүүхдийн хооллолтын талаар дэлгэрэнгүй судалгаа хийгдэж байгаагүй ба энэхүү судалгааг хийснээр эцэг эхчүүдийн хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадлыг үнэлж цаашид хүүхдийн хоол тэжээлийн талаар зөвлөмж боловсруулан эцэг, эхчүүдэд тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах шаардлага байгааг тоо баримтаар илрүүлсэн.
 
Судалгааны үр дүн
Судалгаанд 22-38 настай нийт 100 эх сонгогдсоны 33% нь ажил эрхэлдэг, 67% нь малчин ба бусад, 58% нь бүрэн бус, бүрэн дунд, 15% нь бага, 27% нь тусгай дунд, дээд боловсролтой байна.
Мөн нийт оролцогчдын 25% нь 24-өөс доош нас, 54% нь 25-34, 21% нь  35-44 насныхан байна
(Хүснэгт 2).
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 86% нь хүүхдийг 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллох талаар, 87% нь нэмэгдэл хоолонд 6 сар хүрмэгц оруулах талаар хангалттай мэдлэгтэй байна (Зураг 1).
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 77% нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг халдварт өвчин, 16% нь халдварт бус өвчнөөс сэргийлнэ гэж тус тус үзсэн байна. Харин эхчүүдийн 41% нь хөхний хорт хавдар, 17% нь умайн хорт хавдраар өвчлөх эрсдлээс сэргийлнэ, 35% нь биеийн жин барих, 34% нь гэр бүл төлөвлөлтийг зохицуулна гэж үзжээ (Зураг 2).

 

Нийт судалгаанд хамрагдсан эхчүүдийн 85% нь хүүхдээ 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллоно гэж мэддэг гэсэн бол харин 54% нь эхийн сүүгээр дагнан хооллодог байна. Гэтэл эдгээр эхчүүдийн 46% нь хүүхдийн ам цангаж, өлсөж байгаа гэж үзэн ус, цай, сүү зэрэг шингэн зүйлийг ямар нэгэн хэмжээгээр өгдөг байна (Зураг 3).
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 66% нь хүүхдээ 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулсан, 27% нь хүүхдээ нэмэгдэл хоолонд эрт
 
оруулсан, 7% нь оройтож оруулсан байна (Зураг 4).
 
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн    58% нь баяжуулсан бантан, 78% нь хүүдийн каш, 63% нь ногооны зутан, 50% нь жимс ногооны нухаш хийж мэддэг байна (Зураг 5).
 
Судалгаанд    хамрагдсан    эхчүүдийн    51%    нь хүүхдийн нэмэгдэл хоолонд лууван, 20% нь зөвхөн мах, гурил, 3% нь бусад хүнсний ногоог хэрэглэдэг байна (Зураг 6).
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 74% нь хүүхдээ идэвхтэй хооллодог байна. 6-8 сартай нийт хүүхдийн 50% нь өдөрт 2 удаа, 9-11 сартай хүүхдүүдийн 60% нь өдөрт 2 удаа, 9-11 сартай 18 20%    өдөрт    3-4    удаа    насандаа    тохирсон давтамжаар хооллож байна (Хүснэгт 3)
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 52% нь хүүхдийн нэмэгдэл хоолыг шингэн төлөвтэй өгдөг байна. 6-8 сартай хүүхдүүдийн 52.6%, 9-11 сартай 78.6%, 12-24 сартай хүүхдүүдийн 44.8% нь насандаа тохирсон хэмжээгээр хооллож байна (Хүснэгт 4).


Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 49% нь үргэлж, 41% ихэвчлэн, 10% заримдаа гараа угаадаг,  харин  65%   нь  хүүхдийнхээ  аяга, халбагыг үргэлж, 22% ихэвчлэн, 12% нь заримдаа, 1% нь огт тусгаарладаггүй байна (Зураг 7).
 
Судалгаанд хамрагдсан ажил эрхлэж байгаа эхчүүдийн 94% нь малчин ба бусад эхчүүдийн 62 90% нь Д амин дэмийг хүүхэддээ уулгаж байна.
 
