-
2023-12-14 09:14:29
Ерөнхий боловсролын сургуулийн хоол тэжээлийн орчны туршилтын үнэлгээний дүн
Ерөнхий боловсролын сургуулийн хоол тэжээлийн орчны туршилтын үнэлгээний дүн
Үндэслэл
Хоол тэжээл нь хүүхдийн суралцах чадвар болон эрүүл мэндэд нөлөөлөх учраас улс орны үндэсний түвшинд баримтлах боловсролын бодлого нь эхний ээлжинд хүүхдүүд сургууль дээрээ эрүүл, сэргэлэн цовоо байхын тулд хоол тэжээлийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад чиглэгдэнэ.
Хүүхдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд сургуулийн орчин чухал нөлөө үзүүлдэг. Сургуулийн орчин нь хүүхдийн амьдралын туршид мөрдөгдөх эрүүл мэнд, амьдралын хэв маягт нөлөөлөх бөгөөд сургуульд эрүүл хооллох орчин бүрдүүлэх, хооллолтын зөв дадалтай болгоход багш, эцэг эхчүүд, олон нийтийн хамтын ажиллагаа чухал юм1. Амьдралын эрт үе буюу хүүхэд насанд тогтсон хооллолтын буруу дадлыг өөрчлөхөд хүндрэлтэй. Иймд цэцэрлэг, сургуулиар дамжуулан хүүхдэд эрүүл мэндийн зөв дадлыг суулгаснаар хүүхэд, өсвөр үеийнхний дундах эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хамгийн оновчтой, өртөг багатай сонголт юм. Сургуулийн хоол тэжээлийн орчин нь хүүхдүүдийн эрүүл мэндийн зан үйл болон цаашид бүх л амьдралынх нь туршид баримтлах амьдралын хэв маягт нөлөөлдөг учраас сургуульд эрүүл хооллох орчин бүрдүүлэх нь чухал юм.
Сургуулийн хоол тэжээлийн орчныг сайжруулах, дэмжихэд бүс нутгийн хэмжээнд Засгийн газрын агентлагууд болон түншлэгчдэд туслахаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн боловсруулсан “Сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээний жишиг аргачлал”-ыг2 орчуулан өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулсан “Сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээний жишиг аргачлал”-ыг ашиглан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газрын сургагдсан үнэлгээчид үнэлгээ зохион байгуулсан.
Зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн хоол тэжээлийн орчныг үнэлэх
Материал арга зүй
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн “Эрүүл мэнд–Хоол тэжээл” хөтөлбөр хэрэгждэг Завхан аймаг болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)–аас Боловсролын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн 8 сургуулийг сонгон туршилтын үнэлгээнд хамруулсан. Үнэлгээний баг 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97, 147, “Монгол Сод Ухаан” ЕБС-ууд, 2022 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд Завхан аймгийн Улиастай, Дэвшил, Тосонцэнгэл, Алдархаан, Их Уул сумдын ЕБС-уудад тус тус ажилласан.
“Сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээний жишиг аргачлал”-ыг ашиглан сургуулийн хоол тэжээлийн орчин буюу “эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн”-ийг дэмжих орчин буюу сургуулийн дотор болон сургуулийн гадна орчин (150 м)-д эрүүл хооллох, эрүүл хүнсийг худалдан авах, “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд суралцагчдад олгож буй “хоол” эсвэл “зууш”-ны байдал түүнчлэн идэвхтэй хөдөлгөөн хийх орон зай, дэд бүтэц байгаа эсэхийг тусгайлан боловсруулсан 15 асуулга бүхий асуумжаар үнэлсэн. Үнэлгээний үр дүнг 15 асуултын дагуу харьцуулан үнэлэв.
Үнэлгээний үр дүн
Үнэлгээнд нийт 8 сургууль хамруулсан бөгөөд хувийн хэвшлийн 1, төрийн өмчийн 7, үүнээс гал тогоогоо түрээсээр ажиллуулдаг 2, гал тогоогоо бие даан ажиллуулдаг 6 сургууль байна (Хүснэгт 1).
