-
2023-12-14 03:29:10
Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын халдварт бус өвчний талаарх мэдлэгийн судалгаа
Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын халдварт бус өвчний талаарх мэдлэгийн судалгаа
Үндэслэл
Халдварт бус өвчин (ХБӨ) гэдэг нь цочмог халдвараас шалтгаалаагүй урт хугацааны туршид эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсгэдэг бүлэг өвчнийг хэлдэг1. Монгол улсын хүн амын өвчлөлийн хэв маягт 1990 оноос эхлэн тархвар зүйн өөрчлөлт орж, амьдралын зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан артерийн судас хатуурал, чихрийн шижин, хорт хавдар, зүрхний дутмагшил, цус харвалт зэрэг ХБӨ-ий тархалт эрчимтэй нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна2.
Амьдралын хэв маягийг өөрчилснөөр ХБӨ-өөс сэргийлэх боломжтойг Дэлхийн олон орны туршлага харуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэргэжилтнүүд эрүүл зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, архи, тамхины хэрэглээг багасгах нь зүрх судасны өвчлөлийн нас баралтыг 80%, чихрийн шижин хэв шинж II-ыг 90% хүртэл, хорт хавдрын тохиолдлыг 30% хүртэл бууруулах боломжтойг тогтоожээ3.
Монголчууд эрт дээр үеэс уламжлан мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ зэрэг тос их агуулсан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж заншсан, нөгөө талаас өдөр бүр тэлэн хөгжиж буй хотжилттой холбоотой хөдөлгөөний идэвхгүй байдал давамгайлсан амьдрал нь ХБӨ ихсэх шалтгаан юм. Түүнчлэн хүн амын зохистой хооллолтын мэдлэг дутмаг байдал нь архаг өвчний явцыг хүндрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болсоор байна.
ДЭМБ-аас хүн амд чиглэсэн зохистой хооллох боловсрол олгох сургалт явуулах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх орчин бүрдүүлэх, ажлын байранд хийх хөдөлгөөнийг заах нь4 халдварт өвчнийг үр дүнтэй бууруулах өртөг хямд арга гэж зөвлөдөг. Улс орны тогтвортой хөгжлийн үндэс болсон хүний эрүүл мэндийн асуудал нийгмийн
Судалгааны арга зүй
Судалгаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 105, 129 дүгээр сургуулийн багш, ажилчдыг хамруулав. Оролцогчдод судалгааны талаар зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, сайн дураар оролцохыг зөвшөөрсөн 18-аас дээш насны, ямар нэгэн халдварын бус архаг өвчнөөр оношлогдоогүй 195 хүн сонгогдов.
Судалгаанд хамрагдсан хүмүүсээс сургалтын өмнө болон дараа мэдлэг үнэлэх асуумж судалгааг авсан болно.
Судалгааны асуумж ба статистик боловсруулалт
Судалгааны асуумж нь оролцогчийн ерөнхий мэдээлэл болон халдварт бус өвчний мэдлэгийг үнэлэх гэсэн 2 хэсгээс бүрдсэн. Ерөнхий мэдээлэлд тухайн хүмүүсийн нас, хүйс, жин, өндөр болон нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг багтаасан. Халдварт бус өвчний мэдлэгийн бүх салбарын оролцоо, хамтын ажиллагаанаас хамаардаг. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хамруулан ХБАӨ-ий талаарх мэдлэгийг үнэлж, шим тэжээлийн боловсрол олгох ажлын хүрээнд тус судалгааг гүйцэтгэлээ. Асуумжинд эрсдэлт хүчин зүйлс, ангилал, хоол, шим тэжээлтэй холбоотой асуумжуудыг багтаасан болно.
Судалгааны мэдээллийн үр дүнгийн боловсруулалтыг SPSS 26 программ ашиглан хийсэн бөгөөд үзүүлэлтийг дундаж, давтамж болон хувиар илэрхийлэв. Бүлэг хоорондын ялгааг статистик магадлал буюу p-value-ийн утгаар тодорхойлж, утга p<0.05 бол статистик ялгаатай гэж тодорхойлсон.
Үр дүн
Бидний судалгаанд нийт 195 багш, ажилтнууд хамрагдсанаас эрэгтэйчүүд 13.5%, эмэгтэйчүүд 86.5% байв. Насны бүлгээр авч үзвэл 20-24 насныхан 24.7%, 30-39 насныхан 30.6%, 40-49 насныхан 26.8%, 50-аас дээш насныхан 17.9% тус тус хамрагджээ. Боловсролын түвшингээр харвал 160 буюу 83.3% нь дээд, 13 буюу 9.9% нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүмүүс байв. Ам бүлийн дундаж тоо 3.8±1.2, ам бүлийн тоо 4 хүмүүс хамгийн олон буюу 37.2% байв.
