• 2023-12-15 02:00:55

Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хоол, шим тэжээлийн байдлын судалгаа

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хоол, шим тэжээлийн байдлын судалгаа

Судалгааны ажлын үндэслэл
2016 оны байдлаар дэлхийн хүн амын 1.6 тэрбум нь илүүдэл жин, таргалалттай байгаагаас 650 сая нь таргалалттай байна1. Манай орны хувьд насанд хүрсэн хүмүүсийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт 50.7% байгаа нь халдварын бус өвчин (ХБӨ) тусах эрдслийг нэмэгдүүлж, 45-69 насны хүн амын 51.2% ХБӨ- өөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна2. ХБӨ үүсгэж байгаа эрсдэлт хүчин зүйлд хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт зэрэг нь зүй ёсоор орно. Манай улсын 15-49 насны эмэгтэйчүүдийн хувьд 46.2-51%, харин эрэгтэйчүүдийн 61-76% нь буюу 2 эрэгтэй тутмын 1 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байна. Эрэгтэйчүүдийн  илүүдэл  жин,  таргалалтын энэхүү тархалт нь өрхийн аж байдлын түвшингээр дунджаас дээгүүр, чинээлэг өрхөд илүү байгааг зарим судлаачид дурдсан байдаг2. 2016, 2020 онуудад хийгдсэн хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаагаар жишсэн дундаж хүний хоногийн хоолны илчлэгийн хэмжээ нь 2505-2750 ккал, өргөн хэрэглээний хүнснээс дунджаар 344 г үр тарианы бүтээгдэхүүн, 132 г мах, 184 г сүү, цагаан идээ, 38 г төмс, 28 г хүнсний ногоо, 26 г жимс, жимсгэнэ зэргийг хэрэглэдэг гэснээс харахад хүнсний ногоо, жимсний хэрэглээ ДЭМБ- ын зөвлөмжөөс 8 дахин бага харин үр тариа, махны хэмжээ өндөр байна. Эрэгтэйчүүдийн махны дундаж хэрэглээ нь 425-450 г байна3,4,5. Хоногийн нийт илчлэгийн 21% уураг, 40% нүүрс ус, 38% өөх тос, 1% нь согтууруулах ундаанаас хангаж байв3. Түүнчлэн малын махны хэрэглээ өндөр байх нь гемийн төмөр (heme iron)-ийн хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь чихрийн шижин өвчин, бодисын солилцооны хам шинж болон зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг4.
Номзүйн судалгаанаас харахад зөвхөн манай оронд төдийгүй дэлхийн бусад оронд ч эрэгтэй хүний таргалалт, жингийн илүүдэл нь эмэгтэйчүүдийнхээс өндөр байна. Тухайлбал, АНУ-д 3 эрэгтэй тутмын нэг буюу 34.1%, 4 эмэгтэй тутмын нэг буюу 27.5% нь таргалалттай байна7. Үүнийг АНУ-д насанд хүрэгчдийн 68-85% нь хоногт 7.2-9.5 цагийг хөдөлгөөний идэвх багатай8 өнгөрөөдөг бөгөөд үүнийг хооллох дадал болон хорт зуршлын хэрэглээ зэрэг амьдралын хэв маягтай нь холбон тайлбарлаж болох юм. Харин манай орны хувьд эрэгтэйчүүдийн хооллолтын байдлыг дагнан судалсан судалгаа хомс байгаа тул бид энэхүү судалгааны ажлаар насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хоол, шим тэжээлийн байдлыг судлав.

Судалгааны материал, арга зүй
Энэхүү судалгаанд 30-60 насны 100 эрэгтэйчүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож ерөнхий мэдээлэл, хооллолтын байдлыг асуумж судалгаагаар цуглуулж, антропометрийн хэмжилтийг хийв.
Антропометрийн хэмжилт: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн биеийн өндөр, жин, бэлхүүс, ташааны тойргийн хэмжээг өндөр, жин хэмжигч, туузан метрээр тус тус хэмжив. Биеийн жингийн индекс (БЖИ) нь 18.5-аас бага бол жин багатай, 18.5-24.9 хооронд хэвийн жинтэй, 25-29 бол илүүдэл жинтэй, 30 болон түүнээс их бол таргалалттай гэж үзнэ. Түүнчлэн бүсэлхий, өгзөгний  харьцаа  нь  төвийн  таргалалтыг илэрхийлэх бөгөөд эмэгтэйд 0.85, эрэгтэйд 0.95- аас бага байдаг.
Хооллолтын байдлыг тодорхойлох: Судалгаанд хамрагдаж буй хүмүүсийн хооллолтын байдлыг хүнсний хэрэглээний давтамж болон 24 цагийн эргэн санах аргаар тодорхойлов. Хүнсний бүлэг тус бүрийн хэрэглээний давтамжийн нийлбэрийг 7 хоногоор тооцон үнэлсэн ба хүнсний 6 бүлэгт харгалзуулав. Хоногт хоолоор хангаж буй илчлэг, шимт бодисын хэмжээг “Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагын эмхтгэл” ашиглан Nutrisurvey 2.0 программыг ашиглан тооцов.
Статистик боловсруулалт: Судалгааны үр дүнгийн үзүүлэлтийг дундаж, давтамж болон хувиар илэрхийлж, SPSS 24 программ ашиглан боловсруулав. Статистикийн үнэн магадлалыг p- value-ийн утгаар тодорхойлж, p<0.05 байх нь статистик ялгаатай гэж үзэв.