ЕБС-ийн хоол тэжээлийн орчны ажиглалтыг суралцагчдад зохистой хоол, дасгал хөдөлгөөний үнэн зөв мэдээлэл өгөх, эрүүл тэжээллэг, хоол хүнс, ундаагаар хангаж байгаа байдал, хоол тэжээлийн үйлдвэрлэл үйлчилгээ, тухайн өдрийн “Үдийн хоол” нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үр тариа, сүү, цагаан идээг агуулсан эсэх, эсвэл чихэрлэг ундаа, их тосонд шарсан хоол, хүнс, давсалсан, савласан хүнс, чихэрлэг, савласан хүнс зэргийг агуулж байгаа эсэх, сургуулийн гал тогоонд үдийн хоол бэлдэхэд ашигладаг тоног төхөөрөмж хангалттай эсэх, мэргэшсэн хүний нөөцөөр хангагдсан эсэх, сургуулийн дотор болон гадна орчинд хоол хүнс, ундааны компанийн брэндийн логог нүдэнд харагдахуйцаар байршуулсан эсэх, мөн эдгээр бүтээгдэхүүний худалдаа байгаа эсэх, суралцагчид аюулгүй ундны усыг үнэ төлбөргүйгээр уух боломж байгаа эсэх, түүнчлэн суралцагчид сургуулийн орчинд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх зориулалттай спортын, бялдаржуулах тоглоомын хэрэглэгдэхүүн (жишээ нь: хөл бөмбөг, сагсны талбай), сургуулийн биеийн тамирын талбай хангалттай эсэх зэрэг нийт 15 асуулт бүхий асуумжийн дагуу үнэлгээг хийсэн.
Асуулт 1. Өнөөдөр сургуулийн “Үдийн хоол” дараах хүнсний бүтээгдэхүүнийг агуулсан байсан уу?
Сургуулийн “Үдийн хоол”-д мах, махан бүтээгдэхүүн, бүхэл үрийн үр тариа, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ агуулагдсан байдалд ажиглалт хийсэн ба сургуулийн “Үдийн хоол” –ыг ерөнхий бүтцээр нь харьцуулсан. Мах махан бүтээгдэхүүний бүлэгт бүх төрлийн мах, жимс, жимсгэнийн төрөлд алим, гадил, жүрж, байгалийн жимс, цэвэр жимсний шүүс, хүнсний ногооны төрөлд лууван, байцаа, манжин, бүх төрлийн нарийн ногоо, бүхэл үр тарианы төрөлд төрөл бүрийн бүхэл үрийн гурил, гурвалжин будаа, шар будаа болон хөц будаа, сүү, цагаан идээний бүлэгт бяслаг, тараг, элсэн чихэргүй сүүн ундаа, сүү агуулсан хоол хүнс, хярам эсвэл сүүтэй цайг оруулан үнэллээ.
Үнэлгээгээр нийслэлийн хувийн өмчийн Монгол Сод Ухаан ЕБС, Завхан аймгийн Улиастай сумын төрийн өмчийн бие даан гал тогоогоо ажиллуулдаг Дэвшил ЕБС, Их Уул сумын ЕБС- иуд иж бүрдэл буюу нэг болон хоёрдугаар хоол, уух зүйлтэй хамт, бусад нь нэг эсвэл хоёрдугаар хоол, уух зүйлтэй хамт өгч байсан. Харин Завхан аймгийн Алдархаан сумын ЕБС-ийн хувьд уух зүйл шаардлагатай хүүхэд ангийн гадна байрлах ус шүүгчнээс ус уух боломжтой байв.
“Үдийн хоол” нь жимс, жимсгэнэ агуулсан байдлын хувьд ЕБ-ын Мон Сод Ухаан сургууль жүрж, Завхан аймгийн Улиастай сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, ЕБ-ын Дэвшил сургууль, Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль аньсны шүүс, харин хүнсний ногоо агуулсан байдлын хувьд үнэлгээнд хамрагдсан сургуулиудын тал буюу 4 нь хүнсний ногоотой, үүнээс 3 сургууль луувантай, мөн 3 сургууль байцаатай, 1 буюу Завхан аймгийн Их Уул сумын ЕБС броколитой байсан. Харин бүхэл үр тариа буюу гурвалжин будаа, шар будааг Нийслэлийн ЕБ-ын 97 дугаар сургууль, ЕБ-ын Мон Сод Ухаан сургуулиуд, сүү цагаан идээ буюу сүүтэй шар будаа, хярам, сүүтэй цайг Нийслэлийн ЕБ-ын 97, 147 дугаар сургуулиуд, ЕБ-ын Монгол Сод Ухаан сургууль, Завхан аймгийн Их Уул сумын сургууль өгч байв (Хүснэгт 2).
