-
2023-12-14 04:07:46
Полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг лабораториудын тооллого судалгааны дүн
Полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг лабораториудын тооллого судалгааны дүн
Үндэслэл
Полиовирусээр үүсгэгддэг халдварт саа өвчнөөр дэлхий дахинд хэдэн мянган хүүхэд, том хүн өвчилж, насан туршдаа бие эрхтний согогтой болсон бөгөөд 1950 онд Полиовирусын
эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин (IPV), 1960 онд Полиовирусын эсрэг уудаг амьд вакцин (OPV) гарснаар халдварт саа өвчнийг устгах, хүн амыг энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн1.
1988 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 41-р чуулганаар “Дэлхий дахинд полиомиелит буюу халдварт саа өвчнийг устгах” зорилт дэвшүүлэн полиовирусын зэрлэг омгийн эргэлтийг зогсоох, бага насны хүүхдийг дархлаажуулалтад бүрэн
хамруулах, дархлаа тогтцын түвшинг тодорхо йлох, цочмог сул саажилт бүхий өвчлөлд хяналт тавих, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг олон ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлснээр Америк (1994), Номхон далайн баруун эрэг (2000), Европ (2002)–ын бүс нутгууд “полио– чөлөөт” бүс болсон байна. 2013 оноос тус хөтөлбөр төгсгөлийн шатандаа орж, 1999 оноос хойш зэрлэг омгийн 2 дугаар хэвшинжийн полиовирусээр үүсгэгдсэн халдварт саа өвчин, цочмог сул саажилтын тохиолдол бүртгэгдээгүй тул полиовирусын зэрлэг болон вакцины омгийн 2-р хэвшинжийн вирусыг устгах ажлыг эхлүүлж, улмаар 2015 онд ДЭМБ-аас уг хэвшинжийг дэлхий дахинаа бүрэн устсаныг зарлан тунхагласан2. Полиовирусын зэрлэг омгийн 3 дугаар хэвшинжээр үүсгэгдсэн тохиолдол хамгийн сүүлд 2012 онд бүртгэгдсэн бөгөөд 2019 онд ДЭМБ-аас устгасан тухай зарласан. Одоогийн байдлаар Афганистан, Пакистан зэрэг орнуудад зэрлэг омгийн полиовирусын 1 дүгээр хэвшинжээр үүсгэгдсэн халдварт саа өвчин алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж байна3.
Дэлхий дахинд халдварт саа өвчнийг устгах шатандаа явж байгаа өнөө үед зэрлэг омгийн полиовирус импортлогдон орж ирэх, лабораториос омог алдахаас сэргийлэх нь чухал учраас полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг лабораториудын судалгааг явуулж байх нь халдвартай материалыг эрт олж илрүүлэх, халдвар тархах эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм3,4.
Полиовирусын зэрлэг омгийн халдвартай сорьц шинжлэгдэхүүнд халдварт саагийн батлагдсан, эсвэл сэжигтэй өвчтөнөөс авсан бүх төрлийн (жишээлбэл: өвчнийг оношлох зорилгоор цуглуулсан халдварт саагийн сэжигтэй болон батлагдсан тохиолдлоос авсан бүх төрлийн сорьцууд, эдгээрт нь хоолойн арчдас, баас, цус, нугасны ус, эмгэг анатомын сорьц) сорьц, шинжлэгдэхүүн, полиовирусын зэрлэг омгийн генийн дарааллыг судлах зорилгоор олшруулсан, ашигласан бүх шинжлэгдэхүүн, Полиовирусын зэрлэг омгийн бүрэн РНХ болон кРНХ-ууд, Полиовирусын зэрлэг омгийг вирүс судлалын аргаар ялган дүйхэд хэрэглэж байсан халдварлуулсан бүх төрлийн эсийн өсгөврүүд (үүнд: полиовирусын зэрлэг омгийн халдвартай сорьц, полиовирусын зэрлэг омгийн ген агуулсан шинжлэгдэхүүн), полиовирусын зэрлэг омгийн халдвартай амьтад зэрэг эмнэлзүйн сорьц, шинжлэгдэхүүн болон полиовирусын зэрлэг омог ялгасан хөрсний дээж, полиовирусын зэрлэг омог ялгасан цэвэр, бохир усны дээж зэрэг гадна орчноос цуглуулсан сорьц, шинжлэгдэхүүн багтана3,5.