Судалгааны ажлын үр дүн
Судалгаанд 40±8.1 настай, эрэгтэйчүүд хамрагдсан бөгөөд тэдний 88% (n=88) нь гэрлэсэн байв. Боловсролын түвшингийн хувьд 61% (n=61) нь дээд, 5% (n=5) нь тусгай дунд, 31% (n=31) нь бүрэн дунд, 3% (n=3) бусад боловсролтой гэж хариулсан байна. Мөн 14.3% (n=14) ам бүл 3, 34.7% (n=34) ам бүл 4, 25.5% (n=25) ам бүл 5 гэж хариулсан ба өрхийн сарын орлого 2.1±1 сая төг байна.
Антропометрийн хэмжилтийн үр дүнгээс судалгаанд оролцогчдын дундаж жин 83.67±18.2 кг, БЖИ-ээр жин багатай хүн байхгүй, 26% (n=26) нь хэвийн жинтэй, 38% (n=38) нь илүүдэл жинтэй, 36% (n=36) нь таргалалттай байна (Хүснэгт 1).

Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 14% (n=14) нь 100 кг-аас их жинтэй, 79% (n=79) нь бүсэлхий-өгзөгний харьцаа нь 0.95-аас их буюу хэвлий хэсгийн таргалалттай байна (Зураг 1).
 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хооллолтын байдлаас харахад 67 нэр төрлийн хоол, ундааны зүйлсийг хэрэглэсэн байсан бөгөөд тэдний 38.3% нь өглөөний цайндаа талх, 15% нь чанасан өндөг болон боорцог идсэн бол, өдрийн хоолонд 53.3% нь гурилтай шөл, 47.1% нь цуйван, 33.3% нь будаатай хуурга зонхилон идсэн байна. Өдрийн хоолтой хамт ундааны зүйлсээс кофе болон сүүтэй цайг зонхилон уусан байна. Судалгаанд хамрагдагсдын хүнсний хэрэглээний давтамжийг судлан үр дүнг Зураг 2-т нэгтгэн харуулав.
 
Энэхүү судалгааны дүнгээс харахад боловсруулсан үр тариа, малын мах, ургамлын тос, амттаныг өдөр бүр, А амин дэмээр баялаг хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, дотор махыг сард 1-2 удаа, харин ногоон ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүнийг огт хэрэглэдэггүй гэж хариулсан оролцогчийн хувь өндөр байна.
Хоногийн илчлэгийн дундаж хэмжээний хувьд 2188.64±700 ккал байгаа нь зөвлөмж хэмжээтэй ойролцоо буюу 192 ккал бага байгаа хэдий ч нийт оролцогчийн 34% (n=34) нь зөвлөмж хэмжээнээс өндөр (+693.9 ккал) илчлэг авч байна (Хүснэгт 2).
 

*30-59.9 нас, эрэгтэй хүний А/74 “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээ” Харин уургийн хэмжээ 34 г-аар их, нүүрс усны хэмжээ 95.3 г-аар бага, хоолны төмрийн хэмжээ 5.1 мг-аар их байна.
 

Зураг 3-аас харахад нийт илчлэгт эзлэх уураг болон өөх тосны хэмжээ зөвлөмж хэмжээнээс их, харин нүүрс ус нь бага байна (Зураг 3).


Хоолноос  авч  буй  төмрийн  агууламж  нь 16.5±7.9 мг байгаа нь зөвлөмжөөс 5.1 мг-аар их байна. Зураг 4-өөс харахад хоногт хэрэглэж байгаа  уургийн  хэмжээ  нэмэгдэхэд  төмрийн хэмжээ мөн нэмэгдэж байна (r=0.78, p<0.05). Энэ нь мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ их байгаатай холбоотой гэсэн бусад судлаачдын дүгнэлттэй нийцэж байна2, 3, 6.
  
