• 2025-04-25 05:01:22

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДЫН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДЫН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Үндэслэл

“Аюулгүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, гэр, сургууль, эмнэлэг, ажлын байр гээд бүх орчинд шаардлага хангасан усан хангамж, бие засах газар, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх”-ээр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод заасан хэдий ч манай улсад энэ нь тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.

Гарын ариун цэврийг сахих нь энгийн зүйл мэт боловч хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудад ч иргэдийн гар угаах дадал хангалтгүй, халдварт өвчин дамжих нэг хүчин хэвээр байна. Гараа тогтмол, зөв угааж хэвших нь эрүүл мэндээ хамгаалах энгийн, үр дүнтэй арга юм. Гар угаах орчин нөхцөл, дэд бүтцийг бүрдүүлэх, хүүхдэд багаас нь зөв дадал хэвшүүлэхэд эцэг эх, цэцэрлэг, сургууль, хамт олны хамтын ажиллагаа чухал юм.

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолд жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдрийг хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Гарын эрүүл ахуйн” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, уг тэмдэглэлт өдрийн хүрээнд гарын ариун цэврийг сахих, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг олгосоор ирсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчдын гарын эрүүл ахуйн мэдлэг, хандлага, дадлыг үнэлж, түвшинг дээшлүүлэх зорилгоор COMBI аргачлалуудыг ашиглан эрүүл мэндийн боловсролыг олгож, дадал, хандлага төлөвшүүлэхэд үзүүлж буй нөлөөллийн үйл ажиллагааг төгсгөлийн үнэлгээгээр үнэлж, цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү үнэлгээг гүйцэтгэв.

Зорилго

Нийслэлийн зарим сургуулийн бага ангийн суралцагчдын гарын эрүүл ахуйн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх

Материал арга зүй

Үнэлгээнд хамрагдсан бага ангийн суралцагчдын гарын эрүүл ахуйн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох түргэвчилсэн үнэлгээг аналитик зорилтот бүлэгт суурилсан агшингийн загвараар гүйцэтгэж, мэдээллийг тоон судалгааны аргаар цуглуулав. Асуумжийг боловсруулахдаа хамрах хүрээ болон оролцогчдод чиглүүлж боловсруулсан. Үнэлгээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан (СХД), Баянзүрх (БЗД) дүүргийн 4 Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 540 суралцагчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон 95%-ийг хамруулав. 

Түүврийг боловсруулахдаа зорилтот бүлгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц нарийвчлалтай байхаар тооцоолол хийж, тохирох бүлэглэсэн түүврийн аргыг ашиглав. Нийт эх олонлогоос түүвэрлэн авсан хэсгээр төлөөлүүлэн суралцагчдын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлов. Оролцогчдын мэдээллийг Microsoft Excel программд шивж мэдээллийн бааз үүсгэсэн. Нэгтгэсэн мэдээллийг EPIDATA 3.1 программд хөрвүүлж судалгаанд шаардлагатай 

чухал кодуудыг нягтлан шалгаж баталгаажуулан SPSS 25 программд хөрвүүлэв. Үнэлгээний мэдээлэл цуглуулалтын дараа тоон мэдээлэл, өгөгдлийг CS Pro программд нэгтгэж, нийцтэй байдал, логик шалгалтыг тооцоолов. Мэдээллийн баазыг түшиглэн шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын дагуу статистик боловсруулалт, дүн шинжилгээг SPSS 25 программ хангамж ашиглан дундаж утга, давтамжийн үзүүлэлтээр тооцон үр дүнг (стандарт алдаа, итгэх интервал), бүлгүүдийн (хүйс) ялгааг тодорхойлоход 95 хувийн итгэх хязгаар (95%ИХ)-ын утгуудыг ашиглан гүйцэтгэв.

Үр дүн

Үнэлгээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 4 сургуулийн 1-5 дугаар ангийн 5-11 насны 515 суралцагчид хамрагдаж, тэдгээрийн 51.7% хөвгүүд, 48.3% охид байв. Суралцагчдын дундаж нас 8.04, үүнээс хөвгүүд 8.09, охид 7.98 байна. Нэг өрхөд дунджаар 5.02 хүн ам бүл болон амьдарч, үүнээс 5-11 насны дор хаяж 1-3 хүүхэдтэй айл өрх амьдардаг байв.