Мөн үнэлгээнд хамрагдсан сургуулиудын “Үдийн хоол”-ны дээж болон цэсийг нэмэлтээр үнэлсэн. Нийт үнэлгээнд хамрагдсан сургуулиуд үдийн хоолны дээж авч, 48-72 цаг хадгалж байгаа хэдий ч хангалттай биш, тогтмолжоогүй байна. Үдийн хоолны тухайн өдрийн цэсэн дээрх хоол, ундны технологи картын дагуу үдийн хоолыг харьцуулан үнэлсэн. Үнэлгээнд хамрагдсан сургуулиудын хоолны технологи карт харилцан адилгүй ялгаатай байгаа ба нийтлэг стандарт зайлшгүй шаардлагатай байна.
Асуулт 2. Өнөөдөр сургуулийн “Үдийн хоол” нь дараах хүнсний бүтээгдэхүүнийг агуулсан байсан уу? (Чихэрлэг ундаа, их тосонд шарсан хоол, хүнс, давсалсан, савласан хүнс, чихэрлэг, савласан хүнс)
Сургуулийн “Үдийн хоол” –ыг ерөнхий бүтцээр нь харьцуулсан бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх чихэрлэг ундаа, их тосонд шарсан хоол, хүнс, давсалсан, савласан хүнс, чихэрлэг, савласан хүнс “Үдийн хоол”-д ороогүй боловч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн үдийн хоолонд үйлдвэрийн чихэртэй жигнэмэг өгч байв.
Асуулт 3. Сургуулийн гал тогоонд үдийн хоол бэлдэхэд ашигладаг дараах тоног төхөөрөмж хангалттай байгаа юу?
Сургуулийн гал тогоонд үдийн хоол бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан эсэхийг үнэлэхэд нийт сургуулиуд тогоо
/хайруулын таваг/ сав суулга, цахилгаан зуух
/плитка, хөргөгч/ хөлдөөгч, аюулгүй ундны ус хангалттай байсан боловч, Улаанбаатар хотын БЗД-ийн Монгол Сод Ухаан, Завхан аймгийн Алдархаан сумын ЕБС-иуд түүхий болон болсон хүнсийг тусгаарлах зай талбай хангалтгүй, мэргэшсэн тогооч болон хүний нөөц дутмаг байв. Тодруулбал, нийт 8 сургуулийн 5 нь мэргэжлийн нийтийн хоолны технологичгүй, харин Монгол Сод Ухаан ЕБС нь гэрээт технологичийг ажиллуулж байна. Орон тооны технологич ажиллаж байгаа сургуулиудын хоолны цэс, хоолны технологи карт нь бусад сургуультай харьцуулахад илүү баялаг байв (Хүснэгт 3).
Асуулт 4. Сургуулийн барилга дотор хоол хүнсний бүтээгдэхүүн болон уух зүйлс зардаг уу?
Сургуулийн “эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн”-ийг дэмжих орчин гэж сургуулийн орчин (150 м)-д эрүүл хооллох, эрүүл хүнсийг худалдан авах, идэвхтэй хөдөлгөөн хийх орон зай, дэд бүтэц, холбогдох багаж, хэрэгсэл бүхий нөхцөлийг хэлдэг бөгөөд энэ орчинд аль болох эрүүл хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдана.
Эрүүл мэндийн Сайдын 2021 оны А/370 дугаар тушаал, Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад тусгагдсан хүнсний бүтээгдэхүүн байгаа эсэхт ажиглалт хийсэн. Нийт 2 сургууль буюу Нийслэлийн ЕБ-ын 97 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр буюу 11 дүгээр ангийн сурагчдын хичээлийн байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн хичээлийн байранд хүнсний худалдаа байна.
Асуулт 5. Өнөөдөр сургуулийн дотоод орчинд ямар төрлийн ундаа худалдаалж байна бэ?
