-
2025-04-25 08:53:22
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРЛАЛТАЙ ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УНДНЫ УСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГЭЭС
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРЛАЛТАЙ ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УНДНЫ УСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГЭЭС
Үндэслэл
Улаанбаатар хотын зүүн талд байрлах Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд жил ирэх бүр хаяа тэлэн хөгжиж байгаагаас гадна хүн амын тоо ч өсөж байна. Тухайлбал сүүлийн таван жилийн хугацаанд тус дүүргийн хүн амын тоо 12 хувиар өссөн[1]. Баянзүрх дүүрэгт 186 цэцэрлэг, 65 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж байна[2]. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 7.1.4 Сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх[3], Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, эрүүл мэнд, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний “Норм, шаардлага батлах тухай” А/253/251/173 тоот тушаалын хавсралт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ын 1.1.1 Ундны ус нь үндэсний стандартын шаардлагыг хангасан байх, 1.1.2 Усны чанар, аюулгүй байдалд жилд 2-оос доошгүй удаа шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах[4], Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS 6782:2019 стандартын 6.6.4 Ундны ус нь MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангана[5] гэх заалтуудын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лавлагаа лабораторид ирүүлсэн ундны усны дээжийн шинжилгээний боловсруулалт хийсэн. Ундны усны аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээнүүдийг MNS 0900:2018 гэсэн үндэсний стандартаар тодорхойлдог. Энэхүү стандарт нь төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх шат дамжлагад хүн амын унд-ахуйн зориулалтаар ашиглах усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын хяналт, үнэлгээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүх хүрээг хамарсан байдаг. Сургууль, цэцэрлэгүүд ундны усаа эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартад нийцүүлэн шалгаж байх шаардлагатай бөгөөд ингэснээр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сургалтын аюулгүй орчныг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг.
Судалгааны зорилго
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ундны ус Монгол улсад мөрдөгдөж байгаа Ундны усны стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох
Судалгааны материал, арга зүй
Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лавлагаа лабораторид 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 2024 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар ирүүлсэн 197 дээжид нянгийн тоо-MNS ISO 6222:1998, рН-MNS ISO 10523:2001, цахилгаан дамжуулах чанар-MNS ISO 7888:1999, нийт хатуулаг-MNS 6778:2019, кальци, магни, аммони-MNS 1097:2023, сульфат -MNS 6271:2011, нитрит-MNS 6779:2019, нитрат-MNS 6834:2020, хлорид-MNS 4424:2005, төмөр-MNS 4430:2005, фторид-MNS 6272:2011 гэсэн нийт 13 үзүүлэлтээр шинжилгээг стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүн
Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-иас 2022 онд 15, 2023 онд 7, 2024 оны 10 дугаар сарын 1-ны байдлаар 16, цэцэрлэгээс 2022 онд 50, 2023 онд 34, 2024 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 75 ундны усны дээж ирүүлсэн байна (Зураг 1).
Судалгааны хугацаанд цэцэрлэгээс ирүүлсэн ундны усны дээжийн тоо (159) ЕБС-иас ирүүлсэн ундны усны дээжийн (38) тооноос их (121) байна (Зураг 2).
Зураг 2. Цэцэрлэг, ЕБС ирүүлсэн ундны усны дээжийн тоо
Цэцэрлэг (159), ЕБС-иас (38) ирүүлсэн ундны усны рН, цахилгаан дамжуулах чанар, нийт хатуулаг, кальци, магни, нитрат, нитрит, аммони, сульфат, төмөр, хлорид, фторид, нянгийн тооны дундаж хэмжээг ундны усны MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад стандартын шаардлагыг хангаж байна (Зураг 3). Цэцэрлэг болон ЕБС-ийн ундны усыг хооронд нь харьцуулахад цахилгаан дамжуулах чанар, нийт хатуулаг, кальци, магни, нитрат, сульфат, нитрит, хлорид, фторид, аммони, нийт нянгийн тоо, төмрийн агууламжууд нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна (p˃0.05) (Хүснэгт 1).
Ерөнхий боловсролын сургуулиас ирүүлсэн 38 дээжийн рН, цахилгаан дамжуулах чанар, ерөнхий хатуулаг, кальци, магни, нитрат, нитрит, аммони, сульфат, төмөр, хлорид, фторидын үр дүнд боловсруулалт хийхэд 7 дээж Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны техникийн шаардлагын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Үүнд: нийт хатуулаг (1), кальци (2), магни (1), төмөр (3), нийт нянгийн тоо (1), харин зөвшөөрөгдөх доод хэмжээнд фторид (37), рН (7) зэрэг үзүүлэлтүүд хүрэхгүй байна (Зураг 4).
Зураг 4. Ерөнхий боловсролын сургуулиудын ундны усны 13 үзүүлэлтийг зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулсан байдал
*Тайлбар: ЗДэХ-Зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ЗДоХ-Зөвшөөрөгдөх доод хэмжээ
Цэцэрлэгээс ирүүлсэн ундны усны 159 дээжийн рН, цахилгаан дамжуулах чанар, нийт хатуулаг, кальци, магни, нитрат, нитрит, аммони, сульфат, төмөр, хлорид, фторид, нийт нянгийн тооны үр дүнд боловсруулалт хийхэд 19 дээж Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны техникийн шаардлагын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Үүнд: цахилгаан дамжуулах чанар (1), нийт хатуулаг (1), магни (1), төмөр (18), нийт нянгийн тоо (1), харин зөвшөөрөгдөх доод хэмжээнд фторид (156), рН (52) зэрэг үзүүлэлтүүд хүрэхгүй байна (Зураг 5).