Үнэлгээнд хамрагдсан суралцагчдын 45.4% нь гараа 30-60 секундын хугацаанд угаах ёстой гэсэн зөв мэдлэгтэй. Хүйсээр харьцуулан авч үзвэл хөвгүүд (49.2%) охидуудаас (41.4%) илүү, насаар авч үзвэл 5 настай суралцагчдын дунд 30-60 секунд угаах ёстой гэсэн зөв мэдлэг хамгийн өндөр (61.5%) үзүүлэлттэй байна.

Суралцагчдын “Дэлхийн гар угаах өдөр”-ийг мэддэг эсэх мэдлэгийг үнэлэхэд 94.8% огт мэдэхгүй үлдсэн 5.2% тухайн өдрийн талаар сонсож байсан боловч хэдэн сард болдог талаар мэдэхгүй байна. Гараа угаах дарааллын талаарх мэдлэгийн түвшинг насаар харьцуулахад 8 настай суралцагчдын дунд (78.8%) хамгийн их, 10 настай суралцагчдын дунд хамгийн бага (65.1%) үзүүлэлттэй байна. Дэлхийн гар угаах өдрийг огт мэдэхгүй суралцагчдын 69.5% сургуулиас зохион байгуулсан гарын ариун цэврийн талаарх сургалтад хамрагдаж байгаагүй, 62.3% гарын ариун цэврийн талаарх аян, олон нийтийн бусад үйл ажиллагаанд оролцдоггүй байв. Гар угаахын ач холбогдлын талаар суралцагчдын 68.2% халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэсэн зөв мэдлэгтэй бөгөөд нас нэмэгдэх тусам гар угаах талаар мэдээлэл нэмэгдэж байгаа  нь ажиглагдав. Нийт хүүхдүүдийн 96.1% нь гараа бүрэн угаахад саван шаардлагатай гэсэн зөв мэдлэгтэй байгаа хэдий ч эдгээр хүүхдүүдийн 57.8% сургууль дээр саван байдаггүй гэж хариулсан байв.

Суралцагчдын дийлэнх (92.6%) хоол идэхийн өмнө гар угаах хэрэгтэй гэсэн зөв мэдлэгтэй боловч сургууль дээрээ хоол идэхийн өмнө 27.9% гараа тогтмол угаадаг (Зураг 1).

Гарын эрүүл ахуйн хандлагын талаарх асуултыг нийтэд нь харьцуулан үзэхэд нийт үнэлгээнд хамрагдсан суралцагчдын 91.5% гараа угаах нь халдварт өвчнөөс сэргийлнэ гэдэгтэй санал нийлж байна гэсэн зөв хандлагатай байсан бол 24.3% гар угаахад зөвхөн ус байхад хангалттай гэсэн байна (Зураг 2).

Үнэлгээнд оролцсон 3 суралцагч тутмын 2 (72.4%) нь гар угаахад зөвхөн ус байх хангалтгүй гэж боддог зөв хандлагатай, харин 24.3% нь буруу хандлагатай, 3.3% нь мэдэхгүй байна. Хүйсээр харьцуулан авч үзвэл охид (75.1%) хөвгүүдээс (69.9%) зөв хандлагын түвшин 5.2% илүү байв (Зураг 3).

Суралцагчдын дийлэнх (80.2%) нь ханиалгаж, найтаасны дараа гараа угаах шаардлагатай гэж боддог зөв хандлагатай байв. Бохирдсон гараар бусдад халдвар дамжих эрсдэлтэй гэсэн зөв хандлагатай суралцагчид хамгийн өндөр буюу 85%-ийг эзэлж, харин 75.9% гараа усаар сайтар угаасан ч саван хэрэглэх шаардлагатай гэсэн зөв хандлагатай байна. Суралцагчдын дийлэнх нь зөв хандлагатай ба хүйсээр харьцуулахад охидууд хөвгүүдээс илүү, нас нэмэгдэх тусам зөв хандлагатай суралцагчид нэмэгдэж байгаа нь ажиглагдав. Харин бохирдсон гараар бусдад халдвар дамжих эрсдэлтэй гэсэн зөв хандлагатай суралцагчид өдөрт дунджаар 3-4 удаа гараа угаадаг байна. Суралцагчид өдөрт дунджаар 3.75 (95%ИХ 3.56-3.98) удаа гараа угаадаг байна. Гарын эрүүл ахуйн талаарх дадлын асуултуудыг нийтэд нь харьцуулан үзэхэд үнэлгээнд хамрагдсан суралцагчдын 90.9%  өглөө гараа угаадаг зөв дадалтай байгаа ба 58.3% сургууль дээрээ гараа угаадаг байна (Зураг 4).