Сургууль дотор хүнсний худалдаатай сургуулиудад худалдаалж байгаа чихэр нэмсэн бүх төрлийн ундаа, чихэрлэг ундаа, чихэрлэг хийжүүлсэн ундаа, 100%-иас бага орцтой жимсний шүүс, амтат сүүн ундаа, зохиомол аргаар чихэржүүлсэн ундаа чихэржүүлсэн эсвэл илчлэггүй чихэрлэг амт оруулагч агуулсан ундаа, нунтаг ундаа, 100% жимсний шүүс, амтлаг ус, цэвэр ус, цэвэр сүү, амтлаг сүүн ундаа зэрэг байгаа эсэхийг үнэлсэн.
Нийслэлийн 97 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр нь Их засаг их сургуулийн дотор байрлаж байсан бөгөөд уг байранд бүх төрлийн чихэрлэг ундаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн дотоод орчинд бүх төрлийн амтлаг сүүн ундаа худалдаалж байв. Харин эрүүл хүнс болох аминдэмээр баялаг 100%-ийн шүүс, цэвэр сүү огт байхгүй байна (Хүснэгт 4).
Асуулт 6. Өнөөдөр сургууль дотор эрүүл бус хүнс худалдаалагдаж байсан уу?
Сургууль дотор хүнсний худалдаатай сургуулиудад худалдаалж байгаа их тосонд шарсан хоол, тосонд шарж болгосон бүх төрлийн хоол, хүнс, жишээ нь чипс, шарсан тахиа, загас, шарсан банш, давсалсан хүнс, давсны агууламж ихтэй, савласан хүнсний бүтээгдэхүүн, бэлэн гоймон, чипс, шаржигнуур, чихэрлэг, савласан хүнс, чихрийн агууламж ихтэй, маффин, бялуу, зайрмаг зэрэг байгаа эсэхийг үнэлсэн.
Нийслэлийн 97 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр Их засаг их сургууль дотор бүх төрлийн их тосонд шарсан хоол, хүнс, чипс, шарсан тахиа, давсалсан хүнс, савласан хүнсний бүтээгдэхүүн, бэлэн гоймон, чипс, чихрийн агууламж ихтэй хүнс худалдаалж байсан. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд тосонд шарсан боов, бялуу, салат зэрэг байсан бол жимс, жимсгэнэ, ногооны салат, зууш, тараг зэрэг эрүүл хүнсний бүтээгдэхүүн огт байхгүй байна (Хүснэгт 5).
Асуулт 7. Өнөөдөр суралцагчид жимс, жимсгэнэ борлуулж байна уу?
Үнэлгээнд хамрагдсан сургуулиудын дотор худалдаа эрхэлдэг 2 сургууль дээр шинэ эсвэл лаазалсан буюу нөөшилсөн жимс, жимсгэнэ огт худалдаалаагүй байна.
Асуулт 8. Өнөөдөр суралцагчид аюулгүй, ундны усыг үнэ төлбөргүйгээр уух боломжтой байна уу?
Үнэлгээнд хамрагдсан бүх сургууль ус шүүлтүүр байршуулсан байсан ба ажиллагаа хэвийн, бүгд ундны усны шинжилгээнд тогтмол хамрагдаж байна. Харин Нийслэлийн 97 дугаар сургууль, Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийн усны шүүлтүүрийн цэвэрлэгээ, арчилгаа хангалтгүй байна.
Асуулт 9. Сургуулийн орчинд хоол хүнс, ундааны компанийн брэндийн логог нүдэнд харагдахуйцаар байршуулсан эсэх.
Брэнд гэдэг нь хоол хүнс, ундааны компанийн лого (бүтнээр эсвэл хэсэгчлэн)-г сургуулийн нутаг дэвсгэр, сургуулийн дэд бүтэц эсвэл сургуулийн аливаа эд, хэрэглэгдэхүүн дээр харагдахуйц байрлуулахыг хэлнэ.
Сургуулийн орчинд буюу дотор орчин болон гадна орчинд хоол хүнс, ундааны компаний
Асуулт 10. Сургуулийн орчинд хоол хүнс, ундаа, брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж байсан эсэх.