Ажил эрхлэж байгаа эхчүүдийн 69% нь А аминдэм уулгах хугацааг мэддэг, малчин ба бусад эхчүүдийн 37% нь мэддэг байв (Хүснэгт 5).
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 70% нь хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэхэд шаардагдах түүхий эд бүтээгдэхүүнийг суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрт хангалттай байна гэж үзжээ. Харин бидний үнэлгээгээр хүнсний дэлгүүрийн 40% –д нь шар лууван, 60% нь шар будаа, 40% нь хүүхдийн будаа, 40% нь алим, бусад жимс байна. Хүүхдийн нэмэгдэл хоолонд А аминдэмийн эх үүсвэр цөцгийн тос огт байхгүй, харин  маргерины  3  төрөл  байлаа.  Аюулгүй байдлын хувьд хүүхдийн будаа, алимны нухаш, хүүхдийн    жигнэмэгийн    сав    баглаа    боодол, шошгололт хангалтгүй, хадгалах хугацаа дууссан зэрэг байв (Хүснэгт 6).
 
Дүгнэлт
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 86% нь хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох мэдлэг хангалттай үнэлэгдсэн байна. Харин эхчүүдийн 54% нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна. Эхчүүд 6 сар хүрээгүй хүүхдээ ямар нэгэн хэмжээгээр сүү, цай, ус зэрэг шингэн зүйлийг өгч, хүүхдийг эрт буюу 4-5 сартайд нь нэмэгдэл хоолонд оруулсан байна. Энэ нь эхчүүд хүүхдийг эхийн сүүгээр хооллох талаарх мэдлэг, мэдээлэлтэй байгаа боловч хэрэгжүүлэхдээ сул байгаатай холбоотой байна.
Эхчүүдийн 66% нь хүүхдээ 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 30% нь хүүхдийг насанд нь тохирсон давтамжаар, 51% нь насанд нь тохирсон хэмжээгээр хооллож, 3% нь хүүхдийн хоолонд төрөл бүрийн ногоо, 51% нь лууван хэрэглэж байгаа нь хүүхдийн нэмэгдэл хоол олон нэр төрлийн, шим тэжээл сайтай, хүүхдийн насанд тохирсон хэмжээ, давтамжтай байна гэсэн зөвлөмжийг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байна.
Судалгаанд хамрагдсан хүнсний дэлгүүрийн 3 60% -д нь хүүхдийн нэмэгдэл хоолны түүхий эд ялангуяа жимс, хүнсний ногоо, цагаан идээний сонголт болон аюулгүй байдал хангалтгүй байна.
Хэлцэмж
 
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 0-24 сартай хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, мэдээлэл хангалттай байгаа боловч дадал хэвшил болгосон байдал “туйлын” хангалтгүй байна.
Хүүхдийг нэмэгдэл хоолонд хэрхэн зөв оруулах, насанд нь тохирсон хэмжээ, давтамжаар хооллох,    олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр шаардлагатай шим тэжээл авах зөвлөмж болгосон хоолыг хийж сургахын тулд эрүүл мэндийн ажилтнуудыг нялх, бага насны хүүхдийн хооллолтын сургалтанд тогтмол хамруулж, эрүүл мэндийн төвийн зүгээс хүүхдийн нэмэгдэл хоол хийх ур чадварт эхчүүдийг тогтмол сургах сургалтын бааз бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

Номзүй
1.    М.Оюунбилэг “2 хүртэлх насны хүүхдийн
хооллолт” 2014 он
2.    ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ийн Хүүхдийн Сангаас боловсруулан гаргасан Олон нийтэд түшиглэсэн нялхас бага насны хүүхдийн зөвлөгөө өгөх багц 2016 он
3.    ЭМС-ын 2018 оны 481 дугаар тушаал “Бага насны хүүхдийг хооллох заавар”
4.    ЭМЯ, НЭМҮТ, НҮБХС, Монгол улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдлын Үндэсний 5 дугаар судалгааны тайлан, Улаанбаатар хот 2017он
5.    ЭМШУИС-ийн АУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш нарын хамтын бүтээл “Хүүхдийн өвчний оношзүй” 2012 он
6.    ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ийн Хүүхдийн Сангаас боловсруулан  гаргасан  “Эхийн  сүү орлуулагч    бүтээгдэхүүний    импорт, худалдаа, хэрэглээ” 2017 он
7.    The Lancet Breastfeeding Seriespapers www.thelancet.com/series/ breastfeeding
8.    WHO, Infant and young child feeding, key fast, 16 February 2018

 

 Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан

Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.03.29

Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.10

Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

298

2023-12-14

он