Халдварт бус өвчний талаарх мэдлэг
Халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдлэг чухал нөлөөтэй юм. Иймээс сургалт хичээлийг 1 өдөр явуулан зохион байгуулсан. Хичээлийн агуулгыг Хүснэгт 1-т харуулав.
Судалгаанд оролцсон 5 хүн тутмын 1 нь халдварт бус өвчний талаарх ойлголт хомс байв. Халдварт бус өвчнийг нийт оролцогчдын 48.7% нь мэдрэл, нуруу, осол гэмтлээр, 26.7% нь ханиад томуу гэж тус тус ойлгодог байна (Зураг 1). Халдварт бус өвчнийг халдварт өвчин гэж ойлгодог хүмүүсийн эзлэх хувь өндөр байгаа нь анхаарал татах асуудлын нэг байна.
Гэр зөвлөмжийн хүнсний бүтээгдэхүүний ангиллын талаарх оролцогчдын ойлголт туйлын хангалтгүй буюу 10 хүний 1 буюу 11.3% нь зөв хариулсан. Мөн холестерины агууламж ихтэй хүнсийг мах гэж 79.5% нь хариулсан байна. Харин хоногт 5 г давс хэрэглэх талаар 2 хүн тутмын 1 нь зөв ойлголттой байгаа эерэг үзүүлэлт ажиглагдав. Жимс, хүнсний ногоог хоногт 5 нэгж хэрэглэх шаардлагатай гэж 34 хүн зөв, үлдсэн 161 хүн буруу буюу мэдэхгүй байв.
Судалгаанд хамрагдсан багш нарыг 6 бүлэг болгон 2 бүлэг сэдвээр сургалтыг явуулав. Сургалтын өмнөх онооны дундаж 4.05±2.1 байсан бол сургалтанд хамрагдсаны дараа 11.9±0.2 болж статистик ач холбогдол бүхий (p<0.001) дээшилсэн эерэг үр дүн ажиглагдав (Хүснэгт 4).
Халдварт бус өвчин гэж юу болох, ямар эрсдэлт хүчин зүйлс байдаг, таргалалтын нөлөө, урьдчилан сэргийлэхийн тулд яагаад зохистой хооллох шаардлагатай талаар сургалтын өмнөх мэдлэг хангалтгүй байсан боловч сургалтын дараа мэдлэг 7.9 оноогоор сайжирсан болох нь харагдаж байна.
Хэлцэмж
ДЭМБ-ын ХБӨ-тэй тэмцэх хөтөлбөрийн гол стратегиудын нэг нь хувь хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх явдал5 гэж үздэг. Сургууль, үйлдвэр, эрүүл мэндийн төв зэрэг олон нийтийн байгууллагууд эрүүл мэнд, түүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг сурталчлахад чухал үүргийг гүйцэтгэдэг6 билээ. Эдгээр байгууллагуудаар дамжуулан эрүүл мэндийг дэмжих нь өргөн цар хүрээтэйгээр олон хүний шууд болон шууд бус замаар оролцох боломжийг олгодог.
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөлөл шууд хамааралтай байдаг. Эдгээрээс бүх насны бүлгүүдийн онцлогт тохирсон, төрөл бүрийн сургалтын материал, хэрэглэгдэхүүнүүдийг ашиглах, сонирхол татахуйц сургалтын аргыг хослуулан хэрэглэх нь хүний нэгэнт бий болж тогтсон амьдралын хэв маягийг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлдэг. Мөн урт болон богино хугацааны хөтөлбөрт сургалтаар хүн амыг тогтмол хангах шаардлагатай юм7.
Бидний сургалт, судалгаанд хамрагдсан бүлэг хүмүүс нь насанд хүрсэн, тогтмол ээлжээр ажилладаг тул халдварын бус өвчний эрсдэл, урьдчилан сэргийлэх аргын талаарх сургалтыг танхимаар зохион байгуулав. Судалгаанд хамрагдсан оролцогчдын сургалтын өмнөх мэдлэгийн оноо 4.05±2.1 байсан бол сургалтын дараах 11.9±0.2 болж нэмэгдсэн байгаа нь сургалтын агуулга оновчтой, насны бүлэгт тохирсныг илтгэж байв. Мөн хүн амын онцлогт тохирсон сургалтыг тогтмол явуулах нь тэднийг ХБӨ-ий олон төрлийн эрсдэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой байна.