Сургуулийн орчинд буюу дотор орчин болон гадна орчинд хоол хүнс, ундааны компаний үнэгүй бэлэг, хүүхэлдэйн киноны баатруудыг ашигласан сурталчилгаа, олон танил, алдартай хүмүүсийг оролцуулсан сурталчилгаа, зурагт хуудас, баннер, үнийн хөнгөлөлт байгаа эсэхийг ажигласан. Ажиглалтаар дээрх сурталчилгаа байгаагүй ба харин сургууль, дотуур байрны дотор орчинд эрүүл хүнс, зохистой хооллолтын талаарх зурагт хуудас байршуулсан байна.
Асуулт 11. Сургуулийн орчинд өөх тос, давс, чихрийн агууламж ихтэй хоол, хүнс худалдаалж байсан эсэх.
Үнэлгээнд хамрагдсан сургуулиудын дотор орчин болон гадна орчинд эрүүл бус өөх тос, давс, чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй эсэхэд ажиглалт хийхэд Нийслэлийн ЕБ-ын 97 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн дотор орчин, нийт үнэлгээнд хамрагдсан сургуулийн гадна орчинд эрүүл бус хүнсний худалдаа байсан ба олдоц болон сонголт ихтэй байна.
Асуулт 12. Сургуулийн орчинд өөх тос, давс, чихрийн агууламж ихтэй хоол, хүнсний зар сурталчилгаа байсан эсэх.
Үнэлгээнд хамрагдсан сургуулиудын дотор орчинд өөх тос, давс, чихрийн агууламж ихтэй хоол, хүнсний зар сурталчилгаа зөвхөн Нийслэлийн ЕБ-ын 97 дугаар сургуулийн дотор орчин, гадна орчин, ЕБ-ын 147, Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр сургууль, Дэвшил ЕБС, Алдархаан сумын ЕБС-иудын гадна орчинд байна.
Асуулт 13. Сургалт-туршилтын талбайтай эсэх.
Брэндийн логог сургалтын материал, шагнал, спортын шагнал, спортын эсвэл сурагчийн дүрэмт хувцас, тоног төхөөрөмж, сургууль дотор байрлах автомат машин, хөргөгч, хөлдөөгч зэрэг дээр нүдэнд харагдахуйцаар байршуулсан эсэхт ажиглалт хийсэн. Ажиглалтаар Нийслэлийн 97 дугаар сургуулийн дотор болон гадна хүнсний худалдааны дотор, Нийслэлийн ЕБ-ын 147 дугаарын сургууль, Завхан аймгийн Улиастай сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Дэвшил ЕБС- иудын гадна байрлах хүнсний дэлгүүрт эрүүл бус хүнсний сурталчилгааг байршуулсан байна.
Сургалт-туршилтын талбай нь суралцагчдад хоол шим тэжээлийн боловсрол олгох, хөдөлмөрт сургах зорилготой бөгөөд байгалийн ухааны хичээлийн үеэр талбайг ашиглах боломжтой. Үнэлгээнд хамрагдсан сургуулиудын тал нь буюу Завхан аймгийн 4 сургууль сургалт-туршилтын талбайтай бөгөөд үүнээс Тосонцэнгэл сумын ЕБ- ын 1 дүгээр сургууль сургалт-туршилтын талбай дээрээ хангалттай төмс тариалдаг бусад нь тогтмол тариалалт хийдэггүй байна.
Асуулга 14. Сургуулийн бүх суралцагчдыг спортын болон дасгал, хөдөлгөөний тоног төхөөрөмж, хэрэгслээр хүртээмжтэй хангасан эсэх.
Биеийн тамир, спортын хэрэгсэл, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх зориулалттай спортын, бялдаржуулах, тоглоомын хэрэглэгдэхүүн сургуулийн дотор болон гадна орчинд байгаа эсэх, энэ нь хүрэлцээтэй эсэхт ажиглалт хийсэн. Ажиглалтаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Алдархаан сумын ЕБС, Нийслэлийн “Мон Сод Ухаан” сургууль доторх идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх зориулалттай спортын, бялдаржуулах, тоглоомын хэрэглэгдэхүүн дутмаг мөн Нийслэлийн судалгаанд хамрагдсан сургуулиуд болон Завхан аймгийн төвийн сургуулиудын идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх зориулалттай спортын, бялдаржуулах, тоглоомын хэрэглэгдэхүүн хүртээмжтэй биш байна.
Асуулга 15. Сургуулийн суралцагчид идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх хангалттай зай талбай байна уу?