Полиовирусын зэрлэг омгийн халдвартай байж болзошгүй сорьц шинжлэгдэхүүнд полиовирусын зэрлэг омог илэрч байсан болон полиовирусын зэрлэг омог тээвэрлэгдэн орж ирэх боломжтой газар нутаг, бүсээс цуглуулсан (жишээлбэл: хоолойн арчдас, баас, цус, нугасны ус, эмгэг анатомын сорьц гэх мэт) бүх төрлийн сорьц шинжлэгдэхүүн, тухайн лабораторид хадгалагдаж байгаа дүйн тодорхойлоогүй энтеровирүс агуулж байгаа эсийн өсгөвөр, нарийн судлагдаагүй полиовирусын омог зэрэг эмнэлзүйн сорьц, шинжлэгдэхүүн болон полиовирусын зэрлэг омог илэрч байсан болон полиовирусын зэрлэг омог тээвэрлэгдэн орж ирэх боломжтой газар нутаг, бүсээс цуглуулсан ундны болон бохир ус, хөрсний дээж зэрэг гадна орчноос цуглуулсан сорьц, шинжлэгдэхүүн орно3,5.
Манай улсад зэрлэг омгийн полиовирүсээр үүсгэгдсэн халдварт саа өвчний тохиолдол 1996 оноос хойш бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас Монгол улсад “Полио чөлөөт орон” гэрчилгээг 2000 оны
10 дугаар сард олгосон байна. Эрүүл мэндийн сайдын 2001 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан “Цочмог сул саажилтын тандалт”-ын журмын дагуу 0-15 насны хүүхдийн дунд цочмог сул саажилтын тандалт судалгааг лабораториор баталгаажуулан амжилттай явуулж, дархлаажуулалтын хамралтыг 95-аас дээш хувьд хүргэсэн байна. 2012 оноос эхлэн 2 жил тутамд полиовирусын халдвартай байж болзошгүй сорьц, шинжлэгдэхүүнтэй ажилладаг лаборатори/байгууллагуудын судалгаа хийх шийдвэрийг ЭМЯ-наас гаргасан6,7. Монгол улсад 2009, 2015, 2018 онуудад энэхүү судалгаа хийгдэж, хүний өтгөний сорьц, амьсгалын замын сорьц зэрэгтэй ажилладаг эмнэлзүйн лабораториуд, бохир устай ажилладаг орчны лабораториуд мөн судалгаа, шинжилгээний зориулалтаар эдгээр сорьцуудыг цуглуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудыг хамруулсан байна. Судалгааны дүнгээр манай улсад зэрлэг омгийн полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц, шинжлэгдэхүүн хадгалдаг лаборатори, байгууллагууд байхгүй болохыг тогтоосон. Халдварт саа өвчнийг устгах хөтөлбөрийн төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний хүрээнд 2022 оны 6 сараас 7 сарын хооронд полиовирусын халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг лабораториудын тооллого судалгааг дахин гүйцэтгэлээ.
Зорилго
Полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц, шинжлэгдэхүүнтэй ажилладаг лабораторийг бүртгэх тооллого судалгаа явуулах
Материал арга зүй
Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг полиовирусын халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг (хөрс, ус болон өтгөний сорьцод шинжилгээ хийдэг) төрийн болон хувийн хэвшлийн нийт 94 лабораторийг судалгаанд хамруулж, асуумж судалгаа авав.
Лабораториудын нэгдсэн жагсаалтыг гаргаж тухайн байгууллагуудад хадгалагдаж буй сорьцын мэдээлэл болон лабораторийн үйл ажиллагааг судлах зорилгоор асуумж боловсруулав. Асуумж нь 4 хэсэгтэй. Үүнд:
1. Халдварт саагийн тухай ерөнхий мэдлэг
2. Лабораторийн аюулгүй байдал
3. Зэрлэг омгийн полиовирус/вакцины омгоос үүдэлтэй полиовирус (ЗПВ/ВҮПВ), сэбины омог агуулсан халдвартай материал хадгалагдаж байгаа эсэх
Хөдөө орон нутгийн лабораториуд руу судалгааны маягтыг цахим хэлбэрээр илгээж, холбогдох ажилтнаар бөглүүлж, хариуг мөн цахим хэлбэрээр хүлээн авлаа. Улаанбаатар хотын лабораториудад асуумжийг цахим хэлбэрээр илгээж мөн газар дээр нь 13 лабораторид биечлэн очиж асуумж судалгааг танилцуулан, холбогдох ажилтнаар бөглүүлж, судалгааг гүйцэтгэв.