Хэлцэмж
Энэхүү судалгаанд оролцогчдын биеийн дундаж жин 83.67±18.2 кг, тэдний 26% (n=26) нь хэвийн жинтэй, 38% (n=38) нь илүүдэл жинтэй, 36% нь (n=36) таргалалттай, 79% (n=79) нь хэвлий хэсгийн таргалалттай байна. Бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн 74% нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь бусад судалгааны дүнтэй төстэй байна5. Хүнсний бүтээгдэхүүний давтамжийн судалгаагаар боловсруулсан үр тариа, улаан мах буюу малын мах, ургамлын тос, амттаны хэрэглээ өндөр, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, дотор махыг бага, ногоон ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ байхгүй байгаа нь эрдэс бодис, аминдэмийн дутагдалд орох эрсдэлтэйг харуулж байна. Түүнчлэн хоногийн хоолны илчлэг 2188.64±700 ккал байсан бөгөөд нийт илчлэгийн 23.1% нь уураг, 27% нь өөх тос, 50.2% нь нүүрс уснаас хангаж байгаа нь тогтоогдлоо. Мөн хоол, хүнснээс авч буй төмрийн агууламж нь хоногт хэрэглэж  буй  мах,  уургийн  хэмжээнээс хамааралтай байна гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, манай улсын жишсэн дундаж хүний хоногт 190 г мах, махан бүтээгдэхүүн хэрэглэх зөвлөмж хэмжээтэй харьцуулбал махны хэрэглээ өндөр байна. Энэ нь Д.Дэлгэрмаа нарын9 дунджаар 300 г, хотод 247 г, хөдөөд 367 г мах, судлаач Sabri Bromage нарын3 зуны улиралд 425  г,  өвлийн  улиралд  450  г  мах,  махан бүтээгдэхүүн хоногт хэрэглэж байна гэсэн судалгааны дүнгүүдтэй нийцэж байна. Хоногт хэрэглэж буй хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ нь дээрх судалгааны дүнгүүдтэй ойролцоо байна.
  
Дүгнэлт
Энэхүү судалгааны дүнгээр эрэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалт өндөр, хэвлий хэсгийн таргалалт их байгааг тогтоов. Зөвлөмж хэмжээтэй харьцуулахад тэдний хоногт хэрэглэж буй өөх тосны хэмжээ нь ойролцоо, уураг, төмрийн хэмжээ нь их байсан бол нүүрс усны хэмжээ бага байна. Микро эрдэс болох төмрийн хэмжээ нь зөвлөмж хэмжээнээс их, харин махны хэрэглээ 2 дахин их байгаа нь ХБӨ-нд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
 

Ном зүй
[1]    The obesity report, WHO, 2023
[2]    ЭМЯ, НЭМҮТ “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа, STEPS-2019”, 2020 он
[3]    Sabri Bromage et al., Diet and Nutrition Status of Mongolian Adults, Nutrients, 2020 он
[4]    Han M, Guan L et al., “Dietary iron intake and risk of death due to Cardiovascular Disease: A systemic review and dose-response meta-analysis of prospective cohort studies” Asia Pac J Clin Nutr 2020;29 (2):309-321
[5]    ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан “Хоол тэжээлийн үндэсний V судалгаа”, УБ, 2017 он
[6]    Хүнс, хөдөө аж ахуйн яам, ШУТИС, ШУТСан “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа” үндэсний судалгааны тайлан, УБ, 2016 он
[7]    National Health and Nutrition Examination Survey (NHANES) 2017-2018 data, National Center for Health Statistics.
[8]    Stuart J.H. Biddle et al., “Screen Time, Other Sedentary Behaviours, and Obesity Risk in Adults: A Review of Reviews, Curr Obes Rep 2017;6:134-147
[9]    Delgermaa D, Yamaguchi M, Nomura M, Nishi N (2023) Assessment of Mongolian dietary intake for planetary and human health. PLOS Glob Public Health 3(3): e0001229
 

Cудалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор, Ж.Батжаргал

Өгүүлэл хүлээн авсан огноо:2023.04.28 Өгүүлэл засварлаж дууссан огноо: 2023.05.16 Сэтгүүлд хэвлэх зөвшөөрөл авсан огноо: 2023.06.16
 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

452

2023-12-15

он