-
2025-04-25 06:47:20
НАЛАЙХ ДҮҮРГИЙН УНДНЫ УСНЫ ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
НАЛАЙХ ДҮҮРГИЙН УНДНЫ УСНЫ ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
Үндэслэл
Усны бохирдол нь үйлдвэрлэлийн болон бохир усны хаягдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хог хаягдал зэрэг хэд хэдэн гол хүчин зүйлээс шалтгаална 1. Ус нь гол төлөв хүнд металл, бичил биетэн, бордоо, олон мянган хорт органик нэгдлүүдээр бохирддог байна 2. Хүнд металл нь 5 гр/см3 түүнээс дээш нягттай өндөр атом жинтэй байдаг. Хүнд металлууд байгальд байдаг боловч байгалийн хүчин зүйл болоод хүний үйл ажиллагаанаас хамаарч хүрээлэн буй орчинд үүсэж бий болдог. Байгалийн эх үүсвэрт нь хөрсний элэгдэл, өгөршил, галт уулын дэлбэрэлт ордог. Харин хүний үйл ажиллагаанаас хамаарсан эх үүсвэрт нүүрсний шаталт, хатуу хог хаягдал, цементийн үйлдвэрлэл, газрын тос боловсруулах болон бордоо үйлдвэрлэл, барилгын материал, ашигт малтмал олборлолт гэх зэрэг багтдаг. Дэлхийн 108 улс хүнцлийн бохирдолд өртсөн болохыг судлан тогтоосон байна. Дэлхий даяар 230 сая гаруй хүн, үүнээс Ази тивийн 180 сая гаруй хүн хүнцлийн хордлогод өртөх эрсдэлтэй байна1. Хил залгаа Өвөр Монголын өөртөө засах оронд хүнцэл нутагшмал тархалттай бөгөөд 5 хот, 678 тосгоны 600,000 гаруй хүн хүнцлийн хордлогод өртсөн байх магадлалтай ба 3000 гаруй хүн хүнцлийн хордлого буюу арсеникийн өвчнөөр оношлогджээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 2004 онд хийсэн “Монгол улс дахь ундны усны хүнцлийн тархалт” судалгаагаар ундны усны хүнцлийн улсын дундаж агууламж 0.014+0.003 мг/л байсан бөгөөд, говь тал хээрийн (0.19+0.03) бүсэд улсын дунджаас их байсан. Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгуудын худгийн усны нийт сорьцын 31-50%-д нь хүнцэл илэрсэн.
Налайх дүүргийн ундны усны хүнд металлын агууламжийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэв.
Зорилго
Налайх дүүргийн ундны усны хүнд металлын агууламжийг тодорхойлж, үнэлгээ өгөх
Материал, арга зүй
Бид Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-өөс гаргасан “Монгол улсын төв суурин газрын ундны усны чанарын судалгаа” – 2022 оны тайлангаас Налайх дүүрэгт хийгдсэн голчлон хэрэглэдэг 21 уст цэгийн мэдээллийг үнэлгээнд ашиглав.
Ундны усны хүнд металлын бохирдлын индексийн тооцоолол:
Хүнд металлын бохирдлын индексийг Mohan бусад анх тооцоолсон бөгөөд [1] томьёогоор тооцож гаргасан
Wi- параметрийн нэгж жин (unit weight)
K - тогтмол 1
Si- зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Суб-индексийн утгыг [2] томьёогоор тооцоолов.
Үүнд:
[2]
Qi- суб-индекс утга (sub-Index value)
Mi- параметрийн хүнд металлын хяналтын утга
Ii- параметрийн хамгийн тохиромжтой утга
Si- параметрийн стандарт утга
Хүнд металлын бохирдлын индексийг [3] томьёогоор тооцоолов. Үүнд:
HPI- хүнд металлын бохирдлын индекс (heavy metal pollution index)
Wi- параметрийн нэгж жин
Qi- параметрийн суб-индекс утга
Хүнд металлын бохирдлын индекс (HPI-heavy metal pollution index)-ийн үнэлгээ: 100-аас бага – хүнд металлаар бохирдоогүй, 100-аас их бол- хүнд металлаар бохирдсон гэж үздэг6.
Судалгааны аргачлалыг НЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 01/2023 хурлаар, Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23/015 тогтоолоор ёс зүйн зөвшөөрлийг авсан.
Мэдээлэл боловсруулалт
Судалгааны тоон мэдээллийг SPSS-23 программд шивж мэдээллийн бааз үүсгэж, алдааг хянаж цэгцэлсний дараа үр дүнгийн тооцооллыг хийв. Ундны усны хүнд металлын дундаж агууламжийг тохиолдол, хяналтын бүлэг бүрд арифметик дундаж, медиан болон стандарт хазайлт, 25%, 75% тодорхойлсон. Бүлэг бүрийн дундаж үзүүлэлтийг t тестээр тодорхойлж p<0.05 байхаар статистик магадлалыг тооцов.