Судалгааны үр дүн
Нийт 94 лабораторид асуумж илгээснээс 80 лабораториос хариуг хүлээн авсан бөгөөд 14 лаборатори асуумжийн хариуг ирүүлээгүй байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зарим лабораториудаас газар дээр нь биечлэн очиж асуумж судалгааг танилцуулан, холбогдох ажилтнаар бөглүүлэн судалгааг гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан лабораториудын 63.75% нь улсын өмчит лаборатори байв (Хүснэгт 1).
Эмнэлзүйн шинжилгээ хийдэг лабораториудын асуумж судалгааг лабораторийн эрхлэгч (51.2%), лабораторийн эмч (30%), бусад мэргэжилтнүүд (6.5%), нян судлалч (5%), химич (3.7%), лаборант (3.7%) мэргэжилтнүүд бөглөсөн байна (Зураг 1).
Халдварт саагийн тухай ерөнхий мэдлэг
Судалгаанд хамрагдсан лабораториудын эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдээс асуусан халдварт саа өвчний тухай ерөнхий мэдлэгийг үнэлэх асуултад судалгаанд хамрагдсан бүх лабораториудын 61.2% нь халдварт саагийн талаар мэдээлэлтэй, 38.8% нь халдварт саагийн талаар мэдээлэлгүй байна.
Халдварт саа өвчний халдварлах замыг 76.4% нь өтгөн мөрийн замаар, 19.2% нь агаар дуслын замаар, 5% нь цус, цусан бүтээгдэхүүнээр гэж хариулсан (Зураг 2).
Асуумж илгээсэн нийт лабораториудын 53.7% нь биоаюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лаборатори, 26.2% нь биоаюулгүйн 2 дугаар зэрэглэлийн
лаборатори, 10% нь биоаюулгүйн 4 дүгээр зэрэглэлийн лаборатори халдварт саа өвчний үүсгэгчтэй ажиллана гэж хариулсан бол 8.7% нь биоаюулгүйн 1 дүгээр зэрэглэлийн лаборатори ажиллана гэж хариулсан байна (Зураг 3).
полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй материалыг -20℃ - (-70℃)-д 60%, 12.5% нь 2-8℃-д хадгална гэж хариулсан бол үлдсэн 27.5% нь мэдэхгүй байна.
Судалгаанд хамрагдсан нийт лабораториуд полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй материалыг хэрхэн устгах талаар асуухад 63.7% нь халдвартай хог хаягдал устгах журмын дагуу устгаж, гэрээт компанид хүлээлгэж өгдөг гэж хариулсан бол 21.2% нь хариулт өгөөгүй.
Халдварт саа өвчний дархлаажуулалтад 46.2% нь полиомиелитын эсрэг уудаг амьд вакцин 13.7% нь полиомиелитын эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин, 27.5% нь дээрх хоёр төрлийн вакциныг хэрэглэдэг гэж хариулсан (Зураг 4).
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд халдварт саа өвчний тухай мэдээллийг давхардсан тоогоор ном, сурах бичгээс 46.2%, интернэтээс 65%, 13.7% танилцуулах материал, брошюр гэх мэт мэдээллийн эх үүсвэрээс олж авдаг байна. Мөн нийт эмч, мэргэжилтнүүдийн 52.5% нь сургалтаар, 36% нь брошюр, танилцуулах материалаас үлдсэн хувь нь бусад эх сурвалжаас халдварт саа өвчний тухай мэдээлэл авах хүсэлтэй байгаа гэсэн байна.
Лабораторийн биоаюулгүй байдал
Судалгаанд хамрагдсан лабораториудын 31.5% нь биоаюулгүйн нэгдүгээр зэрэглэлийн лаборатори, 68.5% нь 2 дугаар зэрэглэлийн лаборатори байна. 71.2% нь өтгөний сорьц, цус биеийн шингэн, хамар залгиурын болон бусад төрлийн арчдасны сорьцтой ажилладаг бол 28.7% нь орчны сорьц болон хүнсний шинжилгээ хийдэг лабораториуд байна (Зураг 5).
Нийт лабораториудын 75% нь өөрийн лабораторийг биоаюулгүйн ажиллагааны зэрэглэлд тохирсон тоног төхөөрөмжөөр хангагдсан гэж үзсэн бол 25% хангагдаагүй гэж үзжээ. Хангагдаагүй гэж үзсэн лабораториудын 25% нь автоклав, 15% нь биоаюулгүйн кабинет, 30% нь автоклав, биоаюулгүйн кабинет, агааржуулалтын систем дутагдалтай гэсэн хариу илгээсэн байна (Зураг 6).