 

Гараа хэрхэн угаадаг эсэх асуултыг хүйсээр харьцуулан авч үзвэл эрэгтэй 83.8% савандаж, усаар угаадаг, эмэгтэй 89.6% савандаж, усаар угаадаг, харин өглөө гараа угаадаггүй гэж хариулсан эрэгтэй 12%, эмэгтэй 6% байна (Зураг 5).

Сургууль дээр байхдаа гараа хэрхэн угааж цэвэрлэдэг эсэх асуултад үнэлгээнд оролцогчдын 42.1% савандаж, усаар угаадаг гэж хариулсан бол 37.1% зөвхөн усаар угаасан, 11.1% огт угаадаггүй гэж хариулсан байна. Насаар нь авч үзэхэд 8 настай хүүхдүүд хамгийн их буюу 53.9% нь сургууль дээрээ савандаж, усаар угаадаг гэж хариулсан байна. Харин 10 настай хүүхдүүдийн 11.1% сургууль дээрээ гараа угаадаггүй гэж хариулжээ (Хүснэгт 1).

Гараа угаахдаа саван хэрэглэдэг дадалд суралцагчдын 97.5% тийм гэж хариулсан байна. Насаар авч үзэхэд 5-6 насанд хамгийн их буюу 99.8% байв. Үнэлгээнд оролцогчдын 90.9%  өглөө тогтмол гараа угаадаг ба гараа 86.6% савандаж угаадаг зөв дадалтай байна. Гараа угаахдаа 42.7% 30 секундээс 1 минутын хугацаанд гараа угаадаг бол 30.5% 30 секунд хүртэл, үлдсэн 26.8% гараа угаахдаа ямар хугацаа зарцуулдгаа мэддэггүй байв. Сургууль дээрээ 2 хүүхэд тутмын нэг (58.3%) нь гараа угаадаг, харин сургууль дээрээ гараа угаахдаа 42.1% савандаж, усаар угаадаг, 37.1% зөвхөн усаар угаадаг, 11.1% огт угаадаггүй байв. Суралцагчдын 33.6% нь заримдаа сургууль дээрээ хоол идэхийн өмнө гараа угаадаг, 27.4% тогтмол, 25.8% хэзээ ч угаадаггүй байна. Суралцагч 2 хүүхэд тутмын нэг (57.9%) нь сургуулийн ариун цэврийн өрөөнд саван байдаггүй гэж хариулсан байв. Сургуулийн орчинд мэдээлэл сургалт сурталчилгааны материал (МССМ) байдаг эсэхийг тодруулж, насны ангиллаар харьцуулж үзэхэд 5 настай суралцагчдын 46.2%  байдаг гэж хариулсан байна. Энэ нь бусад насны суралцагчидтай харьцуулахад өндөр, 6 настай суралцагчдын 49.4% сургуулийн орчинд гар угаах сурталчилгааны материал байдаггүй гэж хариулсан байна (Хүснэгт 2).

Гарын ариун цэвэр сахих талаарх мэдээ, мэдээллийг ямар хэлбэрээр авбал сонирхолтой талаар суралцагчдаас тодруулахад 42.7% эмч, 14.8% сургалт, интернэт, видео анимейшн зэргээс авах сонирхолтой гэж хариулсан байна. Суралцагчид мэргэжлийн эмч нарын зөвлөгөө мэдээлэлд илүү анхаарал хандуулж, зөвлөгөөг өдөр тутамдаа дадал болгох хандлага ажиглагдаж байна (Зураг 6).

Хэлцэмж

Этиоп улсын бага сургуулийн 288 суралцагчдын дунд хийгдсэн гарын эрүүл ахуйн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох судалгааны үр дүнтэй харьцуулахад гар угаах талаар мэдлэгийн (62.7%) түвшин 27.8%, хандлагын (61.3%) түвшин 10%, дадлын (39.1%) түвшин 36.6% тус тус илүү үзүүлэлттэй байна. Цаашид бага ангийн суралцагчдад мэргэжлийн эмч нарын зөвлөгөө мэдээлэлд илүү анхаарал хандуулж, зөвлөгөөг өдөр тутамдаа дадал болгох шаардлагатай байна.

Дүгнэлт

1.   Гарын ариун цэвэр сахих талаарх суралцагчдын мэдлэг, хандлага сайн байгаа хэдий боловч сургуулийн орчинд гар угаах нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Гар угаах талаарх мэдлэг, хандлага, дадал  нас нэмэгдэх тусам буурч байгаа буюу 9, 10 настай суралцагчдад харьцангуй бага байна.