Сургуулийн хөл бөмбөг, сагсны бөмбөг болон спортын талбай, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, суралцагчид гүйх, тоглох, дасгал хөдөлгөөн хийх боломжтой, аюулгүй тохижуулсан талбай байгаа эсэхт ажиглалт хийсэн.
Ажиглалтаар Нийслэлийн судалгаанд хамрагдсан сургуулиудын дотор орчин, Завхан аймгийн Улиастай сумын ЕБ-ын Дэвшил сургуулийн дотор орчин суралцагчид гүйх, тоглох, дасгал хөдөлгөөн хийх боломжтой, аюулгүй тохижуулсан талбай хангалттай бус, харин Нийслэлийн хувийн хэвшлийн төлөөлөл Мон Сод Ухаан сургуулийн гадна орчинд хангалттай зай талбайгүй байна.
Хэлцэмж
Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсний үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор МУ-ын Их Хурлаас 2019 онд “Ерөнхий боловсролын сургууийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” 4 хуулийг баталсан ба хүүхдэд шим тэжээллэг, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр “Үдийн хоол” хийж тэдний өсөлт хөгжлийг хангах, шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж байгаа ч үнэлгээнд хамрагдсан сургуулиудын хувьд хангалтгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт явагдаж байгаа ч тусгайлсан дагаж мөрдөх стандарт байхгүй байгаа нь сургуулийн хоол үйлдвэрлэлийг хангалттай сайн хэрэгжүүлж байгаа эсэхт тухайн сургууль өөртөө үнэлгээ өгөөд явах шалгуур боловсруулж чадахгүй байна. Мөн энэхүү үнэлгээний дүнг 2012 онд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн “Сургуулийн орчны маркетингийн судалгаа” 5 -тай харьцуулж үзэхэд сургуулийн дотор орчинд эрүүл бус хүнсний худалдаа бага байгаа ч гадна орчинд яг ижил байдалтай байна. Цаашид энэхүү үнэлгээний аргачлалын дагуу улсын хэмжээнд үнэлгээ зохион байгуулж ажиллах хэрэгцээ байна.
Дүгнэлт
1. Сургуулийн “Үдийн хоол” нь чихэрлэг ундаа, их тосонд шарсан хоол, хүнс, давсалсан, савласан хүнс, чихэрлэг, савласан хүнс агуулаагүй ч хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүнсний ногоогоор дутмаг байна.
2. Гал тогоогоо бие даан ажиллуулж буй сургуулийн дотоод орчинд эрүүл бус хүнсний зар сурталчилгаа болон худалдаа байгаагүй боловч, 6-12 дугаар ангийн суралцагчид хоол хүнс худалдан авах боломжоор хангагдаагүй байна.
3. Сургуулийн гадна орчинд эрүүл бус хүнсний сонголт эрүүл хүнстэй харьцуулахад маш өндөр байна. Дунд болон ахлах ангийн суралцагчид
Номзүй
1. https://www.cdc.gov/healthyschools/feature s/eating_healthier.htm
2. School Nutrition Environment Assessment, Toolkit for East Asia and Pacific, Unicef
сургуулийн гадна орчинд худалдаалж буй эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнийг үдийн хоолны оронд идэж байна.
4. Сургуулиудад Сургалт-туршилтын талбай хангалтгүй, талбайтай сургуулийн хувьд тогтмол ашиглахгүй байна.
5. Сургуулиуд эцэг, эх, асрамжлагчдад эрүүл хооллолт, хоол тэжээлийн боловсрол олгож чадахгүй байна. Сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хоол тэжээлийн агуулгыг зааж буй багш нь тусгайлан хоол, шим тэжээлийн чиглэлээр сургагдаагүй байв.
6. Дийлэнх сургуулийн орчинд хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх тоног төхөөрөмжөөр дутмаг, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зай талбай хязгаарлагдмал байна.
3. Ерөнхий боловсролын сургууийн үдийн хоолны жор технологи гарын авлага, Боловсрол шинжлэх ухааны яам
4. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль
5. Сургуулийн хоол хүнсний орчин, хоол хүнсний зар сурталчилгаа, түүний хүртээмж, Ч.Нямрагчаа, ЭМЯ, НЭМҮТ
Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Ж.Батжаргал
Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.04.15 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.09 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
Ашигласан зураг