Халдварт бус өвчний нийтлэг хүчин зүйлсийн тархалтын талаар 2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний судалгаагаар эрсдэлийн тоо хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа нь амьдралын буруу хэвшлээс болж байгааг тогтоосон юм8,9,10. Нөгөө талаас хооллолтын хэв маягыг сайжруулах асуудал зөвхөн хувь хүнээс хамаарахгүй бөгөөд бүхэлдээ нийгмийн асуудал байдаг. ДЭМБ-ын “Эрсдэлийг бууруулж, амьдралын эрүүл хэв маягийг дэмжих нь” тайланд цөөн тооны эрсдэлт хүчин зүйлс нь ХБӨ эмгэгийг нөхцөлдүүлж буйг цохон тэмдэглэсэн. Үүнд, зохисгүй хооллолт, хүнсний бүтээгдэхүүнийг буруу сонгон хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг оржээ11. Иймээс ХБӨ-өөр өвдөх өндөр эрсдэлт байдал, тэдгээрээс үүдэх хувь хүн, өрх, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэнддээ хандах хандлагыг сайжруулах, өөртөө тавих хяналтыг өндөржүүлэх ажлыг өргөн цар хүрээтэй хийх шаардлага зүй ёсоор гарч байна.
Дүгнэлт
Хүн амд чиглэсэн мэдлэг олгох сургалтыг нарийн төлөвлөгөөтэй, тогтмол хэрэгжүүлэх нь халдварт бус өвчний тархалтыг урт хугацаанд бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй юм.
Бид энэхүү сургалт, судалгаагаар халдварын бус өвчний талаар мэдлэгийг олгохын зэрэгцээ хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг үр дүнтэй явуулахыг зорьсон хэдий ч хязгаарлагдмал зарим зүйлс байсан. Үүнд танхимын сургалтаар дамжуулан мэдлэг олгож байгаа тул сургалтын явцыг судалгаанд оролцогчид гар утсаар зураг хэлбэрээр хадгалан авч, мэдлэг үнэлэх дараагийн асуумжид ашиглах нөхцөл байдал тулгарсан болно.
Эцэст нь энэхүү судалгааны дүн бүхэлдээ шим тэжээлийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих ажлыг цаг алдалгүй явуулах хэрэгцээ байгааг давхар илтгэж, энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах цаг болсныг харуулж байна.
Талархал
Тус судалгааны ажлыг “Хавдрын үеийн хоол, шим тэжээл ба хавдраас урьдчилан сэргийлэхэд шим тэжээлийн мэдлэг олгох” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн. Төслийн судалгааны ажлыг хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Эрүүл мэндийг дэмжих сангийн хамт олонд талархал илэрхийлье.
Ном зүй
1. O'Neil A, Jacka FN, Quirk SE, Cocker F, Taylor CB, Oldenburg B, Berk M. A shared framework for the common mental disorders and Non-communicable Diseases: key considerations for disease prevention and control. BMC Psychiatry. 2015;15:15. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/P MC4342822/
2. Ngo VK, Rubinstein A, Ganju V, Kanellis P, Loza N, Rabadan-Diehl C, et al. Grand challenges: integrating mental health care into the Non-Communicable Disease agenda. PLoS Med. 2013;10(5):e1001443. doi: 10.1371/journal.pmed.1001443. Available from: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/23690753/
3. https://www.who.int/news/item/09-12-2020- who-reveals-leading-causes-of-death-and- disability-worldwide-2000-2019
4. Zulkaif A.S., Jianhui D., Rashid M., et al., Physical Activity is a Medicine for Non- Communicable Diseases: A Survey Study Regarding the Perception of Physical Activity Impact on Health Wellbeing Risk. Manag Healthc Policy. 2020; 13: 2949–2962. 2020 Dec 11. doi:10.2147/RMHP.S280339 Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/P MC7737939/
5. World Health Organization Media centre. Cancer. Geneva: World Health Organization Media centre; 2012. Feb,
6. Baghianimoghadam MH, Mohammadi S, Mazloomi Mahmoudabad SS, Norbala MT. The effect of education based on protection– Motivation theory on skin cancer preventive practices among female high school students in Yazd. Ofogh Danesh J Gonabad Univ Med Sci. 2011;17:27–35.
7. Zohreh H., Fariba H., Roya K., Strategies to non communicable diseases prevention improvement from the viewpoints of students in Isfahan: A qualitative research. J Educ Health Promot. 2019; 8: 232. doi: 10.4103/jehp.jehp_218_19
8. ЭМЯ, НЭМХ, ДЭМБ. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа. 2006. УБ хот. хуудас:18-19.
9. ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт – 2013. УБ хот. 2014. хуудас 20-21.
10. ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ. Халдварт
бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт – 2009. УБ хот. 2014. хуудас: 20-21.
11. World Health Organization (WHO). Global action plan for the prevention and control of noncommunicable diseases 2013-2020. WHO Document Production Services. Geneva. Switzerland. 2013. p7-8.
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Хоол зүйн ухааны доктор, Ж.Баясгалан
Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.04.15 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.11 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
Ашигласан зураг