Үр дүн
Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т өвөлдөө -20...-25 хэм, зундаа +23...+26 хэмийн дундаж температуртай ойт хээрийн бүсэд оршдог. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хил залгаа байрладаг. Нийслэлийн хүн амын 5.0% (хүн ам 36425) нь Налайх дүүрэгт амьдардаг ба хүн амын нягтрал 56.3 хүн байгаа нь улсын дунджаас их байна. Нутаг дэвсгэр 68.7 мянган га. 7 хороотой. Налайхын район гадаргын усан сүлжээний хувьд муу, хотгорын нийт талбайн хэмжээнд ус багатай. Жижиг голуудын нэг болох Налайх гол Туул голд цутгадаг. Налайхын гол нь Баянбүрд уулын зүүн хормой дахь том биш гидролаххолит булгуудаас эх авч, хотгорын төв хэсгээр хойшоо чиглэн урсдаг. Голын голдирол нь 2-4 м өргөн, тунгалаг хүйтэн устай.
Налайх дүүргийн газар доорх усны хэмжээ нь 4-р сарын дунд үеэс ихсэж, 5-р сарын адгаас 6-р сарын сүүлч хүртэл хугацаанд багасаж, 7-р сарын сүүлчээр дахин ихэсч, 8-р сарын сүүлчээр дахин багасдаг байна. Мөн газар доорх усны ундраг, нөөцийн хэмжээ нь агаарын хур тунадастайгаар холбоотойгоор өөрчлөгддөг байна.
Налайх дүүргийн ундны усны нийт 163 уст цэгийн pH, эрдэсжилт, хатуулаг, хүнд металлын (As, Hg, Pb, Se, Cd, Zn, Cu) дундаж хэмжээг тодруулбал рН 6.9±0.3, эрдэсжилт 172.8±327.6, хүнд металлын медиан нь: хүнцэл 0.0009 мг/л (IQR 0.001), цайр 0.0002 мг/л (IQR 0.0), зэс 0.005 мг/л (IQR 0.0), хром 0.01 мг/л (IQR 0.0), мөнгөн ус 0.005 мг/л (IQR 0.0), хар тугалга 0.0005 мг/л (IQR 0.0002), хөнгөн цагаан 0.01 мг/л (IQR 0.0), никель 0.0004 мг/л (IQR 0.0001), кадми 0.00001 мг/л (IQR 0.00001), кобальт 0.00009 мг/л (IQR 0.00008), манган 0.05 мг/л (IQR 0.0), хөнгөн цагаан 0.01 мг/л (25%, 75% 0.01), мөнгө 0.0002 мг/л (IQR 0.0) байна. Нийт 163 худгийн химийн шинжилгээнээс “Бүс нуур цогцолбор” газрын гүний худгийн шүлтлэг (рН-8.5), эрдэсжилт (3693 мг/л), хүнцлийн агууламж хамгийн их (0.125 мг/л), зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 12.5 дахин их байсан ба уг уст цэгийн усыг ашигладаггүй байна.
Налайх дүүрэгт оршин суугч иргэн Т-ийн зуслангийн худаг (0.05 мг/л) (хүн ам 50), Иргэн А-ийн амралтын худаг (0.025 мг/л) (хүн ам 45), Тэрэлжид байрлах амралтын газрын (0.02 мг/л) (хүн ам 80) ундны усанд хүнцэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.01-0.04 мг/л-ээр их гарав. Эдгээр хүнцэл өндөр гарсан худгууд нь амралтын газрын гүний худгууд бөгөөд Налайх дүүргийн хүн ам өдөр бүр хэрэглэдэггүй байна. Бусад бүх дээжид ундны усны хүнд металлын агууламж MNS 0900 : 2018 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гарсан байна.
Ундны усны хүнд металлын харилцан хамаарлыг Пирсоны корреляцийн коэффициентоор үзвэл хүнцэл нь ундны усны эрдэсжилт, хатуулаг болон хар тугалгатай шууд хүчтэй хамааралтай, рН-тай шууд дунд зэргийн хамааралтай гарсан байна (p<0.01).
Налайх дүүргийн төвд байрладаг 500-аас дээш хүн ам уудаг нийт 21 уст цэгт хүнд металлын (As, Hg, Pb, Cr, Se, Cd, Zn, Cu, Ni) бохирдлын тооцоог хийв. Ундны усны хүнд металлын бохирдлын индексийг элемент бүрээр болон бүх элементийн нийлбэрээр бодолт хийдэг бөгөөд шинжилгээний хариугаар тооцоолон үзэхэд бүгд 100-аас бага гарсан нь Налайхын ундны ус нь хүнд металлын бохирдолгүй “цэвэр” гэж гарлаа (Хүснэгт 1).