Сорьц тээвэрлэхдээ ашигладаг саваа нийт лабораториудын 60% шил эсвэл хуванцраар хийгдсэн, бат бөх, таглааг зөв битүүмжилсэн тохиолдолд шингэн асгардаггүй, хаяг шошготой байна гэсэн байна. Лабораториуд сорьцыг зөөвөрлөхдөө 28.7% нь 3 суурьт савлагаанд савладаг ба 61.3% нь Эрүүл мэндийн Сайд болон Зам тээврийн Сайдын хамтарсан А/410, А/165 тушаалын дагуу зөөвөрлөдөг байна.
Судалгаанд хамрагдсан лабораториудын 62.5% нь сорьцын төрлөөс хамаарч 2-8℃-д шаардлагатай хугацаанд хадгалдаг гэсэн хариуг ирүүлсэн бол 34.5% нь -20-оос -70℃-д хадгалдаг байна. Сорьц, халдвартай хог хаягдлыг устгахдаа 21.2% нь автоклав ашиглан устгаж хаядаг, 33.7% нь гэрээтэй устгалын компанид өгдөг бол 25.1% нь Эрүүл мэндийн сайдын А/505 тушаалын дагуу устгадаг гэсэн хариу ирсэн.
Сорьцтой ажиллахдаа 31.2% нь нэг удаагийн халад, бээлий, малгай, улавч байнга ашигладаг, 21.2% нь олон удаагийн халад болон нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд ашигладаг, 19.7% нь нэг удаагийн халад, бээлий, малгай ашигладаг байна.
Нийт лабораториудын 33.7% нь устгал, ариутгалд тусдаа автоклав ашигладаггүй гэсэн бол 58.7% нь устгал, автоклав ашигладаг байна. Автоклавын хэвийн ажиллагааг шалгахын хувьд 10% физикийн индикатораар, 40% нь химийн индикатораар, 15% нь физик, хими, биологийн индикаторын аргуудыг хослуулан шалгадаг бол үлдсэн хувь ямар нэгэн хариулт өгөөгүй (Зураг 7).
Судалгаанд хамрагдсан нийт лабораториудын 83.7% нь лабораторийн ажилтнуудад биоаюулгүй ажиллагаа, лабораторийн бүтэц, зохион байгуулалтын тухай сургалт шаардлагатай гэж үзсэн байна.
Зэрлэг омгийн полиовирус/вакцины омгоос үүдэлтэй полиовирус (ЗПВ/ВҮПВ) агуулсан халдвартай материал хадгалагдаж байгаа эсэх:
Асуумжийн 3 дугаар хэсэгт 2000 оноос өмнө цуглуулж, хадгалж буй сорьцууд болон 2011 оноос өмнө цуглуулж, хадгалж буй сорьцууд хадгалагдаж байгаа эсэх талаар асуухад судалгаанд хамрагдаж, хариу ирүүлсэн бүх лаборатори/байгууллагуудад эдгээр хугацаанд цуглуулж, хадгалж буй сорьц байхгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Сэбины омгийн полиовирус агуулсан халдвартай материал (ХМс) хадгалагдаж байгаа эсэх:
Асуумжийн 4 дүгээр хэсэгт вакцины омог буюу Сэбины омгийн 1, 2, 3 дугаар хэвшинжийн полиовирусын аль нэгнийх нь сорьц болон халдвартай материал хадгалагдаж байгаа эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан 2 лаборатори 2016-2017 оны хооронд цуглуулсан өтгөний сорьцууд хадгалагдаж байгааг мэдэгджээ. Энэхүү лабораторийн нэрийг дурдвал:
- Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лаборатори
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Энтеровирусийн лаборатори
Монгол улс ПУАВ хэрэглэж байгаа тул одоог хүртэл цуглуулж, өөрийн лабораторид хадгалж буй бүх сорьцуудыг Сэбин 1 болон 3 дугаар хэвшинжийн полиовирусын халдвартай сорьцод хамруулж байгаа болно. Харин 2016 оны 07 дугаар сарын 31-ээс өмнө цуглуулж, хадгалж буй сорьцуудыг ПУАВ2/Сэбин 2 дугаар хэв шинжийн полиовирусын халдвартай сорьцод хамруулж байгаа болно.