Зураг 5. Цэцэрлэгүүдийн ундны усны 13 үзүүлэлтийг зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулсан дүн
*Тайлбар: ЗДэХ Зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ЗДоХ-Зөвшөөрөгдөх доод хэмжээ
MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2022-2024 онд ирүүлсэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 197 дээжийн дундаж утгатай харьцуулахад рН, нитрат, сульфат, нитрит, хлорид, аммони, үзүүлэлт хэтрээгүй. Харин 29 дээжийн цахилгаан дамжуулах чанар (1), нийт хатуулаг (2), кальци (2), магни (1), нийт нянгийн тоо (2), төмөр (21) зэрэг үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Зөвшөөрөгдөх доод хэмжээнд ирүүлсэн нийт дээжийн 29.95% рН үзүүлэлтийн хувьд, 99% фторид үзүүлэлтийн хувьд хүрэхгүй байна (Хүснэгт 2).
Стандартын шаардлага хангаагүй дээжийн тоо 2022 онд 8, 2023 онд 1, 2024 онд 17 байсан. MNS 0900:2018 стандартад зааснаар рН 6.5-8.5 хооронд ирүүлсэн 138 дээж буюу 70.05%, фторид 0.7-1.5 мг/л хооронд ирүүлсэн 2 дээж буюу 1% стандартын шаардлагыг хангаж байна.
Хэлцэмж
Турк улсын Анкара хотын нэгэн дүүргийн 31 бага сургуулиудын ундны усыг 15 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд физик химийн үзүүлэлт нь кадми, хар тугалганы хэмжээнээс бусад үзүүлэлт зөвшөөрөгдөх хязгаарт багтсан[6] байгаа ундны усанд кадми, хар тугалганы агууламжийг тодорхойлж сургууль цэцэрлэгийн барилгын насжилтад үнэлгээ хийж болохоор байна. Бангладеш хотын Магура дүүргийн бага сургуулиудын хүүхдүүдийн ундны усанд хэрэглэдэг худгуудаас санамсаргүй түүврийн аргаар 20 худгийн усанд хийсэн сорилтын үр дүнд рН 7.05-9.03, цахилгаан дамжуулах чанар 400-2340 мСм/см, хлорид 10-640мг/л, хатуулаг 200-535мг/л CaCO3, нийт ууссан бодис 208-1216мг/л, төмөр 40-9890 мкг/л, манган 10-370мкг/л, хүнцэл 1-55мкг/л илэрсэн нь ДЭМБ-ын ундны усны заавар, Бангладешийн ундны усны чанарын стандартын шаардлагад нийцээгүй[7] ба энэ нь бидний үр дүнтэй харьцуулахад харьцангуй их байна. Манай үр дүн ДЭМБ-аас зөвлөсөн ЗДХ[8] (рН 8, төмөр 0.3 мг/л, хлорид 250 мг/л, нитрат 50 мг/л, нитрит 3 мг/л, нитрит 3 мг/л, сульфат 250 мг/л)-д багтаж байна.
Дүгнэлт
1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ундны ус нь рН, фторидын агууламжаас бусад үзүүлэлтээр Монгол улсад мөрдөж байгаа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. 86.8% (171) нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 2 дээж илэрсэн нь усаар дамжих өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Фторын агууламж нь зөвшөөрөгдөх доод хэмжээнээс бага.
2. ЕБС, цэцэрлэгүүд ундны усаа шинжилгээнд хамруулах нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь аюулгүй орчныг бүрдүүлж сурагч, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах нийгмийн эрүүл мэндийг өндөр түвшинд байлгахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ном зүй
1. https://bzd.ub.gov.mn/tanilczuulga
3. Монгол улсын хууль “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” 2019 он
4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан А/253/251/173 тоот тушаал “Норм, шаардлага батлах тухай” 2015 оны 06 дугаар сарын 29
5. Монгол улсын стандарт “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал. Ерөнхий шаардлага” MNS 6782:2019
6. Bakir, Bilal & Babayigit, Mustafa & Tekbaş, Ömer & Ogur, Recai & Kilic, Abdullah & Ulus, Serdar. (2015). Assessment of Drinking Water Quality in Public Primary Schools in a Metropolitan Area in Ankara, Turkey. International Journal of Health Sciences & Research 2249-9571. 5. 257-266.
7. Rahman A, Hashem A, Nur-A-Tomal S. Potable water quality monitoring of primary schools in Magura district, Bangladesh: children's health risk assessment. Environ Monit Assess. 2016 Dec;188(12):680. doi: 10.1007/s10661-016-5692-6. Epub 2016 Nov 18. PMID: 27864776.
8. https://www.who.int/publications/i/item/9789240045064?fbclid=IwAR3hGaD3wjh-ZldUg0KkiUHS4VrObOxztb0ygYzGuJcc-bI1Ei2OyaimWr8