Налайх дүүрэг (163 худаг), Баянзүрх дүүрэг (153 худаг), Төв аймгийн Зуунмод хот (7 худаг) -ын ундны усны хүнд металлын дундаж агууламж бүх үзүүлэлтээр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гарсан байна. Ундны усны эрдэсжилт Төв аймгийн Зуунмод хотод 1.9 дахин, хүнцэл Налайх дүүрэгт 2 дахин, зэс Баянзүрх дүүрэгт 1.5 дахин бусад 2 бүлэгтэй харьцуулахад өндөр боловч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.5-5 дахин бага гарчээ (p<0.01) (Хүснэгт 2).
Хэлцэмж
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг нь ундны усанд агуулагдах хүнцлийн бохирдлын дээд хэмжээг 10 мкг/л гэж тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээллийн сан болон улсын эрүүл мэнд, байгаль орчны газар, усны хангамжийн байгууллагуудын нэмэлт мэдээллийн санг ашиглан ундны усны хүнцлийн дундаж агууламж 10 мкг/л ба түүнээс дээш 11 муж байгааг тогтоожээ. Эдгээр 11 мужид ундны усан дахь хүнцлийн дундаж агууламж 20 мкг/л ба түүнээс дээш, хоёр мужид 50 мкг/л буюу түүнээс дээш тодорхойлогдсон байна3. Бидний судалгааны дүнгээр ундны усан дахь хүнцлийн агууламж 2 мкг/л буюу зарим өртөлт өндөр мужтай харьцуулахад 10 дахин бага өртөлттэй байна.
Малайз улсад 2019 онд хийсэн судалгаагаар ундны усны хүнцлийн агууламжийг АГ болон П тосгонд судалж үзжээ. Нийт 395 дээжид шинжилгээ хийж үзсэн бөгөөд АГ тосгоны ундны усанд хүнцлийн агууламж хамгийн их утга нь 0.0223 мг/л, дундаж утга нь 0.009 мг/л, П тосгоны хамгийн их утга нь 0.0017 мг/л, дундаж
утга нь 0.009 мг/л байв4. Бидний үнэлгээнд хамрагдсан газруудын орон нутгийн ундны усанд 0.0092 мг/л тодорхойлогдсон нь дээрх судалгааны үр дүнтэй ойролцоо байна.
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн (АНУ-ын EPA) мэдээлснээр ундны усаар дамжуулан хүнд металлууд болох As, Ni, Cr, Pb, Hg элементүүд нь хүний эрүүл мэндэд хорт хавдар үүсгэдэггүй ч гэсэн хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байдаг. Сүүлийн арван жилд АНУ-ын EPA нь хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний (HHRA) загвар нь өртөлт ба хоруу чанарыг тодорхойлох замаар судлагдсан бохирдуулагчдын эрүүл мэндийн болзошгүй эрсдэлийг хэмждэг болох саналыг дэвшүүлсэн байдаг5.
Х.Цоохүү нарын судалгаагаар ундны усанд хүнцэл харьцангуй их агуулсан аймгуудад Дорноговь, Сүхбаатар, Төв, Өвөрхангай аймгууд орж байна. Тухайлбал Дорноговь аймгийн Замын-Үүд, Мандах, Өргөн, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Төв аймгийн Ар жанчивлангийн цэвэр болон рашаан ус, Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт сумдын ундны усны дээжид хүнцлийн агуулга 40–173мкг/л хооронд байна. Хүнцлийн агууламж Ар жанчивлангийн рашаан 173мкг/л буюу хамгийн их хэмжигджээ6. Бидний судалгааны дүнгээр Налайх дүүргийн ундны усан дахь хүнцлийн медиан 0.0009 мг/л хэмжигдсэн нь дээрх судалгааны үр дүнгээс бага байна.
Иран улсад 2020 онд Mohamad Parsi Meh нарын хүнд металлын ундны усанд үзүүлэх нөлөөг судлах зорилгоор Scholar, SID, Science Direct, PubMed, MAGIRAN мэдээллийн сангаас 2000, 2019 онуудад хэвлэгдсэн нийт 812 нийтлэлээс 190 өгүүллийг гарчиг, хураангуйг нь хянаж, 50 өгүүллээс 25 өгүүллийг сонгон тоймолж дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд 54.17% хүнд металлын агууламж ДЭМБ болон Ираны стандартаас өндөр байсан ба хром 30%, хүнцэл 16.66%, кадми 33.33%, хар тугалга 7.69%, зэс 33.33%, төмөр 25%, манган зэрэг хорт элементүүдийн агууламж 18.75% хүнд металлын агууламжтай, стандартад зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тойм үзүүлэлт гарсан нь бидний судалгааны үр дүнгээс өндөр байна7.