Хэлцэмж
“Полиомиелит өвчнийг 2000 он гэхэд дэлхий дахинаа устгах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр зэрлэг омгийн полиовирусээр үүсгэгдсэн халдварт саа өвчний тархалт буурсан байна. Полиовирусын 2-р хэвшинжээр үүсгэгдсэн өвчлөлийн сүүлчийн тохиолдол 1999 онд бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сард зэрлэг омгийн эргэлтийг дэлхий дахинаа зогсоосон тухай зарласан. 2013 оноос эхлэн уг хөтөлбөрийн төгсгөлийн шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд “полиомиелит – чөлөөт” бүс нутгууд тухайн батламжаа баталгаажуулах, зэрлэг омгийн полиовирүс импортлогдон орж ирэх, лабораториос полиовирусын омог алдахаас сэргийлэх зорилгоор тодорхой хугацааны давтамжтайгаар био-анагаах, эмнэлзүй, орчны лабораториудад полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг лабораториудын судалгааг хийж байна.
Манай улсад энэхүү тооллого судалгааг 2001, 2009, 2015, 2018 онуудад явуулсан бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн, Полиомиелитын үндэсний лабораториос өөр газар полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй материал хадгалагддаггүй гэсэн дүгнэлт гарсан. Бидний энэхүү судалгааны дүн дээрх судалгаатай адил гарсан бөгөөд цаашид полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжлэгдэхүүнтэй ажилладаг лабораториудын био-аюулгүй байдал, био-хамгааллын нөхцөлийг сайжруулах, судалгааг 2 жил тутамд хийж, жагсаалтыг шинэчилж байх нь чухал юм.
Дүгнэлт
1. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа орчны болон эмнэлзүйн лабораториудад зэрлэг омгийн полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй материал хадгалагдаагүй байна.
2. Судалгаанд хамрагдсан лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн 39.8% нь халдварт саа өвчний талаар ойлголтгүй, 83.7% нь лабораторийн биоаюулгүй ажиллагаа, биохамгаалал, халдварт саа өвчин, цочмог сул саажилт, полиовирусын халдвартай болон халдвартай байж болзошгүй материалын хадгалалт, устгал, аюулгүй ажиллагааны талаар сургалт шаардлагатай гэж үзэж байна.
Ном зүй
1. Polio Laboratory Manual, 4th edition, WHO.(2004)
2. Нямдаваа.П Вирүст халдвар, Бүтээлийн товчоон – Дөрөвдүгээр боть Интерпресс, Улаанбаатар, Монгол (2007).
3. WHO Global Action Plan to minimize poliovirus facility-associated risk after type- specific eradication of wild polioviruses and sequential cessation of oral polio vaccine use, WHO/POLIO/15.05, Available from: https://apps.who.int/iris/handle/10665/2088 72
4. Чумаков М.П. (ред), , Полиомиелитная пероральная живая вакцина, Институт полиомиелита и вирусных энцефалитов, Москва. (1961).
5. Looking for every last poliovirus in global sample collections,
http://polioeradication.org
6. “Полиовирүсийн халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжлэдэг лабораториудын тооллого” судалгааны ажлын тайлан, 2015 он
7. “Полиовирүсийн халдвартай болон халдвартай байж болзошгүй сорьц шинжилдэг лабораториудын тооллого” судалгааны ажлын тайлан, 2018 он
8. Абмэд, Д., Алтанхүү, М., Булган, Д., Буянхишиг, Б., Бүжинлхам, С., Дармаа, Б. ба бус. Лабораторийн биоаюулгүй ажиллагааны гарын авлага. Улаанбаатар, Монгол,2017 он.
9. Diane O. Fleming, Debra L. Hunt (ed.). Biological safety, 4th edition, (2006).
10. Javier Martin (ed.), Poliovirus: Methods and Protocols (Methods in Molecular Biology), Springer Science + Business Media New York. (2016), vol. 1387,
11. Report-Second regional hands-on training course to implement real-time polymerase chain reaction technique for rapid detection and characterization of polioviruses. 03-07 December 2012. Manila, Philippines, WHO.(2013).
12. Laboratory biosafety manual, 3rd edition, WHO.(2004).
13. Communicable Disease Threats Report Week 46, https://ecdc.europa.eu/en/poliomyelitis, 13-19 November 2022
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн:БШУ-ны доктор, МАУА-ийн гишүүн, профессор, Ж.Оюунбилэг
Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.03.28 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.05 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
Ашигласан зураг