2.   Сургуулийн орчинд гарын ариун цэвэр сахих талаарх мэдээлэл сурталчилгааны материалын хүртээмж хангалтгүй байсан бөгөөд энэ талаарх сургалт, олон нийтийн үйл ажиллагаан дахь суралцагчдын хамрагдалт бага байна.

Талархал

Үнэлгээг гүйцэтгэхэд техникийн дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн санд болон судалгааны мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Баянзүрх дүүргийн 84, 33 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 153, 76 дугаар сургуулийн захирал, сургалтын менежер, эмч, нийгмийн ажилтан та бүхэнд үнэлгээний багийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.

 Ном зүй

1.   Б.Пүрэвжав, П.Ариунаа, Б.Шижиртуяа, Д.Мөнхжаргал, Б.Дуламханд, Ж.Мягмар, Цэцэрлэг, ЕБС, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн норм, шаардлаыг хэрэгжүүлэх зөвлөмж, БСШУЯ, Эй Си Эф интернэйшнл, НҮБХС, УБ хот, 2015 он

2.     Curtis V, Cairncross S. Effect of washing hands with soap on diarrhoea risk in the community: a systematic review. Lancet Infect Dis. 2003 May;3(5):275-81. doi: 10.1016/s1473-3099(03)00606-6. PMID: 12726975.

3.     Lee MS, Hong SJ, Kim YT. Handwashing with soap and national handwashing projects in Korea: focus on the National Handwashing Survey, 2006-2014. Epidemiol Health. 2015 Aug 31;37:e2015039. doi: 10.4178/epih/e2015039. PMID: 26725224; PMCID: PMC4652062.

4.     Majorin F, Freeman MC, Barnard S, Routray P, Boisson S, Clasen T. Child feces disposal practices in rural Orissa: a cross sectional study. PLoS One. 2014 Feb 20;9(2):e89551.

doi: 10.1371/journal.pone.0089551.

PMID: 24586864; PMCID: PMC3930746.

5.     Soboksa NE, Gari SR, Hailu AB, Alemu BM. Association between microbial water quality, sanitation and hygiene practices and childhood diarrhea in Kersa and Omo Nada districts of Jimma Zone, Ethiopia. PLoS One. 2020 Feb 19;15(2):e0229303.

doi: 10.1371/journal.pone.0229303.

PMID: 32074128; PMCID: PMC7029864.

6.     Tidwell JB, Gopalakrishnan A, Unni A, Sheth E, Daryanani A, Singh S, Sidibe M. Impact of a teacher-led school handwashing program on children's handwashing with soap at school and home in Bihar, India. PLoS One. 2020 Feb 27;15(2):e0229655.

doi: 10.1371/journal.pone.0229655.

PMID: 32106240; PMCID: PMC7046199.

7.     Sun C, Wang Q, Poudel Adhikari S, Ye R, Meng S, Wu Y, Mao Y, Raat H, Zhou H. Correlates of School Children's Handwashing: A Study in Tibetan Primary Schools. Int J Environ Res Public Health. 2019 Sep 3;16(17):3217. doi: 10.3390/ijerph16173217. PMID: 31484357; PMCID: PMC6747304.

8.     Lopez-Quintero C, Freeman P, Neumark Y. Hand washing among school children in Bogotá, Colombia. Am J Public Health. 2009 Jan;99(1):94-101.

doi:10.2105/AJPH.2007.129759.

Epub 2008 Nov 13. PMID: 19008513;

PMCID: PMC2636611.

9.     Almansour M, Sami W, Al-Rashedy OS, Alsaab RS, Alfayez AS, Almarri NR. Knowledge, attitude, and practice (KAP) of food hygiene among schools students' in Majmaah city, Saudi Arabia. J Pak Med Assoc. 2016 Apr;66(4):442-6. PMID: 27122273.

10.  Ming HAO, Jiabei HE, Yi ZENG, Wei HAN, Akira SAI, Taro YAMAUCHI, A Comprehensive Assessment of Hand Washing: Knowledge, Attitudes and Practices (KAP) and Hand-Washing Behaviors among Primary School Students in Northeast China, 2021

11.  Garg A, Taneja DK, Badhan SK, Ingle GK. Effect of a school-based hand washing promotion program on knowledge and hand washing behavior of girl students in a middle school of Delhi. Indian J Public Health. 2013 Apr-Jun;57(2):109-12. doi: 10.4103/0019-557X.115009. PMID: 23873200.

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Хавсралт файл

№6, 2024 № 1(6).pdf

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

4

2025-04-25

он