Пакистаны Синд мужийн бага сургуулийн ундны усны эх үүсвэрт хар тугалга (Pb), кадми (Cd), манган (Mn), төмөр (Fe)-ийн агууламжийг тодорхойлж, тэдний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлийг тооцоолохоор нийт 425 бага сургуулийн дунд хөндлөн огтлолын судалгаа хийсэн. Үр дүнгээр ундны усанд агуулагдах хүнд металлын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээ (сургуулиудын 67% Pb, 17% Cd, 15% Fe) болон насан туршийн хорт хавдрын дундаж эрсдэл (ILCR) зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна. Бидний судалгааны дүнгээр Налайх дүүргийн ундны усан дахь хүнд металлын агуулмж дээрх судалгааны дүнгээс бага байна8
Иран улсын (2018) баруун хэсэгт орших Лорестан мужийн хотуудын нэг Хоррамабад хотын 45 цэгийн ундны усан дахь хүнд металлын агууламж, усны чанарын индексийг тодорхойлоход хүнд металлын дундаж агууламж Zn 47.01 мкг/л, Pb 3.2 мкг/л, Cd 0.42 мкг/л, Cr 5.08 мкг/л, Cu 6.79 мкг байсан бол HPI болон HEI (усны чанарын индекс) нь 46.58, 46.58 гарсан байна. Дээрх судалгаа нь бидний судалгааны үр дүнтэй харьцуулахад ундны усан дахь Zn 9.4, Pb 6.4, Cd 42, Cr 0.5, Cu 1.3 дахин их гарсан байна9.
Дүгнэлт
Налайх дүүргийн ундны усны хүнд металлын агууламж ундны усны стандарт MNS 0900:2018 -аас бага, хүнд металлын бохирдолгүй (хүнд металлын бохирдлын индекс<100) “цэвэр” байна.
Ном зүй
1. H. Abu Hasan, S. R. Sheikh Abdullah, N. Tan Kofli, and S. J. Yeoh, “Interaction of environmental factors on simultaneous biosorption of lead and manganese ions by locally isolated Bacillus cereus,” Journal of Industrial and Engineering Chemistry, vol. 37, pp. 295–305, 2016.
2. H. Abu Hasan, S. R. Sheikh Abdullah, N. Tan Kofli, and S. J. Yeoh, “Interaction of environmental factors on simultaneous biosorption of lead and manganese ions by locally isolated Bacillus cereus,” Journal of Industrial and Engineering Chemistry, vol. 37, pp. 295–305, 2016.
3. Frost FJ, Muller T, Petersen HV, Thomson B, Tollestrup K. Identifying US populations for the study of health effects related to drinking water arsenic. J Expo Anal Environ Epidemiol. 2003;13(3):231-239. doi:10.1038/sj.jea.7500275
4. Ramly N, Ahmad Mahir HM, Wan Azmi WNF, Hashim Z, Hashim JH, Shaharudin R. Arsenic in drinking water, hair, and prevalence of arsenicosis in Perak, Malaysia. Front Public Health. 2023;11. doi:10.3389/fpubh.2023.998511
5. USEPA. /Risk Assessment Guidance for Superfund Volume I: Human Health Evaluation Manual (Part E, Supplemental Guidance for Dermal Risk Assessment). Washington, DC, USA: EPA/540/R/99/005. OSWER 9285. 7-02EP PB99–963312; 2004/
6. Monroy-Torres R, Macías AE, Gallaga-Solorzano JC, Santiago-García EJ, Hernández I. Arsenic in Mexican children exposed to contaminated well water. Ecol Food Nutr. 2009;48(1):59-75. doi:10.1080/03670240802575519
7. Mohamad Parsi Mehr, Marzieh Hekmati, Kamran Shayesteh. Investigation of heavy metals in drinking water: A systematic review in Iran. Journal of Advances in Environmental Health Research. (2020) 8: 216-224. doi.10.22102/JAEHR.2020.232374.1170
8. Ahmed, J., Wong, L. P., Chua, Y. P., Channa, N., Memon, U. ur R., Garn, J. V.VanDerslice, J. A. (2021). Heavy metals drinking water contamination and health risk assessment among primary school children of Pakistan. Journal of Environmental Science and Health, Part A, 56(6), 667–679. https://doi.org/10.1080/10934529.2021.1915653
9. Mansour Ghaderpoori, Bahram kamarehie, Ali Jafari, Afshin Ghaderpoury, Mohammadamin Karami. Heavy metals analysis and quality assessment in drinking water – Khorramabad city, Iran. Journal of Data in Brief. Volume 16, February 2018, Pages 685-692